Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 1347

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

           улсын яллагч Н.Ням-Очир,

            гэрч Г.Н, Б.Д,

            шүүгдэгч Ц.Ж, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар,

шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Нийслэлийн прокурорын газраас Ш овогт Цийн Жд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн Б овогт Сийн От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1...2002530169 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1972 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар цэцэрлэгийн эрхлэгч ажилтай байсан, одоогоор ажилгүй байгаа гэх, ам бүл 6, хүүхдүүдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... хороолол, угсармалын ... байр, ... тоотод  оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ш овогт Цийн Ж /РД: .../

Монгол улсын иргэн, 1966 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 52 настай, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, хүнс трейд ... байр ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Сийн О /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Цийн Ж нь Сонгинохайрхан дүүргийн ... дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/60 дугаар тушаалаар тус цэцэрлэгтээ С.Оийг эмчээр ажилд авч албаны чиг үүрсээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөгч С.Оээс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан,

Мөн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/90 дугаар тушаалаар тус цэцэрлэгтээ Б.Тийг туслах багшаар ажилд авахдаа тус цэцэрлэгт эмчээр ажиллаж байсан С.Оээр дамжуулан Б.Тийн ар гэр болох Д.Боос 300.000 төгрөгийн хахуулийг хандив хэрэгтэй нэрийдлээр албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авах,

Яллагдагч С.О нь Сонгинохайрхан дүүргийн ... дугаар цэцэрлэгт  эмчээр ажилд орсны төлөө өөртөө давуу байдал бий болгох зорилгоор цэцэрлэгийн эрхлэгч Ц.Жд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн хахууль өгөх,

Мөн С.О нь Сонгинохайрхан дүүргийн ... дугаар цэцэрлэгт  өөрийн танилын хүүхэд болох Б.Тийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр туслах багшаар ажилд оруулсны төлөө цэцэрлэгийн эрхлэгч Ц.Жгийн бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсаны дагуу Б.Тийн ар гэр болох Д.Боос 300.000 төгрөгийг хандив хэрэгтэй нэрийдлээр мөнгө авч танилын хүүхэд болох Б.Тт давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч Ц.Жгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...миний бие улсад 27 жил ажиллахдаа 18 жил цэцэрлэгийн багш, дараа нь арга зүйчээр, сүүлийн 2 жилийн хугацаанд ... дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр  ажиллаж байна. Намайг тус цэцэрлэгт ажиллахаар ирэхэд тус цэцэрлэг нь их хүйтэн, камержуулалт байхгүй, хаалганууд нь муу, сольж шинэчлэх шаардлагатай, бүтэц орон тооны хувьд дутуу зэрэг нөхцөл байдалтай байсан. Би 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ажлаа хүлээж аваад ажилгүй байсан Дг цагаан хэрэгсэл угаагчаар ажилд авсан. Би Д, О хоёртой бүхий л жаргал зовлонгоо хуваалцаж ирсэн. 2017 оны 06 дугаар сард тус цэцэрлэгийн эмч нь тэтгэвэрт гарсан тул эмч авахаар зар мэдээ, шуурхай зар зэрэгт зар тавьсан ч тус зарын дагуу манайд хандсан хүн байгаагүй тул Оийг сургууль төгссөн диплом, бичиг баримтуудыг нь  үзэж хараад  эмчээр ажилд авсан. Яагаад гэвэл 9 сараас өмнө хүүхдүүдийн шинжилгээ зэргийг авсан байх ёстой байдаг тул ажлын шаардлагаар ажилд авсан. Миний хувьд Оийг ажилд авахдаа мөнгө төгрөг өг гэж нэхсэн асуудал байхгүй, тусалчих санаатай л байсан. Дараа нь Д, О бид 3 хамт явж байхад О надад 100.000 төгрөг “манай нөхөр өгч байгаа юм, баярлалаа” гээд өгөх гэхээр нь би “юу гэж авах юм” гэхэд хажуунаас Д “аваа, хүн юм өгч байхад авахад яадаг юм, цэцэрлэгт ч мөнгө хэрэгтэй байгаа ш дээ” гэхээр нь зөвшөөрөөд авсан. Учир нь тухайн үед цэцэрлэгийн аваарын хаалга солих,  камер тавих зэрэгт  мөнгө хэрэгтэй байсан учир авсан. Түүнд зарцуулсан.  2017 оны 10 дугаар сард манай цэцэрлэгийн 3 туслах багш 45 хоногийн сургалтад явах болсон учир түр 3 сарын хугацаагаар 3 хүнийг ажилд авах шаардлагатай болсон. Ингээд 1 тушаалаар 3 хүнийг ажилд авсан. Энэ үед ч мөнгө төгрөг авах санаа бодол байгаагүй. Оийг 300.000 төгрөгийг туслах багшаар орсон Тийн ар гэрээс авсныг мэдээгүй. Авлигатай тэмцэх газар очсон хойноо л мэдсэн. Уг асуудлыг цэцэрлэгийн зөвлөлийн хурлаар хэлэлцсэн. Тухайн үед О нь ажлаас чөлөөлөгдсөн байсан учир түүнээс тодруулах боломж байгаагүй. Өчнөөн хүн ажилд авсан байгаа. Хэрэв би авилга авдаг байсан бол бүхий л хүмүүсээс авсан баймаар юм. Дтэй ажлаас болж ганц нэг ам мурийсан зүйл байгаа. Гэлээ гэхдээ яагаад ийм байдлаар хүн гүжирдээд, худлаа яриад байгааг ойлгохгүй байна. Би энэ 300.000 төгрөгийг аваагүй, хүлээн зөвшөөрөхгүй байна. Үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2.Шүүгдэгч С.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэг өгөхгүй” гэх /шүүх хуралдааны тэмдэглэл/

3.Гэрч Г.Нн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 29 жил нягтлан бодлогчоор ажилласнаас 5-6 жил нь тус цэцэрлэгт ажилласан. Хандив, тусламжаар мөнгө орж ирдэг. Манай цэцэрлэгт Тайваны гэр бүлийн сангаас 3.5 сая төгрөг орж ирж байсан. Мөн цэцэрлэгийн гурвалсан гэрээний дагуу хүүхдүүдийн эцэг эхийн зөвлөлөөс орж ирсэн мөнгийг авч нярав хариуцан тайлагнадаг. Хандив тусламжийн мөнгө нь нэмэлт санхүүжүүлэлтийн данс руу  хийгээд зарцуулагддаг юм. Эрх, зөвшөөрлийг нь төрийн сангаас авдаг юм. Багш, ажилчдаас хандив тусламж авдаггүй. Даргаас мөн өгсөн мөнгө байхгүй. 2017 оны 09 дүгээр сард камер тавигдсан. Уг  камерын мөнгө төсвөөс гараагүй. Хандиваар зохицуулагдсан байх. Ямар ямар мөнгө орж ирсэн нь тайланд байгаа байх. Камер суурилуулахад гарсан зардал мөнгө нь санхүүгээр дамжаагүй. Камерыг хэдэн төгрөгөөр тавьсныг мэдэхгүй. Харин спорт заалны хаалганы мөнгийг 2 багшийн үзүүлэх тоглолт хийгээд хураан авсан мөнгөөр хийсэн байх ёстой. Тухайн жил төсвөөс 1.200.000 төгрөг  төсөвлөгдсөн байсан. Энэ мөнгийг юунд зарцуулсныг баримтыг нь харахгүй бол мэдэхгүй байна. Тухайн баримтуудад хаалга, камер тавьсан талаарх баримтууд байхгүй. Ер нь бэлэн мөнгөтэй харьцах хүн бол нярав, нягтлан бодогч шууд оролцох эрхгүй, харин хянах үүрэгтэй” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

4.Гэрч Б.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ж бид хоёрын хооронд өс хонзонгийн асуудал байхгүй. 100.000 төгрөг авсан асуудлыг нь мэднэ. 300.000 төгрөг өгсөн асуудлыг О өөрөө надад хэлсэн. О надад “...Тийг ажилд оруулсны мөнгө гээд нэхээд байхаар нь аав, ээжээс нь нэхсээр байгаад аваад цаасанд боогоод өгчихлөө” гэж хэлсэн. Одоо мөрдөн байцаалтад өгсөн зүйлээ заримыг нь санахгүй байна. Дарга Ж нь бэлэн мөнгө авах түүнтэй харьцах эрхгүй атал харьцдаг байсан” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэг, баримтуудаас:

Улсын яллагч: “...гэрч Б.Дгийн мэдүүлэг /1хх-ийн 11х/, гэрч Б.Тийн мэдүүлэг /1хх-ийн 12х/, гэрч Б.Бадамхандын мэдүүлэг /1хх-ийн 14х/, С.Оийн гэрчээр өгсөн мэдүүлэг  /1хх-ийн 19х/, 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн б/60 дугаартай С.Оийг  ажилд томилох тухай  эрхлэгчийн тушаал /1хх-ийн 29х/, 2017 оны 1 дугаар сарын 23-ны өдрийн б/90 дугаартай Б.Тийг туслах багшаар  ажилд томилох тухай эрхлэгчийн тушаал /1хх-ийн 28х/, дансны хуулга /1хх-ийн 16х/ зэргийг,

Шүүгдэгч С.Оийн өмгөөлөгч О.Баярбаясгалан: “...С.Оийн  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 219х/

Шүүгдэгч Ц.Жгийн өмгөөлөгч Ч.Болдбаатар: “...Б.Дгийн тайлбар /1хх-ийн 8-9х/, Б.Дгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-ийн 11х/, гэрч Б.Тийн мэдүүлэг /1хх-ийн 12х/, гэрч Б.Бадамхандын мэдүүлэг /1хх-ийн 13-14х/, гэрч Д.Бын мэдүүлэг /1хх-ийн 15х/, дансны хуулга /1хх-ийн 16х/, С.Оийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-ийн 18х, Ц.Жгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-ийн 19-22х,  2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн б/60 дугаартай С.Оийг  ажилд томилох тухай  эрхлэгчийн тушаал /1хх-ийн 29х/, 2017 оны 1 дугаар сарын 23-ны өдрийн б/90 дугаартай Б.Тийг туслах багшаар  ажилд томилох тухай эрхлэгчийн тушаал /1хх-ийн 28х/, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн б/98 дугаартай С.Оийг ажлаас чөлөөлөх тухай эрхлэгчийн тушаал /1хх-ийн 30х/, “Шинэ үеийн цонх” ХХК-ны ажил гүйцэтгэлийн баримт /1хх-ийн 54-55х/, удирдлагын хурлын бичлэгээс /1хх-ийн 57х/, багш ажилчдын нийтийн хурлын тэмдэглэл /1хх-ийн 60-62х/, СХД-ийн ...-р цэцэрлэгийн захиргаанд гаргасан ажилчдын санал хүсэлт /1хх-ийн 64-71х/, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн б/66 дугаартай Б.Дд сахилгын шийтгэл ногдуулах тухай эрхлэгчийн тушаал /1хх-ийн 98х/, гэрч Д.Оюунгэрэлийн мэдүүлэг /1хх-ийн 108х/, бага бүлгийн эцэг эхийн хурлын тэмдэглэл /1хх-ийн 141-164х/, гэрч Г.Нн мэдүүлэг /1хх-ийн 181х/, тэмдэглэлийн дэвтрийн 1 ширхэг хуудас /2хх-ийн 15х/ зэргийг тус тус шинжлэн судалцгаав.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Ж нь Сонгинохайрхан дүүргийн ... дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа:

-2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/60 дугаар тушаалаар иргэн С.Оийг эмчээр ажилд авч, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөгч С.Оээс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 100.000 төгрөгийг авсан,

-мөн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/90 дугаар тушаалаар иргэн Б.Тийг туслах багшаар ажилд авч, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд тус цэцэрлэгт эмчээр ажиллаж байсан С.Оээр дамжуулан Б.Тийн ар гэр болох Д.Боос 300.000 төгрөгийг “хандив” нэрийдлээр авсан,

Шүүгдэгч С.О нь:

-Сонгинохайрхан дүүргийн ... дугаар цэцэрлэгт  эмчээр ажилд орсны хариуд цэцэрлэгийн эрхлэгч Ц.Жд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 100.000 төгрөгийг өгсөн,

-мөн өөрийн хамаатны хүүхэд болох Б.Тийг Сонгинохайрхан дүүргийн ... дугаар цэцэрлэгт  2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр туслах багшаар ажилд оруулсны төлөө Б.Тийн ар гэр болох Д.Боос 300.000 төгрөгийг “хандив” нэрийдлээр авч, цэцэрлэгийн эрхлэгч Ц.Жд өгсөн үйл баримт нь:

1. Гэрч Б.Дгийн өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн ... дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Жг миний хувьд 2011 онд Сонгинохайрхан дүүргийн 125 дугаар цэцэрлэгт хамт ажилладаг байх үеэс таньж мэддэг болсон, найз нөхдийн холбоо харилцаатай юм. Тэрээр 2017 оны 05 дугаар сард ... дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажиллах болсон бөгөөд тус цэцэрлэгтээ угаагчаар ажиллаач гэсэн саналыг надад тавьсаны дагуу би 2017 оны 05 дугаар сард угаагчаар ажилд орсон. Би мөнгө төгрөг өгөөгүй. Тэгтэл өмнө нь Ц.Ж бид хоёртой хамт ажилладаг байсан О нь ... дугаар цэцэрлэгт  эмчээр ажилд ормоор байна, Ц.Жд хэлээд өгөөч гэхээр нь энэ талаар Ц.Жд хэлсэн. 2017 оны 08 дугаар сард О бид хоёр Жтай уулзах үед  О нь Ц.Жд “танай цэцэрлэгт ажилд ормоор байна” гэж хэлсэн. Ингээд 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Оийг эмчээр ажилд авсан. Үүний дараа Ц.Ж нь надад Оийг ажилд оруулж өгсний шовгорыг өгөөрэй, 300.000 төгрөг өг гэж байна лээ гэдгийг хэлээрэй гэсэн. Миний хувьд гурвуулаа бие биенээ таньж мэддэг, ойр дотно хүмүүс гэдэг утгаараа Ц.Жг мөнгө нэхэж байгаа талаар От дамжуулж хэлээгүй. Энэ үеэр О нь ажилд оруулж өгсөн юм чинь Ц.Жд яаж баярласнаа илэрхийлэх бэ гэж надаас асуухад нь би түүнд хэдэн төгрөг өгчихгүй юу даа гэж хэлсэн. Ингээд О 2017 оны 10 дугаар сард миний хажууд “Миний дэлгүүр дотор хамт явж байхдаа 100.000 төгрөгийг Ц.Жд ажилд авсанд баярлалаа гээд өгсөн. Ц.Ж нь түүнийг 100.000 төгрөг гэж хэлэхэд нь голсон учраас яах юм бэ гээд авахгүй байсан. Гэтэл О нь ядаж 60.000 төгрөгийг нь ав гэхэд нь Ц.Ж нь авбал 100.000-г л авна ш дээ, юу гэж 60.000 төгрөг авдаг юм гэж хэлээд 100.000 төгрөгийг авсан. Үүний дараа О нь хамаатныхаа Тийг туслах багшаар 2017 оны 10 дугаар сарын сүүлээр ажилд оруулахдаа Ц.Жд 300.000 төгрөгийг өгсөн талаар надад хэлсэн. О надад хэлэхдээ “...Тийг ажилд оруулсны мөнгө гээд нэхээд байхаар нь аав, ээжээс нь нэхсээр байгаад аваад цаасанд боогоод өгчихлөө” гэсэн. Оийг  Ц.Жд мөнгө өгөх үед нь бол би хажууд нь байгаагүй. Найз нөхдийн холбоотой Оээс мөнгө авч байгаа учраас Таас бол мөнгө авсан нь үнэн гэж миний хувьд бодож байна. О нь 2017 оны 12 дугаар сард ажлаасаа чөлөөлөгдсөн. Дарга Ж нь бэлэн мөнгө авах түүнтэй харьцах эрхгүй атал харьцдаг байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 11х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

2. Гэрч Б.Бадамхандын өгсөн: “...Миний охин Т маань Сонгинохайрхан дүүргийн ... дугаар цэцэрлэгт туслах багшаар ажилладаг байсан юм. Тийг орой ажлаас нь тарахад аав нь тосож авдаг бөгөөд аав нь осолд орчихсон учраас охиныгоо тосож авч чадахгүй байдалтай болсон юм. Түүний ажилладаг газар нь гэрээс маань нэлээд хол байрладаг учраас бидэнд хүндрэл үүсч байгаа талаараа хамаатныхаа хүмүүст ярьж хэлж байсан юм. Энэ талаар манай ээжийн талын хамаатан О нь сонссон байсан бөгөөд О нь манай цэцэрлэгт угаагчийн болон туслах багш нар сургалтад явж байгаа болохоор туслах багш нарын орон тоо гарч байгаа, би хөөцөлдөөд үзье гэсэн зүйлийг хэлсэн. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр О нь “Тийг ажилд оруулахаар ярьчихлаа” гэж над руу утсаар ярьсан, түүнийг ярих үед нь хэрвээ түр хугацаагаар охиныг ажилд авахаар бол эргээд ажилгүй болчхож магадгүй учраас хуучин ажиллаж байгаа газартаа ажиллуулах нь бидэнд дээр байна гэдгээ хэлсэн. Тэрээр байнгын ажлын байранд ажилд оруулна санаа зоволтгүй гэсэн. Ингээд би ... дугаар цэцэрлэгийн эрхлэгчтэй нь уулзаж охиныгоо ажлаас нь чөлөөлүүлсэн бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар цэцэрлэгт  туслах багшаар ажилд орсон юм. Тийн тухайд эрхлэгч Жтай тухайн өдрөө бол уулзаагүй гэсэн. Түүнийг шууд л ахлах ангид туслах багшаар ажилд оруулсан байсан. Үүнээс хойш 7-8 хоногийн дараа О нь Тийг цэцэрлэгт хандив өгч байгаа гээд би хэлчихсэн, та нар хандив өгөх шаардлагатай гэхэд нь түүнээс ямар учиртай хандив гэдгийг нь тодруулахад манай цэцэрлэг 6 сая төгрөгөөр камер тавьж байгаа, түүнийг цэцэрлэгийн хүүхдүүд болон багш ажилчдаас хандив авч тавиулж байгаа, та нар тавигдсан камеруудыг нь харсан биз дээ гэж хэлж байсан. Бидний зүгээс хандив өгөх боломжгүй талаараа хэлэхэд нэгэнт би хандив өгнө гэж хэлчихсэн болохоор тодорхой хэмжээгээр өгөх хэрэгтэй гээд 500.000 төгрөг чадах уу гэсэн, бидний хувьд боломжгүй гэдгээ түүнд хэлсэн. Нөхөр бид 2 охиноо нэгэнт ажилд оруулчихсан юм чинь бүх ажилчид нь хандив өгч байгаа юм бол тэрийг нь өгье гэж шийдээд 300.000 төгрөгийг Оийн данс руу утасныхаа интернет банкаар шилжүүлсэн. Энэ талаар Т мэдээгүй, нөхөр бид 2 түүнд хэлээгүй юм” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 13-14х/,

3. Гэрч Д.Бын өгсөн: “...Миний охин Б.Т өмнө нь Хан-Уул дүүрэг Нисэхийн хажууд шинээр баригдсан цэцэрлэгт тулах багшаар ажилладаг байсан,  их хол орой үдэж яваад  байхаар ажлыг нь ойртуулчих санаатай манай эхнэр Б.Бадамханд өөрийн хамаатны С.Отэй ярьж байгаад Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 65-р сургуулийн ард байрлах ...-р цэцэрлэгт 2017 оны 10 дугаар сард туслах багшаар охин Б.Тийг ажилд оруулсан байсан. Ажилд ороод удаагүй байхдаа эхнэр маань С.Отэй ажил дээр нь очоод уулзаадах, мөнгө нэхээд байна гэхээр нь би тухайн өдөр нь буюу 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр  ажил дээр нь очиж уулзаад  манай эхнэр яриад байсан, хэдэн төгрөг хэнд өгөх юм  бэ гэхэд “өө за за” гээд өөрийнхөө ... дугаарын дансыг хэлэхээр нь би шууд хажууд нь байж байгаад хэлснээр нь 300,000 төгрөгийг мобайл банкаар дамжуулан шилжүүлсэн. Ямар учиртай мөнгө гэдгийг нь мэдэхгүй, эхнэр маань 300,000 төгрөг С.О эгчид өгчих гэхээр нь  хэлснээр нь өгсөн юм. Тухайн мөнгийг авахдаа С.О хандив, цэцэрлэгийнхээ үйл ажиллагаанд зарцуулна, цэцэрлэгт камер тавьж байгаа, түүнд зарцуулна гэж ярьж байсан санагдаж байна. Дансны хуулгыг гаргаж өгч байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 15х/

4. Гэрч Б.Тийн өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар цэцэрлэгт туслах багшаар ажилладаг байсан юм. Уг цэцэрлэг маань гэрээс хол учраас гэртэйгээ ойрхон ... дугаар цэцэрлэг рүү ажилд орохоор хөөцөлдсөн. Ажилд орохыг хүссэн өргөдөл, төрийн албан хаагчийн анкет, цэцэрлэгийн туслах багшийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудаа өгсөн. Манай холын хамаатны эгч О нь тус цэцэрлэгт эмчээр ажилладаг байсан бөгөөд тэрээр намайг ажилд ороход тусалсан гэж бодож байна. О эгчтэй манай ээж, аав уулзсан болохоор нарийн тодорхой зүйлүүдийг нь сайн мэдэхгүй байна. Ажилдаа орсныхоо дараа эрхлэгчийг ажилчдын хурлын үеэр анх харсан. Ажилд орохоос өмнө бол надтай уулзаж байгаагүй. О болон Ж нар надаас ...ажилд оруулахад мөнгө төгрөг хэрэгтэй байна гэж хэлээд мөнгө авч байсан удаа байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 12х/,

5.Сонгинохайрхан дүүргийн ... дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Жгийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/60 дугаартай “С.Оийг эмчээр... ажилд томилох тухай” тушаал /1хх-ийн 29х/,

6.Сонгинохайрхан дүүргийн ... дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Жгийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/90 дугаартай “Б.Тийг туслах багшаар... ажилд томилох тухай” тушаал /1хх-ийн 28х/,

7.Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга: “....Д.Бын ... данснаас 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 300,000 төгрөг ... дугаарын данс руу орсон тухай /1хх-ийн 16х/,

8.Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга: “...С.Оийн ... дугаарын данс руу 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ... дугаарын данснаас 300.000 төгрөг шилжиж орсон тухай” /1хх-ийн 173х/,

9.Гэрч Г.Нн өгсөн: “...2017 оны 11 дүгээр сард 2 ширхэг вакуум хаалгыг шинээр хийлгэсэн. Ямар компаниас хаалга авсан, хэдэн төгрөгөөр хийлгэсэн талаар надад мэдэх зүйл байхгүй. Төсвийн хөрөнгөөр бол хийлгээгүй. Ж эрхлэгч нь цэцэрлэгийн санхүүгийн ажилтнуудтай зөвлөлдөж ярилцдаггүй, өөрөө л цэцэрлэгийн тохижилтын ажлыг хийлгэх хүмүүс олоод л хийлгээд байдаг байсан. Миний хувьд  хүүхдүүдийн эцэг эхтэй  байгуулсан 3 талт гэрээний дагуу сургалтын орчин тохижилтод зориулсан хандивын орлогоос зарцуулсан байх гэж бодож байна. Ж нь анги удирдсан багш нараас  бэлнээр өөрөө хүлээж авдаг,  нярваар дамжуулдаггүй,  касст тушаадаггүй,  өөр дээрээ хадгалдаг бөгөөд  төсвөөс санхүүжилт гараагүй  цэцэрлэгийн тохижилтын ажлыг  уг мөнгөөр хийдэг байсан. Уг мөнгөөр хийгдсэн ажлууд байгаа ч хэдэн төгрөгөөр хийлгэсэнтэй  холбоотой мөнгөний зарцуулалттай холбоотой  нарийн зүйлүүдийг би мэдэхгүй байна. Хэдэн төгрөг цугларсан талаар ч мэдэхгүй байна. Би түүнд “та өөрөө бэлнээр мөнгө хүлээж авч, зарцуулж болохгүй, санхүүгийн анхан шатны баримт байх ёстой  гэж хэлэхээр миний үгийг тоож авдаггүй, өөрийнхөөрөө асуудлыг шийдээд явдаг хүн байсан. Ерөнхийдөө бэлэн мөнгө өөрөө авч  зарцуулах сонирхолтой хүн байсан. Харин 2018 оны 4 дүгээр сараас  эхлээд  гэрээний дагуу эцэг эхчүүдээс өгсөн мөнгийг  нэмэлт санхүүжүүлэлтийн данс руу хийдэг болсон. Үүнээс өмнөх хандивын орлогын талаар мэдэх зүйл байхгүй. Ж нь эцэг эхчүүдийн өгсөн мөнгөөр камер суурилуулсан гэдэг, камер суурилуулсан нь үнэн, гэхдээ уг ажлыг хэдэн төгрөгөөр, ямар компаниар  хийлгүүлсэн талаар  надад хэлээгүй. Өөрт нь холбогдох баримтууд нь  байдаг үгүйг би мэдэхгүй. Камер суурилуулахад гарсан зардал мөнгө нь санхүүгээр дамжаагүй.  Багш, ажилчдаас хандив тусламж авдаггүй. Даргаас мөн өгсөн мөнгө байхгүй. Харин спорт заалны хаалганы мөнгийг 2 багшийн үзүүлэх тоглолт хийгээд хураан авсан мөнгөөр хийсэн байх ёстой. Тухайн жил төсвөөс 1.200.000 төгрөг  төсөвлөгдсөн байсан. Энэ мөнгийг юунд зарцуулсныг баримтыг нь харахгүй бол мэдэхгүй байна. Тухайн баримтуудад хаалга, камер тавьсан талаарх баримтууд байхгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 182х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

10.Шүүгдэгч Ц.Жгийн өгсөн : “... Би С.Оээс 100,000 төгрөгийг  найзын хувьд баярлалаа гээд өгөхөөр нь авсан, уг мөнгийг цэцэрлэгт хаалга хийхэд зарцуулсан” гэж, /1хх-ийн 207х/, шүүх хуралдааны тэмдэглэл

11.Шүүгдэгч С.Оийн өгсөн: “...Би цэцэрлэгийн эрхлэгч Жд найзын хувиар 100,000 төгрөг өгсөн. Манай хамаатан Т гэдэг хүүхдийг ... дугаар цэцэрлэгт  туслах багшаар  оруулсан,  үүний дараа Ж эрхлэгч 500,000 төгрөг өгөхийг шаардаад, дарамтлаад, уурлаад байхаар нь Тийн аав аваарт орсон, амьдралын боломж муу гэдгийг нь тайлбарлахад  “би ганцаараа мөнгө авч байгаа юмуу, бүх  цэцэрлэгийн эрхлэгч нар  мөнгө авч байгаа ш дээ” гээд уурлаад байхаар нь 300,000 төгрөг авч өгсөн юм. Болдын данснаас миний данс руу орсон мөнгөнөөс ...,000 төгрөгийг аваад өөрийн түрийвчинд байсан 50,000 төгрөгийг нэмээд 300,000 төгрөг болгоод цэцэрлэгийн эрхлэгч Жд өрөөнд нь байхад өгсөн. Тэр мөнгийг аваад ширээнийхээ шургуулганд хийсэн. Мөнгө өгсөн талаараа би тэмдэглэлийнхээ дэвтэрт бичиж тэмдэглэсэн байгаа” гэх мэдүүлэг” /1хх-ийн 212-213х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл,

Шүүгдэгч Ц.Ж нь ... дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалыг хашиж байхдаа өөрийн найз С.Оийг эмчээр ажилд авч, албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд С.Оээс 100.000 төгрөгийг авсан, С.О хахууль өгсөн  болох нь гэрч Б.Д, С.Оийн нарын мэдүүлэг болон шүүгдэгч Ц.Жгийн өөрийнх нь мэдүүлсэн мэдүүлэг зэргээр, С.О нь өөрийн хамаатны хүүхэд болох иргэн Б.Тийг тус цэцэрлэгт туслах багшаар ажилд оруулсны шан харамж буюу хандив нэрийдлээр 300.000 төгрөгийг Б.Тийн эцэг Д.Бын ... данснаас өөрийн ... дугаартай данс руу шилжүүлэн авсан нь гэрч Б.Бадамханд, Д.Б нарын мэдүүлэг, дансны хуулга зэргээр тогтоогдсон байх бөгөөд тус цэцэрлэгийн эрхлэгч Ц.Жд 300.000 төгрөгийг өгсөн асуудал нь гэрч Б.Дгийн мэдүүлэг, шүүгдэгч С.Оийн мэдүүлгээр зэргээр тогтоогдсон, тэдгээрийн мэдүүлгүүд агуулгын хувьд зөрүүгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Жгийн өмгөөлөгч Ч.Болдбаатар нь “...гэрч Б.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтэйгээ зөрүүтэй, нотлох баримтын шаардлага хангахааргүй байна” гэх боловч шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Д нь мэдүүлэг өгөхдөө Оийн зүгээс “баярлалаа” гээд 100.000 төгрөгийг Ц.Жд өгсөн талаар, мөн С.О нь Б.Дд “Ц.Ж 300.000 төгрөгийг нэхээд байхаар нь Тийн аав, ээжээс нэхсээр байгаад цаасанд боож өгсөн” гэж хэлснийг дамжмал байдлаар гэрчилсэн нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй байна. Мөн Б.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт “одоо мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгээс зарим зүйлийг санахгүй байна” гэж мэдүүлснийг худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэл биш юм. Иймээс түүний мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг аль алиныг нь шүүхээс үнэлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Харин шүүгдэгч С.О, Ц.Ж нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзсэн. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэрч гэдэг нь “... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг” ойлгохоор, 2 дахь хэсэгт “... гэрч хэргийн талаар өөрийн  мэдэх зүйлийг  үнэн зөвөөр мэдүүлэх үүрэгтэй” гэж, 4 дэх хэсэгт “...гэрч...  худал мэдүүлэг өгсөн бол түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж, 5 дахь хэсэгт “... гэрч өөрийн ...эсрэг мэдүүлэг  өгөхгүй байх эрхтэй” гэж, 6 дахь хэсэгт “...гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн,  гэм буруутай байдлаар  мэдүүлэг авч байна гэж үзвэл  энэ тухай тэмдэглэлд  тусгуулан мэдүүлэг өгөхөөс  татгалзах, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй” гэж хуульчилсан байдлаас үзвэл, гэрч нь тухайн хэрэгт хамааралгүй, өөрийн харсан, үзсэн зүйлийнхээ талаар өөрийн мэдэх хүрээнд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээсэн этгээд байх бөгөөд худал мэдүүлэг өгсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд “...эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч” гэж үзэх 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ,  эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй”, 3 дахь хэсэгт “...яллагдагчийг өөрийнх нь эсрэг  мэдүүлэг авахаар албадахыг хориглоно” гэж  хуульчилжээ.

Шүүгдэгч С.О, Ц.Ж нар нь Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын 14 дүгээр зүйлийн  g-д “өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй”, Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “ өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” этгээд атал тэдгээрийг гэрчээр, хууль сануулж авсан мэдүүлгийг  мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар татах мэдүүлэг авахдаа, мөн талуудаас шүүхийн хэлэлцүүлгийн үеэр шүүгдэгч нараас тэдгээрийн гэрчээр өгсөн мэдүүлгээс иш татаж яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэгтэй нь харьцуулж байгаа нь шүүгдэгч нарын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол зөрчигдөхөд хүргэж байна гэж үзсэн тул шүүхээс С.О, Ц.Ж нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл, ... дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Ж нь  албан тушаалынхаа хувьд  удирдах албан тушаалтан байх ба тэрбээр тус цэцэрлэгт аливаа хэлбэрээр орж ирж байгаа хандив, бэлэн мөнгөтэй холбоотой асуудлыг санхүүгээрээ дамжуулдаггүй, өөрөө дур мэдэн тухайн цэцэрлэгийн засвар үйлчилгээ, үйл ажиллагаанд зарцуулдаг, нярав, нягтлан бодогч нар нь ямар нэгэн мэдэлгүй буюу тэдгээрийн зүгээс хэдэн төгрөгийн хандив орж ирсэн, юунд, ямар хэмжээтэйгээр зарцуулагдсан эсэхийг санхүүгийн холбогдох баримт, акт үйлддэггүйгээс хянах боломжгүй байдалтай байсан талаар тус цэцэрлэгт нягтлан бодогчоор ажиллаж байсан гэрч Г.Нн мэдүүлгээр тогтоогдсон, мөн С.Оээс өгсөн 100,000 төгрөгийг тус цэцэрлэгт аваарын хаалга хийхэд зарцуулагдсан гэх боловч тухайн мөнгө уг хаалганы төлбөрт тооцуулахаар шилжүүлсэн ямар нэгэн баримтгүй ажээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ж түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар нарын шинжлэн судалсан “Шинэ үеийн цонх” ХХК-ийн ажил гүйцэтгэлийн баримт /1хх-ийн 54-55х/, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн б/98 дугаартай С.Оийг ажлаас чөлөөлөх тухай эрхлэгчийн тушаал /1хх-ийн 30х/, удирдлагын хурлын бичлэгээс /1хх-ийн 57х/, багш ажилчдын нийтийн хурлын тэмдэглэл /1хх-ийн 60-62х/, СХД-ийн ...-р цэцэрлэгийн захиргаанд гаргасан ажилчдын санал хүсэлт /1хх-ийн 64-71х/, бага бүлгийн эцэг эхийн хурлын тэмдэглэл /1хх-ийн 141-164х/ зэрэг баримтууд нь С.Оээс өгсөн 100,000 төгрөгийг хаалга хийхэд зарцуулагдсан эсэхийг, мөн С.Оээс 300,000 төгрөгийг Ц.Жд өгөөгүй гэх асуудлыг нотолж тогтоосон эсхүл үгүйсгэсэн баримтуудын аль алинд хамаарахгүй байх тул нотлох баримтуудаар үнэлэх боломжгүй байна.

            Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.4, 4.1 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар шүүгдэгч Ц.Ж нь нийтийн албан тушаалтанд хамаарна.

            Шүүгдэгч Ц.Жгийн үргэлжилсэн үйлдлээр бусдаас мөнгө авсан үйлдлийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэж, шүүгдэгч С.Оийг өөрийгөө болон өөрийн хамаарал бүхий этгээдийг ажилд оруулсны төлөө шан харамж хэмээн үргэлжилсэн үйлдлээр бусдад мөнгө өгсөн асуудлыг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хуульзүйн үндэслэл бүрдсэн гэж дүгнэхээр байна.

Иймд шүүгдэгч Ц.Жг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,  шүүгдэгч С.Оийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Ц.Ж, С.О нар бусдад төлөх төлбөргүй, харин шүүгдэгч Ц.Жгийн гэмт хэрэг үйлдэж олсон 400.000 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байх тул Авилагатай тэмцэх газраас 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр барьцаа болгож байршуулсан Төрийн сангийн 100900033401 дугаартай дансанд буй Ц.Жгийн 100.000 төгрөгийг улсын орлогод тооцож шийдвэрлүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жгийн нийтийн албанд томилогдох эрхийг  3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлэх,                   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлэх тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч Ц.Жгийн өмгөөлөгч Ч.Болдбаатар нь “...Бидний хувьд гэм буруугийн асуудал дээр маргаантай байгаа. Цаашдаа ч шат шатны шүүхэд гомдлоо гаргаад явна гэсэн байр суурьтай байна. Одоогоор бол улсын яллагчийн санал болгосон хорих ялыг оногдуулах боломжгүй гэж үзэж байна. Өнөөдөр 100,000 төгрөг, 300.000 төгрөг хахуульд авсан гэж буруутгаж байгаа, Ц.Жгийн хувьд торгох ялыг оногдуулах боломжтой. Авлигатай тэмцэх газраас Ц.Жгаас 100,000 төгрөгийг барьцаа болгож дансанд байршуулсан байдаг. Мөн тэрбээр насанд хүрээгүй 4 хүүхэдтэй, бага нь 7 настай. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг,

Шүүгдэгч С.Оийн өмгөөлөгч О.Баярбаясгалан нь “...С.О нь гэм буруугийн асуудал дээр анхнаасаа маргаагүй, төлөх хохиролгүй, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. С.Оийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хамаарагдаж байгаа, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Ц.Ж, С.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх байдал тогтоогдоогүй болно.

            Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэсэн тул шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, мөн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх асуудлыг аль алиныг нь хэрэглэх боломжгүй гэж үзсэн ба шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, шууд учирсан хохиролгүй, тэдгээрийн хувийн байдал буюу Ц.Жгийн хувьд насанд хүрээгүй 4 хүүхэдтэй, мөн нас барсан дүүгийнхээ бүтэн өнчин 2 хүүхдийг асран хамгаалдаг гэх, мөн шүүгдэгч С.Оийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Ц.Ж, С.О нарт хорих ял оногдуулах шаардлагагүй, харин торгох ял оногдуулах нь тэдгээрийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хувийн байдалд нь тохирно гэж дүгнэсэн болно.

            Иймээс шүүгдэгч Ц.Жд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр,

            Шүүгдэгч С.От Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж, С.От нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох  эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон хугацаанаас эхлэн тоолохоор тогтоов.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Ж, С.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч нийтийн албан тушаалтан Ш овогт Цийн Жг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            Шүүгдэгч Б овогт Сийн Оийг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Шүүгдэгч Ц.Жг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 /таван мянга, дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 /таван сая, дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

            Шүүгдэгч С.Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/  жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000  /хоёр сая, долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Ц.Жд оногдуулсан 5400 /таван мянга, дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 /таван сая, дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд төлөхөөр,

            шүүгдэгч С.От оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000  /хоёр сая, долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд төлөхөөр тус тус тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан С.О, Ц.Ж нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж, С.От оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тус тус тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жгаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт оруулсугай.

            7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Ж, С.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохын мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогчид гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Оролцогчид давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Ж, С.От нарын урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

            

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.АЛТАНЦЭЦЭГ