Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 229

 

                                                                                   

Ц.Ж, С.Онарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Ганбулган, 

шүүгдэгч Ц.Жгийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, 

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/1347 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Жгийн өмгөөлөгч Ч.Болдбаатарын гаргасан гомдлоор Ц.Ж, С.Онарт холбогдох эрүүгийн 1802002530169 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Ц.Ж нь Сонгинохайрхан дүүргийн 80 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/60 дугаар тушаалаар тус цэцэрлэгт С.Оийг эмчээр ажилд авч, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөгч С.Оээс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 100.000 төгрөгийг авсан, мөн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/90 дугаар тушаалаар тус цэцэрлэгт Б.Тунгалагийг туслах багшаар ажилд авахдаа тус цэцэрлэгт эмчээр ажиллаж байсан С.Оээр дамжуулан Б.Тунгалагийн ар гэр болох Д.Болдоос 300.000 төгрөгийн хахуулийг хандив нэрийдлээр албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан,

 

С.Онь Сонгинохайрхан дүүргийн 80 дугаар цэцэрлэгт эмчээр ажилд орсны төлөө өөртөө давуу байдал бий болгох зорилгоор цэцэрлэгийн эрхлэгч Ц.Жд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 100.000 төгрөгийн хахууль өгсөн, мөн Сонгинохайрхан дүүргийн 80 дугаар цэцэрлэгт өөрийн танилын хүүхэд болох Б.Тунгалагийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр туслах багшаар ажилд оруулсны төлөө цэцэрлэгийн эрхлэгч Ц.Жгийн бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсаны дагуу Б.Тунгалагийн ар гэр болох Д.Болдоос 300.000 төгрөгийг хандив нэрийдлээр авч танилын хүүхэд болох Б.Тунгалагт давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Ц.Жгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

С.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч нийтийн албан тушаалтан г хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ийг өөртөө болон өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ц.Жг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч С.Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жд оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд төлөхөөр,

шүүгдэгч С.От оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд төлөхөөр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан С.О, Ц.Ж нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж, С.Онарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тус тус тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жгаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг албадаж гаргуулан улсын төсөвт оруулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Ж, С.Онар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

 

Шүүгдэгч Ц.Жгийн өмгөөлөгч Ч.Болдбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Жг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 2019/ШЦТ/1347 дугаартай шийтгэх тогтоолоор "авилга авах" гэмт хэрэгт гэм буруутайд тооцон, торгох ял шийтгэл оногдуулсныг доорх үндэслэлээр үл зөвшөөрч, энэхүү гомдолыг гаргаж байна. Үүнд:

1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...шүүгдэгч нийтийн албан тушаалтан Цэдэвийн Жаргалмааг хахууль өгөчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд ... тооцсугай..." гэжээ.

Ц.Жг 2 удаагийн үйлдлээр хахууль авсан гэж буруутгасан бөгөөд эхнийх нь С.Оийг 2017 оны 8 дугаар сард тус цэцэрлэгт эмчээр ажилд авах албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд нь 100.000 төгрөгийг хахууль болгож авсан гэж буруутгасан.

Ц.Ж нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт С.Оээс 100,0 төгрөг авсан болохоо хүлээн зөвшөөрч байгаа боловч уг мөнгө нь авилга мөн эсэх нь дараах нөхцөл байдлаар эргэлзээтэй байгаа юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол..." гэж хахууль авах гэмт хэргийн объектив талын шинжийг хуульчилж өгсөн байна.

Прокурорын яллах дүгнэлтэд гэрч Долгорсүрэнгийн мэдүүлэг, С.Оийн мэдүүлэг, ажилд авсан тушаал зэргээр нотлогдсон гэж үзсэн байна.

Уг үйлдэлд Жаргалмаа нь С.Оийг ажилд оруулах ашиг сонирхлын үүднээс ажилд оруулахын тулд хахууль өгөхийг шаардах, эсвэл нэхсэн, эцэст нь мөнгө авсан байх шаардлагатай юм. Ц.Ж нь С.О, Долгорсүрэн нартай урьд нь өөр цэцэрлэгт хамтдаа ажиллаж байсан найз нөхдийн харьцаатай бөгөөд 2017 онд 80 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажил хүлээн авах үед тус цэцэрлэг нь орон тоо дутуу байсан тул эхлээд Долгорсүрэнг дуудаж угаагчаар ажилд авсан. 8 дугаар сард хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө эмч байхгүй байсан тул “Шуурхай зар” сонинд эмч болон өөр бусад ажилчин авах талаар зар өгсөн боловч зарын дагуу эмчээр ажиллах хүн ирээгүй тул С.Оийг Долгорсүрэнгээр дамжуулан дуудан ирүүлж, ажилд авсан талаар бүгд шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн юм.

Мөнгө өгөхийг шаардсан талаар дан ганц Долгорсүрэнгийн Авилгатай тэмцэх газарт өгсөн өргөдөл, мэдүүлэгт дурдсан бөгөөд энэ талаар С.Оийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт “... мөнгө нэхсэн асуудал байхгүй, харин ч мөнгө өгөхөд эхлээд авахгүй гэсэн...” байгаа нь Жаргалмаа нь мөнгө нэхсэн буюу авах сонирхол анхнаасаа байгаагүй болох нь харагдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т “... Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй..." гэж заасны дагуу хахууль өгөхийг шаардсан гэдэг нь дан ганц Долгорсүрэнгийн мэдүүлгээр нотлогдох боломжгүй юм.

Харин мөнгө өгсөн, авсан асуудал нь С.Оийн мэдүүлэгт дурдсанаар "... баярласнаа илэрхийлээд өгсөн. Манай нөхөр баярлалаа гээд заавал өгөөрэй гэсэн юм..." гэсэн нь “Хахууль уу? Бэлэг үү?” гэдэг дээр дүгнэлт хийх шаардлагатай юм.

Жаргалмаагийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт “...Долгорсүрэн нь хажуунаас нь наад мөнгө аваад цэцэрлэгийн үйл ажиллагаандаа зарцуулчихаач гээд байсан тул цэцэрлэгийн үйл ажиллагаа буюу хаалга авах, солиулахад зориулсан...” гэсэн бөгөөд энэ талаарх баримт материал болох хаалга худалдан авсан мөнгөний анхан шатны баримтыг хэрэгт гаргаж өгсөн байна. Мөн гэрчээр мэдүүлэг өгсөн ня-бо Нэргүй нь “...камер болон хаалга авах мөнгийг төсөвт байгаагүй учираас хандив, тусламжаар авсан...” гэсэн нь уг мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулаагүй гэдэг нь тогтоогдож байгаа юм.

Авилгын эсрэг хуулийн 3.1.1-д "...авлига гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, ... аливаа эрх зүйн зөрчлийг хэлнэ..." гэж заасны дагуу хувийн ашиг хонжоо олох зорилгоор хахууль авах байтал Ц.Ж нь С.Оээс авсан мөнгийг нийтийн болон хүүхдийн эрх ашгийн үүднээс байгууллагад зарцуулсан үйлдэл нь хахууль мөн эсэх нь эргэлзээтэй байгаа юм.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16.1-д “...Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бусдаас бэлэг шууд буюу шууд бусаар авахыг хориглоно...” гэж заасны дагуу Ц.Жгийн С.Оээс 100,0 мянган төгрөг авсан нь захиргааны зөрчил байтал уг үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үүлдэн ирүүлсэн нь үндэслэлгүй байна.

2. Тунгалагаас 300,0 төгрөг авсан гэдгийг Ц.Ж нь Авилгатай тэмцэх газарт анх мэдүүлэг өгөхөөр очих үед мэдсэн байна.

Уг үйлдлийн талаар Долгорсүрэнгийн мэдүүлэгт “...өгсөн байх гэж бодож байна...” гэсэн бөгөөд С.Оийн мэдүүлэгт “...Жаргалмааг мөнгө нэхсэн. Ааваас нь аваад би өрөөнд нь оруулж өгсөн...” гэсэн мэдүүлэгт үндэслэн прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Яллах дүгнэлтэд дурдсан гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтууд нь уг 300,0 төгрөгийг С.Онь Тунгалагын аав Болдоос авсан гэдгийг л нотолж байгаа бөгөөд уг мөнгийг Жаргалмаа авсан гэдгийг нотолж чадахгүй гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...гэрч Б.Долгорсүрэнгийн мэдүүлэг, шүүгдэгч С.Оийн мэдүүлгээр тогтоогдсон, тэдгээрийн мэдүүлгүүд агуулгын хувьд зөрүүгүй байна...” гэж дан ганц дээрх 2 хүний мэдүүлэгт үндэслэн Ц.Жг 300,0 төгрөг авсан үйлдэл нь нотлогдсон гэж дүгнэсэн нь нотлох баримтыг бусад баримтуудтай харьцуулан шалгалгүйгээр шийдвэрлэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарсан гэхэд эргэлзээтэй байна.

Мөрдөн байцаалтын шатанд 300,0 төгрөгийг С.Онь Тунгалагын аав Болдоос өөрийн дансанд 2017 оны 10 дугаар сарын 23-нд авсан байх бөгөөд өөрийн данснаасаа 2017 оны 10 дугаар сарын 25-нд 250,0 мянган төгрөгийг зарлагдаж авсан нь дансны хуулгаар тогтоогдсон юм.

Гэтэл С.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй бөгөөд анх гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Болдыг мөнгө шилжүүлсэн өдөр нь аваад Жаргалмаад өгсөн...” гэсэн бол дансны хуулгаар 2 хоногийн дараа 250,0 мянган төгрөг зарлагдсан болох нь тогтоогдсоны дараа өгсөн мэдүүлэгтээ “...өдрийг сайн санахгүй байна. данснаас 250,0 төгрөг аваад өөрөөсөө мөнгө аваад тэр өдөртөө Жаргалмаад оруулж өгсөн. Би өдөрт болсон зүйлээ тэмдэглэлийн дэвтэртээ тэмдэглэдэг...” гээд тэмдэглэлийн дэвтэрийн 1 ширхэг хуудсыг нотлох баримтаар гаргаж өгсөн байсан.

Гэтэл уг дэвтэрт нь 2017 оны 10 дугаар сарын 26 гэсэн огноотой бичилт хийсэн байсан бөгөөд С.Оийн 2 удаагийн өгсөн мэдүүлэг нь эх сурвалжаа зааж чадаагүй, худал мэдүүлэг тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

Гэрч Болд, Бадамханд нарын мэдүүлэг нь 300,0 мянган төгрөгийг С.От өгсөн гэдгийг нотолж байхад мөнгө шилжүүлсэн баримт болон дээрх гэрч нарын мэдүүлгийг Ц.Жг 300,0 төгрөг авсан гэдгийг нотолсон баримт гэж үнэлсэн нь нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.

Мөрдөн байцаалтын шатанд С.Оийг 300,0 мянган төгрөгийг Болдоос залилан мэхлэх замаар авсан гэж үзэн яллагдагчаар татах саналыг прокурорт хүргэж байсан бөгөөд прокурорын зүгээс мөрдөн байцаагчийн саналыг үндэслэлгүйгээр хүлээн аваагүй байна.

Мөн тус шүүх хуралдаанаар С.Оийг хахууль өгсөн гэмт хэрэгт буруутайд тооцсон бөгөөд мөнгө гаргасан хүн нь Болд байтал ямар баримтад үндэслэн С.Оийг хахууль өгсөн гэж дүгнэсэн талаар шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдаагүй байна.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед С.Онь мэдүүлэг өгөөгүй, мөн гэм буруугийн талаар маргахгүй гэсэн байдаг. Хэрэв С.Онь залилан мэхлэх гэмт хэрэгт буруутгагдсан тохиолдолд 2 өөр зүйлээр ял шийтгэл авч эрх зүйн байдал дордох тул ийм байр сууринаас шүүх хуралдаан дээр хандсан байх магадлалтай юм.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр С.Оийн нөхөрийг гэрчээр асууж, Жаргалмаад 100,0 төгрөг өгөөрэй гэж хэлсэн талаар тодруулах, С.Оийн тэмдэглэлийн дэвтэрт үзлэг хийлгэж, тэмдэглэсэн зүйл нь үндэслэлтэй эсэхийг шалган тогтоолгох, мөн С.О, Тунгалаг нарыг ажилд авсан тушаалаар өөр бусад 4 хүнийг ажилд авсан тул тэдгээр хүмүүсээс мэдүүлэг авч, мөнгө нэхсэн, авсан зүйл байгаа эсэх талаар тодруулах, цэцэрлэгт хяналтын камер болон хаалга худалдан авсан талаар тодруулах зэрэг шүүх хуралдааны үед тогтоох боломжгүй асуудлаар нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэх талаар хүсэлт гаргасан боловч шүүхээс хүлээн авалгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлэн хэлэлцсэн асуудал нь хэргийн талаар үнэн зөв, бодитой дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн гэж үзэж байна.

Иймд дээр дурьдсан тайлбар үндэслэлийг харгалзан үзэж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/1347 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Жг гэм буруугүйд тооцон цагаатгаж өгнө үү. ...” гэв. 

 

Прокурор Б.Ганбулган тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.Жд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4.500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон. Шүүгдэгч С.Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлд зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих ажиллагаа бүрэн хийгдэж дууссан. Учир нь, хэрэгт гэрч Долгорсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг хоорондоо тохирдог. Мөн Долгорсүрэнгийн мэдүүлгийг шүүгдэгч С.Оийн мэдүүлэг нотолдог. Долгорсүрэнгийн мэдүүлэгт “300.000 төгрөгийг Тунгалагийн ааваас авч Жаргалмаад өгсөн болохыг Оюунчимэг надад хэлсэн” хэмээн дурдагдсан байдаг. Бодит байдлаас үзэхэд, хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэнээ бусдад ярих байдлаар дамжуулсан нь сайшаалтай зүйл биш гэж үзэж байна. Түүнчлэн, Ц.Жгийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд “С.Оээс авсан 100.000 төгрөгийг хаалганд зарцуулсан. Харин 300.000 төгрөгийг Оюунчимэгээс аваагүй, Оюунчимэг худлаа хэлж байна” гэж мэдүүлдэг. Эдгээр мэдүүлэг нь тус цэцэрлэгийн нягтлан бодогч Нэргүйн мэдүүлгээр үгүйсгэгддэг. Учир нь, цэцэрлэгт хийгдэж байгаа засвар, камер болон биеийн тамир спортын хаалганы засварын ажлын хөрөнгө орлого улсын төсвөөр хийгдээгүй, хандив тусламжаар хийгдсэн байдаг. Мөнгө хаанаас орж ирснийг мэдэхгүй. Хандив, тусламжаар орж ирсэн мөнгө нь цэцэрлэгийн дансанд гүйлгээ орж ирсэн гэсэн байдлаар бүртгэгддэггүй. Цэцэрлэгийн эрхлэгч өөрөө мөнгийг зохицуулж, тухайн үед нь хийлгэх ажилтнуудаа олдог гэж мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл, тухайн мөнгийг шууд цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулсан гэдгийг нотлох баримт болж чадахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

 

Ц.Ж нь Сонгинохайрхан дүүргийн 80 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/60 дугаар тушаалаар тус цэцэрлэгт С.Оийг эмчээр ажилд авч, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөгч С.Оээс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 100,000 төгрөгийг авсан, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/90 дугаар тушаалаар тус цэцэрлэгт Б.Тунгалагийг туслах багшаар ажилд авахдаа тус цэцэрлэгт эмчээр ажиллаж байсан С.Оээр дамжуулан Б.Тунгалагийн ар гэр болох Д.Болдоос 300,000 төгрөгийн хахуулийг хандив нэрийдлээр албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд авсан,

С.Онь Сонгинохайрхан дүүргийн 80 дугаар цэцэрлэгт эмчээр ажилд орсны төлөө цэцэрлэгийн эрхлэгч Ц.Жд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 100,000 төгрөгийн хахуулийг өгсөн, мөн Сонгинохайрхан дүүргийн 80 дугаар цэцэрлэгт өөрийн танилын хүүхэд болох Б.Тунгалагийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр туслах багшаар ажилд оруулсны төлөө цэцэрлэгийн эрхлэгч Ц.Жгийн бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсаны дагуу Б.Тунгалагийн ар гэр болох Д.Болдоос 300,000 төгрөгийг хандив нэрийдлээр авч, Ц.Жд өгсөн болох нь:

 

гэрч Б.Долгорсүрэнгийн: “...өмнө нь Ц.Ж бид хоёртой хамт ажилладаг байсан Оюунчимэг нь “80 дугаар цэцэрлэгт эмчээр ажилд ормоор байна, Ц.Жд хэлээд өгөөч” гэхээр нь энэ талаар Ц.Жд хэлсэн. 2017 оны 8 дугаар сард Оюунчимэг бид хоёр Жаргалмаатай уулзах үед Оюунчимэг нь Ц.Жд "танай цэцэрлэгт ажилд ормоор байна" гэж хэлсэн. Ингээд 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс Оюунчимэгийг эмчээр ажилд авсан. Үүний дараа Ц.Ж нь надад “Оюунчимэгийг ажилд оруулж өгсний шовгорыг өгөөрэй, 300.000 төгрөг өг гэж байна лээ” гэдгийг хэлээрэй гэсэн. Миний хувьд гурвуулаа бие биенээ таньж мэддэг, ойр дотно хүмүүс гэдэг утгаараа Ц.Жг мөнгө нэхэж байгаа талаар Оюунчимэгт дамжуулж хэлээгүй. Энэ үеэр Оюунчимэг нь ажилд оруулж өгсөн юм чинь Ц.Жд яаж баярласнаа илэрхийлэх вэ гэж надаас асуухад нь би түүнд хэдэн төгрөг өгчихгүй юу даа гэж хэлсэн. Ингээд Оюунчимэг 2017 оны 10 дугаар сард миний хажууд “Миний дэлгүүр” дотор хамт явж байхдаа 100.000 төгрөгийг Ц.Жд ажилд авсанд баярлалаа гээд өгсөн. Ц.Ж нь түүнийг 100.000 төгрөг гэж хэлэхэд нь голсон учраас яах юм бэ гээд авахгүй байсан. Гэтэл Оюунчимэг нь ядаж 60.000 төгрөгийг нь ав гэхэд нь Ц.Ж нь авбал 100.000 л авна ш дээ, юу гэж 60.000 төгрөг авдаг юм гэж хэлээд 100.000 төгрөгийг авсан. Үүний дараа Оюунчимэг нь хамаатныхаа Тунгалагийг туслах багшаар 2017 оны 10 дугаар сарын сүүлээр ажилд оруулахдаа Ц.Жд 300.000 төгрөгийг өгсөн талаар надад хэлсэн. Оюунчимэг надад хэлэхдээ "...Тунгалагийг ажилд оруулсны мөнгө гээд нэхээд байхаар нь аав, ээжээс нь нэхсээр байгаад аваад цаасанд боогоод өгчихлөө" гэсэн. Оюунчимэгийг Ц.Жд мөнгө өгөх үед нь би хажууд нь байгаагүй. Найз нөхдийн холбоотой Оюунчимэгээс мөнгө авч байгаа учраас Тунгалагаас бол мөнгө авсан нь үнэн гэж миний хувьд бодож байна. ...”  /1хх 11/,

 

гэрч Б.Бадамхандын: “...2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Оюунчимэг нь "Тунгалагийг ажилд оруулахаар ярьчихлаа" гэж над руу утсаар ярьсан, түүнийг ярих үед нь хэрвээ түр хугацаагаар охиныг ажилд авахаар бол эргээд ажилгүй болчихож магадгүй учраас хуучин ажиллаж байгаа газартаа ажиллуулах нь бидэнд дээр байна гэдгээ хэлсэн. Тэрээр байнгын ажлын байранд ажилд оруулна санаа зоволтгүй гэсэн. Ингээд би 250 дугаар цэцэрлэгийн эрхлэгчтэй нь уулзаж охиныгоо ажлаас нь чөлөөлүүлсэн бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 80 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажилд орсон юм. Тунгалагийн тухайд эрхлэгч Жаргалмаатай тухайн өдрөө бол уулзаагүй гэсэн. Түүнийг шууд л ахлах ангид туслах багшаар ажилд оруулсан байсан. Үүнээс хойш 7-8 хоногийн дараа Оюунчимэг нь Тунгалагийг цэцэрлэгт хандив өгч байгаа гээд би хэлчихсэн, та нар хандив өгөх шаардлагатай гэхэд нь түүнээс ямар учиртай хандив гэдгийг нь тодруулахад манай цэцэрлэг 6 сая төгрөгөөр камер тавьж байгаа, түүнийг цэцэрлэгийн хүүхдүүд болон багш, ажилчдаас хандив авч тавиулж байгаа, та нар тавигдсан камеруудыг нь харсан биз дээ гэж хэлж байсан. Бидний зүгээс хандив өгөх боломжгүй талаараа хэлэхэд нэгэнт би хандив өгнө гэж хэлчихсэн болохоор тодорхой хэмжээгээр өгөх хэрэгтэй гээд 500.000 төгрөг чадах уу гэсэн. Бидний хувьд боломжгүй гэдгээ түүнд хэлсэн. Нөхөр бид 2 охиноо нэгэнт ажилд оруулчихсан юм чинь бүх ажилчид нь хандив өгч байгаа юм бол тэрийг нь өгье гэж шийдээд 300.000 төгрөгийг Оюунчимэгийн данс руу утасныхаа интернет банкаар шилжүүлсэн. Энэ талаар Тунгалаг мэдээгүй, нөхөр бид 2 түүнд хэлээгүй юм. ...” /1хх 13-14/,

 

гэрч Д.Болдын: “...охин Б.Тунгалагийн  ажлыг нь ойртуулчих санаатай манай эхнэр Б.Бадамханд өөрийн хамаатны С.Отэй ярьж байгаад Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 80 дугаар цэцэрлэгт 2017 оны 10 дугаар сард туслах багшаар охин Б.Тунгалагийг ажилд оруулсан байсан. Ажилд ороод удаагүй байхдаа эхнэр маань С.Отэй ажил дээр нь очоод уулзаадах, мөнгө нэхээд байна гэхээр нь би тухайн өдөр нь буюу 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ажил дээр нь очиж уулзаад “манай эхнэр яриад байсан, хэдэн төгрөг хэнд өгөх юм бэ” гэхэд "өө за за" гээд өөрийнхөө 5925166200 дугаарын дансыг хэлэхээр нь би шууд хажууд нь байж байгаад хэлснээр нь 300.000 төгрөгийг мобайл банкаар дамжуулан шилжүүлсэн. Ямар учиртай мөнгө гэдгийг нь мэдэхгүй, эхнэр 300.000 төгрөг С.Оэгчид өгчих гэхээр нь хэлснээр нь өгсөн юм. Тухайн мөнгийг авахдаа С.О“хандив, цэцэрлэгийнхээ үйл ажиллагаанд зарцуулна, цэцэрлэгт камер тавьж байгаа, түүнд зарцуулна” гэж ярьж байсан санагдаж байна. ...” /1хх 15/,

гэрч Г.Нэргүйн: “...2017 оны 11 дүгээр сард 2 ширхэг вакум хаалгыг шинээр хийлгэсэн. Ямар компаниас хаалга авсан, хэдэн төгрөгөөр хийлгэсэн талаар надад мэдэх зүйл байхгүй. Төсвийн хөрөнгөөр бол хийлгээгүй. Жаргалмаа эрхлэгч нь цэцэрлэгийн санхүүгийн ажилтнуудтай зөвлөлдөж ярилцдаггүй, өөрөө л цэцэрлэгийн тохижилтын ажлыг хийлгэх хүмүүс олоод л хийлгээд байдаг байсан. Миний хувьд хүүхдүүдийн эцэг эхтэй байгуулсан 3 талт гэрээний дагуу сургалтын орчин тохижилтод зориулсан хандивын орлогоос зарцуулсан байх гэж бодож байна. Жаргалмаа нь анги удирдсан багш нараас бэлнээр өөрөө хүлээж авдаг, нярваар дамжуулдаггүй, кассанд тушаадаггүй, өөр дээрээ хадгалдаг бөгөөд төсвөөс санхүүжилт гараагүй. Цэцэрлэгийн тохижилтын ажлыг уг мөнгөөр хийдэг байсан. Уг мөнгөөр хийгдсэн ажлууд байгаа ч хэдэн төгрөгөөр хийлгэсэн, мөнгөний зарцуулалттай холбоотой нарийн зүйлүүдийг би мэдэхгүй байна. Хэдэн төгрөг цугларсан талаар ч мэдэхгүй байна. Би түүнд “та өөрөө бэлнээр мөнгө хүлээж авч, зарцуулж болохгүй, санхүүгийн анхан шатны баримт байх ёстой” гэж хэлэхээр миний үгийг тоож авдаггүй, өөрийнхөөрөө асуудлыг шийдээд явдаг хүн байсан. Ерөнхийдөө бэлэн мөнгө өөрөө авч зарцуулах сонирхолтой хүн байсан. Харин 2018 оны 4 дүгээр сараас эхлээд гэрээний дагуу эцэг эхчүүдээс өгсөн мөнгийг нэмэлт санхүүжилтийн данс руу хийдэг болсон. Үүнээс өмнөх хандивын орлогын талаар мэдэх зүйл байхгүй. Жаргалмаа нь эцэг эхчүүдийн өгсөн мөнгөөр камер суурилуулсан гэдэг, камер суурилуулсан нь үнэн. Гэхдээ уг ажлыг хэдэн төгрөгөөр, ямар компаниар хийлгүүлсэн талаар надад хэлээгүй. Өөрт нь холбогдох баримтууд нь байдаг үгүйг би мэдэхгүй. Камер суурилуулахад гарсан зардал мөнгө нь санхүүгээр дамжаагүй. Багш, ажилчдаас хандив тусламж авдаггүй. Даргаас мөн өгсөн мөнгө байхгүй. Харин спорт заалны хаалганы мөнгийг хоёр багшийн үзүүлэх тоглолт хийгээд хураан авсан мөнгөөр хийсэн байх ёстой. Тухайн жил төсвөөс 1.200.000 төгрөг төсөвлөгдсөн байсан. Энэ мөнгийг юунд зарцуулсныг баримтыг нь харахгүй бол мэдэхгүй байна. Тухайн баримтуудад хаалга, камер тавьсан талаарх баримтууд байхгүй. ...” /1хх 182/,

 

Ц.Жгийн яллагдагчаар өгсөн: “...Би С.Оээс 100,000 төгрөгийг найзын хувьд баярлалаа гээд өгөхөөр нь авсан, уг мөнгийг цэцэрлэгт хаалга хийхэд зарцуулсан. ...” /1хх 207/,

 

С.Оийн яллагдагчаар өгсөн: “...Би цэцэрлэгийн эрхлэгч Жаргалмаад найзын хувиар 100.000 төгрөг өгсөн. Манай хамаатан Тунгалаг гэдэг хүүхдийг 80 дугаар цэцэрлэгт туслах багшаар оруулсан, үүний дараа Жаргалмаа эрхлэгч 500.000 төгрөг өгөхийг шаардаад, дарамтлаад, уурлаад байхаар нь Тунгалагийн аав аваарт орсон, амьдралын боломж муу гэдгийг нь тайлбарлахад “би ганцаараа мөнгө авч байгаа юмуу, бүх цэцэрлэгийн эрхлэгч нар мөнгө авч байгаа ш дээ” гээд уурлаад байхаар нь 300.000 төгрөг авч өгсөн юм. Болдын данснаас миний данс руу орсон мөнгөнөөс 250.000 төгрөгийг аваад өөрийн түрийвчинд байсан 50.000 төгрөгийг нэмээд 300.000 төгрөг болгоод цэцэрлэгийн эрхлэгч Жаргалмаад өрөөнд нь байхад өгсөн. Тэр мөнгийг аваад ширээнийхээ шүүгээнд хийсэн. Мөнгө өгсөн талаараа би тэмдэглэлийнхээ дэвтэрт бичиж тэмдэглэсэн байгаа. ...” /1хх 212-213/,

 

Сонгинохайрхан дүүргийн 80 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Жгийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/60 дугаар “С.Оийг эмчээр... ажилд томилох тухай” тушаал /1хх 29/,

2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/90 дугаар “Б.Тунгалагийг туслах багшаар... ажилд томилох тухай” тушаал /1хх 28/,

Д.Болдын 5006571631 данснаас 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 300.000 төгрөг 5925166200 дугаарын данс руу орсон болох Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 16/,

С.Оийн 5925166200 дугаарын данс руу 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 5006571631 дугаарын данснаас 300.000 төгрөг шилжиж орсон болох Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 173/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Ц.Жгийн Сонгинохайрхан дүүргийн 80 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/60 дугаар тушаалаар тус цэцэрлэгт С.Оийг эмчээр ажилд авч С.Оээс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 100,000 төгрөгийг авсан, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/90 дугаар тушаалаар тус цэцэрлэгт Б.Тунгалагийг туслах багшаар ажилд авч, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд тус цэцэрлэгт эмч С.Оээр Б.Тунгалагийн ар гэр болох Д.Болдоос хандив гэж нэхүүлэн 300,000 төгрөгийг С.Оээр дамжуулан авсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахууль авах” гэмт хэргийн 2 дахь хэсэгт заасан “...нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашигсонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан...” гэсэн гэмт хэргийн шинжийг,

С.Оийн Сонгинохайрхан дүүргийн 80 дугаар цэцэрлэгт эмчээр ажилд орсны төлөө цэцэрлэгийн эрхлэгч Ц.Жд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 100,000 төгрөгийн хахуулийг өгсөн, мөн Сонгинохайрхан дүүргийн 80 дугаар цэцэрлэгт өөрийн танилын хүүхэд болох Б.Тунгалагийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр туслах багшаар ажилд оруулсны төлөө цэцэрлэгийн эрхлэгч Ц.Жгийн хахууль өгөхийг шаардсаны дагуу Б.Тунгалагийн ар гэр болох Д.Болдоос 300,000 төгрөгийг хандив нэрийдлээр авч, Ц.Жд өгсөн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль өгөх” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн...” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна. Энэ талаар хийсэн анхан шатны дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Ц.Жгийн хахууль авсан үйлдлүүдийг, С.Оийн хахууль өгсөн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээрээ хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэж зааснаар нэг гэмт хэрэгт тооцож зүйлчилсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх Ц.Ж, С.Онарын үйлдсэн гэмт хэргийг зүйлчилсэн зүйл, хэсэгт заасан торгох, хорих ялын төрлүүдээс торгох ялыг сонгон оногдуулсан болон торгох ялын хэмжээг зэрэг нь тэдний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, хэр хэмжээнд тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн зарчимд, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.Жгийн цэцэрлэгийн эрхлэгчийн хувьд:

- С.Оийг цэцэрлэгийн эмчээр томилж /авч/ албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд түүнээс 100,000 төгрөг /хахууль/ авсан, 

- Б.Тунгалагийг туслах багшаар ажилд томилж /авч/ албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, 300,000 төгрөгийг авсан /хахууль авсан/ үйлдэл нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрхи нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүний өмгөөлөгч Ч.Болдбаатарын “шүүгдэгч Ц.Жгийн гэм буруугийн талаар” гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.   

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Жгийн өмгөөлөгч Ч.Болдбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/1347 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Жгийн өмгөөлөгч Ч.Болдбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

 

            ШҮҮГЧ                                                                        Д.ОЧМАНДАХ