Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 24

 

Н.М  нэхэмжлэлтэй,

 

хариуцагч Г.Б холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 

2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1484 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч : Н.Мгийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч :Г.Бад холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг 27.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч Г.Бын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4.000.000 төгрөгний зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

 

 Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

 

Миний бие Г.Бад 2013 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 4 сая төгрөгийг 2 сарын хугацаатай, 2013 оны 11 дүгээр сарын 21-нд 14 сая төгрөгийг 3 сарын хугацаатай сар бүрийн 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулан өгсөн. Тухайн үед Г.Б нь манай охины 4-16-22 тоот байрыг хөлслөн суудаг байсан бөгөөд ГОК-д Цагийн зүү ХХК, Бүдүүн Цахир ХХК-ийн нэр дээр 700 сая төгрөгний гэрээ хийсэн удахгүй мөнгө орж ирнэ гээд гэрээгээ үзүүлээд найдвартай, хүү алдангитай нь төлнө гэж итгүүлэн авсан. Гэрээний хугацаа дууссан боловч Г.Б нь надтай ирж уулзаад ГОК мөнгөө өгөхгүй байна, та гэрээгээ сунгаад явж бай санаа зоволтгүй, төлөх хүртэлх хугацааны хүү алдангийг төлнө гэж амласан. Үүнээс хойш 88008638 утсаар холбогдож, мессеж бичдэг байснаа, хот яваад алга болсон. Сүүлдээ утас нь ч холбогдохгүй хаана байгаа хаяг нь тодорхойгүй болсон тул шүүхээр эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулж, Тахарын алба олж өглөө. Г.Бад өгсөн 18 сая төгрөгийн өнөөдрийг хүртэлх хугацааны зөвхөн хүү нь 54 сая төгрөг болж байна. Г.Быг эвлэрүүлэн зуучлалд 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өгсөн боловч эвлэрүүлэн зуучлагчид өнөө маргаашгүй мөнгөө аваад очно гэж худал хэлсээр байгаад ирэлгүй хугацааг дуусгасан байна. Иймд Г.Баас би үндсэн зээл болох 18 000 000 төгрөг, алданги 9 000 000 төгрөг, нийт 27 000 000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч Г.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн  тайлбартаа :

 

Н.Мгаас 18 000 000 төгрөг зээлдэж аваагүй бөгөөд 2013.11.21-ний өдөр 14 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 10% хүүтэй зээлдэж авсан нь үнэн. Энэ мөнгийг дараах байдлаар 24 739 000 төгрөг болгож төлсөн. Үүнд надад байгаа баримтаар 2014.10.23-ны өдөр 165 000 төгрөг, 2015.2.26-ны өдөр 2 895 000 төгрөг, 2015.03.05-ны өдөр 80 000 төгрөг, 2016.02.06-ны өдөр 10 000 000 төгрөг тушааж зээлээ бүр мөсөн хаасан. Надад баримт байхгүй 2015 онд 4 000 000 төгрөг, нэг удаа 300 000 төгрөг, 5 000 000 төгрөг нэг удаа, 500 000 төгрөг нэг удаа, нийт 9 800 000 төгрөг дансанд хийснээ санаж байгаа боловч санахгүй байгаа мөнгө бас байна. Дээрх мөнгөнүүдийг Н.Мгийн төрсөн охин Г. Учралынх нь Хаан банкин дахь 5090588044 дугаартай данс руу хийдэг байсан. 2013 оны 12 дугаар сард намайг урагшаа Хятад улс руу явахад гуталнууд бэлэн хувцас захиснаар би 700 000 төгрөгийн үнэ бүхий хувцасыг Н.Мд авчирч өгсөн. 3 ширхэг монгол дээл захиалуулж хийлгэсэн. Эдгээр дээлнүүдийн нийт үнэ 1 099 000 төгрөг болсон. Энэ мэтээр дээл хувцасны нийт үнэ 1 799 000 төгрөг болж нийт тооцоо одоогийн байдлаар 24 739 000 төгрөг болж байна. Би Н.Мгаас 4 000 000 төгрөг огт зээлдэж аваагүй бөгөөд 4-16-22 тоот 2 өрөө сууцыг нь 10 сарын хугацаатай сарын 500 000 төгрөгөөр тооцон хөлсөлж анх орохдоо 1 000 000 төгрөг өгөөд орсон бөгөөд үлдэх 4 000 000 төгрөг дээр нь 2013.11.13-ны өдрийн зээлийн гэрээг хийсэн юм. Энэ өдөр нэг ч төгрөг аваагүй учир энэ гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ юм. Иймд төлбөр тооцоогоо бүрэн хийж дууссан учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

 

Нэхэмжлэгч Н.М 2013.11.13-ны өдрийн 4 000 000 төгрөгийг 2013.11.13-ны өдрөөс 2014.01.08-ны хооронд 4 000 000 төгрөгийг сарын 10%-ийн хүүтэй зээлдүүлэв гэсэн зээлийн гэрээг надад 4 000 000 төгрөгийг өгөөд хийгээгүй. Энэ гэрээг өөрийн төрсөн охины байр гэж 4-16-22 тоот 2 өрөө орон сууцанд намайг 10 сарын хугацаатай сарын 500 000 төгрөгийн хөлс төл гэж урьдчилгаа 1 000 000 төгрөгөө аваад үлдэх 4 000 000 төгрөгөндөө гэрээ хийсэн. Энэ гэрээ нь орон сууц хөлслөх гэрээг халхавчилж хийсэн гэрээ учир хүчин төгөлдөр бус гэрээ учраас би энэ гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардлага гаргаж байна. Иймд Н.М, Г.Б бид 2-ын хооронд 2013.11.13-ны өдөр хийгдсэн 4 000 000 төгрөгний зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.М сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

 

Г.Б нь тухайн үед 4 000 000 төгрөгийг нотариатчны дэргэд бэлнээр хүлээн авч зээлийн гэрээ байгуулж, нотариатаар батуулсан. Нотариатч бэлэн мөнгөө барьж очиж байгаа нөхцөлд зээлийн гэрээ байгуулдаг юм байна лээ. Хэрвээ бэлэн мөнгө байхгүй бол баталж өгдөггүй юм байна лээ. Г.Б нь ГОК-д бараа нийлүүлэх гэсэн мөнгө дутаад байна та надад 18 000 000 төгрөг зээлдүүлээч гэсний дагуу би 2013.11.12-нд 4 000 000 төгрөг, 2013.11.13-нд 4 000 000 төгрөгийг тус тус нотариатаар батлуулж бэлнээр өгсөн юм. Нотаритаар батласан зээлийн гэрээ нь нотлох баримттай байгаа учир 4 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Тийм учир бүхэлд нь сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1484 дугаар шийдвэрээр:

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Г.Баас 15.860.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Мд олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасныг баримтлан Г.Бын зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 293 000 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 78 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 237 250 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар мөн хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл хэвээр байхыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа давж заалдсан гомдолдоо:

 

Нэхэмжлэгч Н.М хариуцагч Г.Баас 27.0 сая төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагчаас авсан мөнгөө аваагүй гэж тайлбарлаж байсан боловч түүний төрсөн охин Г.Учралын ХААН банкан дахь 5090588044 дугаартай дансанд орсон байсан мөнгөнүүдийг баримтаар нотлогдсон учир 16.140.000 төгрөгөө хасаад үлдэх 15.860.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлүүсэн. Гэтэл хариуцагч Г.Бын ХААН банкин дахь 5099018008 тоот данснаас 11.580.000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Мгийн төрсөн охин Г.Учралын ХААН банкан дахь 5090588044 тоот дансанд 2014-03-20-нд 20.000 төгрөг, 2014-04-04-ны өдөр 20.000 төгрөг, 2014-04-14-ний өдөр 10.000 төгрөг, 2014-07-26-ны өдөр 3.0 сая төгрөг, 2014-07-26-ны өдрөө дахиад 2.0 сая төгрөг, 2016-07-26-ны өдрөө 30.000 төгрөг, 2014-10-11-ний өдөр 2.500.000 төгрөг, 2015-07-15-ны өдөр 3.0 сая төгрөг, 2015-07-15-ны өдрөө дахиад 1.0 сая төгрөг нийт 9 удаагийн гүйлгээгээр 11.580.000 төгрөг шилжүүлсэн баримтууд гарч ирсэн учир анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.Г.Учралын төрсөн эх Н.М надаас 27.0 сая төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан учир би Г.Учралын дансанд зээлийн төлбөрийг хийж байсан тухайгаа бичиж өгөөд түүний дансны хуулгыг гаргуулах тухай хүсэлт гаргаснаар 72 хуудас материал ирэхэд дээрх 11.580.000 төгрөгний орлого орсон тухай байхгүй байсан. Хүнээс хэдэн төгрөг авсанаа мэдэж байж авсан мөнгөө аваагүй гэж шударга бус авирласан нэхэмжлэгчид гомдолтой байна. Түүний захиалж авахуулсан хувцаснууд гэр бүлээрээ хийлгүүлсэн дээлний үнэ болох нийт 2.499.000 төгрөгийг мөн л аваагүй гэж үгүйсгэдэг. Иймд дээрх шийдвэртэй хэргийг тал бүрээс нь нарийн хянан үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэг цугларсан нотлох баримтыг дутуу үнэлсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Давж заалдах шатны шүүхээс хэрэг авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхийн гаргасан алдааг зөвтгөж залруулах боломжтой гэж үзэв.

 

            Нэхэмжлэгч Н.М нь хариуцагч Г.Б холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл 18.000.000 төгрөг, алданги 9.000.000 төгрөг нийт 27.000.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, хариуцагч Г.Б нэхэмжлэгч Н.Мгаас 4.000.000 төгрөг гаргуулах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус шүүхэд гаргажээ.

 

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Г.Баас 15 860 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Мд олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасныг баримтлан Г.Бын зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

            2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 4 сая төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож төлүүлэхээр, 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 14 сая төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож төлүүлэхээр тохиролцож зээлийн  гэрээ байгуулсан болох нь зээлийн гэрээ, зохигчдын тайлбаруудаар нотлогджээ. / х/х-ийн 4,5 дугаар хуудас /,

 

            Нэхэмжлэгч Н.М нь хариуцагч Г.Б нар нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээг байгуулж, 282 дугаар зүйлийн 282.1, 232.6-д зааснаар зээлийн гэрээний хүү, алдангийн талаар харилцан тохиролцжээ.

 

            Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй болно.

 

            Хариуцагч Г.Б нь нэхэмжлэгч Н.Мд 16.640.000 төгрөг төлсөн болох хавтаст хэрэгт авагдсан хаан банкны дипозит дансны хуулга, орлогын мэдүүлэг, хариуцагчийн хариу тайлбар зэргээр  нотлогджээ.

 

            Нэхэмжлэгч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхтэй боловч нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр 4 сая төгрөгийг 4800.000 төгрөг, 14.0 сая төгрөгийг 18.200.000 төгрөг гээд нийт 23.000.000 төгрөг түүн дээр алданги нэмээд 32.000.000 нэхэмжилж байна. Үүнээс баримтаар төлсөн 16.640.000  төгрөг төлснөөс байрны мөнгө 500000 төгрөгийг хасаад 15 860 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бууруулан 15.860.000 төгрөг нэхэмжилсэн, хариуцагч 16.640.000 төгрөг өгсөн болох нь нотлогдсон бөгөөд үүнээс 500.000 төгрөг нь байрны мөнгө болох тогтоогдож байх тул энэ мөнгийг нэхэмжлэгчид өгсөн 16.640.000 төгрөгнөөс хасаж тооцон, зээлийн гэрээний нийт үүрэг 15 860 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Мд олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй  болжээ.

 

            Шүүх шийдвэрийн Үндэслэх хэсэгт нэхэмжлэгч 27.000.000 нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа 15 860 000 төгрөг болгон бууруулсан гэх боловч хариуцагчийн буцаан төлсөн 16.640.000 төгрөгийг 15 860 000 төгрөг дээр нэмвэл 32.500.000 төгрөг төлөхөөр тооцогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч ямар үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаа нь тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөрүүтэй байдлаар дүгнэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж давж заалдсан гомдол гаргасан боловч гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй мөн нийт 9 удаагийн гүйлгээгээр 11.580.000 төгрөг шилжүүлсэн гэдэг  боловч энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй байх тул давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

 

            Иймд давж заалдах шатны шүүхээс зээлийн гэрээнд заасны дагуу анх нэхэмжилсэн үндсэн зээл 18.000.000 төгрөг, алданги 9.000.000 төгрөг нийт 27.000.000 төгрөгөөс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон 16.640.000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасч үндсэн зээл 1.360.000 төгрөг, алданги 9.000.000 төгрөг нийт 10.360.000 төгрөг хариуцагч Г.Баас гаргуулж, нэхэмжлэгч Н.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх хууль зүйн үндсэлэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237.250 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1484 дугаар шийдвэрийн

 

            1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Г.Баас 15 860 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Мд олгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Г.Баас 10.360.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

 

            3 дугаар заалтыг “...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 293 000 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 78 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 237 250 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай...” гэснийг “...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 293 000 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 78 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 180.710 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3- т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237.250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                            ШҮҮГЧИД                                                     С.УРАНЧИМЭГ

 

                                                                                                  Б.БАТТӨР