Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2016/01484

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-16-20 тоотод оршин суух, Боржигон овгийн Нацагдоржийн Мөнхтуяа /ФВ64041400/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 16а-65 тоотод оршин суух, Дархан овгийн Галааридын Бэхбат /КЮ77021802/-д холбогдох,

 “Зээлийн гэрээний үүрэг 27 000 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Н.Мөнхтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие, Г.Бэхбатад 2013 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 4 сая төгрөгийг 2 сарын хугацаатай, 2013 оны 11 дүгээр сарын 21-нд 14 сая төгрөгийг 3 сарын хугацаатай сар бүрийн 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулан өгсөн. Тухайн үед Г.Бэхбат нь манай охины 4-16-22 тоот байрыг хөлслөн суудаг байсан бөгөөд ГОК-д “Цагийн зүү” ХХК, “Бүдүүн Цахир” ХХК-ийн нэр дээр 700 сая төгрөгний гэрээ хийсэн удахгүй мөнгө орж ирнэ гээд гэрээгээ үзүүлээд найдвартай, хүү алдангитай нь төлнө гэж итгүүлэн авсан. Гэрээний хугацаа дууссан боловч Г.Бэхбат нь надтай ирж уулзаад ГОК мөнгөө өгөхгүй байна, та гэрээгээ сунгаад явж бай санаа зоволтгүй, төлөх хүртэлх хугацааны хүү алдангийг төлнө гэж амласан. Үүнээс хойш 88008638 утсаар холбогдож, мессеж бичдэг байснаа, хот яваад алга болсон. Сүүлдээ утас нь ч холбогдохгүй хаана байгаа хаяг нь тодорхойгүй болсон тул шүүхээр эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулж, улмаар Тахарын алба олж өглөө. Г.Бэхбатад өгсөн 18 сая төгрөгийн өнөөдрийг хүртэлх хугацааны зөвхөн хүү нь 54 сая төгрөг болж байна. Г.Бэхбатыг эвлэрүүлэн зуучлалд 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өгсөн боловч Эвлэрүүлэн зуучлагчид өнөө маргаашгүй мөнгөө аваад очно гэж худал хэлсээр байгаад ирэлгүй хугацааг дуусгасан байна.             Иймд Г.Бэхбатаас би үндсэн зээл болох 18 000 000 төгрөг, алданги 9 000 000 төгрөг, нийт 27 000 000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Г.Бэхбатын 4 000 000 төгрөгний сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Г.Бэхбат нь тухайн үед 4 000 000 төгрөгийг нотариатчны дэргэд бэлнээр хүлээн авч зээлийн гэрээ байгуулж, нотариатаар батуулсан. Нотариатчин бэлэн мөнгөө барьж очиж байгаа нөхцөлд зээлийн гэрээ байгуулдаг юм байна лээ. Хэрвээ бэлэн мөнгө байхгүй бол баталж өгдөггүй юм байна лээ. Г.Бэхбат нь ГОК-д бараа нийлүүлэх гэсэн мөнгө дутаад байна та надад 18 000 000 төгрөг зээлдүүлээч гэсний дагуу би 2013.11.12-нд 4 000 000 төгрөг, 2013.11.13-нд 4 000 000 төгрөгийг тус тус нотариатаар батлуулж бэлнээр өгсөн юм. Тухайн үед Г.Бэхбат нь нотаритчин дээр намайг дуудаж мөнгийг тоолж хүлээж авсан юм. Мөнгө авахдаа Бэхбат ганцаараа нотариат дээр намайг хүлээж байсан. Миний таксины мөнгийг төлсөн. Ямарч хүнтэй байгаагүй мөртлөө одоо болохоор ор зүс танихгүй хүмүүсийг цуг явж байсан гэж гэрчээр дуудаж байгаа нь ор үндэсгүй юм. Нотаритаар батласан зээлийн гэрээ нь нотлох баримттай байгаа учир 4 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Тийм учир бүхэлд нь сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Бэхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа: Н.Мөнхтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. Үүнд: Н.Мөнхтуяагаас 18 000 000 төгрөг зээлдэж аваагүй бөгөөд 2013.11.21-ний өдөр 14 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 10% хүүтэй зээлдэж авсан нь үнэн. Энэ мөнгийг дараах байдлаар 24 739 000 төгрөг болгож төлсөн. Үүнд надад байгаа баримтаар 2014.10.23-ны өдөр 165 000 төгрөг, 2015.2.26-ны өдөр 2 895 000 төгрөг, 2015.03.05-ны өдөр 80 000 төгрөг, 2016.02.06-ны өдөр 10 000 000 төгрөг тушааж зээлээ бүр мөсөн хаасан. Надад баримт байхгүй 2015 онд 4 000 000 төгрөг, нэг удаа 300 000 төгрөг, 5 000 000 төгрөг нэг удаа, 500 000 төгрөг нэг удаа, нийт 9 800 000 төгрөг дансанд хийснээ санаж байгаа боловч санахгүй байгаа мөнгө бас байна. Дээрх мөнгөнүүдийг Н.Мөнхтуяагийн төрсөн охин Ганболдын Учралынх нь Хаан банкин дахь 5090588044 дугаартай данс руу хийдэг байсан. 2013 оны 12 дугаар сард намайг урагшаа Хятад улс руу явахад гуталнууд бэлэн хувцас захиснаар би 700 000 төгрөгийн үнэ бүхий хувцасыг Н.Мөнхтуяад авчирч өгсөн. 3 ширхэг монгол дээл захиалуулж хийлгэсэн. Эдгээр дээлнүүдийн нийт үнэ 1 099 000 төгрөг болсон. Энэ мэтээр дээл хувцасны нийт үнэ 1 799 000 төгрөг болж нийт тооцоо одоогийн байдлаар 24 739 000 төгрөг болж байна. Би Н.Мөнхтуяагаас 4 000 000 төгрөг огт зээлдэж аваагүй бөгөөд 4-16-22 тоот 2 өрөө сууцыг нь 10 сарын хугацаатай сарын 500 000 төгрөгөөр тооцон хөлсөлж анх орохдоо 1 000 000 төгрөг өгөөд орсон бөгөөд үлдэх 4 000 000 төгрөг дээр нь 2013.11.13-ны өдрийн зээлийн гэрээг хийсэн юм. Энэ өдөр нэг ч төгрөг аваагүй учир энэ гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ юм. Иймд төлбөр тооцоогоо бүрэн хийж дууссан учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Н.Мөнхтуяа 2013.11.13-ны өдрийн 4 000 000 төгрөгийг 2013.11.13-ны өдрөөс 2014.01.08-ны хооронд 4 000 000 төгрөгийг сарын 10%-ийн хүүтэй зээлдүүлэв гэсэн зээлийн гэрээг надад 4 000 000 төгрөгийг өгөөд хийгээгүй. Энэ гэрээг өөрийн төрсөн охины байр гэж 4-16-22 тоот 2 өрөө орон сууцанд намайг 10 сарын хугацаатай сарын 500 000 төгрөгийн хөлс төл гэж урьдчилгаа 1 000 000 төгрөгөө аваад үлдэх 4 000 000 төгрөгөндөө гэрээ хийсэн. Энэ гэрээ нь орон сууц хөлслөх гэрээг халхавчилж хийсэн гэрээ учир хүчин төгөлдөр бус гэрээ учраас би энэ гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардлага гаргаж байна. Иймд Н.Мөнхтуяа, Г.Бэхбат бид 2-ын хооронд 2013.11.13-ны өдөр хийгдсэн 4 000 000 төгрөгний зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчидын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Мөнхтуяа нь хариуцагч Г.Бэхбатад холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг 27 000 000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа 15 860 000 төгрөг болгон бууруулсан.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээс, 21 000 000 төгрөгнөөс Н.Мөнхтуяад буцааж өгсөн 16 640 000 төгрөгийг хасаад, үлдэх 4 360 000 төгрөгийг зөвшөөрсөн тайлбар гаргасан.

2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 14,0 сая төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 0,5 хувиар алданги тооцохоор, 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 4,0 сая төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2 сарыг хугацаатай, мөн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 0,5 хувиар алданги тооцохоор байгуулагдсан зээлийн гэрээнүүд /хэргийн 5, 6 хуудас/ хэрэгт авагдсан байна.

Уг гэрээнүүдийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 14,0 сая төгрөгийн зээлийн гэрээг хариуцагч байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг, харин 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4,0 сая төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж маргаж, сөрөг нэхэмжлэлээр уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1-д  заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна, нэхэмжлэгч гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Хариуцагч Г.Бэхбат нь нийт 16 640 000 төгрөгийг Н.Мөнхтуяад өгсөн гэдэг нь банкны дипозит дансны хуулга, орлогын мэдүүлгээр нотлогдож байх ба зохигчид энэ талаар маргаагүй.

Хариуцагчийн төлөөлөгч 4,0 сая төгрөгийн зээлийн гэрээг “...Н.Мөнхтуяа нь өөрийн төрсөн охины байр гэж 4-16-22 тоот 2 өрөө орон сууцанд намайг 10 сарын хугацаатай сарын 500 000 төгрөгийн хөлс төл гэж урьдчилгаа 1 000 000 төгрөгөө аваад, үлдэх 4 000 000 төгрөгөндөө гэрээ хийсэн. Энэ гэрээ нь орон сууц хөлслөх гэрээг халхавчилж хийсэн гэрээ учир хүчин төгөлдөр бус” тул сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж мэтгэлцсэн.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д хүчин төгөлдөр бус байх хэлцлийн талаар заасан бөгөөд, хариуцагч хуулийн 56.1.3-д “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэж үзэж 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4,0 сая төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардсан.     

4,0 сая төгрөг зээлсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн. Учир нь “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” нь тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл юм.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-ийг хэлцэл гэнэ гэж заасан. Хэлцэл нь хэлцэл хийгч этгээдийн хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хууль зүйн тодорхой үр дагавар бий болгоход чиглэгдсэн, эрх зүйн дагуу, үйлдэл /эс үйлдэхүй/ байдаг. Хэлцэл хийгч этгээд нь хүсэл зоригтой байгаад зогсохгүй, түүнийгээ гадагшаа ямар нэгэн хэлбэрээр илэрхийлсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл: би юу хийж байна, үүний тулд би юу хийж байна гэдгээ ухамсарлан ойлгож, тодорхой үйлдлээр /гэрээнд гарын үсэг зурах гэх мэт/ илэрхийллэгддэг.

Тиймээс 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4,0 сая төгрөгийн зээлийн гэрээг талууд хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн, түрээсийн гэрээгээр халхавчилсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бууруулан 15 860 000 төгрөг нэхэмжилсэн, хариуцагч нийт 16 640 000 төгрөг өгсөн болох нь нотлогдсон бөгөөд үүнээс 500 000 төгрөг нь байрны мөнгө болох нь банкны дансны хуулга, нэхэмжлэгчийн тайлбараар  тогтоогдож байх тул энэ мөнгийг нь Н.Мөнхтуяад өгсөн 16 640 000 төгрөгнөөс нь хасаж тооцон, зээлийн гэрээний нийт үүрэг 15 860 000 төгрөгийг Г.Бэхбатаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 293 000 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 78 950 төгрөгийг тус тус төрийн санд үлдээж, хариуцагчаас 237 250 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Г.Бэхбатаас 15 860 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Мөнхтуяад олгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасныг баримтлан Г.Бэхбатын зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 293 000 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 78 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 237 250 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар мөн хуулийн  120.2-т заасан хугацаа өнгөртөл хэвээр байхыг дурьдсугай.   

   5. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ХИШИГДАВАА