Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 142

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Пүрэвтогтох, хохирогч М.О, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа, нарийн бичгийн дарга Б.Улаанмуна нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т овогт Б-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910013980058 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1975 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, “Бат холбоос” СӨХ-д ажилладаг, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Т овогт Б-ийн Б- /РД: ЗП75032224/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 13 дугаар гудамжинд 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэн М.О-г “манай гудамжинд архи уулаа, миний машинаас хол бай” гэж нүүр рүү нь гараараа цохиж, түлхэж унаган биед нь дух, баруун нүдний алим, зовхи зүүн хацар, зүүн бугалга, баруун, зүүн тохой, зүүн шуу, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд цус зулгаралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдэсэнээр/.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогч М.О: “...Б.Б-ын хойд талын айлд дөрвүүлээ 0,75 граммын хоёр  шил архи уусан, тэгээд талийгаач нөхөр маань ирж тариа хийлгээд өг гэхээр нь би архи уугаагүй гараад явж байсан. Б.Б-ын хашааны орчим очсон, гэтэл Б.Б- намайг дандаа энэ хавиар архи уудаг гээд цохисон, би үсрээд явчихсан, би ухаан алдаж унахад Буяа ах намайг босгоод явуулсан. Б.Бадмаа согтуу байсан л гэдэг, би тэнд ухаан алдаж унасан, өвчтэй нөхрөө сахиж байсан болохоор би архи уугаагүй. Тархины зураг 120,000 төгрөгөөр авахуулсан, шүүх эмнэлэгт үзүүлсэн, тархины хаван бичиж өгсөн, дахиж ирж зураг авахуулаарай гэсэн, байнга эмнэлгээр явж байна, 500,000 төгрөг өгчих гэж гуйсан, энэ байтугай зардал гарсан. Машины түлхүүрээ гартаа барьсан байсан, тэрүүгээр намайг 3-4 удаа цохисон, ямар шалтгаанаар цохисныг мэдэхгүй, архи уулаа л гэсэн. 500,000 төгрөгийг нэхэмжилж байна, баримтаар 300,000 гаруй төгрөг болсон, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б: “...2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр манай хашааны үүдэнд байсан манай дүүгийн машины хамар дээр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зодолдоод байж байсан. Манай дүү машины надад захиж үлдээгээд явсан учир машин дээр нь очиход Н.О-гийн нөхөр нь гээд Г.Болдбаатар машины хамар дээр Н.О-г нүдээд зогсож байсан, би тэгэхээр нь нөхөрт нь хандаж, эмэгтэй хүнийг ингэж болдог юм уу, яваач гэхэд эрэтгэй хүн нь явчихсан, эмэгтэй нь явахүй, миний өөдөөс агсараад өөдөөс дайраад байсан. Ухаан алдаж унасан гэсэн, тийм зүйл болоогүй, хэрэг болсон газар Ц.Буянжаргал, Г.Болдбаатар, манай хоёр хүүхэд, эгч Отгонсүрэн нар байсан. Над руу агсараад байсан учир би биеэ хамгаалах зорилгоор шуу руу нь нэг удаа цохисон, ингэхдээ гэмтэл учруулахаар цохиогүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч М.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэрээсээ 07 цагт гараад найз 3 хүүхэнтэйгээ нийлээд Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 13-210 тоотын эсрэг талын хашаанд Энхтуяа, Буяннэмэх, Болдбаатар нартай 0,75 литрийн хоёр шил архи уучихаад Болдбаатарын хашаанаас гараад гэр рүүгээ явж байхад миний урд зүс таних Бадмаа гэх хүүхэн алхаж байсан, Тэгээд гудамжны үзүүрээс буцаж над руу ирээд миний мөрнөөс татаад “архичин, гичий авгай минь манай гудамжинд байнга архи уух юмаа” гэж хэлээд миний нүүр рүү гараараа хоёр удаа цохисон, би газар ухаан алдаж унасан, тэгсэн чинь миний дээрээс өшиглөсөн гэж  гудамжинд байсан Буяа ах хэлсэн.

...Би тухайн өдөр Болдбаатар ахын гэрт орж ...архи ууж байгаад тэндээсээ гараад гэр рүүгээ явах гэхэд Болдбаатар ах намайг гэр рүү дөхүүлж өгөх санаатай хамт гарч ирсэн. Тэгээд намайг дөхүүлж өгөх санаатай сугадахаар нь би хэрэггүй гээд гэр рүүгээ явж байхад Б.Б- гэх эмэгтэй намайг зодсон...” /хх-ийн 15-16, 20-21, 22-24/ гэсэн,

 

Гэрч Ц.Буянжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дэлгүүр орох гээд гудамжинд гарахад Бадмаагийн хашааны гадна О- газар уначихсан дээрээс нь Бадмаа хоёр хүүхэнтэй нийлээд өшиглөөд байсан. Би очиж салгах гэхэд салгаж дийлэхгүй байсан, тэгээд цагдаа ирсэн.

...Би тухайн хоёр эмэгтэйг О-г яаж өшиглөж байхыг хараагүй, О-гаас Б-ыг салгах гэхэд тухайн хоёр эмэгтэй Б- бид хоёрын голоор ороод О- руу уурлаад дайраад, би тэр хоёр эмэгтэй О-г өшиглөчихлөө гэж бодсон, тэгтэл буруу бодсон байна лээ...” /хх-ийн 27-28, 29-30/ гэсэн,

 

Гэрч А.Мэндбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 13-218 тоотод амьдардаг. Би 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн үед гэртээ байхад манай гудамжинд зүс таних М.О- гэх эмэгтэйг Бадмаа гэх эмэгтэй зодож байхаар нь яагаад байгаа юм бэ боль гэж хэлэхэд удалгүй Бадмаа гэх эмэгтэй О-г зодохоо болиод тэндээс яваад өгсөн...” /хх-ийн 31-32/ гэсэн,

 

Гэрч Г.Болдбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 13 дугаар гудамжинд М.О-г цохиж зодоогүй, харин М.О-г Б- цохиж зодсон. ...Тухайн өдөр гэртээ байж байхад 12 цагийн үед манай гэрт О- халамцуу орж ирээд надтай юм ярьж байгаад манайхаас хамт гарч Нүхтийн 13 дугаар гудамжинд зогсож байхад Б- гэх эмэгтэй Нүхтийн 13 дугаар гудамжны 210 тоотоос гарч ирээд М.О-тай маргалдаж, улмаар О-г цохиод унагаачихсан. Тэгэхээр нь би та нар эмэгтэй хүмүүс байж яагаад байгаа юм гэхэд над руу дайраад байхаар нь би айгаад хашааныхаа үүдэн дээр очоод зогсож байхад Б-ын хашаанаас нэг эмэгтэй гарч ирээд Б-ыг дуудаад явсан. ...Яг хэдэн удаа цохисныг би сайн мэдэхгүй байна...” /хх-ийн 36-38/,

 

Гэрч Б.Отгонсүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байж байхад манай дүү Б- цонхоор харж байснаа гадаа миний машины хажууд хоёр хүн маргалдаад байх шиг байна гарч холдуулахаас гээд гэрээс гарсан. Би жоохон байж байгаад араас нь гарахад нэг согтуу эмэгтэйг машинаасаа холд гээд маргалдаад байж байхаар нь дүүгээ гэр рүүгээ ор, согтуу хүнтэй ярьдаг юм гээд дагуулаад орсон...” /хх-ийн 39-40/ гэсэн,

 

Гэрч А.Энхбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Зодуулсныхаа дараа нүд нь хавдчихсан байх шиг байсан, биеийн далд хэсэгт нь ямар гэмтэл байсан эсэхийг би сайн мэдэхгүй...” /хх-ийн 41/ гэсэн,

 

Гэрч Д.Мөнхсугир мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай ээж Б- гэх хүнд зодуулсны дара нь нүд нь хавдчихсан, гар нь хөхөрчихсөн, хувцас нь шороо болчихсон, хувцсанд нь гутлын мөр болсон байсан...” /хх-ийн 42/ гэсэн,

 

Шинжээч Б.Долгормаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...М.О-гийн биед учирсан гэмтлийг тогтооход КТГ-ийн хариу буюу дүгнэлт байсан бөгөөд түүнд тусгагдсан гэмтэл буюу хамар, ясны хугарал, гэмтлийг хуучин хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсээгүй гэж үзсэн учраас дүгнэлтэд тусгаагүй. Тухайн үед М.О-гийн биед үзлэг хийх явцад хамрын таславчийг гараар тэмтрэхэд зовиур байхгүй, мөн хамар ил харагдахуйц гэмтэл, шарх, бэртэл  байгаагүй тул хуучин гэмтэл гэж үзсэн. ...Дээрх гэмтлүүд нь нэг удаа түлхүүлж унахад үүсэх боломжгүй, харин олон удаагийн хүч үйлчилсний улмаас буюу гэмтэл тус бүр дээр хүч тус тусдаа үйлчилж байж үүснэ. ...Мохоо зүйл гэдэгт хурц ир үзүүртэй болон хими биологийн хүчин зүйл, өндөр нам хэм ба галт зэвсгээс бусад зүйлийг хэлнэ. Хүний гар, хөл, мохоо зүйл болно. М.О-гийн зүүн бугалга, баруун, зүүн тохой, зүүн шуун дахь гэмтлийг М.О-тай ноцолдох, гараас нь атгах, татаж чангаах, түлхэх үед үүсэх боломжтой. М.О-г түлхэж унагаах үед нуруунд зөөлөн эдийн няцрал үүсэх боломжтой...” /хх-ийн 49-51/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байж байгаад цонхоор харахад манай хашааны үүдэнд миний машины хажууд /миний машины хамар дээр/ О- нэг эрэгтэй хүнтэй зодолдоод байж байхаар нь би гараад тэр хоёрыг миний машинаас хол бай гэж хэлэхэд М.О- гэх эмэгтэй намайг хуцаад бай гээд хэлэх хэлэхгүй үгээр хэлж доромжлоод над руу агсам тавиад намайг цохих гээд байхаар нь би эргүүлээд М.О-гийн зүүн гар руу нь баруун гараараа түлхсэн чинь М.О- хойшоогоо саваад уначихсан. Тэгэхээр нь би хамт явж байсан залууд нь хандаж чи наад эмэгтэйгээ эндээс аваад яваач гэхэд тэр залуу бид хоёроос холдоод өөрийнхөө хашааны хаалганы үүдэн дээр очиж суучихаар нь би М.О-г гэр рүүгээ яв гэж хэлээд байж байхад манай дүү Бадамлянхуа гарч ирээд юу болоод байгаа юм битгий хэрүүл хийгээд бай гэж хэлсэн чинь О- тэндээс яваад өгсөн. ...Тухайн залуу О-гийн толгой руу зүүн гараараа 3-4 удаа цохисон. Тэр залуу цамцаа зүүн гараараа ороочихсон байсан...” /хх-ийн 56-59/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №6841 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. М.О-гийн биед дух, баруун нүдний алим, зовхи, зүүн хацар, зүүн бугалга, баруун, зүүн тохой, зүүн шуу, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-ийн 46/ гэсэн дүгнэлт,

 

- Өргөдөл /хх-ийн 12/,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 13/,

- Шүүгдэгч Б.Б-ын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 65/, нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-ийн 64/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                                 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б.Б-ыг 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 13 дугаар гудамжинд иргэн М.О-г “манай гудамжинд архи уулаа, миний машинаас хол бай” гэж нүүр рүү нь гараараа цохиж, түлхэж унагаан биед нь дух, баруун нүдний алим, зовхи зүүн хацар, зүүн бугалга, баруун, зүүн тохой, зүүн шуу, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд цус зулгаралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүх хуралдаанд хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг, хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх дараах үндэслэлээр Б.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Буянжаргал “...Дэлгүүр орох гээд гудамжинд гарахад Бадмаагийн хашааны гадна О- газар уначихсан дээрээс нь Бадмаа хоёр хүүхэнтэй нийлээд дээрээс нь өшиглөж байсан, би очоод салгах гэхэд салгаж дийлэхгүй байсан. ...Би О-тай дараа нь уулзсан чинь Б-т би зодуулсан, түүнтэй хамт явж байсан хоёр эмэгтэй зодож цохиогүй гэж байсан. Тухайн хоёр эмэгтэй О- руу дайрахаар нь би цохичихлоо гэж бодсон...” /хх-ийн 28, 38/ гэсэн,

Гэрч Б.Отгонсүрэн: “...2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байхад манай дүү Б- цонхоор харж байснаа гадаа миний машины хажууд хоёр хүн маргалдаад байх шиг байна, гарч холдуулахаас гээд гэрээс гарсан. Би жоохон байж байгаад араас нь гарахад нэг согтуу эмэгтэйг миний машинаас холд гээд маргалдаад байж байхаар нь дүүгээ гэртээ ор, согтуу хүнтэй юу ярьдаг юм бэ гээд дүүгээ дагуулаад гэртээ орсон. Тэрнээс өөр зүйл болоогүй...” /хх-ийн 40/ гэсэн,

Гэрч А.Мэндбаяр: “...Би 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 12 цагийн орчим гэртээ байхад манай гудамжинд хүмүүс маргалдаад зодолдоод байгаа чимээ сонсогдохоор нь гараад хартал зүс таних М.О- гэх эмэгтэй манай гудамжинд байдаг Бадмаа гэх хочтой эмэгтэй зодож байхаар нь яагаад байгаа юм, боль гэхэд Бадмаа гэх эмэгтэй О-г зодохоо болиод яваад өгсөн...” /хх-ийн 32/ гэсэн мэдүүлгүүд,

Гэрч Б.Энхбаатараас мөрдөгч мэдүүлэг авахдаа “...М.О- нь 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Б.Бадгарав гэх хүнд зодуулахаасаа өмнө биед нь ямар нэгэн гэмтэл бэртэл байсан уу?...” /хх-ийн 41/ гэж,

Гэрч Д.Мөнхсугираас мэдүүлэг авахдаа “...Танай ээж М.О- нь 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Б.Бадгарав гэх хүнд зодуулахаасаа өмнө биед нь ямар нэг бэртэл, гэмтэл шарх байсан уу?...” /хх-ийн 42/ гэж асуусан зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж, мөн хуулийн 25.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт мэдүүлэгавах үед хөтөлж, эсхүл тулгаж асуулт тавихыг хориглоно гэж заасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан гэрч нар нь хохирогчтой хамаарал бүхий этгээдүүд мэдүүлэг өгсөн, мөрдөгч мэдүүлэг авахдаа Б.Б-ыг буруутай талаас хөтлөж мэдүүлэг авсан үйл баримт тогтоогдоно.

Дээрх мэдүүлгүүдээс дүгнэхэд Б.Б- нь Н.О-г зодож байсныг харсан, хэргийг хянан шийдэврлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байсан гэрч хэрэгт байхгүй, хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 7 цагт гэрээсээ гараад найз хүүхэнтэйгээ нийлээд Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 13-210 тоотын эсрэг талын хашаанд Энхтуяа, Буяннэмэх, Болдбаатар нартай 0,75 граммтай 2 шил архи уучихаад Болдбаатарын хашаанаас гараад гэр рүүгээ явж байхад зүс таних Бадмаа таараад гараараа толгой руу 3-4 удаа цохиод газар унагаагаад хөлөөрөө дээрээс 2-3 удаа дэвсчихээд нь би ухаан алдаад уначихсан байсан. Тэгээд сэрэхэд Бадмаа байхгүй, хажууд Буянаа ах, миний дүү яасан бэ гээд надаас асууж байсан, тэгээд би гэр рүүгээ орж хувцасаа соличихоод цагдаад дуудлага өгсөн...” /хх-ийн 16/ гэсэн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэгтэй зөрүүтэй, ухаан алдсан талаар гэрч нар мэдүүлээгүй, гэрч Г.Болдбаатар, Ц.Буянжаргал, А.Мэндбаяр нарын мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй, бие биенийхээ мэдүүлгийг үгүйсгэсэн мэдүүлгүүд хэрэгт авагдсан, тухайн үйл явдал 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 14-15 цагийн орчим болсон байхад дуудлагын лавлагааны хуудсанд 86851190 дугаарын утаснаас 102-т дуудлагыг 17 цаг 20 минут 43 секундэд “Үл таних хүнд зодуулчихлаа, гэрийг нь мэднэ” /хх-ийн 13/ гэж дуудлага өгсөн зэргээс дүгнэхэд энэ хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, түүнийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарч байх тул ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчмын дагуу Б.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 1910013980058 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Б.Б-т холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн тул хохирогч Н.О-гийн 500,000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүх хэлэлцээгүй болно.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 36.6, 36.9 дүгээр зүйлийн 1, 2, 5, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Т овогт Б-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Б-ыг цагаатгасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хохирогч М.О-гийн 500,000 /таван зуун мянга/ төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхисугай.

 

3. Эрүүгийн 1910013980058 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, цагаатгагдсан этгээд цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч цагаатгах тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.АЛТАНЖИГҮҮР