Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 655

 

Б.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа,  

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/142 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Пүрэвтогтохын бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 20 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Бт холбогдох эрүүгийн 1910013980058 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

/;

 

Б.Б нь Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 13 дугаар гудамжинд 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр иргэн М.Оюунмааг “манай гудамжинд архи уулаа, миний машинаас хол бай” гэж нүүр рүү нь гараараа цохиж, түлхэж унаган эрүүл мэндэд нь дух, баруун нүдний алим, зовхи, зүүн хацар, зүүн бугалга, баруун, зүүн тохой, зүүн шуу, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд цус зулгаралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас:

Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Быг цагаатгаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хохирогч М.Оюунмаагийн 500,000 /таван зуун мянга/ төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн 1910013980058 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, цагаатгагдсан этгээд цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон шийдвэрлэжээ. 

 

Прокурор Н.Пүрэвтогтох бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь заалтыг хангаагүй тул Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

1. Тогтоолын “Тодорхойлох" хэсгийн хоёрт “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай тогтоосон байх тул...” гэж дүгнэсэн атлаа гуравт “...хавтаст хэрэгт авагдсан гэрч нар нь хохирогчтой хамаарал бүхий этгээдүүд мэдүүлэг өгсөн, мөрдөгч мэдүүлэг авахдаа Б.Быг буруутай талаас хөтөлж мэдүүлэг авсан үйл баримт тогтоогдоно. Дээрх мэдүүлгүүдээс дүгнэхэд Б.Б нь Н.Оюунмааг зодож байсныг харсан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байсан гэрч хэрэгт байхгүй, хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн ... мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэгтэй зөрүүтэй, ухаан алдсан талаар гэрч нар мэдүүлээгүй, гэрч Г.Болдбаатар, Ц.Буянжаргал, А.Мэндбаяр нарын мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй, бие биенийхээ мэдүүлгийг үгүйсгэсэн мэдүүлгүүд хэрэгт авагдсан...” гэж зөрүүтэй дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь заалтыг хангаагүй байна.

2.   Хэрэгт гэрчээр байцаагдсан этгээдүүд нь хохирогч М.Оюунмаатай хамаарал
бүхий этгээдүүд биш болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар
тогтоогддог бөгөөд гэрч Г.Болдбаатар, Ц.Буянжаргал, А.Мөнхбаяр нарын
мэдүүлгүүд зөрүүтэй, бие биенийхээ мэдүүлгийг үгүйсгэсэн гэж дүгнэсэн боловч
хэний ямар мэдүүлэг хэний мэдүүлгээр үгүйсгэгдэж байгааг болон яллах нотлох
баримтыг үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй байна.

3.    Гэрчүүд, хохирогчийн мэдүүлгийн агуулга нь мэдүүлэг өгсөн гэрчийн
байршил /хэргийн нөхцөл байдлыг харсан/ согтуурлын түвшин, болсон явдлыг
хэрхэн тусгаж ойлгосонтой холбоотой байдаг тул хэргийн нэг үйл баримтын талаар
өгсөн мэдүүлгийн хооронд зөрүү гарч болох боловч мэдүүлгийн агуулгыг
анхаараагүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б нь хохирогч Н.Оюунмааг зодож байсныг харсан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэрчүүдээс мэдүүлэг авахад:

Гэрч А.Мэндбаяр “...Зүс таних М.Оюунмаа гэх эмэгтэйг манай гудамжинд байдаг Бадмаа гэх хочтой эмэгтэй зодож байхаар нь яагаад байгаа юм боль гэж хэлтэл удалгүй Бадмаа гэх эмэгтэй Оюунмааг зодохоо болиод тэндээс яваад өгсөн. ...Бадмаа гэх эмэгтэй Оюунмаагийн толгой руу гараараа 2-3 удаа цохиж газар унагасан. Мөн газар унасан байхад нь толгой руу нь 2-3 удаа цохичихоод болиод байж байтал Бадмаагийн хашаанаас 2 хүүхэд гарч ирээд Бадмааг аваад тэндээс яваад өгсөн.” гэж,

гэрч Г.Болдбаатар “...Бадамгарав гэх эмэгтэй Нүхтийн 13 дугаар гудамжны 210 тоотоос гарч ирээд М.Оюунмаатай маргалдаж, улмаар Оюунмааг цохиод унагачихсан. ...Бадамгаравт зодуулсны дараа М.Оюунмаагийн нүд нь хөхөрчихсөн байсан.” гэж мэдүүлсэн нь хохирогч Н.Оюунмаагийн мэдүүлгээс агуулгын хувьд зөрүүгүй болно.

4. Тогтоолд “...тухайн үйл явдал 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 14-15 цагийн үед болсон байхад дуудлагын лавлагааны хуудсанд 86851190 дугаарын утаснаас 102-т дуудлагыг 17 цаг 20 минут 43 секундэнд “Үл таних хүнд зодуулчихлаа, гэрийг нь мэднэ” гэж гэмт хэргийн талаар дуудлага өгсөн байдлыг цагаатгах нэг үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/142 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэсэн. Би бүлэг архичин хүмүүсийн дунд орсон байсан. Дүү маань машинаа манай хашааны гадна тавьсан байсан. Гэтэл манай дүүгийн машины хамар дээр эмэгтэй хүнийг дээш нь харуулчихсан нэг эрэгтэй хүн зодож байсан. Би цонхоор харчихаад гараад тэр хоёр хүнийг салгаад байж байтал эмэгтэй нь намайг “чи энэ хүнтэй явдаг юм уу” гээд доромжилсон. Тэгэхээр нь би цохиогүй түлхсэн. Гэтэл зодсон эрэгтэй хүн нь гэрч болсон байсан. Болдбаатар, Мэндбаяр, Буянжаргал нар бүгд архичин хүмүүс юм. ...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн. Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Прокуророос гэрч нарын мэдүүлэг зөрүүгүй гэдэг. Гэтэл гэрч нарын мэдүүлгүүд эрс зөрүүтэй байдаг. Хохирогчид учирсан тэр олон тооны гэмтлийг эмэгтэй хүн нэг удаагийн цохилтоор учруулах боломжтой юу. Үүнийг мөн анхаарах хэрэгтэй. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч өөрийн биеэр оролцсон. Хэнд зодуулсан болохоо тодорхой мэдүүлж чаддаггүй. Эргэлзээтэй зүйлийг мэдүүлсэн байдаг. ...” гэв.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Прокуророос шүүгдэгч Э.Бадамгаравыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр болжээ.

 

Тухайн үйл явдал хэрхэн эхэлсэн талаархи хохирогч М.Оюунмаагийн “...Болдбаатарын хашаанаас гараад гэр рүүгээ явж байхад зүс таних Бадмаа таараад гараараа толгой руу 3-4 удаа цохиж, газар унагаагаад дэвссэн. ...” /хх 16/ гэсэн мэдүүлгийг нотлон түүнтэй хамт явж байсан гэрч Г.Болдбаатар “...манайхаас хамт гарч Нүхтийн 13 дугаар гудамжид зогсож байтал 210 тоотоос Бадамгарав гарч ирээд М.Оюунмаатай маргалдаж, Оюунмааг цохиод унагаачихсан. Тэгэхээр нь би “та нар эмэгтэй хүмүүс байж, яагаад байгаа юм бэ” гэтэл над руу дайрахаар нь би айгаад хашааныхаа үүдэнд очоод байж байсан чинь хашаанаас нэг эмэгтэй гарч ирээд Бадамгаравыг аваад явсан. ...” /хх 36-38/ гэж,

шүүгдэгч Б.Б хохирогч Н.Оюунмааг хэрхэн зодсон талаар гэрч Ц.Буянжаргал “...дэлгүүр орох гээд гудамжид гартал Бадмаагийн хашааны гадна Оюунмаа уначихсан. Дээрээс нь Бадмаа 2 хүүхэнтэй нийлээд өшиглөөд байсан. ...” /хх 28/, “...тухайн үед Оюунмаагаас 100 орчим метрийн цаана хашааныхаа үүдэнд Болдбаатар зогсож байсан.” /хх 30/ гэж, гэрч А.Мэндбаяр “...гудамжинд хүмүүс маргалдаад зодолдоод байгаа чимээ сонсогдохоор нь гараад хартал зүс таних М.Оюунмаа гэх эмэгтэйг манай гудамжинд байдаг Бадмаа гэх хочтой эмэгтэй зодож байхаар нь яагаад байгаа юм боль гэхэд удалгүй зодохоо болиод яваад өгсөн. ...Намайг хашаанаас гарч ирэхэд Бадмаа гэх эмэгтэй Оюунмаагийн толгой руу 2-3 удаа цохиод газар унагаасан. Газар унасан байхад нь толгой руу нь гараараа дахиад 2-3 цохиод болиод байж байхад 2 хүүхэд гарч ирээд Бадмааг аваад тэндээс яваад өгсөн. ...Тэнд байсан бусад хүмүүс Оюунмааг зодож цохиогүй. ...” /32-33/ гэж тус тус мэдүүлсэн байна.  

 

Гэрч Г.Болдбаатар, Ц.Буянжаргал, А.Мэндбаяр нар нь М.Оюунмаатай хамаарал бүхий этгээдүүд биш бөгөөд Ц.Буянжаргал, А.Мэндбаяр нар нь тухайн үед хохирогчтой хамт яваагүй, хөндлөнгийн гэрч байх тул хуульд заасны дагуу бэхжүүлэн авсан тэдний мэдүүлгийг үнэлэх боломжтой тул анхан шатны шүүхийн “...Б.Б нь Н.Оюунмааг зодож байсныг харсан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байсан гэрч хэрэгт байхгүй” гэсэн дүнэлтийг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Мөн анхан шатны шүүхийн “...гэрч Г.Болдбаатар, Ц.Буянжаргал, А.Мөнхбаяр нарын
мэдүүлгүүд зөрүүтэй, бие биенийхээ мэдүүлгийг үгүйсгэсэн...” гэсэн дүгнэлтийг эсэргүүцэж бичсэн улсын яллагчийн “...гэрчүүдийн ямар мэдүүлэг хэний мэдүүлгээр үгүйсгэгдэж байгааг болон яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй...” гэсэн эсэргүүцэл нь үндэслэлтэй,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар улсын яллагчийн дүгнэлтийг үгүйсгэсэн үндэслэлийнхээ талаар цагаатгах тогтоолд дүгнэж бичээгүй байна.

Иймд цагаатгах тогтоолд бичсэн прокурор Н.Пүрэвтогтохын 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 20 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хангаж, цагаатгах тогтоолд заасан дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн үндэслэлээр цагаатгах  тогтоолыг хүчингүй болгож, Б.Бт холбогдох 1910013980058 дугаартай эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/142 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Бт холбогдох 1910013980058 дугаартай эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай. 

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                          

 

              ДАРГАЛАГЧ,

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Т.ӨСӨХБАЯР

              ШҮҮГЧ                                                         Ш.БАТ-ЭРДЭНЭ

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ