| Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Саранчимэг |
| Хэргийн индекс | 112/2017/0008/З |
| Дугаар | 04 |
| Огноо | 2018-02-05 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд-Очир, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Саранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Иргэн Т.У-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн З Д Т Гдаргад холбогдох аймгийн З Д Т Гдаргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ий өдрийн Б/46 дугаар тушаалын Т.У-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, өмнөх ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх мөн Т.У-ын өмгөөлөгчийн үйлчилгээний төлбөр 2500000 төгрөг бусад зардал болох онгоцны тийз 2 талдаа 320500, зочид буудлын төлбөр 470500 төгрөг нийт 2970500 төгрөг гаргуулах шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н, иргэдийн төлөөлөгч П.Дэлгэрмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний бие аймгийн З Д Т Гдаргын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/44 дугаар тушаалаар Засаг даргын нарийн бичгийн даргаар томилогдсон бөгөөд 2015 оны 03 дугаар сард тус аймагт зохион байгуулагдсан төрийн албаны мэргэшлийн шалгалтанд орж тэнцэн, төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болсон. Улмаар 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/29 дүгээр тушаалаар Хууль зүйн хэлтсийн иргэдийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтнээр шилжин ажиллах болсон. Гэтэл Говь-Алтай аймгийн З Д Т Гдаргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/46 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Дээрх тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан боловч 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 132 тоот албан бичгээр гомдлыг хангалгүй орхиж, дараагийн шатны байгууллагад хандах боломжтой гэсэн хариу өгсөн. Говь-Алтай аймгийн З Д Т Гдаргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/46 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:
Ажлаас чөлөөлсөн тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтад үндэслэн гаргасан байх ба уг заалтын агуулгаас дүгнэхэд намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэг "төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно" гэж заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангагдахгүй байна гэж үзэж байна. Мөн Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоол, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/69 дүгээр захирамжаар миний эрхэлж байсан иргэдийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдаагүй бөгөөд Төрийн захиргаа, удирдлагын хэлтэст шилжсэн байхад төрийн албанаас чөлөөлсөн нь хууль бус байна. Бодит байдал дээр бол нэг хүний хийж байсан ажлыг өнөөдрийн байдлаар хоёр хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаад ажиллуулж байгаа. Э, А гэдэг хоёр хүн ажиллаж байгаа. А нь төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн менежер, Э нь иргэдийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаа. Э нь 70481111 утсаар иргэдээс санал хүсэлт, гомдол, мэдээлэл хүлээж авдаг, түүнээс гадна 70481111.mn сайтыг ажиллуулж байгаа. Эдгээр ажлыг би хууль зүйн хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байхдаа ганцаараа хийж гүйцэтгэдэг байсан. Гэтэл намайг орон тооны цомхотголоор ажлаас халсан гэсэн боловч, харин ч миний хийж байсан ажлыг өргөжүүлээд хоёр хүн хийж байгаа. 70481111.mn сайтыг огт өөр байгууллагаас олон нийтэд таниулахын тулд цахим сайтад тавьсан гэж байна. Энэ огт үндэслэлгүй. Аймгийн засаг даргын тамгын газарт харъяалагддаг сайт байгаа. Тамгын газраасаа хамааралгүй болгож байгаа нь үндэслэлгүй байна.
Давж заалдах шатны шүүхийн магадлал дээр Т.У нь төрийн үйлчилгээний төвийн өргөдөл гомдол, угтах үйлчилгэний мэргэжилтэн гэдэг мэргэжил дээр нь маргаад байгаа юм уу? эсвэл 70481111 гэсэн вэйб сайтын иргэдийн өргөдөл гомдол хүлээж авдаг ажлын байрны чиг үүрэг дээр маргаад байгаа юм уу? аль ажлын байр дээр маргалдаж байгааг тодруулах шаардлагатай гэсэн. Тэгэхээр нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаар нотлогдож байгаа боловч би шүүхэд илүү ойлгомжтой болгох талаас тайлбар хэлж байна. Энэ юу вэ? гэхээр хэрэгт авагдсан аймгийн засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн батлагдсан ажлын байрны тодорхойлолт байна. Уг ажлын байрны тодорхойлолтод заасан гол чиг үүрэг нь иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх гэдэг нь гол чиг үүрэг нь байгаа. Энэ чиг үүрэг дотор 70481111 дугаарын утас, 70481111mn гэдэг сайт ажиллуулах нь дотроо багтаж байгаа. Үндсэн маргаж байгаа ажлын байр нь иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх гэдэг ажлын байран дээр маргаж байгаа гэдгээ тодруулж хэлж байна
Төрийн албаны салбар зөвлөлөөс ирүүлсэн албан бичигт тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангахгүй байсан гэсэн хариу ирүүлсэн. Төрийн албанд ажиллах хугацаандаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, сахилга баттай холбоотой ямар нэг зөрчил гаргаагүй, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй бөгөөд ажлын байрны тодорхойлолтод заагдсан үр дүнгийн гэрээгээр хүлээгдсэн ажил үүргээ хангалттай дүгнүүлж байсан гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Т.У нь Говь-Алтай аймгийн Хууль Зүйн хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа 70481111 гэдэг дугаар дээр иргэдийн өргөдөл гомдол санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэдэг байсан болох нь хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтоор тодорхой тогтоогдож байгаа. Гэтэл өнөөдрийн байдлаар ажил албан тушаалыг нь хоёр хүн хийж гүйцэтгэж байна. Мөн хэрэгт авагдсан Э болон А нарыг ажилд авсан тушаал байгаа. Тухайн үед Т.У-ын хийж байсан ажлын 70481111 гэдэг утсыг Э дангаараа хариуцаж байгаа. Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээж авч шийдвэрлэдэг ажлыг нь А хариуцахаар хоёр салгасан байдаг. Говь-Алтай аймгийн Засаг дарга тушаал гаргаад тухайн тушаалаа хүчингүй болгоод дахин тушаал гаргаж төрийн үйлчилгээний ажилтан болгосон. Гэтэл үнэндээ Т.У-ын ажиллаж байсан ажил нь төрийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байсан. 70481111 иргэдийн санал, гомдол хүлээн авч шийдвэрлэдэг ажил цомхотгогдоогүй байж байгаа. Тийм учраас өмнө нь ажиллаж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү? гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Шүүхээс Э, А-ын хэнийх нь ажлын байран дээр маргаад байгаа юм гэж асууж байсан. Э, А-ын ажлын байрны бичиг цаасыг бүрдүүлэхдээ Засаг даргын Тамгын газраас хайнга хандаж алдаатай зүйл хийсэн байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Засгийн газрын 2017 оны 09 дугаартай аймгуудын З Д Т Гчиг үүргийг баталсан тогтоол гардаг. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны Б/69 дугаартай захирамж гарсан. Уг захирамжийн хавсралт дээр Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар ямар бүтэц чиг үүрэгтэй ажиллах талаар тодорхой зааж өгсөн. Энэ хавсралтын арын хүснэгтэн дотор иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх гэдэг ажлын байр заасан. Энэ дээр үндэслээд Говь-Алтай аймгийн З Д Т Гдарга аймгийн Засаг даргын Б/69 дугаартай захирамжийг хангах гээд ажлын байрны чиг үүргийг хангах тухай гээд 2016 оны 11 сарын 02-ны өдрийн А/27 дугаартай тушаал гаргасан. Нэгдүгээрт: Төрийн захиргаа, удирдлагын чиг үүргийг батлаад, энэ хавсралтын хоёрдугаар хуудсанд буюу 4 дүгээр хэсгийн 5 дахь заалтанд заасан заалт байгаа. Энэ заалтаас иргэдийн өргөдөл гомдол хүлээн авах үйл ажиллагаа өргөжөөд тус бүрдээ зохион байгуулагдаад явж байгаа. Гэтэл Говь-Алтай аймгийн З Д Т Гдаргын 2016 оны 11 сарын 14-ны өдрийн Б/46 дугаартай тушаал гарсан.
Энэ тушаалыг гаргахдаа Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн тамгын газрын дарга тушаал гаргах заалт, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 гэсэн заалтаар аймгийн Засаг даргын Б/69 дугаартай захирамж, Засгийн газрын 09 дугаартай захирамжийг үндэслээд тушаал гаргасан. Нэгдүгээрт: аймгийн Засаг даргын нутаг дэвсгэрийн нэгжийн нэг чиг үүрэг албан газрын орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан хавсралтанд заасан албан хаагчдыг татан буулгах гээд миний үйлчлүүлэгчийг ажлаас нь чөлөөлсөн. Уг тушаалын хууль зүйн хэлтэс гэсэн хэсэгт иргэдийн өргөдөл гомдол хүлээн авах мэргэжилтэн Т.У гээд ажлаас нь чөлөөлөөд эгүүлэн ажилд нь томилохгүй байгаа. Говь-Алтай амгийн Засаг даргын ажлаас чөлөөлсөн тушаал нь ямар ч эрх зүйн чадамжгүй, хууль зүйн үндэслэлгүй тушаал гарсан. Яагаад эрх зүйн чадамжгүй тушаал гэж үзэж байна вэ? гэхээр Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас нь чөлөөлдөг заалт биш. Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан хаагчийн тангараг өргөсөн хүнийг төрийн жинхэнэ албан хаагч гэх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 24, 25 дугаар зүйлүүдэд зааснаар ажлын хариуцлага алдсан гэдэг үндэслэлээр ажлаас нь чөлөөлөх арга хэмжээ авагдана.
Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар заалт нь гурван зүйлийг зохицуулдаг заалт байгаа. Нэгдүгээрт нь төрийн байгууллагууд татан буугдсан бол, хоёрдугаарт өөрчлөн байгуулагдсан бол, гуравдугаарт үл хамаарах байдлаар албан тушаалын орон тоо хасагдсан бол, энэ гурван зүйлийг зохицуулах талаар тухайн заалтад заасан байгаа. Энэ гурав дээр хоёр арга хэмжээ авагдана. Нэгдүгээрт нь цалин хөлс бууруулахгүйгээр өөр албан тушаалд томилон ажиллуулах, Хоёрдугаарт: төрийн хөрөнгөөр гурван сар суралцуулах өмнө ажиллаж байсан ажлын цалинг хэвээр олгож байх гэсэн энэ хоёр зүйлийг зохицуулдаг хуулийн заалт байгаа. Хариуцагчийн бичгээр гаргаж өгсөн тайлбар өмнөх шүүх хуралд гаргасан тайлбараас харахаар орон тоо хасагдсан гэдэг. Тэгээд оронтоо хасагдсан юм уу? гэхээр түрүүний миний дурдсан А/27 дугаартай тушаал, Б/69 дугаартай захирамжуудаас орон тоо цомхотгосон гэдэг нь харагдахгүй байгаа тул үндэслэлгүй байна. Мөн Э-гийн тушаал, Анхбаярын тушаал, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, хариуцагчийн өгч байгаа тайлбараас дүгнэхэд 70481111 гэдэг утас дээр иргэдийн өргөдөл гомдол хүлээн авч тухайн ажил хэвээрээ байгаа гэдэг нь илэрхий харагдаж байна. Миний үйлчлүүлэгчийг хуулийн буруу зүйл заалт хэрэглээд ажлаас нь чөлөөлсөн гэж үзэж байна.
Мөн Монгол улсын Захиргааны ерөнхий хууль үйлчилж эхэлсэн. Т.У-тай бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор орон тооны цомхотголоор чиний ажлын байр байхгүй болчихлоо гээд энэ талаар ямар санал хүсэлттэй байна гээд санаа бодлыг нь сонсоод, сонсох үйл ажиллагаа хийгээд, урьдчилан танилцуулах ямар нэгэн арга хэмжээ авагдаагүй. Б/46 тушаалын хяналтын хуудас гэж байгаа. Энэ хяналтын хуудас дээр хэн гэдэг хүн боловсруулсан, хэзээ боловсруулсан, ямар үндэслэлтэй, Т.У-д хэзээ танилцуулсан талаар ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй. Энэ нь харицагчийн тайлбар хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон 2017 оны 09 дүгээр сард шүүхэд хүсэлт гаргахад шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байгаа. Орон тооны цомхотголоор иргэдийн гомдол мэдээлэл хүлээж авдаг орон тоо байхгүй болсон. 70481111 гэдэг утас бүр ажиллахгүй байгаа. Тэр утсаар иргэдийн санал гомдол хүсэлтийг хүлээж авахгүй байгаа гэж ойлгохоор байгаа. Гэтэл харин ч тухайн ажлын байр өргөжөөд энэ ажил үргэлжлээд явж байгаа. Б/46 дугаартай тушаалын хавсралтаар миний үйлчлүүлэгчийг ажлаас чөлөөлсөн. Тиймээс миний үйлчлүүлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож өмнө эрхэлж байсан ажил болон 70481111 гэсэн утас, өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэдэг мэргэжилтнээр тогтоож ажилгүй байсан хугацааны цалин эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж өгнө үү? гэж шүүхээс хүсч байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.У-ыг Хууль зүйн хэлтсийн иргэдийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэний үүрэгт ажлаас чөлөөлсөн нь дараах үндэслэлтэй байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрыг 6 хэлтэстэй байхаар тогтоосон. Мөн Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын "Тогтоол хэрэгжүүлэх асуудлаар чиглэл өгөх тухай” 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ХЭГ/1433 тоот албан бичгээр "Иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, түүнд судалгаа, шинжилгээ хийх" асуудлыг Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн чиг үүрэг байхаар тусгагдсан. Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2016 оны 09 сарын 15-ны өдрийн Б/69 дугаар захирамжаар З Д Т Гбүтэц, орон тоог шинэчлэн баталсан, дээрх Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжаар Хууль зүйн хэлтсийн чиг үүрэгт хамаарч байсан иргэдийн өргөдөл, гомдол хариуцсан ажлын байр Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн чиг үүрэгт шилжсэн.
Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлж аймгийн З Д Т Гдарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт "Аймаг, нийслэл, сум дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө" гэж заасан эрхийн хүрээнд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/27 дугаар тушаалаар "Ажлын байрны нэр, чиг үүргийг" баталсан. Энэхүү тушаалаар Төрийн захиргааны удирдлагын хэлтэс нь 11 орон тоотой байсан бол 8 орон тоотой болж, бичиг хэргийн эрхлэгчийн ажлын чиг үүрэгт иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэх ажил нэгтгэгдсэн байна.
Ингэснээр Т.У-ын иргэдийн өргөдөл, гомдол хариуцсан ажил өөр хэлтэст шилжиж өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэхь хэсэгт "Төрийн албанд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн" гэж заасны дагуу өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заагдсан ерөнхий шаардлагыг нэхэмжлэгч Т.У-ын мэргэжил нь хангахгүй байгаа юм. Учир нь нэхэмжлэгч Т.У нь 2013 онд Монгол Улсын Их Сургуулийг "Түүхч" мэргэжилтэй, төгссөн тул өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэний ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй юм.
Нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байран дээр өмнө нь Б гэдэг хүн ажиллаж байгаад 2012 онд хүсэлтээ өгөөд ажлаасаа гарсан. 2012- 2015 оны 03 дугаар сар хүртэл Хууль Зүйн Хэлтэсийн ахлах мэргэжилтэн Б-ын ажлын байран дээр хавсрагдаж хийгдэж байсан ажлын байр байгаа. Анхан шатны төрийн албаны шалгалтанд оруулахад захиалга өгч буй байгууллага ерөнхий шаардлага буюу мэргэжил, мэргэшил, туршлага зэргийг зааж ажлын байрны тодорхойлолт өгдөг. Тухайн үед Т.У нь 2015 оны 03 сард Дарви сумын нийгмийн ажилтаны ажлын байран дээр өрсөлдсөн. Тус ажлын байран дээр 27 хүн өрсөлдөж 7 хүн тэнцсэн. Нэхэмжлэгч Т.У өмнө нь Засаг даргын Тамгын газарт нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байсан. Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэний албан тушаалд шилжүүлэн томилохдоо төрийн албаны зөвлөлийн дүгнэлт гаргуулаагүй шууд томилсон нь Төрийн албаны тухай хууль, болон Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 99 дүгээр тогтоолд Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам батлах тухай" хавсралтын холбогдох зүйл заалтыг зөрчиж томилогдсон байна.
Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлж Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэхь хэсэгт: "Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан" гэсэн үндэслэлээр Хууль зүйн хэлтсийн Иргэдийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн Т.У-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно. Төрийн албаны тухай хууль болон Төрийн албаны зөвлөлөөс баталсан холбогдох журмын дагуу сул орон тоо гарсан тохиолдолд журмын дагуу ажлын байранд тавигдах шаардлага хангасан этгээдийг томилох шийдвэр гаргадаг.
Иймээс аймгийн З Д Т Гдаргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай албан бичгээр "Албан байгууллага, Сумдын Засаг даргын тамгын газар, байгууллагын сул орон тооны захиалга ирүүлэх тухай тоот хүргүүлсэний дагуу албан байгууллага, сумдын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн сул ажлын байрны захиалгад нэхэмжлэгч Т.У-ын мэргэжлийн чиглэлээр сул ажлын байрны захиалга ирсэн тохиолдолд ажлын байраар хангахаар судалж байна. Хууль зүйн хэлтсийн чиг үүрэгт нутгийн захиргааны байгууллагын эрх зүйн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хангуулах аймгийн Засаг даргын хууль хяналтын байгууллагатай харилцан ажиллах, Засаг даргын Тамгын газар хууль зүйн зөвлөгөө өгөх дэмжлэг үзүүлэх хууль тогтоомжийн системчилсэн судалгаа, иргэдийн хууль тогтоомжийн лавлагаа гаргаж байгууллагын архивын ажлыг арга зүйн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлэнэ гээд тодорхой заагаад өгсөн байгаа. Төрийн захиргаа удирдлагын хэлтэс рүү шилжүүлэхдээ З Д Т Гдаргын тушаалаар бичиг хэргийн ажилтны чиг үүрэг дээр хавсаргаж өгсөн байгаа.
Мөн нэг цонхны үйлчилгээний талаар яригдсан. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 7-ний өдрийн 41 дугаартай тогтоол байгаа. Төрийн нэгдсэн үйлчилгээний талаар авах арга хэмжээний тухай энэ тогтоолын хавсралт болох төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйлчилгээг хэрэгжүүлэх журмын 1.7 дэх хэсэгт нэгдсэн төвийн угтах үйлчилгээний ажилтан ахлах ажилтан, мэргэжилтэн менежерийг холбогдох хууль тогтоомжийн дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга томилж чөлөөлөх бөгөөд мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллана гээд тодорхой заагаад өгсөн байсан учраас 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Тамгын газрын даргын Б/23 дугаар тушаал өөрөө хууль зөрчсөн үйл ажиллагаа байсан учраас хууль нийцүүлэхийн тул Тамгын дарга энэ тушаалаа хүчингүй болгосон байгаа. Засаг даргын Б/37 дугаартай захирамжаар Ц.А, Т.Э нарыг томилсон байгаа.
Иймд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Иргэдийн төлөөлөгч П.Дэлгэрмаа нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Миний бие нэхэмжлэгч Т.Ууганжаргалыг эгүүлэн ажлын байранд нь оруулж өгөх нь зөв гэж үзэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.У нь Говь-Алтай аймгийн З Д Т Гдаргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/46 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бусад холбогдох зардлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо миний өмнө эрхэлж байсан өргөдөл гомдлыг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх чиг үүрэг хэвээрээ байгаа бөгөөд өмнө нь миний дангаараа хийж гүйцэтгэж байсан ажлыг хоёр хүн хуваан хийж байгаа, миний ажлын байр хасагдаагүй гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Т.У-ын ажлын байр Хууль зүйн хэлтэст харьяалагдаж байснаа үгүй болж Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс рүү шилжсэн, түүний эрхэлж байсан ажлын чиг үүрэг өөрчлөгдөж, зарим чиг үүрэг нь салсан гэж маргасан байна. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр хэргийн нөхцөл байдлыг тодруулж, Говь-Алтай аймгийн З Д Т Гдаргаас дахин шинэ акт гаргах хүртэл аймгийн З Д Т Гдаргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ий өдрийн Б/46 дугаар тушаалын Т.У-д холбогдох хэсгийг 30 хоногийн хугацаагаар түдгэлзүүлэн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий тушаалын Т.У-д холбогдох хэсгийг хүчингүй болгохоор харин нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Говь-Алтай аймгийн З Д Т Гдаргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/46 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд: Говь-Алтай аймгийн З Д Т Гдаргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/46 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 2016 оны Б/69 дүгээр захирамжийг тус тус үндэслэн аймгийн З Д Т Галбан хаагчдыг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд уг тушаалын хавсралтын Хууль зүйн хэлтэс /Архивын тасагтай/ гэсэн хэсгийн 1-т иргэдийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн Т.У-ыг ажлаас чөлөөлсөн байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрыг 6 хэлтэстэй байхаар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын "Тогтоол хэрэгжүүлэх асуудлаар чиглэл өгөх тухай” 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ХЭГ/1433 тоот албан бичгээр "Иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, түүнд судалгаа, шинжилгээ хийх" асуудлыг Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн чиг үүрэг байхаар тогтоосон байна. Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2016 оны 09 сарын 15-ны өдрийн Б/69 дугаар захирамжаар З Д Т Гбүтэц, орон тоог шинэчлэн баталж, Хууль зүйн хэлтсийн чиг үүрэгт хамаарч байсан иргэдийн өргөдөл, гомдол хариуцсан ажлын байр Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн чиг үүрэгт шилжжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Т.У-ын хийж байсан ажлын 70481111 дугаарын утсыг ажиллуулах үүргийг Т.Эрдэнэсүрэн дангаараа хариуцаж байгаа, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээж авч шийдвэрлэх ажлыг Ц.А хариуцахаар хоёр салгасан байдаг гэж маргажээ. Говь-Алтай аймгийн З Д Т Гдаргын 2017 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн Б/07, Б/08 дугаар тушаалуудаар Ц.А-ыг Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн иргэдийн өргөдөл гомдол, угтах үйлчилгээний болон зохион байгуулалт хариуцсан албан тушаалд, Т.Э-г Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 70481111 нээлттэй утас, иргэдийн өргөдөл гомдол хариуцсан албан тушаалд тус тус томилж, 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/23 дугаар тушаалаар өмнөх 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/07, Б/08 дугаар тушаалуудаа хүчингүй болгосон байна. Засгийн газрын 2016 оны 141 дүгээр тогтоолын хавсралтаар “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйлчилгээ үзүүлэх журмыг баталсан байх бөгөөд журмын 1.7-д “нэгдсэн төвийн угтах үйлчилгээний ажилтан, үйлчилгээний ахлах ажилтан, мэргэжилтэн, менежерийг холбогдох хууль тогтоомжийн дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлөх”-өөр, 1.8.3-д “угтах үйлчилгээний ажилтан” гэж үйлчлүүлэгчийг хүлээн авч, шаардлагатай мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий албан хаагчийг, 1.8.7-д “менежер” гэж нэгдсэн төвөөс үзүүлж байгаа үйлчилгээнд стандартын хяналт тавих үүрэг бүхий албан хаагчийг ойлгохоор тус тус тодорхойлсон байна. Дээрх журамд зааснаар угтах үйлчилгээний ажилтан, менежерийн чиг үүрэгт иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, 70481111 дугаарын утсыг ажиллуулах чиг үүрэг тусгагдаагүй байна.
Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлүүлэх чиг үүргийг тус аймгийн З Д Т ГТөрийн захиргаа удирдлагын хэлтсийн бичиг хэргийн эрхлэгч давхар хийж гүйцэтгэж байгаа гэх бөгөөд уг бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлүүлэх чиг үүрэг тусгагдсан байна.
Үүнээс дүгнэж үзвэл нэхэмжлэгч Т.У-ын гүйцэтгэж ирсэн үндсэн чиг үүрэг, зорилтууд хэвээр хадгалагдсан, түүний орон тоо хасагдаагүй болох нь тогтоогдож байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч Т.У-ыг тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсролын тухайд шаардлага хангахгүй байгаа гэж маргажээ. Т.У нь “түүхч” мэргэжилтэй болох нь түүний бакалаврын дипломоор тогтоогдож байх ба хариуцагч түүнийг ажлаас чөлөөлөхдөө мэргэжил, боловсролын хувьд тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзээгүй, энэ үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлөөгүй тул шүүх энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй байна. Иргэдийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний урьд хэрэгжүүлж байсан чиг үүргүүдийг салган хэд хэдэн ажлын байруудад хуваарилсан тохиолдолд шинээр бий болсон ажлын байруудын алинд нь түүнийг томилох асуудлаар хариуцагч шийдвэр гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан шалгаруулалтын журмыг адилтган төсөөтэй хэрэглэж болохоор байна. Дээрх шалгаруулалтыг хариуцан зохион байгуулж шийдвэрлэх нь хариуцагчийн чиг үүрэг, эрх хэмжээнд хамаарах тул шүүх дээрх нөхцөл байдлуудыг шалгаж тодруулах боломжгүй буюу нэмж шалгаж, тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах, нотлох баримт цуглуулах хүрээ хязгаараас хэтэрсэн байна. Учир нь: нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс аль ажлын байранд томилогдох талаар шаардлагаа тодруулаагүй, иргэдийн өргөдөл гомдол хариуцсан чиг үүрэг бүхий албан тушаалд томилогдох ёстой гэж маргаж байх ба төрийн үйлчилгээний нэгдсэн төвд ажиллуулах зохистой гэж үзвэл тухайн төвийн ажилтнуудыг аймгийн Засаг дарга, Төрийн захиргаа, удирдлагын хэлтэст томилж ажиллуулах ёстой гэж үзвэл аймгийн З Д Т Гдарга томилохоор эрх олгогджээ.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагч нь төрийн албанаас халагдахгүй байх” нэмэгдэл баталгаагаар хангагдах учиртай. Түүнчлэн захиргааны байгууллага нь төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 23, 24 дүгээр зүйлээр тогтоосон журам, үндэслэлийг баримтлах ёстой бөгөөд нэхэмжлэгчийн хувьд Төрийн албаны тухай хуульд заасан “төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар чөлөөлөх, төрийн албанаас чөлөөлөгдөх” аль ч үндэслэл бүрдээгүй буюу орон тоо нь хасагдаагүй байхад түүнийг ажил, албан тушаалаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хууль дээдлэх, 4.1.5-д заасан төрийн алба мэргэшсэн тогтвортой байх зарчмуудад нийцээгүй төдийгүй, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн “төрийн албанаас халагдахгүй байх” нөхцөл баталгааг зөрчсөн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан байна.
Шүүх дээрх хуулийн зохицуулалтын дагуу хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргахыг хариуцагч Говь-Алтай аймгийн З Д Т Гдаргад даалгаж, тус Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/46 дугаар тушаалын Т.У-д холбогдох хэсгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 30 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж заасан байна. Тодруулбал, Т.У нь шинэ бүтцээр батлагдсан мэргэжилтний албан тушаалын алиных нь шалгуур үзүүлэлтийг илүү хангаж байгаа эсэхийг тодруулж, түүнийг шинээр бий болсон албан тушаалуудын алинд нь томилох талаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан журмаар шалгаруулалтыг явуулаагүй тохиолдолд дээрх зохицуулалтын дагуу маргаан бүхий 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/46 дугаар тушаалын Т.У-д холбогдох хэсэг хүчингүй болох юм.
Хоёр. Ажилгүй байсан хугацааны цалин, бусад хохирол гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлагын тухайд: Говь-Алтай аймгийн З Д Т Гдаргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/46 дугаар тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 30 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсэн бөгөөд дахин шинэ акт гаргах хүртэл Б/46 дугаар тушаал хэрэгжиж, биелэгдэх боломжгүй болох ба шинэ акт гарснаар Б/46 дугаар тушаал хууль ёсны эсэх нь тогтоогдох тул нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалинг тооцож олгох үндэслэлгүй байна. Даатгуулагчийн сард төлөх нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хувиар тооцож төлөх ёстой бөгөөд ажилгүй байсан хугацааны цалин тооцож олгох боломжгүй байх тул түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар өмгөөлөгчийн туслалцаа авах нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа өмгөөлөгчийн эрх нь тэдний хооронд байгуулсан гэрээгээр тодорхойлогдохоор байна. Нэхэмжлэгч Т.У нь өмгөөлөгчтэй байгуулсан гэрээний дагуу өмгөөллийн хөлс болох 2500000 төгрөг, өмгөөлөгчийн Говь-Алтай аймагт очсон, буцсан замын зардал, буудлын хөлс болох 470500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардлага гаргаж байгаа нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамааралгүй байх тул энэ талаарх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.11, 106.3.13 дэх хэсгүүдэд заасныг удирлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргахыг Говь-Алтай аймгийн З Д Т Гдаргад даалгаж, тус Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн Б/46 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын Т.У-д холбогдох хэсгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 30 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 30 хоногийн хугацаанд Говь-Алтай аймгийн З Д Т Гдарга шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий Б/46 дугаар тушаалын Т.У-д холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай.
3. Нэхэмжлэгч Т.У-ын нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалин 7626031 төгрөг, хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирол гэх 2970500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, 35100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД-ОЧИР
Б.САРАНЧИМЭГ