Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2021/0271

 

 

 

 

 

 

 

 

Л.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Б.Б, гуравдагч этгээд Д.У, түүний өмгөөлөгч Ч.Б, гуравдагч этгээд Ц.Н-ийн өмгөөлөгч Б.Г нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 93 дугаар шийдвэртэй, Л.Б-ын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 76 дугаар шийдвэрээр: “... Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 15 дугаар зүйлийн 15.2, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.8 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Л.Б-оос Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2005 оны 330 дугаар захирамжийн Б.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Ц.Н-т Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Тахилтын 4-193 тоот газрын гэх 700 метр квадрат газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын Ц.Н-т Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Тахилтын 4-193 тоот газрын гэх 700 метр квадрат газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгуулах, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд Ц.Н-ийг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Тахилтын 3 дугаар гудамж, 160б тоот газрын өмчлөгчөөр бүртгэсэн Г-2202003636 дугаар бүртгэл, өмчлөх эрхийг Д.У-т шилжүүлж бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.Б-оос тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “... Л.Б би 1998 онд хэнч амьдардаггүй эзэнгүй хоосон газарт өөрийн эх Мишка агсан, төрсөн дүү Л.Ү, хүргэн дүү Ц.Н нарын хамт нүүн ирж хүргэн дүү тусдаа хувийн сууц мөн би эхийн хамт хувийн сууц барин 2 тусдаа хашаатай айл хөршөөр амьдарч ирсэн бөгөөд уг газрыг тухайн үед хорооноос Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо болгож оршин суух хаяг маань дээрх байдлаар өөрчлөгдсөн. Миний бие төрөлхийн зүрхний хүнд өвчтэй бөгөөд хөдөлмөрийн чадвар алдалт 80 хувьтай одоо болтол хүний асрамжид амьдардаг юм.

Тухайн үед өөрийн эзэмшлийн газрын гэрчилгээгээ хөөцөлдөн авч чадаагүй бөгөөд хүргэн дүү Ц.Н өөрийн эзэмшлийн гэрчилгээгээ гаргуулан авсан, та өөрийн эзэмшлийн газрын гэрчилгээгээ гаргуулан аваарай гэсэн ба хүргэн дүү Ц.Н 2012 онд орон сууцанд орж шилжин явахдаа өөрийн эзэмшлийн хашаа байшин болон газрын хамтаар өөрийнх нь холын худ ураг болох Д.У худалдсан байсан.

Гэтэл Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь миний эзэмшлийн газрыг давхцуулан Ц.Н-ийн газарт давхцуулан олгосныг мэдсэн юм. Ц.Н болон миний амьдардаг хувийн өмчлөлийн орон сууц байгаа газрууд нь 1998 оноос хойш тус тусдаа хашаатай өдийг хүртэл амьдарсаар ирсэн байхад Чингэлтэй дүүргийн газрын алба нь манай хашаа руу оруулж Ц.Н-т газар эзэмшүүлсэн нь миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа юм.

Гэтэл анхан шатны шүүхээс энэ хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барин шийдвэрлэсэн, шийдвэрлэж буй үндэслэлээ нотолж байгаа нотлох баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн нь миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2021/0093 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч миний нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоогоогүй, маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, дүгнэлт өгөөгүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн тул хэргийг гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж, давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж, дүгнэлт өгөх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Л.Б-оос “Чингэлтэй дүүргийн Засаг даргын Ц.Н-т Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Тахилтын 4-193 тоот газрын гэх 700 метр квадрат газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 330 дугаар захирамжийн Б.Ж-д холбогдох хэсэг болон Нийслэлийн Засаг даргын Ц.Н-т Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Тахилтын 4-193 тоот 700 метр квадрат газрыг өмчлүүлсэн захирамжийг тус тус хүчингүй болгуулах, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд Ц.Нийг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Тахилтын 3 дугаар гудамж, 160б тоот газрын өмчлөгчөөр бүртгэсэн Г-2202003636 дугаар бүртгэл, өмчлөх эрхийг Д.У-т шилжүүлж бүртгэсэн бүртгэлийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.”, 107 дугаар зүйлийн  107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана.” гэж тус тус заасан.

1.Анхан шатны шүүхээс “Ц.Н-т Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Тахилтын 4-193 тоот газрын 700 метр квадрат газрыг эзэмшүүлж, өмчлүүлсэн Засаг даргын захирамж”,  “Б.Ж-д  газар эзэмшүүлсэн захирамж болон түүнд газар өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2005 оны 330 дугаар захирамж”-ийг буюу нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий актууд, түүнтэй холбоотой бусад нотлох баримтыг цуглуулаагүй атлаа маргаан бүхий актад “Б.Жаргалд... Нийслэлийн Засаг даргын 2005 оны А/330 дугаар захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлэн 700 м.кв газрыг түүнд өмчлүүлж”, “...Ц.Н-ийг нэгж талбарын 18643318466082 дугаартай, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Тахилтын 3 дугаар гудамжны 160 б тоот хаягт байрлах 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр... эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон болох нь тогтоогдож байна” зэрэг дүгнэлтүүдийг өгчээ.

Үүнээс үзэхэд анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтад дүгнэлт өгөх үүргээ тус тус хэрэгжүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа дурдан маргаж буй эдгээр маргаан бүхий актуудыг нотлох баримтаар цуглуулах ажиллагааг хийх, хэрэв уг ажиллагааг хийгээд эдгээр маргаан бүхий актууд байхгүй тохиолдолд энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөх, шаардлагатай бол нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах нь зүйтэй.

2.Нэхэмжлэгч Л.Б-оос “Ц.Н болоод Л.Б миний амьдардаг, хувийн өмчлөлийн орон сууц байгаа газрууд нь 1998 оноос тусдаа хашаатай явж ирсэн, өнөөдрийг хүртэл амьдарч байхад Чингэлтэй дүүргийн Газрын алба манай хашаа руу оруулж Ц.Н-т газар эзэмшүүлсэн нь хууль бус, газар эзэмших хүсэлт 2019 оноос өмнө гаргаж байгаагүй боловч хариуцагчаас маргаан бүхий газарт гуравдагч этгээд Ц.Н, Д.У нарт тухайн газрыг эзэмшүүлж, өмчлүүлэхээс өмнө Л.Б байшин барьж ашиглалт, суурьшил үүсгэсэн газрын төлөв байдал, бодит нөхцөл байдлыг судлан, шалгаж тогтоолгүй газрыг бусдад давхардуулан олгосны улмаас үл хөдлөх эд хөрөнгийн доорх газраа ашиглах, эзэмших, өмчлөлийн барилгаа улсын бүртгэлд бүртгүүлэн хууль ёсны өмчлөл олж авах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, хөндөгдөж, орон гэрээсээ албадан нүүхдээ хүрсэн” [1] гэсэн агуулгаар маргадаг.

Нэхэмжлэгчээс 2019 оноос өмнө маргаан бүхий газрыг эзэмших хүсэлт гаргаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн маргаагүй энэхүү үйл баримтад “...хэрэгт авагдсан нотлох баримтуудаар, нэхэмжлэгч Л.Б...2019 оныг хүртэл хугацаанд дүүргийн Засаг дарга болон Газрын албанд хандаж газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй, Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд Л.Б нэр дээр эрх зүйн харилцаа үүссэн бүртгэл байхгүй...” гэсэн дүгнэлт өгч, энэ талаар нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Харин нэхэмжлэгчийн маргаж буй “хариуцагчаас маргаан бүхий газарт гуравдагч этгээд Ц.Н, Д.У нарт тухайн газрыг эзэмшүүлж, өмчлүүлэхээс өмнө Л.Б байшин барьж ашиглалт, суурьшил үүсгэсэн бодит нөхцөл байдлыг судлан, шалгаж тогтоолгүй газрыг бусдад эзэмшүүлсэн, ” гэх үйл баримтад хамаарах нотлох баримтуудыг цуглуулж, түүнд дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэгчээс эрхээ зөрчиж буй гэж маргаж буй захиргааны үйл ажиллагааг зөв тодорхойлоогүй байгаа нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй бөгөөд анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

          Гуравдагч этгээд Ц.Н, түүний өмгөөлөгчөөс “нэхэмжлэгч нь миний зарсан газрын урд хэсэгт амьдардаг, уг газар нь 0.7 га биш, сансрын зургаар 1261 м.кв гэж нотлогддог, нэхэмжлэгч Д.Ут газрыг шилжүүлэх үед байшингаа аль хэдийн барьчихсан байсан, Б.Ж, Ц.Н-аас иргэн Д.У-т газрыг эзэмшүүлж, өмчлүүлж шилжих процессын явцад кадастрын зураг нь алдаатай хийгдэж урд хэсэгт байшин барин амьдарч байсан нэхэмжлэгчийн газар дээрх байшингийн тал хэсэгт кадастрын зурагт орсон”[2] гэж маргадаг.

          Үүний учир Ц.Н, Д.У нарын газар эзэмших хүсэлт гаргасан газар нь бусдын бодит байдалд ашиглаж байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй давхцаж буй эсэх, хэрэв давхцаж байгаа бол тухайн газар, үл хөдлөх эд хөрөнгө нь хүсэлт гаргагч Ц.Н-ийн өөрийнх нь, эсхүл өөр этгээдийнх эсэх, хэн нэгэнтэй хамтран эзэмшдэг байсан эсэх зэргийг тодруулж, маргаан бүхий газрыг эзэмшил, суурьшлын бодит нөхцөл байдлыг хариуцагч захиргааны байгууллага судлан тогтоосон эсэхийг тодруулах шаардлагатай.

          Ингэхдээ Л.Б-ын амьдарч буй байшинг хэзээ барьж эхэлсэн, дууссан нөхцөл байдлыг нэхэмжлэгч амьдарч эхэлсэн гэх 1998 оноос 2013 он хүртэл хугацааны агаарын түүхчилсэн зургийг он оноор гаргуулан авах, уг байшин нэхэмжлэгчийн эзэмшлийн бөгөөд нэхэмжлэгчийн өөрийн хөрөнгөөр барьсан эсэх нотлох баримтыг цуглуулах нь зүйтэй.

          Хавтаст хэрэгт авагдсан кадастрын зурган мэдээлэлд[3] гуравдагч этгээд Ц.Н 2010 оны 12 сарын 01-ний байдлаар 1285 м.кв газар эзэмшиж байсан гэж дурдсан, харин иргэн Б.Жаргалын эзэмшиж байсан газар 699 м.кв байсан, энэхүү газрын зөрүү ямар үндэслэлээр, ямар байдлаар үүссэн, гуравдагч этгээд Д.Уын эзэмшлийн газар дээр байрлах байшингийн тал хэсэгт хамаарах зурган мэдээллээр түүний эзэмшлийн газарт ороогүй газар хэний эзэмшилд байгаа, иргэн Б.Ж анх газар эзэмших хүсэлт гаргасан болон газрын хэмжээгээ нэмэгдүүлсэн цаг хугацаанд ямар байршилтай газрыг тухайн үед эзэмшиж авсан зэрэг үйл баримттай холбоотой нотлох баримтуудыг цуглуулах шаардлагатай.

          Эдгээр үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 93 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

          2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Б-оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                    О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                     Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                     А.САРАНГЭРЭЛ

 

 

 

[1] Хэргийн 1-р хавтас 1-4 дэх тал, 2-р хавтас 156-167 дахь тал

[2] Хэргийн 2-р хавтас 246-247 дахь тал

[3] Хэргийн 2-р хавтас 78-82 дахь тал