Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 1178

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

            улсын яллагч Ц.Ариунтуяа /томилолт/,

шүүгдэгч Т.Ц, түүний өмгөөлөгч Ч.Содончимэг /ҮД:0014/, Д.Энхтунгалаг /ҮД-0253/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Тийн Цид холбогдох 1908041111337 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1999 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, эгч, дүү нарын хамт амьдардаг гэх, Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, амины орон сууц ... дугаар гудамж ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х овогт Тийн Ц /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Т.Ц нь 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Хонхорын ... тоотод оршин суух иргэн Ц.Хын хүн байнга амьдрах зориулалттай өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж, “Самсунг” маркийн 42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 750.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Овоотын ... тоотод оршин суух иргэн П.Мгийн хүн байнга амьдрах зориулалттай сууцны вакум цонхоор нэвтрэн орж, 1 ширхэг их гарын мөнгөн аяга, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг жижиг гарын мөнгөн аяга, 2 ширхэг зэс аяга зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 490.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Зээлийн ... тоотод оршин суух иргэн О.Нгийн хүн байнга амьдрах зориулалттай сууцны вакум цонхоор нэвтрэн орж, “Скайворт” маркийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг талуудаас шинжлэн судалсныг үнэлж дүгнэхэд:

Гэм буруугийн талаар:

1. Шүүгдэгч Т.Ц нь 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Хонхорын ... тоотод оршин суух иргэн Ц.Хын эзэмшлийн өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж, “Самсунг” маркийн 42 инчийн зурагтыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 750.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5х, 6-10х/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 17-20х/,

Хохирогч Ц.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 03-ны өглөө 08 цагт нөхрийн хамт гэрээсээ гараад ажилдаа яваад орой 19 цагт гэртээ иртэл манай өвлийн сууцны хаалга онгорхой байхаар нь гайхаад гэрлүүгээ ортол манай гэрийн 42 инчийн зурагт алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар ирж үзлэг хийж байгаад хулгайч танай гэрийн цонхоор чинь орсон байна гэсэн. Тухайн үед манай хашааны жижиг хаалга онгорхой байсан. Би гэрийнхээ хаалгыг цоожилсон ба манай гэрийн хаалга гадна талаасаа түлхүүрээр онгойж дотор талаасаа бол түлхүүргүй түгжээгээрээ онгойдог юм. ...Би зурагтаа бүрэн бүтэн хүлээгээд авсан. Манай цонхны наад талын зүгээр тогтоогоод тавьсан байсан бэхэлгээгүй хаалт төмрийг доошоо авч тавиад цонхны түгжээ мултлаад хаалга дотроос онгойлгоод зурагтыг аваад явсан байсан манай цонх болон хаалга бусад эд зүйлд ямар нэг эвдрэл гэмтэл байхгүй, вакум цонхны түгжээг мултлаад авсан байсан учраас одоо зүгээр түгжигдэж байгаа өөр үнэлүүлэх зүйл байхгүй. Надад зурагтыг хүлээлгэн өгсөн учраас нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24х, 25х/,

            Гэрч Ц.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тийн Ц гэх залуу 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр өөрийн бичиг баримтаар Самсунг 42 инчийн LED зурагтыг өөрийн зурагт гэж 350.000 төгрөгөөр барьцаалаад 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 380.000 төгрөгийг Т.Ц өөрөө ирээд төлөөд зурагтыг аваад явсан, хулгайн зурагт гэдгийг сая мэдлээ. Тухайн үед хулгайн зурагт гэж мэдээгүй. ...Манай ломбард ямар ч хохиролгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35х/,

            “Мастер үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнийн тодорхойлолт: “Зурагт-Самсунг фирм, 42 инч, 2018 онд авсан-750.000 төгрөг” /хх-ийн 38-39х/,

            “Лаки койн” ХХК-ны ломбардны 00017143 дугаартай бичиг /хх-ийн 151х/

            Шүүгдэгч Т.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 12-13 цагийн орчим би ганцаараа мөнгө олох зорилготой хулгай хийхээр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо манай гэрийн ойролцоо байдаг хойшоо харсан бор өнгийн төмөр хаалгатай модон хашааны завсраар харахад хүнгүй юм шиг байхаар нь хашааг нь давж ороход ногоон өнгийн шавар байшин байхаар нь цонхыг нь тогшиж үзэхэд гэрт нь хүнгүй байсан. Тэгэхээр нь урагшаа харсан вакум цонхны порчикийг нь түлхээд дотогшоо ороод том өрөөнд мөлхөө тавилга дээр 42 инчийн Самсунгийн хар өнгийн зурагт байхаар нь аваад орж ирсэн цонхоор нь гаргаад хашааны дотор талд хашааны хаалга түшүүлж тавиад гараад зам дээрээс такси бариад буцаж нөгөө айлд ирээд зурагтаа таксинд хийгээд авч яваад хүнсний 4 дүгээр дэлгүүрийн тэнд байдаг Лаки койнь нэртэй ломбарданд зурагтаа 350.000 төгрөгөөр барьцаалсан, тэгээд мөнгөөр нь шоудаад дуусгасан. ...Би зам дээрээс танихгүй такси барьсан, жолоочийг нь огт танихгүй, би тэр prius-20 маркийн таксины жолооч ахыг огт танихгүй, 30 орчим насны ах байсан би машины дугаарыг нь мэдэхгүй, тэр ахад би гэрээсээ зурагтаа авч байна гэж л хэлсэн, би таксины жолооч ахад 10.000 төгрөг өгсөн. ...Би дээрх айлаас ганцаараа зурагт хулгайлсан. Би мөнгө олох зорилгоор л хулгай хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар,

2. Шүүгдэгч Т.Ц нь 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Овоотын ... тоотод оршин суух иргэн Д.Мгийн эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхоор нэвтрэн орж, 1 ширхэг их гарын мөнгөн аяга, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг жижиг гарын мөнгөн аяга, 2 ширхэг зэс аяга зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 490.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Т.Цаас 3 ширхэг мөнгөн аяга хураан авч, хохирогч Д.Мд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд зүйлийн фото зураг /хх-ийн 63-65х/,

Хохирогч Д.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо Овоотын ... тоотод оршин суудаг бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 20-ны өглөө гэрээсээ 09 цагийн орчимд гараад тухайн өдөр ажил ихтэй байсан учраас ажил дээрээ хоносон юм. Тухайн өдөр манай гэр бүлийнхэн гэртээ байгаагүй бөгөөд манай гэр эзэнгүй байсан. Маргааш өглөө нь буюу 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 09 цагийн орчимд гэртээ иртэл жижиг өрөөний цонх онгорхой байхаар нь гэртээ яваад ортол гэрийн эд зүйлс хөдөлчихсөн, гал тогооны өрөөнд байсан 3 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг зэс аяга алдагдсан байсан ба тухайн өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны цагдаагийн хэсгийн байр ортол хүн байхгүй болохоор нь цаашаа шууд ажилдаа явчихсан юм. Тэгээд л тухайн өдрөөс 2 хоногийн дараа цагдаагийн байгууллагад хандсан юм. ...Би гурван ширхэг мөнгөн аягаа тоо ёсоор нь хүлээн авсан, харин хоёр ширхэг зэс аягаа аваагүй байгаа, иймээс зэс аягануудаа нэхэмжилж байна, өөр нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-72х, 73х/,

Гэрч Г.Бий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 20-нд Тийн Ц гэх залуу өөрийн бичиг баримтаар том, жижиг, дунд гарын 3 ширхэг мөнгөн аяга 150.000 төгрөгөөр барьцаалсан, ингээд цагдаагаас дараа нь хулгайн зүйл гэдгийг мэдсэн. Ингээд 2019 оны 09 дүгээр сарын 23-нд Т.Ц 162.000 /хүүтэй/ төгрөгийг төлөөд 3 ширхэг мөнгөн аягаа аваад явсан. ...Би тухайн үед хулгайн юм гэж мэдээгүй. Т.Ц өөрийн юмаа барьцаалж байна л гэж хэлж байсан. Би хохирлоо авсан, одоо надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 83х/,

“Мастер үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тодорхойлолт: “Их гарын мөнгөн аяга 1 ширхэг-200.000 төгрөг, дунд гарын, үе дамжин өвлөгдсөн мөнгөн аяга 1 ширхэг-150.000 төгрөг, 2017 онд авсан, жижиг хундаганы зориулалттай мөнгөн аяга 1 ширхэг-80.000 төгрөг, 2015 онд авсан зэсэн аяга 2 ширхэг-60.000 төгрөг, нийт үнэлгээ 490.000 төгрөг” /хх-ийн 86-87х/,

“COIN” Ломбардын гэрээ /хх-ийн 153х/,

Шүүгдэгч Т.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 10-наас 20-ны хавьцаа л байсан яг өдрийг нь санахгүй байна. Манай гэрээс урагшаа уулруугаа байдаг гудамжаар ганцаараа өгсөөд явж байгаад хойшоо харсан саарал өнгийн төмөр хаалгатай хашаа байхаар хашааг нь давж ороод хүнгүйг нь мэдээд унтлагын өрөөний вакум цонхыг түлхэж ороод том өрөөнөөс том жижиг нийлсэн 3 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг зэс аяга аваад шууд хойд зам дээрээс такси бариад Сансарын тэнд ломбарданд 3 ширхэг мөнгөн аягаа 150.000 төгрөгөөр барьцаалсан, хоёр зэс аягыг ломбарданд авахгүй гээд байхаар нь хаячихсан юм аа. ...Таксины жолоочийг нь танихгүй ямар машин байсныг санахгүй байна, дугаарыг нь мэдэхгүй... Надад мөнгө хэрэгтэй байсан. ...Би энэ хэрэгтэй нийлээд нийт гурван айлаас хулгай хийсэн, өөр хэрэг байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 94-95х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар,

3. Шүүгдэгч Т.Ц нь 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Зээлийн ... тоотод оршин суух иргэн О.Нгийн өвлийн сууцны вакум цонхоор нэвтрэн орж, “Sky word” маркийн 32 инчийн зурагтыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 101х, 102-103х/,

Т.Цаас Скайворд маркийн 32 инчийн ЛСД зурагт хураан авч, хохирогч О.Нд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 106-108х/,

Хохирогч О.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэрээсээ 10 цагийн үед гарч зах орж ойр зуурын юм авчхаад гэртээ 19 цагийн үед орж ирээд том өрөөнд ороод хартал манай 32 инчийн зурагт алга болсон байсан. Тэгээд хаанаас орчхов гэж хартал манай том өрөөний вакум цонх онгорхой байсан. Sky word гэсэн бичигтэй 32 инчийн зурагт байгаа юм. Анх 2015 онд 399.000 төгрөгөөр авч байсан. ...Би зурагтаа бүрэн бүтэн хүлээгээд авсан байгаа. Манай цонх болон хаалга бусад эд зүйлд ямар нэг эвдрэл гэмтэл байхгүй вакум цонхыг жоохон мултлаад авсан байсан одоо зүгээр түгжигдэж байгаа одоо ямар нэг үнэлүүлэх зүйл байхгүй. Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 114-115х, 116х/

Гэрч Б.Төрмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 21-нд Түдэвдоржийн Цэнд-Аюуш гэх залуу өөрийн бичиг баримтаар Скайворт маркийн /LED/ 32 инчийн зурагтыг 150.000 төгрөгөөр барьцаалсан. Ингээд Т.Ц нь 2019 оны 08 дугаар сарын 28-нд өөрөө бичиг баримттай ирээд мөнгөө төлөөд зурагтаа аваад явсан. Бидэнд ямар нэг хохирол, гомдол санал байхгүй. ...Яалт ч үгүй өөрийн бичиг баримтыг үзүүлээд миний зурагт гээд барьцаалсан байгаа учраас хулгайн зурагт гэж мэдээгүй, мэдэх боломж байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 124х/,

“Мастер үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тодорхойлолт: “2015 онд авсан sky worth 32 инчийн зурагт-350.000 төгрөг” /хх-ийн 127-128х/,

“Эрх цэцэгс” ХХК барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 152х/,

Шүүгдэгч Т.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 13-14 цагийн орчим би хулгай хийх зорилготой ганцаараа явж байгаад баруун салаанд автобусанд суугаад баруун салааны 1 дүгээр билүү хоёрдугаар буудал билүү тэнд буугаад айл хайгаад гудамжаар явж байгаад баруун хойшоо харсан бор өнгийн төмөр хаалгатай байхаар нь том хаалгыг татаж гүйлгэж онгойлгоод хашаанд ороход улаан тоосгон байшин байхаар нь шалгахад хүнгүй байхаар нь дунд талын вакум цонхны торыг урж байгаад түлхэж ороод мөлхөө тавилга дээр байсан 32 инчийн скайворт маркийн хар өнгийн LCD зурагтыг аваад цонхоор нь гаргаад хашааны хойд талын модон хаалгаар гараад хашааны хойно зурагтаа түр тавьчхаад зам дээрээс такси бариад зурагтаа очиж аваад модны хоёрын Эрх цэцэгс гэдэг газарт өөрийн бичиг баримтаар 150.000 төгрөгөөр барьцаалсан юмаа, мөнгийг үрж амжаагүй явж байгаад цагдаад баригдаад буцаагаад зурагтыг нь цагдаа нарт өгсөн байгаа. ...Таксины жолоочийг нь огт танихгүй хүн байсан, ямар машин байсныг санахгүй байна, улсын дугаарыг нь ч санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 135-136х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.  

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Т.Ц нь “Хулгайлах” гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч нарын орон байранд нэвтэрч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэх, гэм буруутайд тооцох үндэслэл болох ба шүүгдэгч Т.Цийн нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн асуудал дээр маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Т.Ц нь хохирогч Ц.Х, О.Н, Д.М нарын хохирлыг барагдуулсан, хохирогч нар нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн /хх-ийн 25х, 116х/, хохирол барагдуулсан талаарх баримтыг ирүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Цид 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг “... Бид гэм буруугийн асуудал дээр маргахгүй байгаа. Шүүгдэгч Т.Цийн хувийн байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тухайлбал Т.Ц нь анх удаа гэмт хэрэг холбогдсон, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, эрүүл мэндийн хувьд муу, гар нь саажилттай, цэрэгт байхдаа зодуулж тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас тархины шигдээс болж  хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг 69 хувиар тогтоож, группид оруулсан, 2019 онд уг өвчний улмаас татаж унадаг болж хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ нь 70 хувь болж нэмэгдсэн зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар багасгаж 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэж”,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Содончимэг “...Д.Энхтунгалаг өмгөөлөгчтэй санал нэг байна. Хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  өсвөр насны хүмүүст хэрэглэвэл зохих хөнгөлөлтүүдийг манай үйлчлүүлэгчид хэрэглэх боломжтой тул хэрэглэж өгнө үү” гэсэн болно.

Шүүгдэгч Т.Ц нь хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Цид эрүүгийн хуулийн ерөнхий анги, 8 дугаар бүлэгт заасан “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэсэн бүлгийг хэрэглэх боломжгүй гэж үзсэн болно. Учир нь,

Хүүхдийн эрхийн конвенцийн 1 дүгээр зүйлд “...тэрээр 18 наснаас өмнө насанд хүрсэнд тооцогдоогүй бол 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ” гэж заасан нь Монгол улсын Үндсэн хууль болон бусад хууль болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль ... гэх мэт дотоодын хууль тогтоомжуудад тусгагдан хэрэгжиж байна.

Иймээс 18 насанд хүрээгүй хүмүүсийг хүүхэд, насанд хүрээгүй хүмүүс гэж үзэх ба 18 наснаас дээш насны хүмүүсийг өсвөр насны хүмүүст хамааруулах боломжгүй, харин онцгой тохиолдолд өсвөр насны хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг 21 хүртэлх насны хүмүүст хэрэглэхээр байна.

Тодруулбал, 18 насанд хүрсэн, 21 хүртэлх насны хүмүүс нь бие бялдар, ой тогтоолт, сэтгэн бодох чадвар, хэл ярианы чадварын хувьд хоцрогдолтой, насанд хүрээгүй хүний түвшинд байгаа нь холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт, холбогдох баримтуудаар тогтоогдсон тохиолдолд 21 хүртэл насны хүмүүст энэ бүлгийг хэрэглэхээр байна гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч Т.Цид дээрх шинж тэмдэг байгаа эсэхийг тогтоосон баримтгүй байна.

Харин шүүгдэгч Т.Ц нь хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан хуулийн шаардлагыг хангаж байх тул шүүх уг заалтыг журамлан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хорих ял оногдуулах боломжтой гэж үзсэн болно.

Иймд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо барагдуулсан, түүний эрүүл мэндийн байдал /тархины шигдээс, эпилепсия өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 70 хувиар тогтоосон/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Цид 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Цийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х овогт Тийн Цийг “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Цид 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цид оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Т.Цид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Цид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.АЛТАНЦЭЦЭГ