Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 5

 

 

 

 

 

    2019           12            24                                         2020/ДШМ/5                             

 

 Т.Ц-ид холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:      

            прокурор М.Сүхчулуун,

            шүүгдэгч Т.Ц-, түүний өмгөөлөгч С.Батжаргал,

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 2019/ШЦТ/1178 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Ц-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 1908023951290 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Т-ийн Ц, Улаанбаатар хотод 1999 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7; эцэг, эх, эгч, дүү нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Амины орон сууцны 000 дугаар гудамжны 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 0000000000/

Т.Ц- нь 2019 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 3-104 тоотод Ц.Х-ын өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж “Samsung” загварын 42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 750,000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 8 дугаар сарын 21-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 1-25а тоотод П.М-гийн өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, зэс аяга 2 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 490,000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 16-29 тоотод О.Н-гийн өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж, “Sky wort” загварын 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Т.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Ц-ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Ц- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний эрүүл мэндийн байдал тун тааруу байна. “Тархины шигдээс-эпилепсия” өвчний улмаас тогтмол татаж унадаг болсон тул хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 70 хувиар тогтоож группэд оруулсан. Энэ байдлыг харгалзан үзэж ялыг өөрчилж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шүүгдэгч Т.Ц-ийн ялыг өөрчилж өгнө үү гэсэн хүсэлтийг дэмжиж байна. Анхан шатны шүүхээс хуульд заасан бүхий л хөнгөрүүлэх боломжийг хэрэглэж 1 жил хорих ял оногдуулсан байдаг. Шүүгдэгч Т.Ц- нь эрүүл мэндийн хувьд хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж заажээ. Шүүгдэгч Т.Ц- нь гэмт хэрэг үйлдэхдээ 19 настай байсан. Одоо 20 настай. Тиймээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг хэрэглэж болохоор байна. Түүнчлэн “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 8 жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон гэмт хэргийг үйлдсэн өсвөр насны хүнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанарыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилээс 3 жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэжээ. Энэхүү өөрчлөлтийг журамлаад шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж, өөрчилж өгнө үү” гэв.

Прокурор М.Сүхчулуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Т.Ц-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Т.Ц-ид холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Т.Ц- нь 2019 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 3-104 тоотод Ц.Х-ын өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж “Samsung” загварын 42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 750,000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 8 дугаар сарын 21-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 1-25а тоотод П.М-гийн өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, зэс аяга 2 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 490,000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 16-29 тоотод О.Н-гийн өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж, “Sky wort” загварын 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ц.Х-ын “... Би 2019 оны 8 дугаар сарын 3-ны өглөө гэрээсээ гараад, орой ирэхэд манай өвлийн сууцны хаалга онгорхой байхаар нь гайхаад ортол 42 инчийн зурагт алга болсон байсан ...” гэх /хх 24/,

гэрч Ц.Жамъяандоржийн “... Т.Ц- гэх залуу 2019 оны 8 дугаар сарын 3-нд өөрийн бичиг баримтаар Самсунг 42 инчийн лэд зурагтыг 350,000 төгрөгийн барьцаанд тавьсан ...” гэх /хх 35/ мэдүүлгүүд,

эд зүйлийн үнэлгээ /хх 38-39/,  

эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 18-20/,

хохирогч П.М-гийн “... 2019 оны 8 дугаар сарын 20-ны өглөө гэрээсээ гараад ажил дээрээ хоноод 21-ний өглөө ирэхэд жижиг өрөөний цонх онгорхой байсан. Гэртээ ортол эд зүйлс хөдөлсөн, гал тогооны өрөөнд байсан 3 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг зэс аяга алдагдсан байсан...” /хх 70-71/,

гэрч Г.Билгүүний “... 2019 оны 8 дугаар сарын 20-ны үеэр Т.Ц- гэх залуу өөрийн бичиг баримтаар том, дунд, бага гарын 3 ширхэг мөнгөн аягыг 150,000 төгрөгөөр барьцаалсан ...” /хх 83/ гэх мэдүүлгүүд,

эд зүйлийн үнэлгээ /хх 86-87/,

барьцаалан зээлдүүлэх газрын гэрээний хуулбар /хх 153/,  

эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 63-65/,

хохирогч О.Н-гийн “... 19 цагийн үед гэртээ ирэхэд “Sky word” гэсэн бичигтэй 32 инчийн зурагт алга болсон байсан ... ” /хх 114/, 

гэрч Б.Төрмөнхийн “... 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Т.Ц- гэх залуу өөрийн бичиг баримтаар “Sky word” загварын лэд 32 инчийн зурагтыг 150,000 төгрөгөөр барьцаалсан...” /хх 125/ гэх мэдүүлгүүд,

эд зүйлийн үнэлгээ /хх 127-128/,

барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн гэрээний хуулбар /хх 152/, 

эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 107-108/, шүүгдэгч Т.Ц-ийн яллагдагчаар өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн /хх 47, 94-95, 135-136/ мэдүүлгүүд зэргээр нотлогдон, тогтоогдсон байна.  

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

Т.Ц-ийн бусдын орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг барагдуулсан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, үүнээс өөрөөр шүүгдэгчид оногдуулсан ялын хэмжээг багасгах, хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул “... ял хөнгөрүүлэх ...” талаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 2019/ШЦТ/1178  дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч  Т.Ц-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН         

ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН