| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 123/2021/0005/З |
| Дугаар | 221/МА2021/0297 |
| Огноо | 2021-06-03 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2021/0297
Х.Н-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.М, нэхэмжлэгч Х.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х нарыг оролцуулан хийж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 7 дугаар шийдвэртэй, Х.Н-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 7 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1.3, 48.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Н-ийн “Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/34 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/34 тоот тушаал Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг зөрчсөн, үндэслэл болгосон эрх зүйн хэм хэмжээний акт нь хүчин төгөлдөр бус, нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийн шинж байдалд тохирохгүй, өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрхэн ажиллах, зөрчил гарсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх журам боловсруулж мөрдүүлээгүй.
Хариуцагчийн хариу тайлбарт өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллаж байхдаа ажлын байрыг орхиж архи уусан учраас ажлаас халсан талаар дурдсан, архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзсэн бол байгууллагын дотоод журмын 8.1, 8.4 дэх заалтыг хэрэглэх боломжтой байхад уг заалтыг дээрх тушаалын үндэслэл болоогүй.
Тушаал өөрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн дүрмийн 3.1.4 в гэдэг заалтыг үндэслэн гарсан, уг заалттай танилцсан боловч сонсох ажиллагаа огт хийгдээгүй, сүүлд А/03 тоот тушаалаар залруулга хийгдэж 3.1.4 д болж засвар орсон, тэрхүү залруулга хийсэн анхны тушаалын огноогоор дахин тушаал гарсан боловч мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгдээгүй, нэхэмжлэгч анх тушаал гарсан өдөр 3.1.4 в гэдэг заалтыг үндэслэн ажлаас халагдсанаа мэдсэн.
2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/34 тоот тушаал Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна гэсэн заалтыг зөрчсөн. Тушаал 3.1.4 гэсэн заалтыг үндэслээд дараа нь 3.1.4 д болж өөрчлөгдсөн нь агуулгын хувьд өөрчлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь захиргааны актыг гаргах үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна гэж хуульчилсан бөгөөд агуулга нь өөрчлөгдсөн актаа нэхэмжлэгчид танилцуулагдаагүй.
Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ёс зүйн зөвлөлийн дүрэм захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэлгүй, хүчин төгөлдөр бус акт гэж үзэх үндэслэлтэй. Уг дүрэмд заасан ямар журмаар нэхэмжлэгчийн асуудлыг хэрхэн хэний гаргасан гомдлын дагуу, хэдэн хүний саналаар шийдвэрлэсэн нь тодорхой бус, хэрэв төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн дүрмийн 3.1.4 д гэдэг заалтаар хариуцлага тооцож байгаа бол ёс зүйн зөвлөл дахин хуралдаж эхнээс нь уг асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргах процедур хэрэгжих ёстой.
Ёс зүйн зөвлөлийн тогтоолын үндэслэл болсон төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам нь захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй хүчин төгөлдөр бус акт. Энэ асуудлаар шүүхээс ямар нэгэн дүгнэлт бас няцаалт өгөөгүй.
Шүүгч шийдвэрийн үндэслэх хэсэгтээ 3.1.4 в заалтын улмаас тушаалын агуулга өөрчлөгдөхгүй гэж үзээд Засгийн газрын 258 дугаар тушаалын 1.7 дахь заалтыг үндэслэлээ болгосон байна. Дээрх заалт нэхэмжлэгчийн гаргасан гэж зөрчлийн нөхцөл байдалтай шууд холбогдохгүй байгаа.
Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ёс зүйн зөвлөл нь төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн дагуу асуудлыг шийдвэрлэх боломжтой боловч уг дүрэм захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэлгүй, хүчин төгөлдөр бус акт болох нь нотлогдсон. Төрийн захиргааны үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.4, 4.2.5-д зааснаар ямар нэгэн ёс зүйн зөрчлийг иргэн, аж ахуйн нэгжийн гомдлоор авч хэлэлцээд мөн зөрчлийн шинж байдлаас хамааруулан уучлалт гуйхыг үүрэг болгох, сануулах арга хэмжээ авахаар зохицуулсан байхад шууд ажлаас халсан нь үндэслэлгүй. Ёс зүйн зөвлөл захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэлгүй, хүчин төгөлдөр бус акт болох Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 0007 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл зөрүүтэй байхад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүйгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.
Анх нэхэмжлэгч Х.Н-ээс Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдуулан “Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн Б/34 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг[1] гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/34 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа[2] өөрчилжээ.
Маргаан бүхий Төв аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн Б/34 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Х.Н-ийг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, 48.2, 48.3, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 3.1.4в заалт, Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 2018 оны 258 дугаар тогтоолын 1.7 заалтыг үндэслэн “өндөржүүлсэн бэлэн байдлын үед шуурхай штабын хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа ажлын хариуцлага алдаж мэдээ хоцроосон, архидан согтуурсан нь тус газрын Ёс зүйн зөвлөлийн тогтоол, хурлын тэмдэглэл, өөрийн гаргасан тайлбар зэргээр нотлогдож байгаа” гэж төрийн албанаас халжээ.
Хэдийгээр нэхэмжлэгчээс маргаан бүхий Б/34 тушаалыг илт хууль бус болгохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилсөн боловч уг актыг хууль бус болохыг тогтоолгох үндэслэлээр маргаж байна.
Тодруулбал, маргаан бүхий актын үндэслэл болсон “шуурхай штабын хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа ажлын хариуцлага алдаж мэдээ хоцроосон, архидан согтуурсан” гэх үндэслэлийг няцааж нэхэмжлэгчээс “Б/34 дугаартай тушаалыг дараах үндэслэлүүдээр хууль бус гэж үзэж байна: шаардлагатай үүргийг гүйцэтгэсэн, байгууллагыг эзэнгүй орхиж яваагүй, 10 сартай нялх хүүхэдтэй тул хүүхдээ хөхүүлэх гэж гарсан, тайлбар гаргах боломжоор хангаагүй, байгууллагын тайлан мэдээ хоцроосноос байгууллагад ноцтой хохирол учруулсан, архидан согтуурсан бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, сахилгын шийтгэл ногдуулахад харгалзан үзэх зөрчил гаргахад хүргэсэн нөхцөл байдал, үр дагавар, албан хаагчийн ажил үүргийн тодорхойлолтод заасан чиг үүрэг болон үйлдэл, эс үйлдэхүйн хоорондын хамаарал, өмнө нь зөрчил гаргасан нөхцөл байдлуудыг харгалзаж үзээгүй, сахилгын шийтгэлийн хүнд хэлбэрийг сонгосон үндэслэлээ тушаалдаа тодорхой заагаагүй, тухайн албан тушаалд ажиллах ямар ч боломжгүй үндэслэл хангалттай тогтоогдоогүй, Хөдөлмөрийн хуулиар 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг тодорхой тохиолдлоос бусад шалтгаанаар ажлаас халахыг хориглосон” гэж маргадаг[3].
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, 48.2, 48.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасантай нийцээгүй, хууль бус, түүний улмаас нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүйгээр халагдсан бөгөөд төрийн албанд ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж тайлбарлан маргаж байна.
Энэхүү нэхэмжлэлийн төрлийн хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс “захиргааны акт, ...хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” шүүхийн шийдвэр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох, ийнхүү гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх дүгнэлт өгөх нөхцөл, шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 болон мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д тодорхой зохицуулсан.
Түүнчлэн захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгох бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан 7 үндэслэл байгаа тохиолдолд захиргааны акт илт хууль бус болж, гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байхаар хуульчилжээ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “илт хууль бус болохыг тогтоолгох”-оор тодорхойлсон атлаа захиргааны актыг хууль бус гэж хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэлээр маргаж байхад шүүхээс тус актыг “илт хууль бус болохыг тогтоосон” шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэж заасантай нийцэхгүй байна.
Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлийн зөрүүг арилгах ажиллагааг хийж, нэхэмжлэгч, хариуцагчийн маргаж буй үндэслэл бүрт холбогдох нотлох баримт цуглуулж, тэдгээрт дүгнэлт өгөх шаардлагатай.
Эдгээр үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021
оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 123/ШШ2021/0007 дугаар шийдвэрийг
хүчингүй болгож, холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Моос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ