Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/00316

 

Д.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбяар даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 976 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 158 дугаар магадлалтай,

Д.С-ийн нэхэмжлэлтэй,

Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт холбогдох,

Тушаал хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Д.С- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: би 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт Нийгмийн ажилтнаар ажиллах хугацаанд байгууллагын 7 хоног бүрийг мэдээ, сар бүрийн тайлан, Улирлын тайлан, товч мэдээ, төсөл, төлөвлөгөө, судалгаа, тайлан гэх зэрэг бичиг хэргийн ажлыг хийж өдөр бүр илүү цагаар суун ажилладаг байсан. Ажилд орсон цагаас хойш бичиг хэргийн ажилтан Г.Эрдэнэтуяа, хүний нөөцийн менежер, Б.Номин-Эрдэнэ менежер Г.Ариунаа, тохижилтын инженер Д.Ханджаргал, нярав Б.Мөнхцэцэг нар элдвийн муухайгаар амандаа орсноороо ярьж, нэр төрийг минь гутаан доромжилж байсан. Би Нийгмийн ажилтан биш, бичиг хэргийн ажилтан хийж байсан. Ерөнхий инженер Б.Батбаяр удахгүй ажил үүргийн хуваарь шинэчилнэ гэж хэлдэг байсан болохоор тэвчээд ажилладаг байсан. Ажиллах хугацаанд ажил таслах, ажлын хариуцлага алдаж байсан удаагүй. Ерөнхий инженер Б.Батбаяр нь Нийгмийн ажилтан ажлын дадлага туршлагатай, чадвартай, ямар ч ажил даалгасан цагт нь хийдэг, хамтарч ажиллахад нь амар байдаг гэж хэлдэг байсан. Би ажлаас халсан шалтгааныг үндэслэлгүйгээр халсан гэж үзэж байна. 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулинд өөрчлөлт орж туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 231.1-д зааснаар туршилтын хугацаа тогтоож болно гэж заасан заалтыг хариуцагч тал хэрэгжүүлээгүй, тушаалд тусгаагүй, хөдөлмөрийн гэрээнд ажилтны дадлагажих хугацаа 3 сар гэж заасныг туршилтын хугацаа заасан гэж үзэхгүй тул туршилтын хугацаагүйгээр гэрээ байгуулсан гэж үзнэ. Иймд тушаалд хууль буруу хэрэглэсэн, мөн 1 сарын хугацаанд ажилтанд сахилгын шийтгэл давхардуулан олгосон тул 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/91 тоот тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар шүүхэд гаргасан тайлбартаа: Д.С- нь НААҮГ-ын даргын 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Б/60 тоот тушаалаар тус байгууллагын нийгмийн асуудал хариуцсан ажилтнаар 3 сарын туршилтын хугацаагаар ажилд орсон бөгөөд ажиллах хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй буюу тус байгууллагын даргын аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэх боломжгүй болсон. Д.С- нь ажлын байрны тодорхойлолтод зааснаар хүний нөөцийн менежер Б.Номин-Эрдэнийн шууд удирдлагад ажиллах ёстой бөгөөд туршилтын 3 сарын хугацаанд Б.Номин-Эрдэнийн зүгээс удаа дараа үүрэг даалгавар өгөхөд үл тоомсорлож, зохисгүй харьцдаг. Д.С-ийг ажиллуулсан туршилтын 3 сарын хугацаа дуусах үед буюу 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр байгууллагын удирдах ажилтны хурлаар хэлэлцэж Д.С- нь туршилтын хугацаанд ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж хуралд оролцсон ажилтнуудын олонх нь дүгнэсэн тул Д.С-тэй цаашид хөдөлмөрийн гэрээг сунгахгүй байхаар шийдвэрлэж 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/91 тоот тушаалаар Д.С-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Д.С- нь туршилтын хугацаанд 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр байгууллагын даргын Б/89 тоот тушаалаар “Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдал” зарласан өдрүүдэд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүйн улмаас Аймгийн засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийн тайлан мэдээг гаргаж өгөөгүй хоцроосон, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчил гаргасны улмаас хөдөлмөрийг сахилгын арга хэмжээ болох сануулах арга хэмжээ авагдсан. Дээр дурдсан үндэслэлүүдээр Д.С- нь туршилтын хугацаанд ажилдаа тэнцэхгүй болох нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.3, 37.1.3, 38.1.2-т заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 976 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.С-ийн хариуцагч Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт холбогдуулан гаргасан 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/91 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг нөхөн бичүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 158 дугаар магадлалаар: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 976 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 158 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д ... шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон сургалтын хугацаагаар ажиллуулж болно гэсэн заалтыг баримтлан хугацаа тогтоосон нь дээрх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэхгүй байна гэж шүүх үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дүгээр зүйлийн Туршилтын хугацаа гэсэн заалтыг үл ойшоосон хуулийг хэрэглээгүй дураараа хууль тайлбарласан гэж ойлгож байна. 231.1 Ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно. 231.2 Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байна. 231.3 Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг заагаагүй бол ажилтныг туршилтын хугацаагүйгээр ажилд авсанд тооцно гэсэн хуулийн зохицуулалт байхад шүүгч анзаарч үзэлгүйгээр хийсвэр ойлголтоор ажилтны дадлагажих хугацаа 3 сар гэж тусгажээ. /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/ гэж шүүх хянавал хэсэгтээ оруулсан нь ойлгомжгүй байна.

Иймд хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтуудыг удирдлага болгон Д.С-ийг 2017 оны 07 дугаар сарын 25-ны едрийн Б/91 тоот тушаалаар ажлаас халсан нь үндэслэлгүй байхад шүүх хуулийг буруу тайлбарлаж Иргэний хуульд заасан төсөөтэй ойлголтоор асуудлыг шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны 158 дугаар магадлалыг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Д.С-ийн “...ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэр бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийг хариуцагч Дархан-уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар эс зөвшөөрөхдөө туршилтын хугацаа дууссан гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл ажил олгогч нь нэхэмжлэгчийг нийгмийн ажил хариуцсан ажилтнаар туршилтын 3 сарын хугацаагаар томилсон /хэргийн 25 дугаар тал/ байх ба энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч ажиллах хугацаандаа сахилгын шийтгэл хүлээснээ үгүйсгээгүй бөгөөд энэ тохиолдолд хариуцагч хөдөлмөрийн гэрээг цаашид сунгах боломжгүй гэж үзсэнийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй байна.

Гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон талаар ажил олгогч ажилтанд мэдэгдэж, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-г зөрчөөгүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хөдөлмөрийн тухай хуульд  туршилтын хугацааг зохицуулсан “231” гэсэн зүйлийг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...хөдөлмөрийн гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 231.1. 231.2. дах зохицуулалт бичигдээгүй”  талаарх гомдол үндэслэлгүй байна. .

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 976 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 158 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ