Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2021/0314

 

 

Ц.Бын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Хосбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М, А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 189 дүгээр шийдвэртэй, Ц.Бын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 189 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 12 дугаар зүйлийн 12.2, 21 дүгээр зүйлийн 21.2.4, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Бын “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1138 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “...2020 оны 04 дүгээр сард эзэмших хугацаа, зориулалтад өөрчлөлт орж сунгагдсан төрийн шийдвэрт итгэж би өч төчнөөн хөрөнгө, мөнгө, цаг хугацаа зарцуулсан. Иймд байтал ямар нэгэн хэлцэл, зөвшилцөл хийхгүйгээр цуцалж яагаад шууд хохироож байгаа юм бэ. Төрийн энэ эргэж буцсан шийдвэр үнэхээр гайхшруулж байна. 2020 оны 08 дугаар сард үйл ажиллагаа явуулах бүх зөвшөөрлөө холбогдох газруудаас авчихсан байсан. Сүхбаатар дүүргийн Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хог тээвэр гэх мэт хотод хаа сайгүй байрны дунд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй ийм зөөврийн байшинтай дэлгүүр үйлчилгээнүүд зөндөө байна. Миний эзэмшиж байгаа газар 203 м.кв, газар ухаж хамгаалалтын хашаа татаагүй, өндөр байшин барилга барих гээгүй.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хуралдаан гурван удаа хойшилсон. Шалтгаан нь нотлох баримт хүлээж байна гэж Д.Х шүүгч өөрөө хойшлуулаад байсан. Би тухайн үед хардаж яагаад хойшлоод байгаа юм гэж туслахтай ярьсан, өөрийн өмгөөлөгч нартайгаа ярьж шахаж шаардаж байсан. Нийслэлээс хүлээгээд байсан нотлох баримт ирээгүй, угаасаа хууль зөрчиж цуцалсан юм чинь бид юу ч ирэхгүйг мэдэж байсан.

2018 оны 12 дугаар сард газрын гэрчилгээний хугацаа нь дуусаад 2019 онд харилцан албан бичиг өгч зөвшилцөж байгаад 2020 оны 04 дүгээр сард хугацаа нь сунгагдаж зориулалтад нь өөрчлөлт орсон байдаг. Шүүгч хуралдааны явцад хэлэхдээ цуцлах мэдэгдэл өгч байсан байна. Хуралдаанууд болж татгалзаж байсан байна, цэцэрлэг бариагүй гэдэгт акцент өгч яриад байсан нь тухайн үед надад хариуцагч төрүүлж байсан. Эцсийн эцэст шүүгч цуцалсан үндэслэлээ нотолгоонд тулгуурлаж шийдэх ёстой байтал харамсалтай нь тэгээгүй. Тиймээс шүүгчийн нөлөөнд автаж шийдвэр гаргасан нь хуралдааны үеийн асуулт, нэхэмжлэгч тал руу дайрч байгаа байдал, хаа хамаагүй зүйлийг хамаатуулж байгаагаас илэрхий харагдаж байсан. Завсарлаж орж ирэхэд шийдвэрээ танилцуулаад ямар нэгэн асуулт асуух боломж олгохгүйгээр шууд гараад явчихсан.

Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хгийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “... Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1138 дугаар захирамжаар “... нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газартай давхацсан гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нийтийн эдэлбэрийн газарт аваагүй, авах саналаа хүргүүлсэн тухай тайлбарыг ирүүлсэн. Энэ нь тухайн газрыг хүчингүй болгох үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй бөгөөд нийтийн эдэлбэрийн газарт аваагүй, авахаар саналаа хүргүүлж байгаа талаар хожим шүүхэд 2021 оны 03 дугаар сарын байдлаар мэдэгдсэн атлаа 6 сарын өмнө 2020 оны 09 дүгээр сард нийтийн эдэлбэрийн газартай давхцсан гэж газрыг хүчингүй болгож байгаа нь илэрхий ойлгомжгүй, хууль бус үндэслэлгүй шийдвэр байна.

Хариуцагчийн төлөөлөгч мөн энэ талаарх баримт байхгүй, шүүх гаргах боломж олгож шүүх хурлыг хойшлуулсан боловч нийтийн эдэлбэрт газар авсан, тогтоосон талаарх баримт ирүүлээгүй бөгөөд тэрээр зөвхөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу газраа зориулалтын дагуу ашиглаагүй л гэж маргаж байсан.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс анхан шатны шүүхэд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03-06/1222 тоот бичиг болон Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д заасныг тайлбарлаж маргасан боловч харамсалтай нь шүүгч дээрх баримтыг үнэлээгүй, энэ талаар огт дүгнэлт өгөөгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Ц.Бын газар нь оршин суугчдын машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, хүүхэд хөгшид амрах газар, ногоон байгууламж бүхий газар биш бөгөөд энэ нь хэрэгт авагдсан баримтаас тодорхой харагдана. Ц.Б нэг давхрын зөөврийн байшин байрлуулснаар хөрш залгаа айл өрхийн нар, салхи, цонхийг хаахгүй бөгөөд оршин суугчдын эрх ашиг сонирхол хөндөгдөхгүй билээ.

Анхан шатны шүүхээс Хот байгуулалт хөгжлийн газраас Ц.Бын эзэмшлийн газар орчимд батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баримтаар шаардаж, Хот байгуулалт хөгжлийн газрын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 08/359 тоот албан бичгээр “... Улсын Их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжлийн чиг хандлага” баримт бичгийг батлагдсан. Дээрх байршилд одоогоор батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө байхгүй болно..” гэсэн хариуг шүүхэд ирүүлсэн.

Гэтэл анхан шатны шүүх мөн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12/33  дугаар тогтоолоор батлагдсан нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд ямарваа зориулалтаар газар эзэмшүүлэхээр тусгагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь анх нэхэмжлэгчид 2012 онд тухайн газрыг олгосныг дараагаар Улсын Их Хурлаас 2013 онд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол болон 2019 онд нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан нь маргаан бүхий газрыг анх олгосноос хойш гаргасан төлөвлөгөөг шүүх үнэлж, Ц.Б анх 2012 онд олгосон газрыг хот тосгоны ерөнхий төлөвлөгөөнд нийцээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Гурван шатны шүүх сонсох ажиллагааг хийсэн гэж буруу дүгнэсэн. Учир нь маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1138 дугаар захирамжаар “... нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газартай давхацсан, хот тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөөтэй нийцээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газрыг хүчингүй болгосон.

Гэтэл дээрх хүчингүй болгосон үндэслэлийн талаар нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэх сонсох ажиллагааг огт явуулаагүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгох болсон талаар мэдэгдсэн атлаа өөр үндэслэлээр газрыг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.3, 26 дугаар зүйлийг ноцтой зөрчиж, процедурын алдаа гаргасан.

Анх хариуцагч нэхэмжлэгчид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгох талаар мэдэгдсэн боловч нэхэмжлэгчээс 2012 оноос 2021 он хүртэл газраа зориулалтын дагуу ашиглаж байсан талаарх бүхий баримтыг гаргаж өгсөн бөгөөд хариуцагч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл бүрдээгүй байсан тул энэ үндэслэлээр хүчингүй болгоогүй болно. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийг газраа зориулалтын дагуу ашигласан эсэх, энэ талаар маргаан бүхий захиргааны акт гараагүй байхад маргаагүй үндэслэлээр дүгнэлт хийж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчиж байна.

Нийслэлийн Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээн, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтыг судалж 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/401 дүгээр захирамжаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон билээ. Ийнхүү газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан тул нэхэмжлэгч өөрийн газраа зориулалтын дагуу ашиглахаас өмнө ашиглаж байсан жижиг байшингаа сольж 60 гаруй сая төгрөгийн зардал гаргаж, зөөврийн байшин байршуулж хүнсний дэлгүүр ажиллуулахаар бүхий л баримт, мэргэжлийн байгууллагын дүгнэлт, зөвшөөрлийг авсны дараа 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ийнхүү хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуульд заасан иргэний хууль ёсны итгэлийн хөсөрдүүлсэн хууль бус шийдвэр болсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.”, 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “...

Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаас үзэхэд тухайн газрыг нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглагдаж буй газар гэж үзэхээр, барилгажих талбай буюу иргэн, хуулийн этгээдэд цэцэрлэг, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх боломжтой газар гэж үзэхээргүй байна гэж дүгнэсэн дүгнэлтийн тухайд:

Аливаа нотлох баримтаар тухайн хуулийн заалтыг захиргааны байгууллага зөв хэрэгжүүлж, зөрчлийг тогтоон бодит байдалд нийцүүлэн нотолж тогтоосон байхыг Захиргааны ерөнхий хуульд маш тодорхой хуульчилж өгсөн, гэтэл энэ тохиолдолд гаргасан Нийслэлийн Засаг даргын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон акт нь ямар ч нотлох баримтад үндэслэгдээгүй, актын хувийн хэрэг байгаагүй, газар зохион байгуулалтын албанаас оролцож санал өгөөгүй, сонсгох ажиллагаа хийгдээгүй, нийтийн эдэлбэрт авах ажиллагаа нь акт гарснаас хойш хийгдэж байгаа нөхцөл байдлууд маш тодорхой нотлогддог.

Гэтэл эдгээр нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа зөвхөн шүүхээс очиж хийсэн үзлэг, Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д заасныг үнэлж үгүйсгэж байгаа нь нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэх, нэхэмжлэлийн шаардлага маргааны зүйлээс халихгүйгээр дүгнэлтээ өгөх ёстой. Түүнээс бус өөрт төрсөн сэтгэгдэл төдийхнөөр энэ газар нийтийн эдэлбэрийн газарт хамаарах ёстой гэж хийсвэр байдлаар дүгнэлт хийх нь буруу. Шүүх нотлох баримтаар нотлогдож тогтоогдон хуульд нийцэж байгаа актыг зөв шийдвэр, хуульд нийцсэн гэж дүгнэх ёстой бөгөөд таамаг төдий улс төрийн оноо авах гэсэн захиргааны актыг өөрөө баримт цуглуулах байдлаар хуульд нийцсэн гэж шийдвэрлэх нь буруу. Яагаад гэвэл шүүгч хүн хэрхэн шийдвэрээ гаргахыг маш тодорхой хуульчилсан бөгөөд нотлох баримтад үндэслэж шийдвэрлэх болохоос бус илтэд хуулийг зөрчсөн хувийн хэрэг байхгүй захиргааны актын үндэслэлийг нотолсон баримт байхгүй, нийтийн эдэлбэр гэж тогтоогоогүй, сонсгох ажиллагааны үндэслэл болон гаргасан актын үндэслэл зөрүүтэй байдлыг аль аль нь зөв гэж хэт нэг талыг барьж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн зарчмыг хангаагүй.

Тодруулбал, Газрын тухай хуулийн 3.1.9-д “нийтийн эдэлбэрийн газар” гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг гэж зааж өгсөн бөгөөд уг заалтын дагуу нэхэмжлэгчийн 2013 оноос хойш эзэмшиж байсан газрыг нийтийн эдэлбэрийн газар гэж нийтээр ашиглахаар тогтоосон шийдвэр байгаа эсэхийг шүүхээс шалган тогтоох ажиллагааны явцад “нийтийн эдэлбэрт тооцох ажиллагаа одоо хийгдэж байгаа” гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр амаар гаргасан тайлбар, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг дарга, газар зохион байгуулалтын албанаас тус тус нотлох баримтаар авсан тайлбар зэрэг нотлох баримтаар нийтийн эдэлбэр газарт хамаарахгүй байгаа нь нотлогддог.

Үүнээс эрх бүхий байгууллагаас маргаан бүхий газрыг нийтийн эдэлбэрийн гэж тогтоогоогүй байхад шүүхээс тогтоож байгаа нь хуулиар эрх олгоогүй захиргааны байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлсэн гэж ойлгогдохоор байна. Ер нь захиргааны шүүх нь хэрэг шийдвэрлэх нэрийн дор захиргааны байгууллага актаа гаргахдаа хийгээгүй ажил үндэслэлийг нь өөрөө тогтоогоод, түүнийгээ нотлоод, шийдвэрээрээ дүгнэх юм бол хуульд нийцэж байгаа эсэхэд хэрхэн зөв шударгаар дүгнэлт өгч чадах билээ. Яг энэ тохиолдлын газар нь нийтэд илэрхий нотлох баримтаар нотолж тогтоох шаардлагагүй ногоон байгууламж ч юм уу эсхүл явган зам, машин зам баригдсан нийтээр ашиглаж байгаа газар биш бөгөөд 2013 оноос хойш эзэмшиж ирсэн тухайн үедээ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан газар байсан. Харин хэрэг шийдвэрлэгдэх явцад нийтийн эдэлбэрийн газарт авах ажиллагаа хийгдэж байгаа нь тогтоогдож байхад дээрх байдлаар шүүхээс дүгнэлт хийсэн нь илтэд үндэслэлгүй болсон.

Цэцэрлэг, үйлчилгээний зориулалтаар барилгажих боломжтой төлөвлөгдсөн талбай гэж үзэхээргүй, барилга баригдсан тохиолдолд нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр байна гэх дүгнэлтийн хувьд:

Шүүх энэ нөхцөл байдлыг ямар баримтаар хэргийн хэддүгээр хуудсанд байгаа нотлох баримтад үндэслэж дүгнээд байгаа нь тодорхойгүй, хэт хийсвэр байдлаар захиргааны байгууллагын тогтоох ёстой асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгчийн хувьд барилга барина барилгын ажил зогслоо гэж ер маргаагүй, цэцэрлэг, үйлчилгээ гэх зориулалтын хүрээнд үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрхийг сунгасан шийдвэрээс хойш хүнсний дэлгүүр ажиллуулах үүднээс зохих зөвшөөрлийг авч, хөрөнгө оруулалтуудыг хийсний дараа яагаад ингэж хүчингүй болгох байдлаар хохирол учруулсан, өөрсдөө хуульд нийцэж байгаа гэж өгсөн, сунгасан атлаа хуульд нийцээгүй, хууль зөрчсөн гэж буруутгаж байгаа нь нотлох баримт бусад үндэслэлүүдээр тогтоогдохгүй байна гэж маргасан. Гэтэл шүүхээс эдгээр үндэслэлүүдийг авч үзээгүй, газартаа барилга барих асуудлыг зөвшөөрөл олгох эрхий бүхий байгууллагууд шийдвэрлэх болохоос бус шүүх хэрэг шийдвэрлэхдээ олон нийтийн эрх ашгийг зөрчихөөр байна гэж тогтоох нь бас л дээр дурдсан хуулиар олгогдоогүй эрх, үүргийг хэрэгжүүлж байна. Захиргааны актын 2 үндэслэл нь зохих хуулийн заалтуудад нийцэж байгаа эсэхийг хянах болохоос бус ийм байдлаар дүгнэлт хийх нь үндэслэлгүй гэж үзэж байна. Товчхондоо ирээдүйд бий болж магадгүй барилгажилт ямар байдлаар нийтийн эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх нь энэ хэргийг шийдвэрлэхэд хэрхэн хамааралтай, уялдаатай байгаа нь хуулийн хувьд ойлгомжгүй байна.

Энэхүү маргаан өчигдөр гаргасан захирамжаа маргааш өдөр нь хүчингүй болгосон асуудал биш бөгөөд 2012, 2013 онд анх олгож байсан газрыг 2020 онд газар эзэмших эрхийг сунгасан шийдвэр гаргасны дараа дахин хүчингүй болгох захирамж гаргаж байгаа асуудал бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс маш олон зүйлийг хийсэн байдаг ба шүүх хуралдаан дээр ч хэлсэн зориулалтын дагуу ашиглаагүй гэж мэдэгдэл ирж байсан атлаа нийтийн эдэлбэрийн газарт хамаарсан гэх зөрүүтэй зүйл гарч ирсэн хэрэв үнэхээр нийтийн эдэлбэрт хамаарч байгаа бол нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхэд нь болно үүнийг би ярилцаж байгаад шийдвэрлэж болно гэх тайлбар зэргийг анхан шатны шүүхээс анхаараагүй, анхаарч үзсэн бол уг захиргааны актаас болж нэхэмжлэгчийн бодит байдал дээр хохироод байгаа асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг бий болгосон шийдвэрийг гаргах байсан боловч тэгээгүй.

Хот тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөөтэй нийцээгүй энэ үндэслэлийг захиргааны байгууллага яагаад барьсанаа нотолж чадаагүй, эхний үндэслэл болон энэ үндэслэл 2 нь нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн бөгөөд шүүхээс үүнийг дүгнэхдээ 2020 онд газар эзэмших эрхийг сунгахдаа газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй байсан гэж дүгнэсэн нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөг буруугаар тайлбарласан гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгчид 2020 онд шинээр газар эзэмшүүлээгүй, 2013 онд бусдаас шилжүүлэн авсан газрынхаа газар эзэмших эрхийн хугацааг хуульд заасны дагуу хүсэлт гарган сунгуулсан бөгөөд сунгуулах талаар заавал газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгадаггүй, тийм ч зохицуулалт Газрын тухай хуулийн хугацааг сунгах болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах хэсэгт дурдаагүй ба хуульд заагаагүй шаардлагыг шүүх бий болгож хэргийн нөхцөл байдалд хамаатуулж дүгнэсэн гэж үзэж байна. Уг үндэслэл хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй болно.

Иймд эдгээр үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2021/0189 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, мөн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Баас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1138 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг[1] гаргажээ.

Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/1138 дугаар захирамжаар[2]  Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6, 12.8 дахь хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Бын “цэцэрлэг, үйлчилгээний” зориулалтаар эзэмшиж байгаа 203 м.кв газар нь нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газартай давхцаж, хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөөтэй нийцээгүй үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.

Анх Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/34 дүгээр захирамжаар[3] Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 203 м.кв газрыг иргэн Д.Ад 5 жилийн хугацаатай цэцэрлэг, орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1142 захирамжаар[4] газар эзэмших эрхийг иргэн Д.Ааас Ц.Бд шилжүүлж, харин Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/401 дүгээр захирамжаар[5] Ц.Бын эзэмшлийн газрын зориулалтыг “цэцэрлэг, үйлчилгээ” болгон өөрчилж, 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

Ийнхүү нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын зориулалтыг өөрчлөн газар эзэмших эрх олгосон шийдвэр гарснаас хойш 6 сарын дараа маргаан бүхий актыг гаргасан байна.

Маргаан бүхий актаар нэхэмжлэгч Ц.Бын цэцэрлэг, үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байгаа 203 м2 газар нь “нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газартай давхцалтай”, “хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөөтэй нийцээгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмшүүлэх эрх олгосон өмнөх шийдвэрээ хариуцагч захиргаанаас өөрөө хүчингүй болгосон агуулгаар гаргасан.

1.Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “нийтийн эдэлбэрийн газар” гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг” хэлэхээр, 12 дугаар зүйлийн 12.2-т “Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна.” гэж заажээ.

Мөн Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно.”, 46 дугаар зүйлийн 46.1-д “Засгийн газар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмшигч, ашиглагчтай урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглаж болно.” гэж зохицуулжээ.

Эдгээр хуулийн зохицуулалтаас үзэхэд нэг талаас нийтийн эдэлбэрийн газар нь зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон байх шаардлагыг тавьсан, нөгөө талаас гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн газрыг зөвхөн улсын тусгай хэрэгцээнд болон нийтийн эдэлбэрт авах нөхцөлд л нөхөн олговортойгоор газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр Нийслэлийн Засаг дарга солих, эгүүлэн авч, тодорхой хугацаатайгаар төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглах агуулгатай байна.

Хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий газрыг нийтийн эдэлбэрийн газраар буюу нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглахаар тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй[6], тодруулбал, уг газар нь орон сууцны дунд байрладаг нийтийн эдэлбэрийн ямар газарт хамаарч байгаа,  суурины гудамж, талбай, зам, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэгт хамаарах нийтийн эдэлбэрийн газар гэдгийг эрх бүхий этгээдээс тогтоогоогүй, маргаан бүхий акт гаргах явцдаа хариуцагч байгууллагаас энэ байдлыг тогтоосон талаар үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтыг гаргаж өгөөгүй, мөн нийтийн эдэлбэрээр ашиглах үндэслэлээр нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэж, гэрээ байгуулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт “...Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаас үзэхэд тухайн газрыг нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглагдаж буй газар гэж үзэхээр, барилгажих талбай буюу иргэн, хуулийн этгээдэд цэцэрлэг, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх боломжтой газар гэж үзэхээргүй байна..., шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургаас ...орон сууцны хороолол дунд, ...цэцэрлэгийн хашаа болон орон сууцны доторх авто замын хооронд байршуулан..., явган хүний шороон зам гарсан байна..., газар эзэмшүүлсэн зориулалт, хэмжээ, байршлаас үзвэл цэцэрлэг, үйлчилгээний зориулалтаар барилга барих боломжтой талбай гэж үзэхээргүй байна...цэцэрлэгийн хашаа тойроод бага хэмжээний ногоон байгууламж, явган хүний зам бүхий нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглагдахаар газарт ...цэцэрлэг үйлчилгээний зориулалт бүхий давхар барилга баригдах ...барилгажих нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр байна” гэж захиргааны байгууллагаас тогтоогоогүй нөхцөл байдлыг  дүгнэжээ.

Энэхүү дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 12 дугаар зүйлийн 12.2, 46 дугаар зүйлийн 46.2-т гэж заасантай тус тус нийцэхгүй байна.

2.Маргаан бүхий А/1138 дугаар актаар маргаан бүхий газар нь “хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөөтэй нийцээгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

Хариуцагчаас маргаан бүхий газар нь хэдэн онд батлагдсан ямар хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөтэй хэрхэн, ямар байдлаар нийцээгүй талаар маргаан бүхий актад тодорхой заагаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой тайлбарыг өгөөгүй, энэ талаар хэрэгт авагдсан баримтаар мөн тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт “Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас ...шүүхэд ирүүлсэн тодруулгаас үзвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй, ...Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагыг баталсан баримт бичгийн төлөвлөлтийн зургаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, тухайн байршил нь засаг захиргаа, олон нийтийн төв байхаар батлагдсанаас өөрөөр тухайн байршилд нэмж төлөвлөлт хийгдээгүй байна” гэж дүгнэсэн.

Гэсэн атлаа анхан шатны шүүхийн шийдвэрт “...цэцэрлэг үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэхээр тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй байгаа нь ..газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон шийдвэрээ хууль бус гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д нийцсэн, үндэслэлтэй байна.” гэж дүгнэсэн нь маргаан бүхий актад “хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөөтэй нийцээгүй” гэж дурдсанаас өөр үндэслэлээр, тодруубал, маргаан бүхий актад дурдаагүй “цэцэрлэг үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэхээр тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй” гэсэн үндэслэлийг дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

3.Хариуцагчаас нэхэмжлэгчид маргаан бүхий актад заасан үндэслэлээр бус “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох болсныг мэдэгджээ[7].

Үүнээс үзэхэд маргааны бүхий захиргааны акт, түүнийг урьдчилан мэдэгдэх, сонсгох ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх шаардлагад нийцэхгүй байна.

Гэтэл анхан шүүхийн шийдвэрт “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн хэмээх үндэслэлээр сонсох ажиллагаа хийж мэдэгдэл хүргүүлснийг буруутгахааргүй, шийдвэр гаргахаас өмнө эрх нь хөндөгдөх этгээдэд сонсгох, тайлбар гаргах боломжоор хангах хуулийн шаардлагыг хангасан гэж үзлээ” гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй юм.

Дүгнэхэд, маргаан бүхий актад дурдсан нэхэмжлэгч Ц.Бын цэцэрлэг, үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байгаа 203 м2 газар нь “нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газартай давхцалтай”, “хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөөтэй нийцээгүй” гэсэн үндэслэлүүд болон нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосноор нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэх үндэслэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсонгүй.

Үүний учир Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1138 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 48 дугаар зүйлийн 48.2.2, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 12 дугаар зүйлийн 12.2-т заасантай нийцээгүй бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх нь зөрчигдсөн байх тул маргаан бүхий актыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг мөн ханган шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 189 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

          2. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 48 дугаар зүйлийн 48.2.2, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Бын Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1138 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1138 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                            Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                     А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 38 дахь тал

[2] Хэргийн 1-р хав 41 дэх тал

[3] Хэргийн 1-р хав 185 дахь тал

[4] Хэргийн 1-р хав 187-190 дэх тал

[5] Хэргийн 1-р хав 192-194 дэх тал

[6] Хэргийн 1-р хавтас 197, 209 дэх тал

[7] Хэргийн 1-р хавтас 134 дэх тал