Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 0043

 

                                              Р.Бурмаагийн нэхэмжлэлтэй,

хариуцагч С.Жаргалсайханд холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 52 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч : Р.Бурмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч :С.Жаргалсайханд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Бурмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Р.Бурмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Би 2016 оны 05 сарын 03-нд Жаргалсайханд 500 000 төгрөг, 7 сарын 05-нд 500 000 төгрөг зээлсэн бүгд 1 000 000 төгрөг зээлсэн. Ярилцаж тохиролцон 8 сарын 05-нд авах байсан боловч одоо болтол хэрэглэсээр 7 сар болж байгаа юм. Байнга өгнө гэж залилсаар байгаад өгөхгүй юм. Одоо бүүр 2017 оны 02 сарын 05-нд өгнө гээд байгаа. Энэ худлаа хэлж байгаа учир би одоо авмаар байна. Энэ миний тэтгэврийн мөнгө байгаа юм. Энэ мөнгөнөөс болоод гэр бүлд тайван бус байдал үүсч нөхөртэйгээ хэрэлдэх явдал гарч байгаа. Би 2017 оны 02 сарын 05-нд өгье гэсэн ч зөвшөөрөхгүй. Одоо авмаар байна. Миний 1 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. ...С.Жаргалсайханаас хүү гэж 6,7 сард нийлээд 150 000 төгрөг, 8 сард 150 000 төгрөг, 9 сард 150 000 төгрөг авсан, 10 сард 99 000 төгрөг авсан. ...7 сард наадмаар ундаа зарах гэсэн юм гээд мөнгө гуйхаар нь дахин 250 000 төгрөг өгсөн. Үүнийгээ хүүтэй өгөөгүй, 3 хонуулаад өгнө гэхээр нь өгсөн юм. Энэ 250 000 төгрөгөө тэгээд буцаагаад авчихсан, энэ нэхэмжлэлд ороогүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Р.Бурмаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй болох талаар дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Р.Бурмаа хариуцагч С.Жаргалсайханд 2016.05.03-нд 500 000 төгрөг, 2016.07.05-нд 500 000 төгрөг нийт 1 000 000 төгрөг өгсөн гэж бичжээ. Гэтэл 2016.05.03-ны өдөр 400 000 төгрөг өгөхдөө хүү гэж 30 000 төгрөгийг нь авч үлдээд 470 000 төгрөг өгсөн бөгөөд 2016.05.18-ны өдөр хариуцагч С.Жаргалсайханы төрсөн охин Солонго Хаан банкин дэх 5091138050 дугаартай дансанд нь 410 000 төгрөг шилжүүлснийг маргааш нь буюу 2016.05.19-ны өдөр аваад Р.Бурмаад өгсөн болохыг охин Н.Солонго гэрчлэх юм. 2016.06.20-нд 100 000 төгрөг өгөөд долоо хоногт 80 000 төгрөгийг ашиг олохоор шинэ сүлжээ гарлаа чиний өмнөөс 11 000 төгрөг, хүү Мөнхбатынхаа нэрийн өмнөөс 11 000 төгрөг, иргэн Сувдаагийн өмнөөс 11 000 төгрөг, Мандахзул, Дашдулам, Цагаанхүү, Уянга, Бадам нарын өмнөөс тус бүр 11 000 төгрөг нийт 99 000 төгрөг төлсөн. Миний энэ тушаасан мөнгийг Виткан зоос сүлжээний захирал Жаргалаас, Р.Бурмаа авчихсан байсан. Энэ талаар Жаргал захирал нь гэрчлэх болно. 2016.07.05-нд 500 000 төгрөгийг сүлжээнд олон хүн оруулсаны ашиг гэж өгсөн боловч 2016.08.08-ны өдөр надаас 120 000 төгрөг 2016.09.10-ны өдөр надаас 200 000 төгрөг, 2016.08.01-ний өдөр Дашдулам, Солонго, Мөнхбат болон өөрийн нэрийн өмнөөс 35 000 төгрөг нийт 140 000 төгрөг өгсөн байна. 470 000 төгрөг аваад 959 000 төгрөг Р.Бурмаад өгсөн байна. Дээрх 959 000 төгрөг авсан болохоо хүлээн зөвшөөрч ярьсан болох нь шүүх хурал дээр өгч судлуулах сидигээр нотлогдох юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 52 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан С.Жаргалсайханаас 451 000 төгрөг гаргуулан Р.Бурмаад олгож, нэхэмжлэлээс 549 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 28 550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 14 180 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч Р.Бурмаа тус шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч С.Жаргалсайханд 1.0 сая төгрөг зээлдүүлээд нэг ч төгрөг аваагүй мэтээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан.Гэтэл шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад 2016-05-03-ны өдөр хариуцагчид 500.000 төгрөг өгөөгүй 470.000 төгрөг өгсөн болохоо,2016-0603-аас 2016-07-03-ыг хүртэл 500.000 төгрөгөө 15%-иар бодож 75.000*2 сар=150.000 төгрөг авсан болохоо,2016-07-05-ны өдөр дахиад 500.000 төгрөг зээлдүүлж 2016-07-05-аас 2016-08-05-ны хооронд 150.000 төгрөг,2016-08-05-аас 09-р сарын 05-ны хооронд 150.000 төгрөг, 11 -р сад 99.000 төгрөг,2016 оны 5-р сард 400.000 төгрөг.сүлжээнд ор гэж 4 хүний нэр дээр /35.000*4=140.000 төгрөг тушаалгасан энэ мөнгөө Бурмаа өөрөө буцааж авна гэсэн/ нийт 1.089.000 төгрөг буцааж авсан гэдгээ хэлдэг.Нэхэмжпэгч хариуцагч нар үнэн зөв тайлбар мэдүүлгийг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй байтал нэхэмжлэгч Р.Бурмаа авсан мөнгөө аваагүй мэтээр худлаа ярьдаг.Хариуцагч Жаргалсайхан зээл авах гэж өөрөө нэхэмжлэгч дээр очиж байгаагүй бөгөөд нэхэмжлэгч өөрөө ажил дээр нь ирж мөнгө зээлдүүлэх сүлжээнд оруулах зэрэг үйлдлүүдийг хийж байсан гэдэг. Иймд: Хэргийг хянан үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                ХЯНАВАЛ:       

          Нэхэмжлэгч Р.Бурмаа нь хариуцагч С.Жаргалсайханд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 1.000.000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

            Анхан шатны шүүх хэргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан С.Жаргалсайханаас 451000 төгрөг гаргуулан Р.Бурмаад олгож, нэхэмжлэлээс 549 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

           Шүүх хуралдаанд судлагдсан Р.Бурмаа, С.Жаргалсайхан нарын хооронд утсаар ярьсан ярианы бичлэгээс үзэхэд: ...С.Жаргалсайхан 400 000 төгрөг чамд өгсөн биздээ гэхэд, Р.Бурмаа тэрний чинь 250 000 төгрөг нь чиний наадмаар авсан 250 000 төгрөг биздээ, 150 000 төгрөгийг нь хүү гэж бодсон гэснийг хариуцагч үгүйсгээгүй, мөн няцаагаагүй болно. Иймд наадмаар аваад буцаагаад өгсөн гээд буй 250 000 төгрөг нь нэхэмжлэлийн үийн дүнд ороогүй, нэхэмжлэлтэй хамааралгүй болох нь нотлогдож байна.

           Хариуцагч, нэхэмжлэгчид хэдэн төгрөг өгсөн талаараа хэрэгт нотлох баримт ирүүлээгүй, харин нэхэмжлэгч нийт 1,0 сая төгрөгнөөс 549 000 төгрөгийг хүү гэж буцааж авсан талаар маргаагүй.

           Нэхэмжлэгч 1 000 000 төгрөгийг хүүтэй зээлүүлсэн талаар бичгийн гэрээ хийгээгүй байх ба, хэргийн 14 дүгээр хуудас дахь тохиролцоо нь он сар өдөр нь засвартай нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байх тул энэ гэрээг үндэслэн хүүтэй зээлүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Иймд хүү нэхэмжлэх эрхгүй гэж үзнэ.

           Тиймээс 1 000 000 төгрөгийг Р.Бурмаа нь хариуцагч С.Жаргалсайханд зээлүүлсэн, С.Жаргалсайхан нь 459.000 төгрөг буцааж өгсөн болох нь нотлогдож байх тул хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл 451.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж шүүх үзэв гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

         Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хэргийг хянан үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

        Хариуцагч С.Жаргалсайханы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14.180 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 52 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч С.Жаргалсайханы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14.180 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

                            ШҮҮГЧИД                                                    С.УРАНЧИМЭГ

                                                                                                 Б.БАТТӨР