Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2017/00052

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 69-10 тоотод оршин суух, Дээд чоно овгийн Ренчингийн Бурмаа /ФМ61011029/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 52-16 тоотод оршин суух, Боржигон овгийн Содномпилжээгийн Жаргалсайхан /ФД58121020/-д холбогдох

“Зээлийн гэрээний үүрэг 1 000 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Бурмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Р.Бурмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Би 2016 оны 05 сарын 03-нд Жаргалсайханд 500 000 төгрөг, 7 сарын 05-нд 500 000 төгрөг зээлсэн бүгд 1 000 000 төгрөг зээлсэн. Ярилцаж тохиролцон 8 сарын 05-нд авах байсан боловч одоо болтол хэрэглэсээр 7 сар болж байгаа юм. Байнга өгнө гэж залилсаар байгаад өгөхгүй юм. Одоо бүүр 2017 оны 02 сарын 05-нд өгнө гээд байгаа. Энэ худлаа хэлж байгаа учир би одоо авмаар байна. Энэ миний тэтгэврийн мөнгө байгаа юм. Энэ мөнгөнөөс болоод гэр бүлд тайван бус байдал үүсч нөхөртэйгээ хэрэлдэх явдал гарч байгаа. Би 2017 оны 02 сарын 05-нд өгье гэсэн ч зөвшөөрөхгүй. Одоо авмаар байна. Миний 1 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. ...С.Жаргалсайханаас хүү гэж 6,7 сард нийлээд 150 000 төгрөг, 8 сард 150 000 төгрөг, 9 сард 150 000 төгрөг авсан, 10 сард 99 000 төгрөг авсан. ...7 сард наадмаар ундаа зарах гэсэн юм гээд мөнгө гуйхаар нь дахин 250 000 төгрөг өгсөн. Үүнийгээ хүүтэй өгөөгүй, 3 хонуулаад өгнө гэхээр нь өгсөн юм. Энэ 250 000 төгрөгөө тэгээд буцаагаад авчихсан, энэ нэхэмжлэлд ороогүй” гэжээ.

Хариуцагч С.Жаргалсайхан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь 2016 онд “Хүлэг” хүнсний захын ойролцоо явган хүний зам дагуу наймаа хийдэг байсан. 2016 оны хавар 3-р сард Бурмаатай таарсан. Бид 2 нэг дор ажилладаг байсан. 2-3 удаа над дээр ирээд “Ерхөг монгол нэг” сүлжээнд ажилладаг чи орооч намайг ирэх тоолондоо ятгадаг байсан. 5-1-т оффист байдаг чи сургалтанд суугаач би хүүтэй мөнгө зээлдэг, чи наймаа хийдэг хүн юм чинь 2 хоногт 40, 40 мянган төгрөг авна гээд намайг оруулах гээд янз бүрийн арга хэрэглэж оруулсан. Намайг бас хохироосон. Мөн ажил хийлгэхгүй ятгаж, утсаар яриад салахгүй болохоор нь сүлжээнд орсон. Тэгээд 5 сарын 3-нд 400 000 төгрөг өгсөн. 5 сарын 19-нд өгсөн. 15%-ийн хүүтэй гэж хэлсэн. 370 000 төгрөг өгчихөөд 400 000 төгрөг болгож өгөөрэй гэсэн. 5.19-нд Хаан банкны Төгөл АТМ-аас авч өгсөн. Надад 1 000 000 төгрөгөө цувуулан өгсөн. 6 сарын 20-оор 100 000 төгрөг, 7 сарын 05-нд 500 000 төгрөг өгсөн. Өгөхдөө мөнгөний хүүгээр амьдрахад болоод байх юм гэж ярьсан. Мөн чи хүүгээ өгөөд байвал 1 жил хэрэглэсэн ч болно гэсэн. Би 8 сарын 8-нд 120 000 төгрөг, 9 сарын 10-нд 200 000 төгрөг, 10 сарын 11-нд. Намайг зодож байж Жаргал захирлаас 100 000 төгрөг авсан. Би хүнд өвчтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэн хүн юм. Бурмаа ч өөрөө намайг утсаар маш ихээр доромжилж байсан. Намайг ч сүлжээ гэж өөрөө их мөнгө авч хохироосон хүн шүү дээ. Би энэ мөнгийг төлөх шаардлагагүй гэж үзэж байна. Бурмаа өөрөө маш их зальтай хүүхэн юм. Би энэ мөнгийг төлөхгүй. Өөрөө намайг сүлжээ гэж хохироосон өрөнд давхар оруулсан юм гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Р.Бурмаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй болох талаар дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Р.Бурмаа хариуцагч С.Жаргалсайханд 2016.05.03-нд 500 000 төгрөг, 2016.07.05-нд 500 000 төгрөг нийт 1 000 000 төгрөг өгсөн гэж бичжээ. Гэтэл 2016.05.03-ны өдөр 400 000 төгрөг өгөхдөө хүү гэж 30 000 төгрөгийг нь авч үлдээд 470 000 төгрөг өгсөн бөгөөд 2016.05.18-ны өдөр хариуцагч С.Жаргалсайханы төрсөн охин Солонго Хаан банкин дэх 5091138050 дугаартай дансанд нь 410 000 төгрөг шилжүүлснийг маргааш нь буюу 2016.05.19-ны өдөр аваад Р.Бурмаад өгсөн болохыг охин Н.Солонго гэрчлэх юм. 2016.06.20-нд 100 000 төгрөг өгөөд долоо хоногт 80 000 төгрөгийг ашиг олохоор шинэ сүлжээ гарлаа чиний өмнөөс 11 000 төгрөг, хүү Мөнхбатынхаа нэрийн өмнөөс 11 000 төгрөг, иргэн  Сувдаагийн өмнөөс 11 000 төгрөг, Мандахзул, Дашдулам, Цагаанхүү, Уянга, Бадам нарын өмнөөс тус бүр 11 000 төгрөг нийт 99 000 төгрөг төлсөн. Миний энэ тушаасан мөнгийг “Виткан зоос” сүлжээний захирал Жаргалаас, Р.Бурмаа авчихсан байсан. Энэ талаар Жаргал захирал нь гэрчлэх болно. 2016.07.05-нд 500 000 төгрөгийг сүлжээнд олон хүн оруулсаны ашиг гэж өгсөн боловч 2016.08.08-ны өдөр надаас 120 000 төгрөг 2016.09.10-ны өдөр надаас 200 000 төгрөг, 2016.08.01-ний өдөр Дашдулам, Солонго, Мөнхбат болон өөрийн нэрийн өмнөөс 35 000 төгрөг нийт 140 000 төгрөг өгсөн байна. 470 000 төгрөг аваад 959 000 төгрөг Р.Бурмаад өгсөн байна. Дээрх 959 000 төгрөг авсан болохоо хүлээн зөвшөөрч ярьсан болох нь шүүх хурал дээр өгч судлуулах сидигээр нотлогдох юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчидын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Бурмаа нь хариуцагч С.Жаргалсайханд холбогдуулан “1 000 000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ: хэргийн 14 дүгээр хуудас дахь гэрээ /тохиролцоо/-г үндэслэн, 1,0 сая төгрөгийг С.Жаргалсайханаас гаргуулахаар шаардсан.

Хариуцагч С.Жаргалсайхан нь Р.Бурмаагаас 2016.05.03-нд 400 000 төгрөг, 2016.06.20-нд 100 000 төгрөг, 2016.07.05-нд 500 000 төгрөгийг авсан, ингэхдээ мөнгөний хүүгээр амьдархад болоод байх юм, хүүгээ өгөөд байвал чи 1 жил ч хэрэглэсэн болно гэж хэлсэн талаар тайлбартаа бичсэн байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба зээлийн гэрээгээр “зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.  

Нэхэмжлэгч, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Р.Бурмаа: “...С.Жаргалсайханаас хүү гэж 6, 7 сард нийлээд 150 000 төгрөг, 8 сард 150 000 төгрөг, 9 сард 150 000 төгрөг авсан, 10 сард 99 000 төгрөг авсан. ...7 сард наадмаар ундаа зарах гэсэн юм гээд мөнгө гуйхаар нь дахин 250 000 төгрөг өгсөн. Үүнийгээ хүүтэй өгөөгүй, 3 хонуулаад өгнө гэхээр нь өгсөн юм. Энэ 250 000 төгрөгөө тэгээд буцаагаад авчихсан, энэ нэхэмжлэлд ороогүй” гэж тайлбарласан.

Шүүх хуралдаанд судлагдсан Р.Бурмаа, С.Жаргалсайхан нарын хооронд утсаар ярьсан ярианы бичлэгээс үзэхэд: ...С.Жаргалсайхан 400 000 төгрөг чамд өгсөн биздээ гэхэд, Р.Бурмаа тэрний чинь 250 000 төгрөг нь чиний наадмаар авсан 250 000 төгрөг биздээ, 150 000 төгрөгийг нь хүү гэж бодсон гэснийг хариуцагч үгүйсгээгүй, мөн няцаагаагүй болно. Иймд наадмаар аваад буцаагаад өгсөн гээд буй 250 000 төгрөг нь нэхэмжлэлийн үийн дүнд ороогүй, нэхэмжлэлтэй хамааралгүй болох нь нотлогдож байна.

Хариуцагч, нэхэмжлэгчид хэдэн төгрөг өгсөн талаараа хэрэгт нотлох баримт ирүүлээгүй, харин нэхэмжлэгч нийт 1,0 сая төгрөгнөөс 549 000 төгрөгийг хүү гэж буцааж  авсан талаар маргаагүй.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан.

Нэхэмжлэгч 1 000 000 төгрөгийг хүүтэй зээлүүлсэн талаар бичгийн гэрээ хийгээгүй байх ба, хэргийн 14 дүгээр хуудас дахь тохиролцоо нь он сар өдөр нь засвартай нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байх тул энэ гэрээг үндэслэн хүүтэй зээлүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Иймд хүү нэхэмжлэх эрхгүй гэж үзнэ.

Тиймээс 1 000 000 төгрөгийг Р.Бурмаа нь хариуцагч С.Жаргалсайханд зээлүүлсэн, С.Жаргалсайхан нь 459 000 төгрөг буцааж өгсөн болох нь нотлогдож байх тул хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл 451 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.     

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28 550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 14 180 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

Нэхэмжлэгчээс нотлох баримтаар ирүүлсэн “Ерхөн арвай үндэсний сүлжээ” ХХК-ийн гэрчилгээ, тус компанид элссэн гэх хүмүүсийн нэрстэй баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, нотариатаар гэрчлэгдээгүй, гарын үсэг зурагдаагүй баримтууд байх ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болохгүй байгааг дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан С.Жаргалсайханаас 451 000 төгрөг гаргуулан Р.Бурмаад олгож, нэхэмжлэлээс 549 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 28 550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 14 180 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ХИШИГДАВАА