Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2021/0316

 

 

Б.Бийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, Б.У нарыг оролцуулан хийж, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 07 дугаар шийдвэртэй, Б.Бийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 7 дугаар шийдвэрээр: “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 г, Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Б. Б-гийн, Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүрьеэгийн эмнэлгийн барилгын доорхи 4000 м.кв газрыг Б.Бт шилжүүлэн эзэмшүүлэх, газар ашиглалтын зориулалт өөрчлүүлэх утга бүхий хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг газрыг Б.Бт Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 347 дугаар тогтоол, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 8 дугаар хуралдааны 04 тоот тогтоолын дагуу эзэмшүүлэх, зориулалт өөрчлүүлэх тухай гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн захиргааны акт гаргахыг Дорнод аймгийн Засаг дарга М.Б-д даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагч Дорнод аймгийн Засаг дарга М.Б тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: “...Нэхэмжлэгч Б.Б нь дээрх тогтоолд нийцүүлэн эрүүл мэндийн үйлчилгээний зориулалтаар тухайн газраа эзэмших хүсэлт гаргасан нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 347 дугаар тогтоол Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 8 дугаар хуралдааны 04 дүгээр тогтоолыг тус тус зөрчөөгүй байна” гэж дүгнэсэнд гомдол гаргаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 347 дугаар тогтоолоор “... Чойбалсан хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г баталсан. Тус тогтоолыг үндэслэж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 08 дугаар хуралдааны 04 дүгээр тогтоолоор Эрүүл мэндийн бүсэд тухайн зориулалтаас өөр зориулалтаар шинээр газар олголт хийх, эрүүл мэндийн үйлчилгээнээс бусад зориулалтаар газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, шилжүүлэх үйл ажиллагааг тус тус зогсоохыг аймгийн Засаг даргад үүрэг болгосон.

Дээрх аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 04 дүгээр тогтоолд зааснаар Эрүүл мэндийн бүсэд тухайн зориулалтаас өөр зориулалтаар шинээр газар олголт хийх үйл ажиллагааг зогсоосон болно.

Түүнчлэн иргэн Б.Б нь тухайн газрын хууль ёсны эзэмшигч биш болно. Учир нь маргаан бүхий газрыг аймгийн Засаг даргын 2006 оны 195 дугаар захирамжаар Соёл мэдээллийн төвийн зориулалтаар Бүгд Найрамдах Солонгос Улсын харьяат Өрнө дорнын соёл хөгжлийн харилцааны зөвлөл”-д ашиглах эрхтэйгээр гэрчилгээ олгосон байдаг. Тухайн газрыг иргэн Б.Б нь тус байгууллагаас гэрээний үндсэн дээр шилжүүлж авсан байна.

Эзэмших эрх нь Газрын тухай хуульд зааснаар эрхий гэрчилгээгээр олгогддог болно. Гэтэл ашиглах эрхтэйгээр олгогдсон газрыг гэрээний үндсэн дээр эзэмших эрхтэй болсон үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болно.

Нөгөөтэйгүүр иргэн Б.Б нь маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч биш хэрнээ Эрүүл мэндийн бүсэд Эрүүл мэндийн үйлчилгээний зориулалтаар тухайн газрыг эзэмшихээр хүсэлт гаргаж байгаа хууль зөрчсөн үйлдэл байхад анхан шатны шүүхээс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 04 дүгээр тогтоолыг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болно.

Анхан шатны шүүх нь шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: “... Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Б нь өөрийн үл хөдлөх хөрөнгийнхөө доорх газрыг эзэмших эрхтэй” гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Газрын тухай хуульд ашиглах эрхтэйгээр олгогдсон газрыг бусдад эзэмшүүлнэ гэсэн зохицуулалт байхгүй болно.

Уг маргаан нь газартай холбоотой буюу нийтийн эрх зүйн харилцааны хүрээнд үүссэн асуудал байтал Иргэний хуулийг иш татаж шүүх нь шийдвэрээ үндэслэсэн нь Захиргааны ерөнхий хуульд заасан хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн болно. Мөн иргэн Б.Бт маргаан бүхий газрыг Газрын тухай хууль болон “Газар ашиглах эрх шилжүүлэх гэрээ”-нд заагдсаны дагуу ашиглах эрх хууль ёсны дагуу шилжиж очоогүй байхад үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг олж авсан байдаг.

Гэтэл анхан шатны шүүхээс маргаан бүхий газар дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь иргэн Б.Б тул өөрийн үл хөдлөх хөрөнгийнхөө доорх газрыг эзэмших эрхтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүх нь шийдвэрийнхээ үндэслэх нь хэсэгт: “... Сүрьеэгийн эмнэлгийн барилгын доорх 4000 м.кв газрыг Б.Бт шилжүүлэн эзэмшүүлэх, газар ашиглалтын зориулалт өөрчлүүлэх утга бүхий хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг газрыг Б.Бт Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 347 дугаар тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 04 дүгээр тогтоолын дагуу эзэмшүүлэх, зориулалт өөрчлүүлэх тухай гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн захиргааны акт гаргах нь зүйтэй” гэж дүгнэсэнд гомдол гаргаж байна.

Иргэн Б.Б нь маргаан бүхий газрыг гэрээний үндсэн дээр “Бүгд Найрамдах Солонгос Улсын харьяат Өрнө дорнын соёл хөгжлийн харилцааны зөвлөл”-өөс ашиглах эрхийг олж авсан гэж шүүхэд гаргасан тайлбартаа мэдүүлдэг.

Гэтэл тус иргэн Б.Б болон “Бүгд Найрамдах Солонгос Улсын харьяат Өрнө дорнын соёл хөгжлийн харилцааны зөвлөл” нарын хооронд байгуулагдсан “Газар ашиглах эрх шилжүүлэх гэрээ“-ний 3.6 дугаар зүйлд “..., газар ашиглах эрхийг шилжүүлэх хүсэлт, баримт бичгийг энэхүү гэрээний хамт холбогдох байгууллагад бүртгүүлснээр эрх хүлээн авагчийн газар эзэмших эрх хүчин төгөлдөр болно” гэж заасан бөгөөд өнөөдрийн байдлаар маргаан бүхий газрыг ашиглах эрхийг олж авахаар эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн бүртгэл байхгүй болно.

Газрын тухай хууль болон “Газар ашиглах эрх шилжүүлсэн гэрээ”-нд заагдсанаар иргэн Б.Б нь маргаан бүхий газрын хууль ёсны ашиглагч биш тул тус газрын зориулалтыг өөрчлөх эрх байхгүй болно. Гэтэл анхан шатны шүүх нь газар ашиглах эрхгүй этгээд нь маргаан бүхий газрыг ашиглах эрхтэй гэж үзэж, зориулалтыг өөрчлөхөөр хүсэлт гаргасан байхад түүнийг үндэслэлтэй байна гэж дүгнэн хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан болно.

Иймд 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаартай Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ

ХЯНАВАЛ:

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хангахгүй орхиж шийдвэрлэв.

          Нэхэмжлэгч Б.Б-ээс “Сүрьеэгийн эмнэлгийн барилгын доорхи 4000 м.кв газрыг Б.Б-т шилжүүлэн эзэмшүүлэх, газар ашиглалтын зориулалт өөрчлүүлэх утга бүхий хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг газрыг Б.Б-т эзэмшүүлэх, зориулалт өөрчлүүлэх тухай гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн захиргааны акт гаргуулахыг даалгах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг[1] Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан гаргажээ. 

          1.Анх Дорнод аймгийн Засаг даргын 2006 оны 195 дугаар захирамжаар Дорнод аймгийн Хэрлэн суманд байрлах 2106000100 нэгж талбарын дугаартай 4000 м.кв газрыг соёл, мэдээллийн төвийн зориулалтаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Өрнө, дорнын соёл хөгжлийн харилцааны зөвлөл төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газарт  газар ашиглах эрхийн гэрчилгээг[2] олгож, уг газар ашиглах эрхийг Дорнод аймгийн Засаг даргын 2011 оны Б/273 дугаар захирамжаар[3] 5 жилийн хугацаагаар сунгажээ.

Нэхэмжлэгч Б.Б нь маргаан бүхий 4000 м.кв газрыг ашиглах эрхийг Бүгд Найрамдах Солонгос Улсын Өрнө, дорнын соёл хөгжлийн харилцааны зөвлөл төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газраас 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Газар ашиглах эрх шилжүүлэх гэрээ”[4]-ний дагуу шилжүүлэн авсан, мөн уг газарт байрлах 440 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч[5], уг үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэлтэй[6] гэдэг нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгчээс худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн оршин байгаа 4000 м.кв газрыг “орон сууц барих үйлчилгээний зориулалтаар” ашиглах эрх олгуулах хүсэлтийг[7]  2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр, “соёлын төвийн зориулалтаар” эзэмших эрх олгуулах хүсэлтийг[8] 2017 оны 04 дүгээр сарын 27 өдөр, “эрүүл мэндийн зориулалтаар” эзэмших эрх олгуулах хүсэлтийг[9] 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тус тус хариуцагч байгууллагад хандан гаргажээ.

Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаас 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 244 тоот, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 49 тоот, 2017 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 282 тоот албан бичгээр[10] тус тус “...4000 м.кв газар ашиглах эрхийг иргэд Болдын Батчимэгт шилжүүлэх эзэмшүүлэх, газар ашиглалтын зориулалт өөрчлүүлэх тухай хүсэлтийг дэмжин захирамжийн төсөл боловсруулан хүргүүлэв” гэсэн агуулга бүхий албан бичгүүдийг Дорнод аймгийн Засаг даргад хүргүүлдэг.

Мөн Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 227 тоот албан бичгээр[11]  “...газар ашиглалтын зориулалтыг орон сууц, худалдаа үйлчилгээний болгон өөрчлүүлж эзэмшихээр ирүүлсэн хүсэлтийг аймгийн Засаг даргын дэргэдэх Хот байгуулалтын зөвлөлийн хурлаар хэлэлцэн уг газрын байршил нь Чойбалсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд эрүүл мэндийн бүсэд хамаарагдаж байгаа тул газрын зориулалтыг орон сууц, худалдаа үйлчилгээний зориулалттай болгон өөрчлөхгүйгээр шийдвэрлэсэн болно. Иймд таны хүсэлтийг хүлээн авах боломжгүй бөгөөд газар ашиглах хугацааг сунгахгүй болсныг мэдэгдэж байна.” гэсэн хариуг нэхэмжлэгчид өгсөн.

Нэхэмжлэгчийн “соёлын төвийн зориулалтаар” эзэмших эрх олгуулах хүсэлтийг[12] 2017 оны 04 дүгээр сарын 27 өдөр, “эрүүл мэндийн зориулалтаар” эзэмших эрх олгуулах хүсэлтийг[13] 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гаргасан хүсэлтүүдэд хариуцагч байгууллагаас хариу өгсөн гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдсонгүй.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас “маргаан бүхий газар нь Чойбалсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд эрүүл мэндийн бүсээр төлөвлөгдсөн учир эрүүл мэндийн үйлчилгээнээс бусад зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж, ашиглуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх боломжгүй, Газрын тухай хуульд зааснаар газар ашиглах ойлголт нь Монгол Улсын иргэнд хамаарахгүй, ...Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжид ашиглах эрхтэйгээр олгогдсон газрыг бусдын эзэмшилд шилжүүлэх талаар зохицуулаагүй байна” гэсэн тайлбарыг өгчээ.

2.Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана.” гэжээ.

Энэхүү хуулийн зохицуулалтаас үзэхэд зөвхөн газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлэхийг хуулиар зөвшөөрсөн, харин газар ашиглах эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхийг хуулиар зөвшөөрөөгүй агуулгатай байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д зааснаар хариуцагч захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь хуульд үндэслэх буюу хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй тул хуулиар зөвшөөрөөгүй байтал бусдаас шилжүүлэн авсан нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг үндэслэн түүний газар эзэмших хүсэлтийг хариуцагчаас шийдвэрлэх нь хуульд нийцэхгүй юм. 

Иймд нэхэмжлэгчийн Бүгд Найрамдах Солонгос Улсын Өрнө, дорнын соёл хөгжлийн харилцааны зөвлөл төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газраас “Газар ашиглах эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу шилжүүлэн авсан 4000 м.кв газар ашиглах эрхийг бүхэлд нь хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн “Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжид ашиглах эрхтэйгээр олгогдсон газрыг бусдын эзэмшилд шилжүүлэх талаар зохицуулаагүй байна” гэх тайлбар үндэслэлтэй.

Харин нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт байрлах 440 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэдэг нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөнд хамаарна., Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д ““газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгоно.”, 31 дүгээр зүйлийн 31.1-д “Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Б.Б нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн доор байрлах газрыг эзэмшихээр хүсэлт гаргах эрхтэй юм.

Дүгнэхэд, маргаан бүхий 4000 м.кв-ийг бүхэлд нь нэхэмжлэгч Б.Бт газар эзэмшүүлэхийг хариуцагч байгууллагад даалган шийдвэрлэсэн анхан шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн өмчлөлийн 440 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн доор байрлах газрыг түүнд эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх хэсгийг “Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 31 дүгээр зүйлийн 31.1, 38 дугаар зүйл 38.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Бийн Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сүрьеэгийн эмнэлгийн барилгын доор байрлах 440 м.кв газрыг Б.Бт шилжүүлэн эзэмшүүлэх, газар ашиглалтын зориулалт өөрчлүүлэх утга бүхий хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг 440 м.кв газрыг нэхэмжлэгч Б.Бт  Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 347 дугаар тогтоол, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 8 дугаар хуралдааны 04 тоот тогтоолын дагуу эзэмшүүлэх, зориулалт өөрчлүүлэх тухай гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн захиргааны акт гаргахыг Дорнод аймгийн Засаг даргад даалгасугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хангахгүй орхисугай.   

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                            Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                     А.САРАНГЭРЭЛ

 

 

[1] Хэргийн 16 дахь тал

[2] Хэргийн 9 дэх тал

[3] Хэргийн 26 дахь тал

[4] Хэргийн 8 дахь тал

[5] Хэргийн 6 дахь тал

[6] Хэргийн 5 дахь тал

[7] Хэргийн 43 дахь тал

[8] Хэргийн 11 дэх тал

[9] Хэргийн 83 дахь тал

[10] Хэргийн 39-41 дэх тал

[11] Хэргийн 38 дахь тал

[12] Хэргийн 11 дэх тал

[13] Хэргийн 83 дахь тал