Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 116/ШШ2021/0007

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                 Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

                Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын ... дүгээр баг, Зангиатын .... тоотод оршин суух, Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

                Хариуцагч: Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан,

               Нэхэмжлэлийн шаардлага: “Сүрьеэгийн эмнэлгийн барилгын доорхи 4000 м2 газрыг Б.Бт шилжүүлэн эзэмшүүлэх, газар ашиглалтын зориулалт өөрчлүүлэх утга бүхий хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг газрыг Б.Бт эзэмшүүлэх, зориулалт өөрчлүүлэх тухай гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн захиргааны акт гаргуулахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

               Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                Нэхэмжлэгч Б.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...би Хэрлэн сумын 7-р баг 0 гудамж хаягтай хуучин сүрьеэгийн барилга болох  440 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан “Аз жаргалын үнэн амьдрал” НҮТББ-аас худалдан авсан. “Аз жаргалын үнэн амьдрал” НҮТББ-ыг төлөөлөн тэргүүн Э.Э-рээ байгуулсан ба гэрээгээ нотариатаар баталгаажуулан улсын бүртгэлийн газрын эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж 000388580 дугаартай, улсын бүртгэлийн Ү-0614002750 дугаартай гэрчилгээгээ авсан. Энэ соёл, үйлчилгээний зориулалттай барилгын доорхи “Аз жаргалын үнэн амьдрал” НҮТББ-ын эзэмшил ашиглалтанд байх 4000 мкв талбай бүхий газрын эрхийг үл хөдлөх хөрөнгийн хамт шилжүүлсэн. Уг газар ашиглах эрхийг Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жын 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/273 дугаартай захирамж, газар ашиглах эрхийн 0004501 гэрчилгээгээр давхар баталгаажин шилжүүлэн авсан. Ингээд 2016 оны 04 дүгээр сард аймгийн Засаг даргад хүсэлт гаргасан. Дахин эрхийн хугацаа дуусахаас өмнө Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар ...Засаг дарга М.Бд газар ашиглах, эзэмших эрхийг Б.Бт шилжүүлэн, зориулалтыг нь өөрчлөн хугацааг сунгаж өгнө үү гэсэн утга бүхий өргөдлийг гаргасан.

              Энэ өргөдөл гаргасан хугацаанаас хойш хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй, шийдвэрлэхгүй байгаа шалтгаанаа мэдэгдэхгүй байсан тул эгч Б.С-ээр дамжуулан Засаг дарга М.Бтэй уулзуулсан. Засаг дарга М.Б нь судалж байгаа, хариу өгнө гэсэн боловч өгөхгүй байсан тул удаа дараа уулзаж, өргөдөл хүсэлтээ дахин дахин бичиж өгсөөр байсан. Уулзаад асуухад шийдэж чадаагүй байна, газрыг нь төр аваад нөхөн олговор олгодог юм уу, мөн зориулалтыг нь эмнэлгийн бүсэд байрлаж байгаа учраас эмнэлгийн зориулалтаар болгочихвол болно гэхчилэн хэлсний дагуу би тэр болгонд нь Засаг даргын үгээр өргөдөл хүсэлтээ гаргадаг боловч өргөдлийг маань шийдвэрлэсэнгүй. Манай газрыг ашиглах эрхийг өгөхгүй гээгүй танай өмчлөлд ирсэн үл хөдлөх хөрөнгө учраас шууд хүчингүй болгох боломжгүй харин та нар зориулалтыг нь Дорнод аймгийн хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан энэ байгууламжаа эмнэлгийн бүсийн дагуу ашиглана гэвэл шийдэх боломжтой гэж амаар хэлсэн бөгөөд энэ дагуу зориулалтыг нь өөрчлөх тухай хүсэлтээ дахин өгсөн боловч мөн л хариу өгсөнгүй. Энэ талаар би 2016 оноос хойш 6 удаа бичгээр хандсан. Хамгийн анхны өгсөн өргөдөл маань алга болсон гэсэн. Миний бие хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд энэ байранд үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалтаар үйл ажиллагаа явуулах зорилготой байсан хэдий ч байраа ашиглаж чадаагүй учраас өөр газар түрээсээр үйлдвэрлэлийн байр ашиглаж байна. Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2016.05.09-ний өдрийн 244 тоот албан бичгээр аймгийн Засаг даргад “Өрнө Дорнод соёл, харилцааны зөвлөл”-ийн 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн амбулаторын баруун талд байрлах 4000 мкв газар ашиглах эрхийг иргэн Б.Бт шилжүүлэн эзэмшүүлэх, газар ашиглалтын зориулалт өөрчлүүлэх тухай хүсэлтийг дэмжин захирамжийн төсөл боловсруулан хүргүүлсэн байдаг. Гэвч холбогдох байгууллагынхаа судлан шийдвэрлэж шийдвэр гаргуулах талаар өгсөн саналыг үндэслэн шийдвэр гаргаагүй. Хамгийн сүүлд 2020 оны 12 дугаар сард өгсөн боловч мөн л хариу шийдвэр өгдөггүй гэсэн хэрнээ газар эзэмших эрхийг одоо хүртэл цуцалсан шийдвэр гаргаагүй, газар ашиглах, эзэмших эрхийг дуусгавар болгоогүй юм. Газрын тухай хууль болон Захиргааны Ерөнхий хуульд зааснаар захиргааны акт гаргах эрх бүхий этгээд нь шийдвэр гаргасангүй. Энэ байдлаар шийдвэр гаргахгүй, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хэвээр байх юм байна. Ерөнхийдөө Засаг даргатай уулзаж гаргасан хүсэлтийн хариуг асуухад асуудлыг чинь шийдэж өгнө өө гээд горьдлого төрүүлээд өдий хүрлээ. Иймд Хэрлэн сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байх Бүсийн оношлогоо эмчилгээний амбулаторын барилгын баруун талын хуучин Сүрьеэгийн эмнэлгийн барилгын доорхи 4000 мкв газрыг Б.Бт шилжүүлэн эзэмшүүлэх, газар ашиглалтын зориулалт өөрчлүүлэх утга бүхий хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг газрыг Б.Бт эзэмшүүлэх, зориулалт өөрчлүүлэх тухай гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн захиргааны акт гаргуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

              Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байх хуучин сүрьеэгийн барилга болох 440м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 04 сарын 19-ний өдөр “Аз жаргалын үнэн амьдрал” гэх нийгэмд үйлчилдэг ТББ-аас Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу худалдаж авсан. Ингэхдээ тухайн үл хөдлөх эд хөрөнгийн бүрдэл хэсэг болох газар эзэмших эрхийн гэрчилгээг мөн шилжүүлэн авсны дагуу хоёр талаасаа аймгийн Засаг даргад газар ашиглах эрх шилжүүлэх тухай хүсэлтийг гаргаж өгсөн боловч өргөдлийг хүлээж аваад өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй. Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас газрыг шилжүүлэн эзэмшүүлэхээр захирамжийн төсөл боловсруулж аймгийн Засаг даргад хүргүүлсэн боловч шийдвэр гаргаагүй. Энэ хугацаанд Батчимэг өөрийн төлөөллийг удаа дараа аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар луу явуулж уулзуулж байсан. Байнга уулзаж, шийдвэрлэж өгөх талаар хэлж ярьсаар байхад аймгийн Засаг дарга ямар нэгэн шийдвэр гаргаагүй мөртлөө “...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор 2018 онд тухайн бүсийг эрүүл мэндийн бүс болгосон. Иймд миний зүгээс эрүүл мэндийн бүсэд иргэнд газар олгох боломжгүй байна...” гэсэн. Тиймээс газрыг нөхөн олговортойгоор авах тохиролцоонд хүрсэн. Ингээд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тухайн газрын нөхөн олговорт 150 000 000 төгрөг олгохоор шийдвэр гаргасан боловч тухайн мөнгө олгогдоогүй. Тиймээс “...энэ газрыг эрүүл мэндийн зориулалтаар авъя. Бид аймаг орон нутгийнхаа үйл ажиллагааг дэмжье...” гэдэг байдлаар өргөдлөө өгсөн боловч мөн л шийдвэр гаргаагүй. Энэ хүсэлтээ хамгийн сүүлийн байдлаар 2020 оны 12 сарын 01-ний өдөр тавьсан. Шүүхэд гаргаж өгсөн баримтаас харахад “...таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг 2020 оны 12 сарын 30-ны өдөр иргэн Батчимэгт амаар өгсөн...” талаарх баримт ирүүлсэн байсан. Гэтэл Батчимэгт амаар мэдэгдсэн зүйл огт байхгүй. Өргөдөл гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэж, хариу өгөхгүй байгааг бидний хувьд эс үйлдэхүй гэж үзэж байна. Энэ эс үйлдэхүйгээс болж иргэн Батчимэгийн хувьд 4 жил гаруйн хугацаанд тухайн объектийг ашиглаж чадаагүй. Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор энэхүү газрыг иргэн, хуулийн этгээд эрүүл мэндийн зориулалтаар эзэмшихийг нь хориглоогүй юм байна лээ. Тиймээс иргэн Батчимэг энэхүү зориулалтаар шилжүүлэн авахад хориглох зүйл байхгүй байна гэж үзэж байгаа гэв.

              Хариуцагч Дорнод аймгийн Засаг дарга М.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Аймгийн Засаг даргын 2006 оны 195 дугаар захирамжаар Хэрлэн сумын нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 2106000100 дугаартай 4000 м2 газрыг 5 жилийн хугацаатай соёл мэдээллийн төвийн зориулалтаар Бүгд Найрамдах Солонгос улсын харъяат Өрнө дорнын соёл хөгжлийн харилцааны зөвлөлд ашиглах эрхтэйгээр гэрчилгээ олгосон байна. Мөн аймгийн Засаг даргын 2011 оны А/273 дугаар захирамжаар 5 жилийн хугацаагаар 2016 оны 09 сарын 27-ны өдрийг хүртэл сунгасан. Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 201 дүгээр тогтоолд зааснаар тухайн маргаан бүхий газар нь Чойбалсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд эрүүл мэндийн бүсээр төлөвлөгдсөн учир эрүүл мэндийн үйлчилгээнээс бусад зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж, ашиглуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх боломжгүй байсан...

               Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 347 дугаар тогтоолоор Зүүн бүсийн тулгуур төв Чойбалсан хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталсан. Уг төлөвлөгөөний дагуу эрүүл мэндийн бүсийг төлөвлөлтийн дагуу хөгжүүлэх хүрээнд эрүүл мэндийн бүсэд тухайн зориулалтаас өөр зориулалтаар шинээр газар олголт хийх, эрүүл мэндийн үйлчилгээнээс бусад зориулалтаар газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, шилжүүлэх үйл ажиллагааг зогсоох асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 2018 оны 08 дугаар хуралдаанаар хэлэлцэж, “Эрүүл мэндийн бүсэд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 2018 оны 04 дүгээр тогтоол гаргасан. Тус тогтоолоор Зүүн бүсийн тулгуур төв-Чойбалсан хотын 2030 он хүртэл хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан эрүүл мэндийн бүсэд тухайн зориулалтаас өөр зориулалтаар шинээр газар олголт хийх, эрүүл мэндийн үйлчилгээнээс бусад зориулалтаар газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, шилжүүлэх үйл ажиллагааг зогсоохыг аймгийн Засаг даргад үүрэг болгосон.

             Аймгийн Засаг дарга нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “а”, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т тус тус зааснаар газар эзэмшихээр хүсэлт гаргасан иргэний газрын байршил нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан тохиолдолд тухайн газрыг эзэмшүүлэхээр хуульд тусгайлан заасан болно.

             Мөн Газрын тухай хуульд зааснаар газар ашиглах тухай ойлголт нь Монгол Улсын иргэнд хамаарахгүй бөгөөд газрыг тодорхой болзол, гэрээний дагуу гадаадын иргэн, аж ахуй нэгжид 5 хүртэл жилийн хугацаатайгаар ашиглуулахаар хуульчилсан. Түүнчлэн Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжид ашиглах эрхтэйгээр олгогдсон газрыг бусдын эзэмшилд шилжүүлэх талаар зохицуулаагүй байна. Иймд иргэн, аж ахуй нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдаагүй газар буюу эрүүл мэндийн бүсэд эрүүл мэндийн үйлчилгээнээс бусад зориулалтаар газар эзэмших эрхтэй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Батчимэг нь Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай 4000м2 газар ашиглах эрхийг өөрийн нэр дээр болгон эзэмших хүсэлтийг аймгийн Засаг даргад гаргасан байдаг. Энэ газар нь анх аймгийн Засаг даргын 2006 оны 195 дугаар захирамжаар “Өрнө дорнын соёл харилцааны зөвлөл” гэх байгууллагын нэр дээр ашиглалтын зориулалтаар олгогдсон байгаа. Газар ашиглах хугацааг 2011 оны 273 дугаар захирамжаар 1 удаа сунгасан. Газар ашиглах хугацаа 2016 оны 09 сарын 27-ны өдрөөр дуусгавар болсон. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан Чойбалсан хотын ерөнхий төлөвлөгөөнд тухайн газар нь эрүүл мэндийн бүс гэж төлөвлөгдсөн учир аймгийн Засаг даргад гаргасан иргэн Батчимэгийн хүсэлтийг шийдвэрлэхэд хууль эрх зүйн хүрээнд оновчтой зохицуулалт байхгүй байсан. Учир нь, газар ашиглах харилцаа нь зөвхөн гадаадын иргэн, гадаадын хуулийн этгээд дээр явж байгаа. Түүнчлэн Сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулах зохицуулалт байгаа. Монгол Улсын иргэнд газар эзэмших, өмчлөх хэлбэрээр олгогдож байгаа. Бид үүнийг 2017 онд аймгийн Засаг даргын дэргэдэх Хот байгуулалтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, “...тухайн газар дээр төлөвлөлт таарахгүй учир олгох боломжгүй. Ашиглалтын зориулалтыг эзэмшил болгон өөрчлөх боломжгүй...” гэсэн хариуг иргэнд өгсөн байдаг. Мөн аймгийн Засаг дарга “Өрнө дорнын соёлт харилцааны зөвлөл”-өөс тухайн газрыг орон сууцны болгох, газар ашиглах эрхийг иргэнд шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч, 2016 онд “...боломжгүй...” талаарх хариуг хүргүүлсэн байдаг. 2005 онд батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол оруулж, 2017 оны 347 дугаар тогтоолоор “Зүүн бүсийн хөгжлийн тулгуур төв Чойбалсан хотын 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө”-г баталсан. Энэ төлөвлөгөө хүчин төгөлдөр мөрдөгдөөд явж байгаа. Энэ төлөвлөгөөнд тухайн газар нь мөн эрүүл мэндийн бүс гэж төлөвлөгдсөн байгаа. Түүнчлэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 8 дугаар хуралдаанаар “Эрүүл мэндийн бүсэд авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-г баталж, тогтоол гарсан. Тус тогтоолд “...Чойбалсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан эрүүл мэндийн бүсэд тухайн зориулалтаас өөр зориулалтаар газар эзэмшүүлэх, эзэмших эрхийн хугацааг сунгах, шилжүүлэх үйл ажиллагааг зогсоосугай...” гэж тусгагдсан байгаа. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхийг аймгийн Засаг даргад үүрэг болгосон. Мөн Газрын тухай хуульд зааснаар аймгийн Засаг дарга тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх эрхтэй. Гэтэл “Өрнө дорнын соёлт харилцааны зөвлөл”-ийн нэр дээрх, газар ашиглах эрхийн хугацаа дууссан газрыг иргэний нэр дээр эзэмшүүлэх гэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй. Түүнчлэн тухайн бүсэд зориулалт нь таарахгүй байгаа. Бид “Чойбалсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд зааснаас бусад зориулалтаар газрыг огох боломжгүй байгаа учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

             Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байгаа. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сая тайлбартаа “...өргөдлийг шийдвэрлэхгүй удсан...” гэж байна. Газрын харилцаанаас 2017 оны 04 сарын 20-ны өдөр “...боломжгүй...” гэсэн хариуг иргэн Батчимэгт албан бичгээр өгсөн байдаг. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд өргөдлийг ямар тохиолдолд хүлээн авахгүй, шийдвэрлэхгүй байх талаар заасан байдаг. Энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т “төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй” гэж заасан. Тиймээс бид өнөөдрийг хүртэл хариуг өгөөгүй. Дараагийн нэг асуудал нь ашиглах эрхтэй олгосон газрыг эзэмших эрхтэй болгон шилжүүлэх ямар нэгэн эрх зүйн орчин байхгүй учир эзэмших эрхийн гэрчилгээг гаргах боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

               Нэхэмжлэгч Б.Б нь тус шүүхэд “Сүрьеэгийн эмнэлгийн барилгын доорхи 4000 м2 газрыг Б.Бт шилжүүлэн эзэмшүүлэх, газар ашиглалтын зориулалт өөрчлүүлэх утга бүхий хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг газрыг Б.Бт эзэмшүүлэх, зориулалт өөрчлүүлэх тухай гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн захиргааны акт гаргуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийг гаргажээ[1].

           Аймгийн Засаг даргын 2006 оны 195 дугаар захирамжаар Хэрлэн сумын нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 2106000100 дугаартай 4000 м2 газрыг 5 жилийн хугацаатай соёл мэдээллийн төвийн зориулалтаар Бүгд Найрамдах Солонгос улсын харъяат Өрнө дорнын соёл хөгжлийн харилцааны зөвлөлд ашиглах эрхтэйгээр гэрчилгээ олгосон байна.[2] Мөн аймгийн Засаг даргын 2011 оны А/273 дугаар захирамжаар 5 жилийн хугацаагаар 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл сунгасан[3].

              Нэхэмжлэгч Б.Б нь Хэрлэн сумын 7-р баг 0 гудамж хаягтай хуучин сүрьеэгийн барилга болох  440 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан “Аз жаргалын үнэн амьдрал” НҮТББ-аас худалдан авсан байна. [4]

            Дээрхи объектын доорхи 4000 м2 газрыг Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2016, 2017 онуудад ...газрын зориулалтыг өөрчлөх хүсэлтийг дэмжиж буй төслийг  Дорнод аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна.[5]

          Монгол Улсын Засгийн газрын 2017  оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 347 дугаар тогтоолоор ...Чойбалсан хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталжээ.[6]

              Уг тогтоолыг үндэслэн Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 8 дугаар хуралдааны 04 тоот “Эрүүл мэндийн бүсэд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” тогтоолоор “Зүүн бүсийн тулгуур төв-Чойбалсан хотын 2030  он хүртэл хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд тусгагдсан эрүүл мэндийн бүсэд тухайн зориулалтаас өөр зориулалтаар шинээр газар олголт хийх, эрүүл мэндийн үйлчилгээнээс бусад зориулалтаар газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, шилжүүлэх үйл ажиллагааг тус тус зогсоохыг аймгийн Засаг даргад үүрэг болгожээ.[7]

             Нэхэмжлэгч Б.Б нь дээрхи тогтоолд нийцүүлэн эрүүл мэндийн үйлчилгээний зориулалтаар тухайн газраа эзэмших хүсэлт гаргасан нь Монгол Улсын Засгийн газрын 2017  оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 347 дугаар тогтоол,  Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 8 дугаар хуралдааны 04 тоот тогтоолыг тус тус зөрчөөгүй байна.

               Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэжээ. Иймээс нэхэмжлэгч Б.Б нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгийнхөө доорхи газрыг эзэмших эрхтэй.

                Эмнэлгийн бүсэд газар эзэмшигч, ашиглагчдын судалгаагаар тус бүсэд 11 иргэн, аж ахуйн нэгж янз бүрийн зориулалтаар газар эзэмшиж байна.

         Иймд Сүрьеэгийн эмнэлгийн барилгын доорхи 4000 м2 газрыг Б.Бт шилжүүлэн эзэмшүүлэх, газар ашиглалтын зориулалт өөрчлүүлэх утга бүхий хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг газрыг Б.Бт Монгол Улсын Засгийн газрын 2017  оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 347 дугаар тогтоол,  Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 8 дугаар хуралдааны 04 тоот тогтоолын дагуу эзэмшүүлэх, зориулалт өөрчлүүлэх тухай гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн захиргааны акт гаргах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

                1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “г”, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Б.Бийн, Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Сүрьеэгийн эмнэлгийн барилгын доорхи 4000 м2 газрыг Б.Бт шилжүүлэн эзэмшүүлэх, газар ашиглалтын зориулалт өөрчлүүлэх утга бүхий хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг газрыг Б.Бт Монгол Улсын Засгийн газрын 2017  оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 347 дугаар тогтоол,  Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 8 дугаар хуралдааны 04 тоот тогтоолын дагуу эзэмшүүлэх, зориулалт өөрчлүүлэх тухай гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн захиргааны акт гаргахыг Дорнод аймгийн Засаг дарга М.Бд даалгасугай.

                 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аймгийн Засаг даргын ажлын албанаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн  шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  14  хоногийн дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

                    

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    П.АМАРЖАРГАЛ

 

 


[1] Хавтаст хэргийн 1-2-р хуудас

[2] Хавтаст хэргийн 8-9-р хуудас

[3] Хавтаст хэргийн 26-р хуудас

[4] Хавтаст хэргийн 5-6-р хуудас

[5] Хавтаст хэргийн 39-41-р хуудас

[6] Хавтаст хэргийн 74-75-р хуудас

[7] Хавтаст хэргийн 27-р хуудас