Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2021/0322

 

 

А.Мын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Хосбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаар шийдвэртэй, А.Мын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр: “... Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 4 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан.А.Мад 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “... Иргэн А.М нь 50 нас хүрсэн тул 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн буюу улсад нийт 22 жил 1 сар ажилласан тул өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг хүсэж, Цэнгэл сумын нийгмийн даатгалын байцаагч А.Алтынбект тэтгэвэр тогтоолгох бүхий материалыг хүлээлгэн өгсөн. Нийгмийн даатгалын улсын байцаагч А.А  А.Мын өндөр насны тэтгэврийн материалыг нягтлан шалгаад бүрдэл хангагдсан байна гэж хүлээж авсан. Сумын нийгмийн даатгалын байцаагч А.А  нь анхан шатны нэгжид ажиллаж байгаа төрийн албаны мэргэшсэн хаагчийн хувьд А.Мын өндөр насны тэтгэвэр тогтоолгох бүхий материалын бүрдэл нь хангагдсан, хуульд заасан шаардлагуудыг хангасан гэж хүлээн авч, хувийн хэрэг нээж тэтгэвэр тогтоолгохоор амлалт өгсөн явдалд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байхгүй. Хэрвээ А.Мын өндөр насны тэтгэвэр тогтоолгох материал нь дутуу буюу хуульд заасан шаардлагуудыг хангахгүй байгаа бол сумын нийгмийн даатгалын байцаагч нь материалыг хүлээн авахаас татгалзах ёстой. Иймд албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгч А.М нь 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй түүний өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байна.

А.М-ад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тэтгэврийн хувийн хэргийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс шүүхэд ирүүлсэн бөгөөд уг хувийн хэрэгт үдэгдсэн нотлох баримтуудаас А.М нь улсад 22 жил, 1 сар ажилласан нь нотлогдсон. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т заасан “... 20-оос доошгүй жил тэтгэврийн шимтгэл төлсөн байх” гэсэн шаардлагыг нэхэмжлэгч А.М нь хангасан гэж үзэж байна.

Анхан шатны шүүх “Хэрэг хянан шийдвэрлэх явцад дараах үйл баримт тогтоогдсон ба үүнд Цэнгэл сумын “А  о ” нэгдэл нь 1991 оны үед татан буугдаж, үйл ажиллагаа нь компанийн хэлбэрт шилжсэн байх ба нэгдлийн ажилчид, өмч хөрөнгийг шинээр байгуулагдсан компаниудад хуваарилснаар нэгдлийн өмчид суурилсан “С”, “А”, “А ш”, “С з” нэртэй компаниуд 1991 онд байгуулагдаж, 1992 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна” гэж дүгнэжээ.

Иймд Цэнгэл сумын “А о” нэгдэл нь 1991 оны турш үйл ажиллагаа явуулж байсан, А.Мын ажиллаж байсан гэх “А о” ББХК нь 1991 онд байгуулагдсан гэх боловч 1991 онд үйл ажиллагаа явуулаагүй, 1992 оны 2 дугаар сараас үйл ажиллагаа явуулсан болохыг гэрчүүд Т.А, Н.М, У.Б, Х.Т нарын мэдүүлгүүд болон анхан шатны шүүх өөрөө дүгнэлт хийсэн боловч А.Мын нэхэмжлэлийн шаардлагыг “А о” ББХК 1991 онд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон явдалд гомдолтой байна.

“А о” ББХК нь 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйл ажиллагаа явуулаагүй учраас нийгмийн даатгалын санд шимтгэл төлөөгүй байсан боловч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “А о” нэгдлээс 1991 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 7 дугаартай төлбөрийн даалгавраар 1083 төгрөг 50 мөнгө, 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаартай төлбөрийн даалгавраар 1262 төгрөг 50 мөнгө тус тус нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан нь нотлогдсон. Өөрөөр хэлбэл, 1991 онд Цэнгэл сумын “А о” нэгдэл нь 1991 оны санхүүгийн төлбөрийн даалгавраар 1991 оны 06 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал нийгмийн даатгалын санд шимтгэл тус тус 4 удаа төлж байсан байна. Өөрөөр хэлбэл, 1991 онд Цэнгэл сумын “А о” нэгдэл нь үйл ажиллагаа явуулж байсан ба “А о” ББХК-ийг 1991 онд байгуулагдсан гэх боловч 1992 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлснийг шүүх өөрөө тогтоосон мөртлөө 1991 онд ямар ч үйл ажиллагаа явуулаагүй “А о” ББХК-ийг 1991 онд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байна гэж А.Мын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа асуудалд гомдолтой байна. Учир нь А.М нь 1991 онд Цэнгэл сумын “А о” нэгдэл 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл төлж байсан тул түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй гэх 5 сарыг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд шүүх оруулан тооцон А.Мын нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 110/ШШ2021/0026 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож, “А.М-ад 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

А.М-ын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасан тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой маргаан тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх учиртайг дурдаж байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт өгч чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.

Нэхэмжлэгч А.М-аас Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “А.М-ад 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгчээс тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Цэнгэл сумын нийгмийн даатгалын байцаагчид гаргасан боловч нэхэмжлэгчийг “20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх хуульд заасан шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлээр түүнд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзжээ.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 218 дугаар шийдвэрээр[1] нэхэмжлэгч А.М-ыг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “А о” нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, мөн тус сумын “А о” ББХК-д 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл буюу 1987-1993 он дуустал малчнаар нийт 7 жил ажилласан болохыг тогтоожээ.

Нэхэмжлэгчээс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2002 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тэтгэврийн даатгалын шимтгэлийг Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн дагуу өөрөө нөхөн төлсөн, мөн сайн дурын даатгуулагчийн хувиар 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 1 сарын хугацааны шимтгэл төлж, нэхэмжлэгч өөрөөсөө нийгмийн даатгалын нийт 7 жил, 7 сарын шимтгэлийг төлсөн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5-д заасны дагуу төрүүлсэн хүүхэд бүрийн тоогоор нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаан дээр нэг жил зургаан сарыг нэмж тооцоход нэхэмжлэгчийн 5 хүүхдийн тоогоор нийт 7 жил 6 сарын хугацаа нэмж тооцогдохоор байна.

Үүнээс дүгнэхэд, нэхэмжлэгчийн хувьд нийт 22 жил 3 сар нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн гэж үзэхээр байна.

Хариуцагчаас “нэхэмжлэгчийн шүүхээр тогтоолгосон “А о” ББХК-д 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажилласан 3 жилийн хугацааг “А о” ББХК-иас ажил олгогчийн хувиар нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэсэн үндэслэлээр хуульд заасан 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх хуулийн шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй тул түүнд өндөр насны тэтгэвэр тогтоох үндэслэлгүй” гэж маргасан, харин нэхэмжлэгчээс 19 жил 3 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдалтай хариуцагчаас маргаагүй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө.”,  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шимтгэл төлсөн нийт хугацааг тодорхойлохдоо тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацааны дээр шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан бусад хугацааг нэмж тооцно.”, 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.” гэж тус тус заажээ.

          Иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “А о” ББХК-д малчнаар 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан болох нь тогтоогдсон байхад “А о” ББХК буюу ажил олгогчоос нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгчийг 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагыг хангаагүй гэж буруутгах, түүний өндөр насны тэтгэвэр тогтоолгох, тэтгэмж авах эрхийг үгүйсгэх, хязгаарлах үндэслэл болохгүй юм.

Иймд анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгч А.М-ын Цэнгэл сумын “А о” ББХК-д 1991 онд 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажилласан 6 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед ажил олгогчоос тэтгэврийн даатгалын санд төлсөн нь тогтоогдоогүй ба нэхэмжлэгчийн даатгуулагчийн хувьд тэтгэврийн даатгалын санд шимтгэл төлсөн гэж үзэх нийт хугацаа нь дээр байдлаар 19 жил 7 сар байх тул ...20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй” гэсэн үндэслэлээр хариуцагч байгууллагын нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан үйлдлийг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс гаргасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг “20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх хуульд заасан шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлээр тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариуцагчийн үйлдэл нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2,  4 дүгээр зүйлийн 2-т заасантай нийцээгүй бөгөөд уг татгалзлын улмаас нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагчийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэв.     

          Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө.” гэж заасны дагуу хариуцагч байгууллагаас “А о” ББХК буюу ажил олгогчоос нэхэмжлэгчийн төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр эрх бүхий этгээдэд хандах эрхийг энэхүү шүүхийн шийдвэрээр хязгаарлаагүй гэдгийг дурдах нь зүйтэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2, 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.М-аас Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А.М-д өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, А.М-д 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С-ийн давж заалдах гомдлыг хангасугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.          

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                     А.САРАНГЭРЭЛ

 

 

 

[1] Хэргийн 44-45 дахь тал