Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/00319

 

Н ТББ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/01605 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2160 дугаар магадлалтай,

Н ТББ-ын нэхэмжлэлтэй,

М ТББ-д холбогдох,

Энхтайван найрамдлын ордны барилгыг барихад нийт зардлын 30 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоолгох, тус ордныг бусдад зарсан дүнгээс өөрт ногдох 30 хувьтай тэнцэх хэсгийн үнэ болох 300.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнхийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шажинбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнх, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Н ТББ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1967 оны 09 сарын 29-ний өдрийн 294 дүгээр тогтоолоор Энхтайван найрамдлын фонд байгуулагдаж, 1968 онд Энхтайван Найрамдлын ордныг барих шийдвэр гаргасан байна. Энхтайван найрамдлын ордныг барих болсонтой холбогдуулан Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн дансаас гишүүдийн татварын орлогын мөнгийг Монголын Энхтайван Найрамдлын Байгууллагуудын Холбооны Гүйцэтгэх хорооны шинээр нээсэн дансанд шилжүүлэхэд Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн дансанд 200 гаруй мянган төгрөг үлдсэн баримт байдаг. 1969-1971 онд Энхтайван найрамдлын ордныг барьж байгуулахад Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэг нь нийт санхүүжилтийн 30 хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг гаргасан.  Монголын Энхтайван найрамдлын байгууллагуудын холбооны Гүйцэтгэх хорооны 1971 оны тайланд 1971 оны 11 сарын 01-ний өдрийн байдлаар уг барилгыг барихад нийт 3.500.000 төгрөг зарсны 2.500.000 төгрөгийг Энхтайван найрамдлын фондоос, 1.030.000 төгрөгийг Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн гишүүдийн татвар болон бусад орлогоос санхүүжүүлснийг Монголын Энхтайван найрамдлын байгууллагуудын холбооны 1972 оны 03 сарын 23-ний өдрийн тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн баталсан тогтоолд оруулсан хөрөнгө оруулалтын талаар дурджээ.  Үүнээс гадна 1971 оноос 1991 оныг хүртэл 20 жилийн турш Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн Төв зөвлөл нь Энхтайван найрамдлын ордны барилгын ашиглалтын зардлын 50 хувийг  санхүүжүүлж байсан тул ашиглалтын зардалд хөрөнгө оруулалт хийж байсан гэж үзнэ. Харин Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн нэр өөрчлөгдсөн тул Хамтын нөхөрлөл, тусгаар тогтносон орнуудтай найрамдах Монголын нийгэмлэгүүдийн эвлэл нь цаашид ордны үйл ажиллагаанаас олох ашгийн 30 хувийг авч байх эрх эдлэхээр талууд шийдвэрлэсэн. Гэвч энэхүү шийдвэрийн дагуу Хамтын нөхөрлөл, тусгаар тогтносон орнуудтай найрамдах Монголын нийгэмлэгүүдийн эвлэл нь 30 хувийн ашиг огт авч байгаагүй, Монголын Энхтайван найрамдлын нийгэмлэгүүдийн холбоо нь ашиг орлогоо тодорхойлж, ногдох 30 хувийг өгч байгаагүй атлаа ашиглалтын төлбөр гаргуулахаар 1995 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Чингэлтэй дүүргийн шүүхийн 1995 оны 5 сарын 30-ний өдрийн 309 дүгээр шийдвэрт Хамтын нөхөрлөл, тусгаар тогтносон орнуудтай найрамдах Монголын нийгэмлэгүүдийн Эвлэл нь Энхтайван найрамдлын ордны өмчлөлийн өмчлөлийн асуудлыг Засгийн газар, өмч хувьчлалын комиссоор шийдвэрлүүлсний дараа маргаан гарвал жич нэхэмжлэх эрхтэй гэж заасан, энэхүү  шийдвэрийг Улсын Дээд шүүхийн 1995 оны 11 сарын 27-ний өдрийн 399 дүгээр тогтоолоор хэвээр үлдээсэн. Энхтайван найрамдлын ордны барилгаас өмчлөх эрхийн маргааны талаар Энхтайван найрамдлын ордны барилгыг худалдсан даруйд 2011 оны 10 сарын 24-нд №11/47 тоот албан бичгээр Энхтайван, Найрамдлын төлөө Монголын Холбоонд болон 2012 онд 05 сарын 04-нд №12/7 тоот албан бичгээр "Юнико" ХХК-д тус тус өмчлөлийн маргаантай байгаа талаар мэдэгдсэн бөгөөд Энхтайван найрамдлын ордны барилгыг худалдсан шийдвэр, гэрээ хэлцлийг цуцлах шаардлага тавьж байсан боловч Юнико" ХХК нь Нийн хөрөнгө оруулалт хийсэн, тодорхой хэсгийг нь өмчлөх эрхтэй этгээд гэдгийг мэдсээр байж худалдан авч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан.

Иймд МЗНН буюу одоогийн залгамжлагч Н (ННМЭ) нь ЭТНОрдныг барьж байгуулахад гарсан зардлын нийт үнийн дүн болох 3.500.000 төгрөгөөс 1.030.000 төгрөгийг буюу 30 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг оруулсан болох нь тухайн үеийн МЗНН-ийн гишүүдийн татвар болон бусад орлогоос санхүүжүүлсэн нь МЭТНБ-ын Холбооны Гүйцэтгэх хорооны тайлан болон бусад баримтуудаар нотлогдож байгаа, мөн ЭТНОрдныг ашиглалтад орсон цагаас эхлэн оруулсан хөрөнгө оруулалтынхаа хэмжээнд тохирсон 18 өрөөг зохих ёсоор эзэмшиж, ашиглаж холбогдох бүхий л зардал, төлбөрийг төлж ирсэн тул Энхтайван Найрамдлын Ордны 3054 м.кв талбайтай 3 давхар барилгыг барихад нийт зардлын 30 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоож, Энхтайван, Найрамдлын төлөө Монголын Холбоо (ЭТНТМХ) нь ЭТНОрдныг өмчлөх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээг дангаар авсныг далимдуулан санаа зорилгоос гадуур ЭТНО-ыг дур мэдэн Юнико ХХК-д 1.000.000.000 төгрөгөөр худалдсан байх тул тус ордныг хамтран өмчлөх эрхтэй этгээдийн хувьд худалдан борлуулсан үнийн дүнгээс өөрт ногдох хэсэг болох 300.000.000 төгрөгийг Энхтайван, Найрамдлын төлөө Холбооноос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч МТББ шүүхэд гаргасан тайлбартаа: Монголын Энхтайван, Найрамдлын байгууллага ТББ нь 1958 оны 12 дугаар сарын 09-нд Найрамдал ба гадаадтай соёлоор харилцах хороо нэртэйгээр байгуулагдсан. Одоогоор нэр бүхий, ашгийн бус, нийгэмд үйлчилдэг гишүүн нийгэмлэгүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Манай байгууллагын үйл ажиллагаагаа төвлөрүүлэн явуулдаг байр нь Энхтайван, Найрамдлын ордон байсан бөгөөд уг ордныг анх 1971 оны 08 дугаар сард ашиглалтад оруулан 40 гаруй жил үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1967 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 294 дүгээр тогтоолоор анх Энхтайван Найрамдлын фонд байгуулагдан улмаар 1968 онд ЭТНОрдныг барих шийдвэр гарч, анхны хөрөнгийн эх үүсвэр болох 500.000 төгрөгийг Гандантэгчилэн хийд өгч байжээ. Уг сангийн хөрөнгөөр 1969-1971 онд Энхтайван, Найрамдлын Ордны барилгыг бариулж 1971 оны 08 дугаар сарын 14-нд ашиглалтад оруулснаар тус холбоо өөрийн өмч болох үндсэн хөрөнгөтэй болжээ. ЭТНО-ын барилгыг дээрх Энхтайван, Найрамдлын фондын санхүүжилтээр барьсныг олон жилийн судалгаа, архивын баримт материалд түшиглэн хөдөлбөргүй бүрэн нотолсон байдаг. Энэ ч үүднээс Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 127 дугаар тогтоол, Хууль зүй дотоод хэргийн Сайдын 2003 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1/1642 тоот албан бичиг, Санхүү, Эдийн засгийн Сайдын 2003 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 4-9а/2467 тоот албан бичгийг үндэслэн Төрийн өмчийн хорооны 2003 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 573 дугаар тогтоолоор ЭТНОрдны хөрөнгө оруулалт өмчлөлд төрийн өмчийн оролцоо байхгүй тул төрийн маргаантай өмчийн жагсаалтаас хасах шийдвэр гаргасан болно. Энхтайван, найрамдлын ордны үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 2003 оны 09 дүгээр сарын 18-нд Энхтайван, Найрамдлын төлөө Монголын холбоо нэр дээр олгогдсон. Төрийн бус байгууллагын тухай хуулийг мөрдлөг болгон өмнөх удирдлага уг байгууллагыг Энхтайван, Найрамдлын төлөө Монголын Холбоо нэртэй болгосон ба ерөнхий чуулганаар батлагдсан Энхтайван, Найрамдлын төлөө Монголын холбооны дүрмийн 7.2-т холбооны үндсэн өмч нь Энхтайван, Найрамдлын Ордон болно гэж заасан байна. Тухайн үеийн социалист нийгэмд хувийн өмч байгаагүй тул уг барилгыг барихад гарч буй зардлыг Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн газар хуваарилдаг байсан. Газрын харилцаа, геодизи, зураг зүйн газраас 2003 оны 09 сарын 18-ны өдөр Монголын Энхтайван Найрамдлын Байгууллагын Холбоо ТББ нь дээрх барилгын хууль ёсны өмчлөгч тул 2202007487 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон. Мөн Монголын Энхтайван Найрамдлын Байгууллагын Холбоо ТББ нь 2004 оны 12 сарын 20-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр 048592 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Энэ нь манай байгууллагыг хууль ёсны эрх бүхий өмчлөгч байгааг илтгэн харуулж байна. Мөн 1995 оны 11 сарын 27-ны өдрийн 339 дүгээр Улсын дээд шүүхийн тогтоол болон 2003 онд Монголын Энхтайван Найрамдлын Байгууллагын Холбоо ТББ нь хууль ёсны өмчлөх эрхийн гэрчилгээг албан ёсоор авсныг мэдэж байснаар үл барам шаардлага, санал гаргаж байсан байна. Үүнээс үзэхэд гэрээний үүрэгтэй шаардлага гаргах болон ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/01605 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасны дагуу нэхэмжлэгч НТББ-ыг Энхтайван найрамдлын ордныг барихад 28.7 хувийн хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоон, хариуцагч МТББ-аас 287.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н ТББ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Н ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.657.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч МТББ-аас 1.592.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Найрамдлын Нийгэмлэгийн Монголын Эвлэл ТББ-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2160 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/01605 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 495.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч МТББ-аас 287.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н ТББ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.592.950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ12017/01605 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2160 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай.

Нэхэмжлэгч “Н” ТББ-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байсан. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “ЭТНО-ыг барихад гаргасан нийт зардлын 1.030.000 төгрөг оруулсан болохыг тогтоолгох, мөн нийт зардлын 30 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт оруулсан болохыг тогтоолгох” гэж өөр хоорондоо зөрчилтэй, онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх маргаан бүхий шаардлагыг гаргасан. Гэтэл шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж болохоор байтал хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн. Анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байсныг давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзээд Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 495.3-т заасныг баримтлан өмчлөх ёстой байсан хөрөнгийг зөвшөөрөл авалгүй худалдсан тул өмчлөх эрх зөрчигдсөн байна гэж өөрөөр дүгнэсэн нь эргэлзээ төрүүлж байна. 1995.05.19-ний өдрийн комиссын илтгэх хуудас нь ЭТНО-ыг барихад зарцуулсан хөрөнгийн талаарх тооцоо, судалгаа өөр өөр дүнгээр, бүрэн гүйцэд, тодорхой гаргаагүй байгаа тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй. “Н” ТББ нь анх ЭНТО барьж ашиглалтад оруулснаас хойш өнөөг хүртэл “Монголын Энхтайван Найрамдлын Байгууллага” ТББ-тай хамт, нэг дор үйл ажиллагаагаа явуулсан. Үүнээс гадна ННМЭ ТББ-ын дэд тэргүүн Д.Цогцолмаа нь Энхтайван Найрамдлын төлөө Монголын холбооны ерөнхий чуулганы 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн болон Дэд Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан. Мөн шүүх ЭТНО-ыг өмчлөлийн маргаантай байсныг анх барилга баригдсанаас хойш талууд мэдэж байсан байна гэж дүгнэсэн атлаа 2011 онд тус ордныг худалдах үед өмчлөх эрх нь зөрчигдсөн байна гэж үзсэн. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх боломжтой байсан ... үөэс үүснэ” гэж заасан. Энхтайван Найрамдлын төлөө Монголын Холбоо 2003 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн нэр дээр хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан. 2004 оны 02 дугаар сард ННМЭ ТББ-ын зүгээс тус байгууллагын урьд нь ажиллаж байсан ахмадууддаа хандан явуулж байсан албан бичигт МЭТНБ ТББ нь бидний өмчлөх эрхийг зөрчиж байгаа тул бидэнд тодорхойлолт гаргаж өгнө үү гэж дурдсан байдаг. Энэ бүхнээс үзэхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа нь тодорхой байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/01605 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2160 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангажээ.  

Нэхэмжлэгч “Н” ТББ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Энхтайван найрамдлын ордны барилгыг барихад нийт зардлын 30 хувьтай тэнцэх хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоож, ордныг бусдад зарсан дүнгээс ногдох хэсгийн үнэ 300.000.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1949 оны 5 дугаар сарын 22-ний өдрийн тогтоолоор Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэг байгуулагдсан ба нэрээ 1992 онд Тусгаар тогтносон хамтын нөхөрлөлийн орнуудтай найрамдах Монголын нийгэмлэгүүдийн эвлэл, 1995 онд Хамтын нөхөрлөл, тусгаар тогтносон орнуудтай найрамдах Монголын нийгэмлэгүүдийн эвлэл ТББ, 1998 онд Н ТББ болгон өөрчлөн, үйл ажиллагаагаа явуулж байжээ /хэргийн 20, 21, 24 дүгээр тал/.

МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1959 оны 154 дүгээр тогтоолоор Энхтайван найрамдлын байгууллагын гүйцэтгэх хороог үүсгэн байгуулсан, тус хороо нэрээ удаа дараа өөрчлөн, 2009 оноос хойш МТББ нэрээр улсын бүртгэлд бүртгүүлжээ /хэргийн 1 дүгээр хавтас 44, 236 дугаар тал/. 

Энхтайван найрамдлын ордны барилгыг барих мөнгөн хөрөнгө хуримтлуулах зорилгоор БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1967 оны 194 дүгээр тогтоолоор сан байгуулсан байх ба Энхтайван найрамдлын байгууллагын холбооны гүйцэтгэх хорооны тэргүүлэгчдийн хурлын 1968 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 13 тоот тогтоолоор ордон барих асуудлыг шийдвэрлэж, уг барилгыг 1969-1970 онд багтаан барихаар төлөвлөж, улмаар 1971 оны 08 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгсөн нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.   

Харин уг барилга барихад нэхэмжлэгч хөрөнгө оруулсан эсэх, уг хөрөнгийн хэмжээ болон шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар талууд маргажээ.  

Энхтайван найрамдлын ордныг барихад нийт 3.583.068 төгрөгийн хөрөнгө  зарцуулснаас 58 хувь буюу 2.078.179 төгрөгийг тухайн үеийн Монголын Энхтайван найрамдлын байгууллагын гүйцэтгэх хорооны орлогоор бүрдүүлсэн, үүний 72.1 хувь нь МЗНН-ийн гишүүдийн татвараар бий болгосон нь хэргийн баримтаар тогтоогдсон, хариуцагч үгүйсгэж чадаагүй байна /хэргийн 1 дүгээр хавтас 33-40, 49-51, 142 дугаар тал/.

Хариуцагч нь 2003 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр дээрх барилгын өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, Монголын Энхтайван, найрамдлын төлөө холбооны удирдах зөвлөлийн хурлын 2011 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор  “Юнико” ХХК-д 1.000.000.000 төгрөгөөр худалджээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын эрх зүйн байдлыг зөв тогтоож, нэхэмжлэгч нь ордныг барихад 1.030.000 төгрөгийн хөрөнгө оруулсан, энэ нь нийт санхүүжилтийн 28.7 хувийг эзэлж байна гэж дүгнэн ордныг бусдад худалдан борлуулсны орлого 1 тэрбум төгрөгийн 28.7 хувь буюу 287.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тогтоож чадаагүй, мөн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-т зааснаар хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй ба  эрх бүхий этгээдийн эд хөрөнгийг хариу төлбөртэйгээр захиран зарцуулсан бол түүнээс олсон орлогыг эрх бүхий этгээдэд учирсан хохиролд тооцохоор мөн зүйлийн 495.3-т зохицуулжээ.  

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөв тогтоож, талуудын хооронд бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүсэх үүргийн харилцаа үүссэн гэж үзэж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.

Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн өмчлөх эрх зөрчигдсөнтэй холбоотой маргаан үүссэн, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 76 дугаар зүйлийн 76.1-т нийцсэн тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.  

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2160 дугаар магадлалыг хэвээр үлдээж,хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнхийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 1.592.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ