Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2160

 

 

 

 

 

     2017           10               04   

                    2160

 

 

 

 “А” ТББ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/01605 дугаар шийдвэртэй “А” ТББ-ын нэхэмжлэлтэй хариуцагч “Б” ТББ-д холбогдох

 

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах Энхтайван найрамдлын ордны 3054 м2 талбайтай 3 давхар барилгыг барихад нийт зардлын 30 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоолгох, тус ордныг бусдад зарсан дүнгээс өөрт ногдох 30 хувьтай тэнцэх хэсгийн үнэ болох 300 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э нар оролцов.

 

Нэхэмжлэгч “А” ТББ-ын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэг нь 1947 онд Монголын олон нийтийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан гадаад орнуудтай найрамдал, соёлоор харилцах Монголын анхны нийгэмлэг бөгөөд жил тутам сая гаруй төгрөгийн орлого олдог олон нийтийн байгууллага байсан. Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэг Монголын Энхтайван Найрамдлын Байгууллагуудын Холбоог 1959 онд үүсгэн байгуулсан бөгөөд Монголын Энхтайван Найрамдлын Байгууллагуудын Холбоо нь 1968 он хүртэл өөрийн харилцах дансгүй, зөвхөн Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн Төв зөвлөлийн орлого болон улсын төсвөөс санхүүжиж байсан.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1967 оны 09 сарын 29-ний өдрийн 294 дүгээр тогтоолоор Энхтайван найрамдлын фонд байгуулагдаж, 1968 онд Энхтайван Найрамдлын ордныг барих шийдвэр гаргасан байна. Энхтайван найрамдлын ордныг барих болсонтой холбогдуулан Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн дансаас гишүүдийн татварын орлогын мөнгийг Монголын Энхтайван Найрамдлын Байгууллагуудын Холбооны Гүйцэтгэх хорооны шинээр нээсэн дансанд шилжүүлэн авсан тул Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн дансанд 200 гаруй мянган төгрөг үлдсэн баримт байдаг.

1969-1971 онд Энхтайван найрамдлын ордныг барьж байгуулахад Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэг нь нийт санхүүжилтийн 30 хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг гаргасан байна.

Монголын Энхтайван найрамдлын байгууллагуудын холбооны Гүйцэтгэх хорооны 1971 оны тайланд 1971 оны 11 сарын 01-ний өдрийн байдлаар уг барилгыг барихад нийт 3 500 000 /гурван сая таван зуун мянган/ төгрөг зарсаны 2 500 000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг Энхтайван найрамдлын фондоос, 1 030 000 /нэг сая гучин мянган/ төгрөгийг Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн гишүүдийн татвар болон бусад орлогоос санхүүжүүлснийг Монголын Энхтайван найрамдлын байгууллагуудын холбооны 1972 оны 03 сарын 23-ний өдрийн тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн баталсан тогтоолд оруулсан хөрөнгө оруулалтын талаар дурдсан байна.

Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэг нь Энхтайван найрамдлын ордны барилгад нийт санхүүжилтийн 30 хувьтай тэнцэх хөрөнгө оруулалт хийсэн тул ордныг ашиглалтад ороход оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнд хувь тэнцүүлэн Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн Төв зөвлөлд 1, 2 дугаар давхарт гэрэл зургийн лаборатори болон номын санд зориулан том, жижиг 6 өрөө, 3-р давхарт тус нийгэмлэгийн Төв зөвлөлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, зааварлагчид, ЗХУ сэтгүүлийн эрхлэгч, орчуулагчид, номын сангийн эрхлэгч, гэрэл зургийн тасгийг эрхлэгч нарт нэр заан 6 өрөө, ордны подвалийн давхарт номын фонд, гэрэл зургийн агуулах, кинофильмийн агуулах гэх мэт 6 өрөө, нийтдээ 18 өрөөг хуваарилан эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн юм. Үүнээс гадна 1971 оноос 1991 оныг хүртэл 20 жилийн турш Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн Төв зөвлөл Энхтайван найрамдлын ордны барилгын ашиглалтын зардлын 50%-ийг санхүүжүүлж байсан тул ашиглалтын зардалд хөрөнгө оруулалт хийж байсан гэж үзнэ.

1991 оны 03 сарын 29-ний өдөр байгуулагдсан Хамтарсан комиссын хурлаар Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн Төв зөвлөлийн эзэмшиж байсан 18 өрөө тасалгааны тоог 9 болгон бууруулж тус ордны барилгын 3 дугаар давхрын 7 өрөө болон, подвалийн давхарт өрөө эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Харин Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн нэр өөрчлөгдсөн тул Хамтын нөхөрлөл, тусгаар тогтносон орнуудтай найрамдах Монголын нийгэмлэгүүдийн эвлэл нь цаашид ордны үйл ажиллагаанаас олох ашгийн 30 хувийг авч байх эрх эдлэхээр талууд шийдвэрлэсэн болно.

Гэвч энэхүү шийдвэрийн дагуу Хамтын нөхөрлөл, тусгаар тогтносон орнуудтай найрамдах Монголын нийгэмлэгүүдийн эвлэл нь 30 хувийн ашиг огт авч байгаагүй, Монголын Энхтайван найрамдлын нийгэмлэгүүдийн холбоо нь ашиг орлогоо тодорхойлж, ногдох 30 хувийг өгч байгаагүй атлаа ашиглалтын төлбөр гаргуулахаар 1995 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Үүний хариуд манай Эвлэл Энхтайван найрамдлын ордны барилга барихад анх оруулсан хөрөнгө санхүүгийн хувь хэмжээгээр ордны барилгын тодорхой хэсгийг эзэмших, өмчлөх эрхтэй болохоо тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан. Чингэлтэй дүүргийн шүүхийн 1995 оны 5 сарын 30-ний өдрийн 309 дүгээр шийдвэрт Хамтын нөхөрлөл, тусгаар тогтносон орнуудтай найрамдах Монголын нийгэмлэгүүдийн Эвлэл нь Энхтайван найрамдлын ордны өмчлөлийн өмчлөлийн асуудлыг Засгийн газар, өмч хувьчлалын комиссоор шийдвэрлүүлсний дараа маргаан гарвал жич нэхэмжлэх эрхтэй гэж заасан бөгөөд энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрийг Улсын Дээд шүүхийн 1995 оны 11 сарын 27-ний өдрийн 399 дүгээр тогтоолоор хэвээр үлдээсэн юм.

1997, 2001 оны Төрийн өмчийн улсын үзлэг тооллогод хамрагдаагүй гэдэг үндэслэлээр Энхтайван найрамдлын Ордны өмчлөлийн асуудал шийдэгдээгүй үлдсэн бөгөөд маргаантай өмчийн бүртгэлд орсон ба Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 127 дугаар тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн Сайдын 2003 оны 07 сарын 17-ний өдрийн 1/1642 тоот албан бичиг, Санхүү, эдийн засгийн Сайдын 2003 оны 07 сарын 09-ний өдрийн 4-9а/2467 тоот албан бичгийг үндэслэн Төрийн емчийн хорооны 2003 оны 09 сарын 11-ний өдрийн 573 дугаар Тогтоолоор Энхтайван найрамдлын ордны хөрөнгө оруулалт өмчлөлд төрийн өмчийн оролцоо байхгүй тул Төрийн маргаантай өмчийн жагсаалтаас хасах шийдвэр гаргасан болно.

Манай Хамтын нөхөрлөл, тусгаар тогтносон орнуудтай найрамдах Монголын нийгэмлэгүүдийн Эвлэл нь 1998 онд Бнэртэй болж улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлсэн ба Монголын Энхтайван найрамдлын нийгэмлэгүүдийн Холбоо нь 2005 онд Энхтайван, Найрамдлын төлөө Монголын Холбоо нэртэй болж нэрээ өөрчлөн бүртгүүлсэн юм.

Энхтайван найрамдлын ордны Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 90710005111 улсын бүртгэлийн дугаартай, 1002333 регистрийн дугаартай гэрчилгээг 2009 оны 12 сарын 17-нд Энхтайван, Найрамдлын төлөө Монголын Холбоо ганцхан өөрийн нэр дээр гаргуулан авч дангаараа өмчлөх эзэмших эрхтэй мэт болсон тул Бнь тус ордны барилгын тодорхой хувь хэсгийг өөрийн өмчлөх эрхээ баталгаажуулах санал гаргаж, Энхтайван, Найрамдлын төлөө Монголын Холбоо, түүний удирдлагад байсан нэр бүхий хүмүүст удаа дараа шаардлага хүргүүлж байсан юм. Гэтэл Энхтайван, Найрамдлын төлөө Монголын Холбооны Удирдах зөвлөл нь 2011 оны 06 сарын 24-нд Энхтайван найрамдлын ордныг худалдах шийдвэр гаргаж, Оффис үйлчилгээний объект худалдах, худалдан авах гэрээ-г Юнико ХХК-тай 2011 оны 06 сарын 28-ны өдөр байгуулж гуравдагч этгээд болох манай Эвлэлийн өмчлөх эрхийг зөрчсөн хэлцэл хийсэн.

Энхтайван найрамдлын ордны барилгаас өмчлөх эрхийн маргааны талаар бид Энхтайван найрамдлын ордны барилгыг худалдсан даруйд 2011 оны 10 сарын 24-нд №11/47 тоот албан бичгээр Энхтайван, Найрамдлын төлөө Монголын Холбоонд болон 2012 онд 05 сарын 04-нд №12/7 тоот албан бичгээр "Юнико" ХХК-д тус тус өмчлөлийн маргаантай байгаа талаар мэдэгдсэн бөгөөд Энхтайван найрамдлын ордны барилгыг худалдсан шийдвэр, гэрээ хэлцлийг цуцлах шаардлага тавьж байсан боловч “Юнико" ХХК нь манай Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын Эвлэлийн хөрөнгө оруулалт хийсэн, тодорхой хэсгийг нь өмчлөх эрхтэй этгээд гэдгийг мэдсээр байж худалдан авч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан.

ЭТНТМХ нь “А” ТББ-ын хүч хөдөлмөр, хөрөнгөө шингээн байж босгосон ордныг дангаар худалдан борлуулсны улмаас 70 гаруй жилийн түүхтэй манай байгууллага нь үйл ажиллагаагаа явуулах байргүй, гадаадын зочид төлөөлөгчдийг угтан авах, уулзах газаргүй, үндсэн үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэлтэй нөхцөл байдалд ороод байгаа бөгөөд одоогоор ЭТНТМХ-ны Пийс Тауэр барилгын 17 давхарт байрлах өрөөг түрээсийн гэрээгээр төлбөртэйгээр эзэмшиж ашиглаж байна.

Иймд МЗНН буюу одоогийн залгамжлагч А (ННМЭ) нь ЭТНОрдныг барьж байгуулахад гарсан зардлын нийт үнийн дүн болох 3 500 000 төгрөгөөс 1 030 000 төгрөгийг буюу 30 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг оруулсан болох нь тухайн үеийн МЗНН-ийн гишүүдийн татвар болон бусад орлогоос санхүүжүүлсэн нь МЭТНБ-ын Холбооны Гүйцэтгэх хорооны тайлан болон бусад баримтуудаар нотлогдож байгаа, мөн ЭТНОрдныг ашиглалтад орсон цагаас эхлэн оруулсан хөрөнгө оруулалтынхаа хэмжээнд тохирсон 18 өрөөг зохих ёсоор эзэмшиж, ашиглаж холбогдох бүхий л зардал, төлбөрийг төлж ирсэн тул Энхтайван Найрамдлын Ордны 3054 м.кв талбайтай 3 давхар барилгыг барихад нийт зардлын 30 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоож, Б нь 90710005111 улсын бүртгэлийн дугаартай, 1002333 регистрийн дугаартай ЭТНОрдныг өмчлөх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээг дангаар авсныг далимдуулан санаа зорилгоос гадуур ЭТНО-ыг дур мэдэн “Юнико” ХХК-д 1 000 000 000 /нэг тэрбум/ төгрөгөөр худалдсан байх тул тус ордныг хамтран өмчлөх эрхтэй этгээдийн хувьд худалдан борлуулсан үнийн дүнгээс өөрт ногдох хэсэг болох 300 000 000 (гурван зуун сая) төгрөгийг Б-с гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч “Б” ТББ-ын тайлбарт: “Б” ТББ нь 1958 оны 12 дугаар сарын 09-нд Найрамдал ба гадаадтай соёлоор харилцах хороо нэртэйгээр байгуулагдсан. Одоогоор нэр бүхий, ашгийн бус, нийгэмд үйлчилдэг гишүүн нийгэмлэгүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Манай байгууллагын үйл ажиллагаагаа төвлөрүүлэн явуулдаг байр нь Энхтайван, Найрамдлын ордон байсан бөгөөд уг ордныг анх 1971 оны 08 дугаар сард ашиглалтанд оруулан 40 гаруй жил үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1967 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 294 дүгээр тогтоолоор анх Энхтайван Найрамдлын фонд байгуулагдан улмаар 1968 онд ЭТНОрдныг барих шийдвэр гарч, анхны хөрөнгийн эх үүсвэр болох 500 000 (таван зуун мянган) төгрөгийг Гандантэгчилэн хийд өгч байжээ. Уг сангийн хөрөнгөөр 1969-1971 онд Энхтайван, Найрамдлын Ордны барилгыг бариулж 1971 оны 08 дугаар сарын 14-нд ашиглалтанд оруулснаар тус холбоо өөрийн өмч болох үндсэн хөрөнгөтэй болжээ. ЭТНО-ын барилгыг дээрх Энхтайван, Найрамдлын фондын санхүүжилтээр барьсныг олон жилийн судалгаа, архивын баримт материалд түшиглэн хөдөлбөргүй бүрэн нотолсон байдаг. Энэ ч үүднээс Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 127 дугаар тогтоол, Хууль зүй дотоод хэргийн Сайдын 2003 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1/1642 тоот албан бичиг, Санхүү, Эдийн засгийн Сайдын 2003 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 4-9а/2467 тоот албан бичгийг үндэслэн Төрийн өмчийн хорооны 2003 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 573 дугаар тогтоолоор ЭТНОрдны хөрөнгө оруулалт өмчлөлд төрийн өмчийн оролцоо байхгүй тул төрийн маргаантай өмчийн жагсаалтаас хасах шийдвэр гаргасан болно.

Энхтайван, найрамдлын ордны үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн 90710005111 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг 2003 оны 09 дүгээр сарын 18-нд Энхтайван, Найрамдлын төлөө Монголын холбоо нэр дээр олгогдсон байна. Төрийн бус байгууллагын тухай хуулийг мөрдлөг болгон өмнөх удирдлага уг байгууллагыг Энхтайван, Найрамдлын төлөө Монголын Холбоо нэртэй болгосон ба ерөнхий чуулганаар батлагдсан Энхтайван, Найрамдлын төлөө Монголын холбооны дүрмийн 7.2-т холбооны үндсэн өмч нь Энхтайван, Найрамдлын Ордон болно гэж заасан байна.

2005 оны Ерөнхий Чуулган тус холбооны дүрмийг Монгол Улсын Төрийн бус байгууллагын тухай хуульд нийцүүлэн өөрчилж, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага болгосон төдийгүй Монголын Энхтайван, Найрамдлын төлөө Монголын Холбооны дүрмийг шинэчлэн, ойрын жилүүдийн үндсэн чиглэлийг баталж, тус холбоо нь байгууллагын холбоо (Federation) бүтцээр ажиллаж ирснийг шинэ дүрмээр өөрчилж Энхтайван, Найрамдлын төлөө Монголын Холбоо (Union) болгосноор тус холбоо дотоод гадаадын иргэд хувь хүмүүст нээлттэй өргөн олон нийтийн байгууллага болсон юм.

Ерөнхий чуулганаар батлагдсан Энхтайван, Найрамдлын төлөө Монголын Холбооны Удирдах Зөвлөл 2011 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж, хуралдаанаар Энхтайван, Найрамдлын Ордны барилгыг худалдах шийдвэр, тогтоол гаргаж, хэлэлцэн баталсан. 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Оффис үйлчилгээний объект худалдах, худалдан авах гэрээг “ЮНИКО” ХХК-тай байгуулсан. Уг тогтоолд Энхтайван, Найрамдлын төлөө Монголын Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч, Найрамдлын Нийгэмлэгүүдийн Монголын Эвлэлийн Дэд тэргүүн Д.Цогзолмаа нь санал нэгдэн гарын үсэг зурсан байдаг.

Гэтэл манай нэг гишүүн нийгэмлэг “А” ТББ-ын тэргүүн Ж.Гүррагчаа, дэд тэргүүн Д.Цогзолмаа нар Ерөнхий Чуулганаар батлагдсан дүрэм журам, бусад гишүүн нийгэмлэгүүдээ үл хүндэтгэсэн үйл ажиллагаа явуулж байгаа нь ордны барилгын 30%-ийг өөрсдийн эрх мэдэлд авах гэсэн эрмэлзлэл, энэ нь чуулганаар батлагдсан дүрмээр огт зөвшөөрөгдөхгүй, дүрмийн бус үйлдэл юм.

“А” ТББ-ын нэхэмжлэлийн үндэслэлд уг барилгыг барихад нийт 3 500 000 төгрөг зарсны 2 500 000 төгрөгийг ЭТН фондоос, 1 030 000 төгрөгийг МЗНН-ийн гишүүдийн татвар болон бусад орлогоос санхүүжүүлсэн гэж дурдсан байна. Тухайн үеийн социалист нийгэмд хувийн өмч байгаагүй тул уг барилгыг барихад гарч буй зардлыг Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн газар хуваарилдаг байсан. Өөрөөр хэлбэл ЭТН фонд нь бүх мөнгөө улсад төвлөрүүлж, барилгыг барих мөнгийг жил бүрээр тооцоолон өгдөг байсан байна. Талууд тайланд хэдий ингэж тусгасан боловч оруулсан гэх 1 030 000 төгрөгөөр санхүүжүүлсэн гэх мөнгөний баримт байхгүй байна.

Газрын харилцаа, геодизи, зурагзүйн газраас 2003 оны 09 сарын 18-ны өдөр “Б” ТББ нь дээрх барилгын хууль ёсны өмчлөгч тул 2202007487 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон. Мөн Монголын Б” ТББ нь 2004 оны 12 сарын 20-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр 048592 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Энэ нь манай байгууллагыг хууль ёсны эрх бүхий өмчлөгч байгааг илтгэн харуулж байна. Үүнээс гадна үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардахад хөөн хэлэлцэх хугацаа хамааралтай байдаг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил, гэрээний үурэгтэй холбоотой шаардлага гаргах хөен хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж тус тус заасан. “А” ТББ нь 1990 оноос хойш улс зах зээлийн эдийн засагт шилжсэнтэй холбоотойгоор өмчийн асуудал яригдах үеэс дээрх барилгын өмчлөх эрхийн талаар хөөцөлдөж байсан нь шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсныг харуулж байна. Мөн 1995 оны 11 сарын 27-ны өдрийн 339 дүгээр Улсын дээд шүүхийн тогтоол болон 2003 онд “Б” ТББ нь хууль ёсны өмчлөх эрхийн гэрчилгээг албан ёсоор авсныг мэдэж байснаар үл барам шаардлага, санал гаргаж байсан байна. Үүнээс үзэхэд гэрээний үүрэгтэй шаардлага гаргах болон ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа бүгд дууссан байна.

Иймд “А” ТББ-аас “Б” ТББ-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасны дагуу нэхэмжлэгч “А” ТББ-ыг Энхтайван найрамдлын ордныг барихад 28.7 хувийн хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоон, хариуцагч “Б” ТББ-аас 287 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А” ТББ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч “А” ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 657 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Б” ТББ-аас 1 592 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ТББ-д олгож шийдвэрлэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад тусгагдсан хөрөнгийн хэмжээг өөр өөр байгаа гэж үзэж 3 583 068 төгрөгийн 58 хувь 2 078 179 төгрөг, тус дүнгийн 72.1 хувь нь 1 496 288 төгрөг гэж тооцоолсон. Мөн нэхэмжлэгч нийт хөрөнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулсан болохыг тогтоолгох, 1 030 000 төгрөг оруулсан болохыг тогтоолгох гэсэн өөр хоорондоо зөрчилтэй нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна гэж шүүх дүгнэсэн. Дээрхээс үзвэл шүүх 3 583 068 төгрөг, 58 хувь, 72,1 хувь, 1 496 288 төгрөг буюу 41.7 хувь, түүнчлэн 1 030 000 төгрөгийн эзлэх хувь 28.7 хувь гэж хэрхэн тооцоолсон, оруулсан хөрөнгийн тооцооллыг ойлгомжгүй байдлаар дүгнэсэн зэрэг нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүйг харуулж байна.

“А” ТББ нь “Б” ТББ-аас Энхтайван Найрамдлын Ордны барилгыг барихад нийт зардлын 30 хувьтай тэнцэх хөрөнгө оруулсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэхүү 30 хувийн хөрөнгө оруулсан гэх харилцаа нь иргэний эрх зүй дэх ямар нэг төрлийн гэрээ байх ёстой. Хэрэв гэрээнээс үүдэлтэй шаардах эрх байгаа бол “А” ТББ нь гэрээнээс, эсхүл үүргийн зөрчлөөс шаардах ёстой. Нэхэмжлэгч "талуудын хооронд гэрээ байгуулагдсан тул гэрээний дагуу шаардаж байна" гэсэн боловч шүүх өмчлөх эрх шилжүүлэх үүргийн аль нэг талд үүсгэсэн, өмчлөх эрхийг хууль зүйн агуулгаар хүлээн зөвшөөрсөн хэлцэл биш гэж дүгнэсэн. Энэ нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлж чадаагүйг харуулж байна.

Шүүх талууд иргэний эрх зүйн гэрээ байгуулалгүйгээр хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд үүний улмаас зүй ёсоор өмчлөх эрхтэй байх ёстой байсан боловч энэ эрх нь зөрчигдсөн, эсхүл зөрчөөгүй гэх агуулга бүхий маргаан үүссэн гэж үзэж Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацааг баримталсан. “А” ТББ-ын дэд тэргүүн Д.Цогцолмаа нь Энхтайван Найрамдлын төлөө Монголын холбооны ерөнхий чуулганы 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор тус холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. Учир нь “А” ТББ нь Энхтайван Найрамдлын төлөө Монголын холбооны нэг гишүүн байгууллага байхаас гадна хамт нэг дор үйл ажиллагаагаа явуулдаг байгууллагууд байсан. Гэтэл шүүх “А” ТББ-ыг 2011 онд буюу тус ордныг худалдах үед өмчлөх эрх нь зөрчигдсөн гэдгийг мэдсэн гэж үзсэн. Шүүх эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх боломжтой гэсэн хуулийн заалтыг огт авч үзээгүй нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээр байна.

Энхтайван Найрамдлын Ордны өмчлөлийн маргаан Монгол Улс нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж, зах зээлийн эдийн засагт шилжиж, өмч хувьчлалын асуудал үүссэн үеэс буюу 1992 оноос үүсч, 1995 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 339 дугаар Улсын Дээд Шүүхийн тогтоолоор дээрх маргаантай асуудлыг өмч хувьчлалын комиссоор шийдвэрлүүлэхээр заасан. “Б” ТББ болон “А” ТББ-уудын удаа дараагийн хүсэлт, албан бичгийн дагуу 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 573 дугаар Монгол Улсын Төрийн өмчийн хорооны тогтоолоор "Маргаантай өмчийн жагсаалт"-аас хасч, төрийн өмчийн оролцоо байхгүй гэж үзсэн. Үүний дагуу Энхтайван Найрамдлын төлөө Монголын Холбоо 2003 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн нэр дээр хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан. Энэхүү болж буй бүх үйл явцыг “А” ТББ нэг дор ажилдгийн хувьд, тус байгууллагын дэд тэргүүн нь Энхтайван Найрамдлын төлөө Монголын Холбооны удирдах зөвлөлд сонгогдон ажиллаж байсны хувьд тодорхой мэдэж байсан, мэдэх ч боломжтой байсан. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар Удирдах зөвлөл нь байгууллагын жилийн төсөв батлах, тайланг хэлэлцэх, өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар гүйцэтгэх захирлын эрх хэмжээг тогтоох зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Энэ нь удирдах зөвлөл тухайн байгууллагын тайланг хэлэлцэхдээ байгууллагын өмч хөрөнгийн талаар тодорхой мэдэж байж жилийн төсөв баталж, өмч хөрөнгийг хэрхэн захиран зарцуулах талаар шийдвэр гаргах ёстойг харуулж байна. Тиймээс Энхтайван Найрамдлын Ордны өмчлөлөөс үүдэлтэй маргааны хөөн хэлэлцэх хугацааг 2003 оноос тоолох боломжтой байтал шүүх 2011 он гэж үзэж буй нь шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүйг харуулж байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар дараах нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй. МЭТНБ-ын холбоо, ХНТТОНМН-ийн эвлэлийн хооронд 1992 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан протоколыг бүх шатны шүүхээр хянан хэлэлцээд 1995 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 339 дугаар Улсын Дээд Шүүхийн тогтоолоор дээрх протокол хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн байтал гурван шатны шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар үнэлээгүй. 1995 оны 01 сарын 19-ний өдрийн 15 дугаар Түлш эрчим банкны албан бичигт санхүүжүүлсэн хөрөнгийн хэмжээ, хэн санхүүжүүлсэн талаар тусгасан байтал зөвхөн санхүүжүүлсэн хөрөнгийн хэмжээг л нотлох баримтаар үнэлсэн. 2003 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 573 дугаар Төрийн өмчийн хорооны тогтоол нь ЗГ-ын 2001 оны 127 дугаар тогтоол, Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2003 оны 1/1642 тоот албан бичиг, Санхүү, эдийн засгийн сайдын 2003 оны 4-9а/2467 тоот албан бичиг, Монголын Энхтайван найрамдлын Байгууллагуудын Холбооноос Энхтайван Найрамдлын Ордны барилгад хөрөнгө оруулалт хийсэн тухай баримт зэргийг үндэслэн төрийн өмчийн оролцоо байхгүй гэсэн байтал шүүх үнэлээгүй. 2004 оны 02 дугаар сард “А” ТББ-аас тус байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмадууддаа хандаж Энхтайван Найрамдлын Ордны хувьчлалын асуудлаар, хөрөнгө оруулалт хийсэн нь үнэн болох талаар баталгаажуулалт хүссэн албан бичгийг бичиж, түүний дагуу ахмадууд тодорхойлолт гаргаж өгсөн байдаг. Энэ нь өмчлөх эрх зөрчигдөж байгаа талаар мэдсэн байгааг илтгэж байтал шүүх нотлох баримтаар авч үзээгүй.  2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дүгээр Энхтайван Найрамдлын төлөө Монголын Холбооны ерөнхий чуулганы тогтоолоор “А” ТББ-ын дэд тэргүүн Д.Цогцолмааг удирдах зөвлөлий гишүүнээр томилсон байтал шүүх энэхүү баримтыг буруу үнэлсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч “А” ТББ нь хариуцагч “Б” ТББ-д холбогдуулан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах Энхтайван найрамдлын ордны 3054 м.кв талбайтай 3 давхар барилгыг барихад нийт зардлын 30 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоолгох, тус ордныг бусдад зарсан дүнгээс өөрт ногдох 30 хувьтай тэнцэх хэсгийн үнэ болох 300 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэгч “А” ТББ, хариуцагч “Б” ТББ-ыг үүсгэн байгуулагдсан цаг хугацаа болон эрх зүйн байдлын талаар хэргийн 7, 20, 21, 24, 32, 44 дүгээр талд авагдсан баримтуудад үндэслэн зөв дүгнэлт хийжээ.

 

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн Энхтайван найрамдлын байгууллагын холбооны гүйцэтгэх хорооны тэргүүлэгчдийн хурлын 1968 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 13 тоот тогтоолоор Энхтайван найрамдлын байгууллагын холбооны гүйцэтгэх хорооны барилгыг бариулахаар шийдвэрлэж, уг барилгыг 1971 оны 08 дугаар сард ашиглалтанд өгсөн үйл баримт тогтоогдсон байна.

 

Талууд барилга баригдсан үйл баримтын талаар маргаагүй боловч уг барилгад зарцуулсан мөнгөн хөрөнгийн хэмжээ, энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар маргасан байна.

 

Шүүх Энхтайван найрамдлын ордныг барихад нийт 3 583 068 төгрөг зарцуулагдсан гэж дүгнэхдээ хэргийн 33-36, 49, 50, 51, 142 дугаар талд авагдсан Энхтайван найрамдлын байгууллагуудын ерөнхий зөвлөлийн 1995 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн комиссын илтгэх хуудас, Энхтайван найрамдлын байгууллагуудын гүйцэтгэх хорооны тэргүүлэгчдийн 1970 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 тоот тогтоол, 1971 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 06 тоот тогтоол,  1969 оны тайлан илтгэл, Түлш эрчим банкны Монголын Энхтайван найрамдлын байгууллагуудын холбоонд 1995 оны 01 дүгээр сард гаргасан тодорхойлолт зэрэг баримтыг үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээрх хөрөнгийн 58 хувь буюу 2 078 179 төгрөгийг тухайн үеийн Монголын Энхтайван найрамдлын байгууллагын гүйцэтгэх хороо өөрийн орлогоос бүрдүүлсэн, уг хөрөнгийн 72.1 хувь буюу 1 496 288 төгрөгтэй тэнцэх хөрөнгийг нэхэмжлэгч байгууллага оруулсан гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь 2003 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр дээрх объектыг дангаар өмчлөх өмчлөгчөөр бүртгүүлэн улмаар 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “Юнико” ХХК-тай оффис үйлчилгээний объект худалдах, худалдан авах гэрээ байгуулан Энхтайван найрамдлын ордныг 1 000 000 000 төгрөгөөр худалдан борлуулжээ. Тэрээр нэхэмжлэгч буюу хамтран өмчлөгч байгууллагын зөвшөөрөлгүйгээр маргаан бүхий объектыг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр бусдад шилжүүлсэн нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

 Нэхэмжлэгч нь Энхтайван найрамдлын ордныг барьж байгуулахад 1 030 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж тайлбарласан ба уг дүн нь нийт хөрөнгийн дүн болох 3 583 068 төгрөгийн  28.7 хувийг эзлэж байх тул маргаан бүхий хөрөнгийг худалдаалсан үнэ 1 000 000 000 төгрөгийн 28.7 хувь буюу 287 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг зөв гэж үзэв.

 

Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт “хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй” гэж, 495.3 дахь хэсэгт “эрх бүхий этгээдийн эд хөрөнгийг хариу төлбөртэйгээр захиран зарцуулсан бол түүнээс олсон орлогыг эрх бүхий этгээдэд учирсан хохиролд тооцно” гэж заасан тул нэхэмжлэгч нь хариуцагчаас өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 495 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүсэх үүргийн харилцаа үүссэн байхад шүүх мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасан эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх харилцаа гэж үзсэн нь буруу байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй. 

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид ноогдох хэсгийн хамт уг хөрөнгийг захиран зарцуулсан, маргаж буй хөрөнгийн өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэн байна.

 

Хэрэгт авагдсан баримт, талуудын мэтгэлцсэн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодорхойлох боломжтой. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Энхтайван найрамдлын ордны барилгын ашиглалтын зардалд 30 хувийн хөрөнгө оруулсан болохыг тогтоолгох гэх шаардлагыг хамтран өмчлөх ёстой байсан хөрөнгийн өөрт ногдох хэсгийг зөвшөөрөл авалгүйгээр худалдан борлуулсан, өмчлөх эрх зөрчигдөж, захиран зарцуулагдсантай холбоотой олсон орлогыг гаргуулах гэсэн агуулгатай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж үзнэ. Иймд шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт “нэхэмжлэгч байгууллага ордныг барихад 28.7 хувийн хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоов” гэснийг “хамтын өмчлөлийн эд хөрөнгийг захиран зарцуулснаас өөрт ногдох хэсэг 287 000 000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах” гэж өөрчлөх нь хуульд нийцнэ.

 

“Б” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн буюу нэхэмжлэгч байгууллагын дэд тэргүүн Д.Цогзолмаа нь маргаан бүхий объектыг бусдад худалдан борлуулсныг мэдсэн эсэхээс үл хамаарч түүнийг уг маргааны талаар шаардлага гаргах эрхтэй этгээд гэж дүгнэх боломжгүй. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн өмчлөх эрх зөрчигдсөнтэй холбоотой маргааны хөөн хэлэлцэх хугацаанд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа буюу 10 жилийн хугацаа хамаарах тул хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэх гомдлыг хангахгүй.

 

Шүүх хэргийн оролцогчийн нотлох баримт гаргуулах  хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн маргаанд ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/01605 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 495.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч “Б” ТББ-аас 287 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А” ТББ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 592 950 төгрөгийг улсын орлгогод үлдээсүгэй. 

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.    

                                         

 

   

                                        ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

       ШҮҮГЧИД                          Д.ЦОГТСАЙХАН

 

                                                   А.МӨНХЗУЛ