Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 264

 

Б.Маралчимэгт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Д.Булганцэцэг,

шүүгдэгч өмгөөлөгч Л.Цуурай, О.Одхүү,

нарийн бичгийн дарга Б.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоол,

Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 90 дугаар магадлалтай, Б.Маралчимэгт холбогдох эрүүгийн 201309000778 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурайгийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Бямбаагийн Маралчимэг нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2-т зааснаар Б.Маралчимэгт 67.355.000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс 14.600.000 төгрөгийг залилан мэхлэж авсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, Б.Маралчимэгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авч онц их хэмжээний буюу 52.755.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Б.Маралчимэгийн хувьд ногдох эд хөрөнгөөс 150.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 10 хоног хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, түүний цагдан хоригдсон 151 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Маралчимэгээс 7.205.000 төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Амгаланд олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 3 дугаар баг, Ширээ нуруу хороололд байрлах, 97.7 м.кв орон сууцыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, хохиролд тооцуулахаар Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1-д зааснаар цагдан хоригдсон этгээдийн бага насны хүүхэд болох З.Түшиг, З.Тэлмүүн нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр төрсөн эцэг Л.Загдрагчааг тогтоож шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай, хохирогчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Б.Маралчимэг нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хохирогч М.Амгаланд олгуулахаар шийдвэрлэсэн 7.205.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж” шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Булганцэцэг, шүүгдэгч өмгөөлөгч Л.Цуурай, О.Одхүү нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна. 30.000.000 төгрөгийн тухайд хүү төлсөөр 40 гаруй сая төгрөг төлсөн гэдэг нь нотлогдож байгаа бөгөөд дээрх нөхцөл байдлаас харахад манай үйлчлүүлэгч нь бусдад төлөх төлбөргүй гэдэг нь харагдаж байна. Мөн анхан болон давж заалдах шатны шүүх 30.000.000 төгрөгийг 41.300.000 болгон өсгөж өгснийг хууль зүйн талаас нь зөв бодитой дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, өршөөлд хамруулж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Одхүү хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… шүүгдэгчийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Булганцэцэг “... шүүдэгч Б.Маралчимэг нь хохирогчоос онц их хэмжээний мөнгийг залилан мэхлэж авсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. 30 сая төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч ямар нэгэн байдлаар зүйл ангийг өөрчлөх үйл баримт илрээгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Б.Маралчимэг нь “Дархан-Уул аймгийн төрийн сангийн ерөнхий нягтлан бодогч эгчтэйгээ төмөрлөгийн үйлдвэрт ажлын хувцас нийлүүлж байгаа, хөрөнгө оруулбал 30 хувийн ашиг өгнө” гэж худал хэлж хохирогч М.Амгалангаас 2012 оны 7 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд бэлнээр болон дансаар нийт 22.755.000 төгрөг,

2013 оны 5 дугаар сарын 31-нд “эгчийн нөхөр Энхтөр ах Эрдэнэт үйлдвэрт юм шахах гэж байна” гэж дахин хуурч 30.000.000 төгрөг, нийт 52.755.000 төгрөгийг залилан мэхлэн авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудаар нотлогдсон гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч буюу хязгаарлах замаар шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, эсхүл хагасыг нь төлнө гэсэн субьектив санаа зорилго гэмт этгээдэд үйлдлээ хэрэгжүүлэхээс өмнө бий болсон байдгаараа залилан мэхлэх гэмт хэрэг нь иргэний эрх зүйн маргаанаас ялгагддаг болно.

Шүүгдэгч Б.Маралчимэг нь анхнаасаа хийгээгүй зүйлээ хийж байгаа мэтээр худал ярьж, түүнийгээ илүү итгэл үнэмшилтэй болгох зорилгоор албан тушаалтны нэр барьж хохирогчийг хуурч мэхэлсэн, нэмж хөрөнгө оруулах шаардлагатай гэж авсан мөнгөө ашиг гэж буцаан өгч төөрөгдүүлж байсан нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан үйлдэл мөн тул “... нэгэнт аваад төлчихсөн үйлдлийг гэмт хэрэгт тооцсон” гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө хохирлын зарим хэсэг буюу 13.7 сая төгрөгийг нөхөн төлсөн нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүйн дээр гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал биш бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан “... эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө 22.755.000 төгрөг төлчихсөн байсан” гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдохгүй няцаагдсан болно.

Мөн “Эрдэнэт” үйлдвэрт бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх ямар ч үйл ажиллагаа явуулаагүй атлаа явуулж байгаа мэтээр худал хэлж 30 сая төгрөг авсан шүүгдэгчийн үйлдлийг иргэний эрх зүйн харилцаа гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурайн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Харин анх удаа гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаас гэмшиж, гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн шүүгдэгчийн хувийн байдал буюу 2-17 насны насанд хүрээгүй 3 хүүхэдтэй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжтой, энэ нь Эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүхээс ТОГТООХ нь:

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 90 дүгээр магадлалд “Б.Маралчимэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 7 жил хорих ял шийтгэсүгэй” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурайгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

      ДАРГАЛАГЧ,

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                               Т.УРАНЦЭЦЭГ

      ШҮҮГЧ                                                                         Б.ЦОГТ