Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 687

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчГ.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

Улсын яллагч А.Мөнхзул,

Хохирогч Н.Н,

Шүүгдэгч Ч.У нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.У-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908018210543 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Автобус нэгдэл” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, гэх Б овгийн Ч8ийн У. регистрийн дугаар: *******;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 Шүүгдэгч Ч.У нь 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны эцсийн автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг хүнсний мухлаг дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйл дээр шалтаглан иргэн Н.Н-ын нүүр, тохой, бугалга, өвдгөн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохиролучруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Тус хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад: 

Шүүгдэгч Ч.У нь 2019 оны 03 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны эцсийн автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг хүнсний мухлаг дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйл дээр шалтаглан иргэн Н.Н-ыг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

-хохирогч Н.Н-ын “...2019 оны 03 дүгээр сарын 24-ний өдөр 17 цагийн үед би ажил дээрээ дэлгүүртээ сууж байсан чинь гаднаас У ганцаараа манай дэлгүүрт орж ирээд ундаа, тамхи зээлчих гэхээр нь би өмнөх өрөө өгч байгаад ав гэсэн. Тэгтэл намайг гичий, янхан гээд салаавч өгөөд хараагаад байсан. Дэлгүүрээс хөөгөөд гаргахад буцаж орж ирээд байсан. Дахиад гаргах гэтэл намайг нүүр, толгой, чих рүү гараараа цохиж, өвдөг рүү өшиглөсөн. Намайг У толгойнд 2 удаа цохиж, чихэнд нэг удаа цохиж, баруун хөмсгөндөө шарх авсан. Үсдэж дарж унагаад өшиглөсөн, зүүн бугалганаас базсан...” гэх мэдүүлэг /хх-6-9/,

- шинжээчийн дүгнэлт:...Н.Н-д баруун хөмсгөнд шарх, баруун чихний дэлбэн, зүүн бугалга, өвдгөнд цус хуралттогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэл буюу цохих үедүүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.../хх-19/,

- шинжээчийн нэмэлт дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг ;...Н-ын хамрын таславчийн муруйлт хуучин гэмтэл байна...Н-ын амбулоторын оношид дурдагдсан гэмтлүүд батлагдаагүй, томографийн  шинжилгээнд дээрх онош батлагдаагүй тул би дүгнэлт хэсэгт тусгаагүй /х-62, 68/, 

- хохирогчийн дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /х-25/,

-шүүгдэгч Ч.У: “...2019 оны 03 дүгээр сарын 24-ний өдөр би гэртээ, Сонгинохайрхан дүүргийн 5дугаар хороо 59-12 тоотод өглөө нэг шил 0.5 литртэй Ерөөл архи уугаад, Зүүн салааны микроны эцсийн буудалд очоод найз Нэргүйбаатартай уулзаад нэг шил архи аваад уусан. Тэгээд би архиндаа согтоод Н.Найрамдалын хүнсний мухлагт ороод би Н.Н-аас “нэг тамхи,ундаа өгчих би мөнгийг нь дараа өгье” гэж хэлсэн. Н.Н өмнөх “Зээлээ төлөөгүй” байж гээд өгөөгүй. Тэгээд намайг “Чи гар гар” гэж хэлэхээр нь би Н.Н-д “чи өмнө нь миний эхнэрийн 500.000 төгрөгний гар утас хулгайлчихаад чи муу юу гээд байна.” гэж хэлээд маргалдсан. Би Н.Н-ыг толгой руу 2 удаа цохиж, чихэнд нь нэг удаа цохиход лангуу мөргөж духаа гэмтээсэн ба үсдэж өшиглөсөн...хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг/хх-53, 71/зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэнийг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.

Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мөн шүүгдэгчийн эхнэр гар утсаа хохирогчийн дэлгүүрийн лангуу дээр тавиад мартсан гэх асуудлаар урьд шүүгдэгч нь хохирогчтой маргаан бүхий асуудалтай байсан зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгчЧ.У нь хохирогч Н.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохиролд 4 сая төгрөг нэхэмжилнэ гэх боловч холбогдох хууль ёсны нотлох баримтууд тус хэрэгтбүрэн цуглараагүй байх боловч хохирогч нь эмчилгээний зардалд 860.000 төгрөгийн гарсан талаар мөрдөн байцаалтад /х-9/,шүүх хуралдаанд нийт 880,600 төгрөгийн зардал гарсан талаар тус тус мэдүүлсэн, холбогдох зарим баримт гаргасан ба шүүгдэгч нь шүүхийн шатанд хохирогчид эм тариа, эмнэлгийн шинжилгээ, эмчилгээний зардалд нийт 900.000 төгрөг төлсөн болно.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан баруун хөмсөгт хийлгэх гоо заслын болон холбогдох бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан 900.000 төгрөгийн хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг /хх-35/ болон түүний ар гэрийн амьдрал ахуйн зэрэг хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан байна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалзэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг CD хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1, удирдлага болгон    

ТОГТООХ нь :

1.ШүүгдэгчЧ.У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.У-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.У-д оногдуулсан 800.000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгохялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас  учирсан баруун хөмсөгт хийлгэх гоо заслын болон холбогдох бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэгт нь уг хэргийн хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.  

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР