Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 919

 

 

 

 

 

 

 

  2019          09            12                                           2019/ДШМ/919                                                  

 

 

Ч.У-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Х.Нарангуа,

            хохирогч Н.Н-,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 687 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Н.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ч.У-д холбогдох 1908018210543 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Ч-ийн У-, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд 1982 оны 3 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Автобус нэгдэл” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 27-1103 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: 000000000000/

 

Ч.У- нь 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр согтуусан үедээ Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны эцсийн автобусны буудлын орчимд үйл ажиллагаа явуулдаг хүнсний мухлаг дотор үл ялих зүйлээр шалтаглан Н.Н-ын нүүр, толгой, бугалга, өвдөг тус газарт нь цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ч.У-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ч.У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, ялыг биелүүлэхээс зайлсхийвэл торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан баруун хөмсөгт хийлгэх гоо заслын болон холбогдох бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Н.Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ч.У- толгойд 2 удаа цохиж, чихэнд нэг удаа цохиж, 2 см оёдол тавиулсан. Үсдэж дарж, заамдаж унагаад өшиглөн зүүн бугалганаас базсан, гомдолтой байна. Ч.У-гаас 4,000,000 төгрөг нэхэмжилж байна. 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр анхан шатны шүүх хурал болоход эмчилгээний зардал 900,000 төгрөгийг хүлээн авсан. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул эмчилгээний зардлын үлдэгдэл 3,100,000 төгрөгийг Ч.У-гаас гаргуулж өгнө үү. Цаашид хийгдэх эмчилгээний баримтыг хавсаргасан болно.” гэв. 

 

Прокурор Х.Нарангуа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... хохирогч Н.Н- нь мөрдөн байцаалтын шатанд бүрэн шинжилгээ хийлгэсэн. Бүх хохирлын төлбөр 886,000 төгрөг болсон байдаг. Шүүгдэгч Ч.У- хохирол төлбөрт 900,000 төгрөг төлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ч.У-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогчийн давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

           

Шүүгдэгч Ч.У- нь 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны автобусны эцсийн буудлын орчимд үйл ажиллагаа явуулдаг хүнсний мухлаг дотор үл ялих зүйлээр шалтаглан Н.Н-ын нүүр, толгой, бугалга, өвдөг тус газарт нь цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Н-ын “... Ч.У- “ундаа, тамхи зээлчих” гэхээр нь “өмнөх өрөө төл” гэсэн. Тэгтэл хэл амаар доромжилж, “миний лизингээр авсан гар утсыг аваа биз дээ” гээд дайраад байхаар нь дэлгүүрээс хөөж гаргасан. Буцаж орж ирээд миний нүүр, толгой, чих рүү цохиж, өвдөгөнд өшиглөсөн. Чих рүү цохиход хойно байсан лангууг мөргөж хөмсгөө сэтэлсэн ...” гэх мэдүүлэг /хх 6-9/,

Ч.У- нь хохирогчийг цохиж, өшиглөн зодож, хохирогч дэлгүүрийн лангууны шилэн тавиурыг зүүн талаараа мөргөж байгаа байдлыг бэхжүүлсэн камерын бичлэг /хх 25/,

яллагдагч Ч.У-гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 53-54/,

хохирогч Н.Н-ын баруун хөмсөгөнд шарх, баруун чихний дэлбэн, зүүн бугалга, өвдөгөнд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 3873 тоот шинжээчийн дүгнэлт /хх 19/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогджээ. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч Ч.У-гийн гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна.

 

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас хохирогч Н.Н-д учирсан хохирол төлбөрийн талаарх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бодитой үнэлж, шүүгдэгч Ч.У-, хохирогчид 900,000 төгрөг төлсөн нь баримтаар нэхэмжилсэн хохирол үнийн дүнтэй дүйцэж байгаа талаар дүгнээд, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо жич нэхэмжлэх эрхийг тогтоолд тусгайлан заасан нь үндэслэлтэй болжээ. Хохирогч Н.Н- 4,000,000 төгрөгийн нэхэмжлэлээс үлдсэн 3,100,000 төгрөгийг гаргуулахыг хүсч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байх боловч нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтгүй байна.

 

Иймд хохирогч Н.Н-ын “шүүгдэгч Ч.У-гаас эмчилгээний зардал болох 3,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 687 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Н.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ

 

                                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ

                       ШҮҮГЧ                                                                М.ПҮРЭВСҮРЭН