Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/00318

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

    иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 802 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 144 дүгээр магадлалтай,

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ц.О-т холбогдох,

4.491.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаярын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “С” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц.О- нь өөрийн хувийн эд хөрөнгө мөнгөн орлогоо барьцаалан манай компанитай 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээг байгуулан 2.260.000 төгрөгийг сар бүр 6.5 хувийн хүү төлөх нөхцөлтэй зээлr авсан. Зээл авснаас хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул Ц.О-ээс үндсэн зээл 2.260.000 төгрөг, хүү 881.400 төгрөг, алданги 1.571.700 төгрөг, нийт 4.713.100 төгрөг шаардсан боловч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 4.491.750 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.О- шүүхэд гаргасан тайлбартаа: Би “С” ХХК-иас мөнгө авсан нь үнэн. Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй, үндсэн мөнгийг хүүтэй нь 2017 оны 6 дугаар сараас өгч эхэлнэ. Дархан-Уул аймаг Мон бамбай компанийн нягтлан Сарангоо болон ерөнхий захирал Энхбатаас 14.000.000 төгрөг аваад зээлээ төлнө гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 802 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 286 дугаар зүйлийн 286.1., 286.2 дaхь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.О-ээс 4.491.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 221.350 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90.360 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид 86.818 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 144 дүгээр магадлалаар: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаярын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 802 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10.303 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 802 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 144 магадлалыг хариуцагчаас эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Дээрх шүүхийн шийдвэрээр Ц.О-ээс 4.491.750 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээс дараах хэсгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ц.О- нь анх 2.260.000 төгрөг зээлж аваагүй бөгөөд Цэрэнмарал гэдэг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бэр охиноос 2.000.000 төгрөгийг 6,5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлж авсан. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид үндсэн зээл 2.000.000 төгрөг, хүү 780.000 төгрөг, 1.390.000 төгрөгийг нийт 4.170.000 төгрөгийг төлөх ёстой гэж үзэж байна. Иймд анхан шатны шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулж 321.750 төгрөг хасч тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч “С” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч Ц.О-ээс 4.491.750 төгрөг нэхэмжлэхдээ зээл 2.260.000 төгрөг, хүү 734.500 төгрөг, алданги 1.497.250 төгрөг гэж шаардлагаа тодорхойлжээ /хэргийн 61 дүгээр тал/. Хариуцагч хүү, алдангийг эс зөвшөөрч, маргажээ.

“С” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хариуцагч нь орлого, эд хөрөнгө, хувьцааг барьцаалан 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчээс 2.260.000 төгрөгийг 6 сарын хугацаагаар сарын 6.5 хувийн хүүтэй зээлсэн нь тэдгээрийн хооронд байгуулагдсан Барьцаат зээлийн гэрээгээр тогтоогджээ /хэргийн 3, 5 дугаар тал/.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.5-т заасан шаардлагыг хангасан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Иймд хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч гэрээнд заасан мөнгийг хариуцагчид шилжүүлсэн, энэ талаар маргаагүй, харин зээлдэгч хүү, алданги төлөх эсэх нь маргааны зүйл болжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээл, хүү төлөх үүрэгтэй гэж үзсэн нь зөв боловч хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс алдангийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийг оновчтой сонгон хэрэглээгүйг давж заалдах шатны шүүх залруулж, зөвтгөөгүй нь буруу.

Үүрэг гүйцэтгэгч нь үүргээ гүйцэтгээгүй, эсхүл үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй болон зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд гэрээгээр хүлээсэн үүргийнхээ төлөө мөнгөн төлбөр төлөхөөр талууд гэрээ байгуулах үед харилцан тохиролцож болох ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх ба энэ нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга юм.

Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгохоор Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т зохицуулжээ. Өөрөөр хэлбэл, барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгө барьцаанд бариулахыг шаардах эрхтэй. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчийн орлого, эд хөрөнгө, хувьцааг барьцаалсан боловч барьцааны зүйлийг хуульд заасан журмаар худалдан борлуулж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхээ хэрэгжүүлээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх хариуцагчаас алданги гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзнэ.  

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, алдангийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 144 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 802 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг баримтлан хариуцагч Ц.О-ээс 2.994.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1.497.250 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “...86.818...” гэснийг “...62.862...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 10.303 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ