Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 144

 

“Сэлэнгэ кредит” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00427/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий  шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 802 дугаар шийдвэртэй,

           Нэхэмжлэгч “Сэлэнгэ кредит” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч Я- овогтой Ц-ийн О-т холбогдох

          “Зээлийн гэрээний үүрэгт 4.713.100 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаярын давж заалдсан гомдлыг үндэслэн,

          2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Жаргалсайханаас:

Зээлдэгч Ц.О- нь манай компанитай 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өөрийн хувийн эд хөрөнгө мөнгөн орлогоо барьцаалан зээлийн гэрээг байгуулан 2.260.000 төгрөгийг сар бүр 6.5 хувийн хүү төлөх нөхцөлтэй зээл авсан. Зээл авсанаас хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагчаас үндсэн зээл 2.260.000 төгрөг, хүү 881.400 төгрөг, алданги 1.571.700 төгрөг, нийт 4.713.100 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, Ц.О-ээс зээлийн гэрээний үүрэгт 4.491.750 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.О-ээс:

Би алдангийг хүлээн зөвшөөрөхгүй, үндсэн мөнгийг хүүтэй нь 2017 оны 6 дугаар сараас эхлэн төлнө гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаяраас:

Ц.О- нь “Сэлэнгэ кредит” ХХК-аас ямар нэгэн зээл аваагүй иргэн Г.Цэрэнмарал гэх хүнээс 2.000.000 төгрөгийг авсан байдаг. 2.000.000 төгрөгнөөс 260. 000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэж хэлсэн. Г.Цэрэнмарал нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Жаргалсайханы бэр бөгөөд Ц.О-т аав уурлаад байна гэж хэлсний дагуу Ц.О- гэрээнд гарын үсэг зурсан байсан. 2.000.000 төгрөгийг гэрээний дагуу аваагүй. Үйл ажиллагаагаа зөрчиж хийсэн гэрээ тул энэ гэрээний дагуу шаардах эрхгүй гэж үзэж байна. Иймд “Сэлэнгэ кредит” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 802 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 286 дугаар зүйлийн 286.1, 286.2 дaхь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.О-ээс 4.491.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Сэлэнгэ кредит” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 221.350 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90.360 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид 86.818 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Сэлэнгэ кредит ХХК-нд олгож шийдвэрлэжээ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаяр давж заалдсан гомдолдоо:

            Ц.О- нь анх 2.260.000 төгрөг зээлж аваагүй бөгөөд н.Цэрэнмарал гэдэг хүнээс 2.000.000 төгрөгийг 6.5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлсэн тул хариуцагчийн зүгээс үндсэн зээл 2.000.000, хүү 780.000 төгрөг, 1.390.000 төгрөг, нийт 4.170.000 төгрөгийг төлөх ёстой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 321.750 хасч тооцож өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Жаргалсайхан хариу тайлбартаа:

            Хариуцагч Ц.О- нь манай компанитай хуульд заасны дагуу зээлийн гэрээ байгуулж 2.260.000 төгрөгийг зээлсэн бөгөөд энэ нь компанитай байгуулсан зээлийн гэрээ, мөнгө хүлээн авсан баримтуудаар нотлогдож байна. Ц.О- нь манай компаниас авсан зээлээ хүү, алдангийн хамт эргүүлэн төлөх ёстойг мэдэж байгаа боловч манай компаний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй. Шүүхээс хугацаа авч байгаа нь виз гаргуулж гадаад улсруу зорчих явдал юм. Иймд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Сэлэнгэ кредит” ХХК хариуцагч Ц.О-т холбогдуулж үндсэн зээл 2.260.000 төгрөг, зээлийн хүү 881.400 төгрөг, алданги 1.571.700 төгрөг, нийт 4.713.100 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагч Ц.О-ээс 4.491.750 гаргуулахаар өөрчилжээ.

Хариуцагч Ц.О- нэхэмжлэгч “Сэлэнгэ кредит” ХХК-аас зээл авсан нь үнэн бөгөөд үндсэн зээлийг хүүтэй нь төлөхийг зөвшөөрч байна, харин алданги төлөхийг зөвшөөрөхгүй гэж шүүхэд тайлбар /х/х-ийн 14 хуудас/ гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэхүү тайлбараа өөрчилж, 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн гэрээгээр мөнгө шилжүүлж аваагүй, уг гэрээ нь дүр үзүүлж хийсэн гэрээ учир хүчин төгөлдөр бус гэрээ тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан барьцаалан зээлдэх гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнээд хариуцагч Ц.О-ээс үндсэн зээл 2.260.000 төгрөг, гэрээт хугацааны хүү 881.400 төгрөг, алданги 1.350.350 төгрөг нийт 4.491.750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Сэлэнгэ кредит” ХХК-нд олгож шийдвэрлэсэн, хариуцагч Ц.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаяр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид үндсэн зээл 2.000.000 төгрөг, гэрээт хугацааны хүү 780.000 төгрөг, алданги 1.390.000 төгрөг, нийт 4.170.000 төгрөг төлөх ёстой бөгөөд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 321.750 төгрөгийг хасч тооцож өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон болсон үйл баримтаас дараах дүгнэлтийг хийлээ.

Нэхэмжлэгч “Сэлэнгэ кредит” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх эрхтэй болох нь хэргийн 3 дугаар талд авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдох бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.                                                                                               

Хэргийн 5 дугаар талд авагдсан “Барьцаат зээлийн гэрээ”-ээс үзвэл талуудын хооронд 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр уг гэрээ байгуулагдсан байх бөгөөд зээлдэгчийн бүх төрлийн орлого, эд хөрөнгө хувьцааг барьцаалж, зээлдүүлэгчээс 2.260.000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 14-нөөс 12 дугаар сарын 14 хүртэл 6 сарын хугацаатай сар бүр 6.5 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн, гэрээний 7 дугаар заалтаар гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хоног дутам үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцжээ.

Зээлдүүлэгч “Сэлэнгэ кредит” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлдэгч Ц.О-т 2.260.000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн болох нь хэргийн 6 болон 32 дугаар талд авагдсан “Кассын зарлагын  ордер” гэсэн баримтаар нотлогдож байна.

            Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр”, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид  шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн, зээлдүүлэгч нь мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, талуудын хооронд хийгдсэн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн гэрээнд тус тус зааснаар үндсэн зээл, гэрээт хугацааны хүү, алдангийн хамт шаардах эрхтэй байна.

Энэхүү шаардлага нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж тус тус заасантай нийцнэ.

Хариуцагч Ц.О-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарууд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, давж заалдах шатанд гаргасан гомдол нь өөр өөр утга агуулга бүхий байх бөгөөд хариуцагчийн зээлийн гэрээгээр нэг ч төгрөг аваагүй гэж маргаж байгаа нь хэргийн 57 дугаар талд авагдсан гэрч Г.Цэрэнмаралын мэдүүлгээр няцаагдана.

Хариуцагч Ц.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үндсэн зээл 2.000.000 төгрөгөөс хүү, алданги тооцож, 321.750 төгрөг хасч тооцуулахаар давж заалдах гомдол гаргасан бөгөөд анхан шатны шүүхэд маргаж буй үндсэн зээлийн үнийн дүнгийн талаар нотлох баримт гаргаж өгөөгүй, татгалзлын үндэслэлээ өөрөө нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага буюу татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус зааснаар өөрийн үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх болсон үйл баримт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  төлбөрийн үнийн дүнгээс хасч тооцуулах тухай давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.                                                 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаярын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 802 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10.303 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                         ДАРГАЛАГЧ

                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                О.НАРАНГЭРЭЛ                  

                                         ШҮҮГЧИД                                              С.ЭНХЖАРГАЛ  

                                                                                                        Л.АМАРСАНАА