Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 23

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Ч  сургууль цэцэрлэг

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Санхүү, Төрийн сангийн хэлтэс, Чингэлтэй дүүрэг дэх мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч

           Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга нарын Ч  сургууль цэцэрлэгийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны хувьсах зардлыг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, олгохыг даалгах, 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/704, А/703 дугаар захирамжуудын Ч  сургууль, цэцэрлэгт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Чингэлтэй дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн Боловсролын хяналтын улсын байцаагч Б.Д, Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.Б нарын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 31-09-336/86 дугаар “Сургалтын үйл ажиллагааг зогсоох тухай” актыг илт хууль бус байсан болохыг тогтоолгох” 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Д , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б , хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У , хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагч Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ц.Б, Б.Д, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ч  сургууль цэцэрлэгийн захирал Т.Д  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Анх Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Б.Д нь шалгалтын тэмдэглэлээ үндэслэн “4 дүгээр давхарт цэцэрлэг сургууль ажиллуулж болохгүй, энэ нь ноцтой зөрчил” гэх үндэслэлээр 02.09-74/231 дүгээр актыг гаргасан бөгөөд энэхүү актаас улбаалж, манай сургууль, цэцэрлэгийн 08 сарын хугацааны хувьсах зардал олгогдолгүй өнөөдрийг хүрсэн.

Дээрх 02.09-74/231 дүгээр актыг үндэслэж, Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа нь хууль бус захирамж гаргаж, Ч  сургууль цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Энэхүү хууль бус захирамж нь 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр буюу 200 гаруй хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ ороод, хичээл, цэцэрлэгтээ явж байсан үед гарсан болно.

Энэхүү Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаагийн гаргасан тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай А/704 дүгээр захирамжийг Нийслэлийн Засаг даргын ажлын хэсгээс байгуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй комиссоос Ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн тус сургууль цэцэрлэгийн цогцолборын тусгай зөвшөөрлийг 2016 оны А/237 дугаар захирамжаар сэргээж, гэрчилгээ тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр болгосон.   

Ийнхүү тусгай зөвшөөрлийг сэргээсэн ч, дээрх хууль бус захирамжийн нөлөөгөөр манай сургууль, цэцэрлэгийн хэвийн журмаар олгогдож байсан хувьсах зардал нь “тусгай зөвшөөрөлгүй" гэх шалтгаанаар олгогдохгүй болсон.

Иймэрхүү дарамт шахалтаас болж Чингэлтэй дүүргийн хувийн хэвшлийн анхны 06 сургуулиас ганцхан манай сургууль дөнгөн данган үлдсэн бөгөөд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болоход ойрхон болоод байна. Ийнхүү хууль бус үйл ажиллагааны улмаас багш ажилчдын цалинг олгох эх үүсвэргүйгээс зарим ажилтан, багш албан хаагчдаа ажиллуулж чадахгүй болох, бага хэмжээний цалингаар ажлуулсан зэрэг шалтгаанаас зарим ажилчдын нийгмийн даатгал тасалдсан. Мөн хичээлийн шинэ жил эхлэх өдөр сургуулийн хаалган дээр ирж, зогссон, хүүхэд сурагчдыг  оруулахгүй байх интернет сайтад энэ сургуульд хүүхдээ сургахгүй байхыг сануулж, уриалан дуудсан мэдэгдэл гаргах зэрэг бусармаг үйл ажиллагаа явуулсан.

Хадгаламж зээлийн хоршооноос багш ажилчдынхаа цалинг өгөхийн тулд өндөр хүүтэй зээл авсны сацуу миний бие тэтгэврийнхээ зээлийг хүртэл авч, 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 01-нийг хүртэлх хугацааны сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулсан. Мөн ийнхүү тусгай зөвшөөрөл цуцлагдсанаас болж багш нарын нийгмийн даатгалыг төлөөгүйгээс өвчний акт авсан жирэмсэн багш нар амаржсаны тэтгэмж авах нөхцөл байхгүй болж, хохирсон. Хамгийн гол нь нийгмийн даатгал төлөөгүйгээс болж гадаад багш нарыг урьж ажиллуулах квот хүрэхгүй, сурагч хүүхдүүд хохирох нөхцөл бүрдсэн. Гадаадын иргэн харъяатын газрын дарга Д.Мөрөн даргын цохолттой бичиг болон зээл авсан баримтуудыг нотолгоо болгон хавсаргав.

Энэ мэт төрийн байгууллага, албан тушаалтны дураараа үйлдлээс болж дээрх сөрөг үр дагаврууд үүссэн ч миний бие эрх бүхий этгээдүүдэд хандан холбогдох арга хэмжээг авхуулсны үр дүнд өнөөдөр манай сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл сэргээгдсэн болно. Ийнхүү тусгай зөвшөөрөл сэргээгдэхээс өмнө мөн өнөөдрийг хүртэл манай сургууль цэцэрлэг нь үйл ажиллагаагаа тасралтгүй, хууль тогтоомжид заасны дагуу хэвийн явуулсаар байна.

Чингэлтэй дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр нь 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 4/256 тоот албан бичгээрээ “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын “Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийн эрх сэргээгдсэн тухай үед нь цогцолбор сургууль цэцэрлэгийн 2016 оны төсвийг холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлэх болно” гэсэн мөртлөө ийнхүү тусгай зөвшөөрлөө сэргээчхээд дараах албан тоотуудаар удаа дараа хандсаар байхад өнөөдрийг болтол шийдвэрлэж өгөхгүй нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосоор байна. Үүнд: 

1. 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15/15 “Хүсэлт гаргах” тухай албан бичиг

2. 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 16/50 дугаар “Хүсэлт гаргах тухай” албан бичиг

3. 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2/61 дүгээр “Хувьсах зардал олгох хүсэлт гаргах тухай” албан бичиг зэрэг болно.

Ийнхүү хандахад удаа дараа “асуудлыг шийдвэрлэж өгнө” гэж хэлэх, эсхүл тэр байгууллагаруу ханд, тийшээ санал хүргүүлсэн гэж төрийн захиргааны байгууллагууд нэг нэгэнрүүгээ бухсаар өнөөдрийг хүрлээ. Мөн Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын газрын 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1/356 дугаар албан тоотоор “2016 оны төсөвт төсвийн тодотгол хийгдэх талаар чиглэл ирээгүй байгаа тул хувьсах зардлын асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байгаа ч Засгийн газрын 2012 оны 94 дүгээр тогтоолын 2 дахь заалтын дагуу хүүхдийн тооны гүйцэтгэлээр санхүүжүүлэх ажлыг орон нутагтаа зохион байгуулж, төсвийн багцад зохицуулалт хийж, шийдвэрлэх зүйтэй” гэсэн атлаа өнөөдрийг болтол бүтэн нэг жилийн хугацаанд энэхүү асуудлыг шийдвэрлэж өгөхгүй манай үйл ажиллагаанд улам илүү хүндрэл учруулаад байна.

Мөн Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь “Төсвийн зохицуулалт хийх тухай” захирамж гаргаж, Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгаж, шийдвэрлүүлэхээр А/417 дугаар захирамжаар үүрэг өгсөн гэх атлаа өнөөдрийг болтол бодит байдал дээр дээрх хугацааны хувьсах зардал өнөөдрийг болтол олгогдоогүй байна.

Иймд нэхэмжлэгч талын 2015 оны 09 дүгээр сарын 01-ээс 2016 оны 04 дүгээр сарын 01-ийг хүртэлх хугацааны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны хувьсах зардлыг олгохгүй байгаа Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон Чингэлтэй дүүрэг Төрийн сан, Санхүүгийн хэлтсийн даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, олгохыг даалгаж өгнө үү” гэжээ. 

Ч  сургууль цэцэрлэгийн захирал Т.Д  Нийслэлийн Засаг даргад холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч Ч  сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дээрх захирамжуудаар хүчингүй болгохдоо Нийслэлийн Засаг даргын Санхүү, Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч нь Нийслэлийн Засаг даргын захирамж дээр өөрийн гарын үсгээ зурж гаргасан. Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 24 дүгээр зүйлийн 24.1, МНҮАТЗтХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.1, 16 дугаар зүйлийн 16.2.4 дэх заалтуудыг тус тус зөрчиж, Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний асуудлыг мөн боловсролын асуудалд шууд хамааралтай бус чиг үүргийн хувьд Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан албан хаагч нь манай сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай захирамжийг гаргасан бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чигуурэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэх заалтыг зөрчсөн.

Мөн Боловсролын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д “мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр стандарт зөрчсөн, эсхүл сургалт эрхлэх тусгай ; зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа хангаагүй болох нь тогтоогдсон” гэх ; үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Гэтэл тухайн 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/704 дүгээр захирамж нь “Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр бус “улсын байцаагчийн акт”-ыг үндэслэж цуцалсан. Ч  сургууль цэцэрлэг нь сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар нь шалгаад гүйцэтгэлийг 75.3 хувиар дүгнэсэн. Тэгэхээр дээрх үндэслэлээр хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй болохыг харж болно.

Иймд дээрх үндэслэлийг харгалзан үзэж Ч  сургууль, цэцэрлэг үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцалсан Нийслэлийн Засаг даргын Санхүү, Эдийн засгийн асуудал хариуцсан орлогчийн гаргасан 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Нийслэлийн Засаг даргын А/704, А/703 дугаар захирамжуудын Ч  сургууль, цэцэрлэгт холбогдох хэсгийг илт хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Ч  сургууль цэцэрлэгийн захирал Т.Д  Чингэлтэй дүүрэг дэх мэргэжлийн хяналтын газрын Боловсролын хяналтын улсын байцаагч Б.Д, Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Д.Лхамсүрэн нарт холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нийслэлийн Засаг даргын Санхүү, Эдийн засгийн асуудал хариуцсан орлогчийн гаргасан 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Нийслэлийн Засаг даргын А/704, А/703 дугаар захирамжуудыг үндэслэсэн гэх боловч үг захирамжаас үүдэн гарах хүүхдийн эрхийн асуудал, бодит үр дагаврыг харгалзан үзээгүй илт хууль бус захиргааны актыг гаргасан.

Өөрөөр хэлбэл тус актаар цэцэрлэгийн 13 хүүхэд, 110 сурагч болон тус сургууль цэцэрлэгт, ажиллаж хөдөлмөрлөж буй 50 шахуу ажилчдын бодит эрх ашгийг харгалзан үзэлгүйгээр, хичээлийн шинэ жил эхлээд сургалт, үйлчилгээ эхэлсэн байсан үед ийнхүү актыг гаргасан.

Ч  цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг хааж, 110 сурагч, 13 цэцэрлэгийн хүүхдүүдийн эрх ашиг болон 50 гаруй ажилчдын эрх ашгийг хохироосон нийгмийн бодит байдалтайгаа зохицоогүй ухаалаг бус болон хүүхдийн сурч боловсрох эрхийг зөрчсөн шийдвэрийн гаргасан. Энэхүү актын үр дагавар хэрэгжсэнээрээ 123 хүүхэд хичээл завсардаж, сурч боловсрох эрхээрээ хохирох байсан. Эхлээд энэхүү 123 хүүхдийн сурч боловсрох эрхийн асуудлыг шийдвэрлээгүй атлаа шууд сургуулийг хаалгах нь маш ноцтой үр дагаврыг дагуулж байгаа болно.

Мөн энэхүү маргаан бүхий актыг гарсан болохыг нэхэмжлэгч талаас 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны өмнө ирсэн шинээр ирсэн баримттай танилцаж анх мэдсэн болно. Өөрөөр хэлбэл Ч  Сургууль, цэцэрлэгт мэдэгдээгүй гардуулаагүй, байнгын тогтмол оршин суух хаягт шуудангаар ирээгүй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 зүйлийн 47.1.7 дугаар заалтыг үндэслэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Боловсролын хяналтын улсын байцаагч Б.Д Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.Б нарын 2015 оны 09 дугаар сарын 18-ны өдрийн 31-09-336/86 дугаар “Сургалтын үйл ажиллагааг зогсоох тухай” актыг илт хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын захирамж нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасныг үндэслэж гарсан байдаг. Уг заалтанд “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж заасан. Үүнээс үндэслэж Ч  сургууль, цэцэрлэгийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэх явцад шүүхээс 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 10968 болон 10969 дугаартай албан тоотуудыг илгээж, маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын захирамж гарсантай холбоотой ямар хувийн хэрэг бүрдсэн, захирамж гарах болсон, үндэслэл болсон баримтуудаа шүүхэд ирүүлнэ үү гэхэд Нийслэлийн Засаг даргын зүгээс 07/3424 дүгээр захирамжийг илгээхдээ улсын байцаагч нарын актыг илгээсэн байдаг. Хуульд зааснаар тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа зөрчсөн гэдгийг Нийслэлийн Засаг дарга үйл ажиллагаагаа явуулаад хянаж үзээд үнэхээр зөрчсөн байх юм бол тусгай зөвшөөрлийг нь цуцална гэснийг хэрэглэхдээ удаа зөрчил гаргасан эсэхийг шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхгүйгээр Нийслэлийн Засаг даргын захирамжийг гаргасан. Энэ нь шүүхээс шаардсан баримтуудыг явуулахдаа улсын байцаагч нарын актыг өгч байгаагаар тогтоогдож байна. Гэтэл хуульд зааснаар улсын байцаагчийн ирүүлсэн актыг үндэслээд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг нь цуцална гэсэн зүйл байхгүй байгаа. “Ч ” сургууль, цэцэрлэг удаа дараа зөрчил гаргасан эсэх, удаа дараа хянаж үзсэний дараа Нийслэлийн Засаг дарга нь 14.1.4-т заасныг үндэслэж акт гаргах ёстой үндэслэл нь тогтоогдох ёстой. Гэтэл энэ ажиллагаагаа хийгээгүй, чиг үүргээ хэрэгжүүлээгүй. Энэ актыг гаргахад ямар нэгэн судалгаа, тайлан, холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д зааснаар бодит нөхцөл байдал дээр биелүүлэх боломжгүй гэж үзэж байгаа. Учир нь тухайн улсын байцаагчийн актын цаана буюу Нийслэлийн Засаг даргын захирамжийн цаана 110 хүүхдийн сурч, боловсрол эзэмших эрх ашиг байгаа. Үүнийг дагаад 50 хүний хөдөлмөр эрхлэх эрх, бусдын бизнес эрхлэх буюу ажил үүрэг эрхлэх эрх зэрэг Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхүүд зөрчигдөх нөхцөл байдлыг хянаж үзэлгүй захирамж гаргасан. Ч  сургууль, цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцлах талаар захирамж 08 дугаар сарын 07-ны өдөр гаргаад 09 дүгээр сарын 02-ны өдөр хүүхдүүд хичээлээ эхэлсэн байхад өгсөн байдаг. Тэгээд захирамжийг олоод үзэхэд 110 хүүхдийг яах ёстой талаар захирамж дээр үр дагаврын асуудлыг шийдэж өгөөгүй байдаг. Ч  сургууль, цэцэрлэгийн 110 хүүхдийг яаж шилжүүлэх, аль сургууль эдгээр хүүхдүүдийг авч үргэлжлүүлэн суралцуулах, энэ хооронд ямар процессоор энэ хүүхдүүдийн сурч, боловсрох эрхийг нь хангах талаарх нөхцөл байдлыг тусгаагүй, судалгаа хийгээгүй, үр дагаврыг зохицуулаагүй захирамж гаргасан. Энэ захирамжийг хүлээж авлаа гэхэд бодит нөхцөл байдал дээр биелэгдэх боломжгүй байна. Сургуулийнхаа үйл ажиллагааг хаасан тохиолдолд 1 жилийн хугацаанд 110 хүүхдийн сурах эрх, цэцэрлэгт хүмүүжих эрх нь шууд зөрчигдөх байсан.

Ч  сургууль, цэцэрлэг нь 100 хувь зардлаа дааж, ямар нэгэн хувьсах зардал аваагүй ч багш, сурагчдын өдрийн хоолны зардлыг дааж, бүтэн жилийн хугацаанд хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг төрийн нэрийн өмнөөс хөндөхгүйн тулд үйл ажиллагаагаа явуулсан. Үйл ажиллагаа хууль бусаар явуулсан гээд байгаа. Үнэхээр үйл ажиллагаа явуулах нөхцөл, шаардлага нь байсан. Хэрэв үйл ажиллагаагаа явуулаагүй байсан бол тэр хүүхдүүд 1 жилийн хугацаанд хичээл завсардалтанд орох эрсдэл үүсэх байсан. Үндсэн хуулиар олгогдсон төрийн хамгийн чухал чиг үүргээ хангаагүй байж, төрийн нэрийн өмнөөс өөрсдөө эрсдэл хүлээгээд чиг үүргийг нь хангасан байхад “Ч ” сургууль, цэцэрлэгийг буруутгаад байна. Тэгэхээр энэ Нийслэлийн Засаг даргын захирамж бодит нөхцөл байдалд, анхнаасаа биелэгдэх боломжгүй байсан. Энэ төрийн захиргааны байгууллагын захирамж болон баримт бичгүүдийн эсрэг маргаан үүсгэх гэж сургууль, цэцэрлэгээ хаагаад явах боломжтой байсан. Гэхдээ бусад болон нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа бодоод банкнаас хэд хэдэн удаагын зээл авч үйл ажиллагаа явуулсан байдаг. Энэ талаарх баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан байгаа.

Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагын хувьд: Чингэлтэй дүүргийн Засаг даргаас ирсэн хариу тайлбарыг харахад улсаас өгсөн мөнгөө татаад авсан учраас та нарт олгох мөнгө байхгүй гээд байгаа. Энэ нь ямар ч тохиолдолд үндэслэлгүй. Учир нь хувьсах зардлыг төрөөс хэзээ ч татаж авах ёсгүй. Хувьсах зардлаа улс буцааж авч байна гэдэг нь 110 хүүхдийг бүтэн жил сургуульд сургахгүй гэдэг шийдвэр гаргаж байна гэсэн үг. Хүүхэд болгонд тухайн жилд нь хувьсах зардал заавал байх ёстой. Учир нь сурч, боловсрох эрхийг нь төр хангадаг. Түүнээс биш буцааж татдаг, танадаг зардал биш. Үүнийг “Ч ” сургууль, цэцэрлэг эсхүл өөр сургуульд өгөх эсэх зүйл яригдах ёстой болохоос хувьсах зардлыг татаж авах, буцааж авах асуудал байж болохгүй. Буцааж авч байгаа бол 110 хүүхдийн хичээл завсардах боломжийг төр бий болгож байна гэсэн үг. Тэгэхээр хувьсах зардлыг татаж авсан ёсгүй байхад татаж авснаар илт хууль бус үйлдэл байна. Тэгээд олгохоос татгалзсан нь үндэслэлгүй байгааг шүүх анхаарч үзнэ үү.

Гурав дахь нэхэмжлэлийн шаардлагын хувьд: Сургалтын үйл ажиллагааг зогсоож болно. Хамгийн гол нь захирамж гаргаад 110 хүүхдийг энэ сургуульд шилжүүлнэ гэсэн шаардлага тавьж бид нарт ирүүлсэн бол сургалтын үйл ажиллагаагаа зогсоох боломжтой байсан. Гэтэл гарах ёстой үр дагавраа зохицуулаагүй, бодит нөхцөл байдал дээр биелэгдэх боломжгүй захирамж гаргаад сургалтын үйл ажиллагаагаа зогсоо гээд байна. Үйл ажиллагаагаа зогсоосон бол бид нарт амар байх байсан. Учир нь банкнаас зээл авч, өөрсдөөсөө зардал гарган байж 110 хүүхдийг сургахгүй байсан бол бид нарт илүү амар байсан. Гэхдээ үйл ажиллагаагаа зогсоосон бол 110 хүүхэд бүтэн жилийн турш хаана сурах нь тодорхойгүй, суралцах сургууль, цэцэрлэг нь байхгүй, сурч боловсрох эрх нь хөндөгдөх гээд байсан болохоор үйл ажиллагаагаа зогсоогоогүй. Улсын байцаагч нар бодит нөхцөл байдал дээр биелэгдэх боломжгүй акт гаргаад шаардаад байгаа учраас байцаагч нарын акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д зааснаар илт хууль бус байсан болон илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Ч  сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаанд дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн боловсролын улсын байцаагч хяналт шалгалт явуулж улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байдаг бөгөөд зохих мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/703 дугаар захирамжаар Ч  сургууль, цэцэрлэгийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл, 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/704 дүгээр захирамжаар Ч  сургууль, цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгосон шийдвэр гарсан байдаг. Нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэн дүүргийн Засаг даргын гарсны дагуу Ч  сургууль, цэцэрлэгийн хувьсах зардлыг зогсоосон.

Улмаар Ч  сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн улсын байцаагчийн дүгнэлтийн зөрчил арилсан тухай улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/237 дугаар захирамжаар Ч  сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг сэргээж 2015 оны А/703, А704 дүгээр захирамжийг хүчингүй болгосон.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйл “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын нийтлэг бүрэн эрх ” 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно."

Нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэн дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/417 дугаар захирамжаар Ч  сургууль, цэцэрлэгийн санхүүжилтийг олгож эхэлсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны хувьсах зардлыг олгохгүй байсан цаг хугацаа нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/703, А/704 дүгээр захирамж хүчин төгөлдөр байсан. Нэхэмжлэгч Ч  сургууль, цэцэрлэгийн захирал Т.Д  нь хариуцагчийг буруу тодорхойлсон байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу.” гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Нийслэлийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” Б/82 дугаар захирамжаар нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад 2015 оны 08 дугаар сарын17-ны өдрөөс 08 дугаар сарын 31 -ны өдрийг хүртэлх хугацаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг даалгасан.

Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 “Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно”, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан журмын 4 дүгээр хэсгийн 4.4. “Албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь түр орлон гүйцэтгэх хугацаандаа эзгүй байгаа албан хаагч болон сул орон тоо гарсан албан тушаалын эрх, үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасан.

Нийслэлийн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 222 дугаар захирамжаар “Ч ” ерөнхий боловсролын сургууль, 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 283 дугаар захирамжаар Ч  цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг олгосон.

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж заасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” А/703, А704 дүгээр захирамжийг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа гаргасан.

Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 “Боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.7.1, 15.7.2, 15.7.4, 15.7.8, 15.7.9, 16.2.4, 16.3.3-д заасны дагуу их сургууль, дээд сургууль, коллежид, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт аймаг, нийслэлийн боловсролын газрын дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус олгоно”, 24 дүгээр зүйлийн 24.1 “Тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1-д зааснаас гадна дараах үндэслэлээр түүнийг хүчингүй болгоно”, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 “Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь дараах тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно” , 16 дугаар зүйлийн 16.2.4. “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулахад Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрөл олгоно”-т заасны дагуу Нийслэлийн Засаг дарга Боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлж тусгай зөвшөөрөл олгож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Үүнээс үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д зааснаар өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд Ч  сургууль, цэцэрлэгийн үүсгэн байгуулагч Т.Д ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 128/Ш32017/6840 дугаартай захирамжид нэхэмжлэгч Ч  сургууль, цэцэрлэг нь “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын боловсролын хяналтын улсын байцаагч Б.Д, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.Б нарын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 31-09-336-86 дугаар актыг илт хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсээс Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст ирүүлсэн 2015 оны 09 дүгээр сарын 02-ний өдрийн 127 тоот албан бичиг, Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын баталсан 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 33/94 дугаартай “Тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй эсэхэд хяналт тавих тухай” удирдамжийн хүрээнд 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр тус сургууль, цэцэрлэгт шалгалт хийсэн.

Нийслэлийн засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/703, А/704 дугаартай захирамжаар Ч  сургууль, цэцэрлэгийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байхад шалгалт хийх явцад цэцэрлэгийн 1 холимог бүлэг, сургуулийн 10 бүлэгт 110 суралцагч, 13 багштайгаар сургалтын үйл ажиллагаа явагдаж байсан нь тогтоогдсон тул улсын байцаагчдын хамтарсан 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 31-09-336/86 дугаартай “сургалтын үйл ажиллагааг зогсоох тухай” акт үйлдсэн.

2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр улсын байцаагч Б.Д бид хоёр хамт байж байхад, улсын байцаагч Б.Д Ч  сургууль, цэцэрлэгийн үүсгэн байгуулагч Т.Д ид 2015 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн 31-09-336/86 дугаартай “сургалтын үйл ажиллагааг зогсоох тухай” актын талаар утсаар мэдэгдэж, ирж танилцаж, хүлээн авахыг хүсэхэд үүсгэн байгуулагч Т.Д : “Хүүхдийн зуслангийн барилга дээр байна, очиж авч чадахгүй” гэсэн.

2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр улсын актыг танилцуулахаар тус сургуулийн байранд очиход үүсгэн байгуулагч Т.Д  байгаагүй.

2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр сургуулийн байранд очиход үүсгэн байгуулагч Т.Д  ажлын өрөөндөө байхгүй байсан, сураглахад биеийн тамирын зааландаа байгаа гэсэн. Биеийн тамирын зааланд очиход Т.Д  нь үйлчлэгчээр цэвэрлэгээ хийлгүүлээд зогсож байсан.

Бид Ч  сургууль, цэцэрлэгийн үүсгэн байгуулагч Т.Д ид 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 31-09-336/86 дугаартай “сургалтын үйл ажиллагааг зогсоох тухай" актын талаар танилцуулахад “хүлээн авахгүй" гэсэн, танилцахыг хүсэхэд “нүдний шилгүй, харахгүй байна, уншиж өг” гэсэн тул улсын байцаагч Ц.Б миний бие актыг нэг бүрчлэн уншиж өгсөн. Уншиж байхад 2-3 удаа тасалдуулан та нар манайд ирж үйлчлэгч хий гэх зэргээр хэл амаар доромжилж байсан.

Актыг уншиж дуусахад гарын үсэг зурахгүй, хуулийн зөвлөхтэйгээ ярьж байгаад маргааш аваачиж өгнө гээд 2 хувь хоёуланг авч үлдэх гэхэд нь 1 хувийг нь үлдээгээд бид явсан.

Актын нэг хувийг авчирч өгөөгүй. Иймд үүссэн нөхцөл байдлын талаар тухайн үед ажиллаж байсан хэлтсийн удирдлага, эрх зүйч нарт танилцуулж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 36114 дугаартай шүүгчийн захирамжаар актыг баталгаажуулсан болсон.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбар зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтыг шинжлэн судалж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ч  сургууль, цэцэрлэгийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын Ч  сургууль цэцэрлэгийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны хувьсах зардлыг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, хувьсах зардлыг олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/704, А/703 дугаар  захирамжаар Ч  сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгчээс үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг сэргээлгэхээр холбогдох байгууллагуудад хандахад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 02-03/3427 дугаар албан бичгээр “... актын биелэлтийг хянаж үзэхэд гүйцэтгэл нь 75,3 хувьтай байна.”, Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсээс 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 180 дугаар албан бичгээр “...Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар нь тогтоосон актын биелэлтийг хянан үзэж гүйцэтгэлийг 75,3 %-тай гэж дүгнэсэн, ...”, нийслэлийн Боловсролын газрын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/1328, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 6/289 дүгээр  албан бичгээр “...тус сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг сэргээхэд татгалзах зүйлгүй” гэсэн саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн байна. 

Түүнчлэн Ч  сургууль, цэцэрлэг нь үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс тусгай зөвшөөрлийг сэргээсэн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны хувьсах зардлыг нөхөн гаргуулахаар холбогдох байгууллагуудад хандахад, Чингэлтэй дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 4/256 дугаар албан бичгээр  “... үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн эрх сэргээгдсэн үед нь цогцолбор сургууль, цэцэрлэгийн 2016 оны төсвийг холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх болно.” гэсэн, Нийслэлийн Боловсролын газрын 2016 оны 5 дугаар сарын 04-ны өдрийн 1/356 дугаар албан бичгээр “...2016 оны төсөвт төсвийн тодотгол хийгдэх талаар чиглэл ирээгүй байгаа тул хувьсах зардлын асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байгаа ч Засгийн газрын 2012 оны 94 дүгээр тогтоолын 2 дахь заалтын дагуу хүүхдийн тооны гүйцэтгэлээр санхүүжүүлэх ажлыг орон нутагтаа зохион байгуулж, төсвийн багцад зохицуулалт хийж, шийдвэрлэх нь зүйтэй.” гэсэн хариуг өгч байжээ.

Мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/417 дугаар  захирамжаар “... Ч  сургууль цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийн эрх сэргээгдсэн тул тусгай зориулалтын шилжүүлгийн төсвийн багцын хэмнэлтээс шилжүүлэн зохицуулалт хийж санхүүжилт олгох”-оор шийдвэрлэжээ. 

Эдгээр үйл баримтаас үзэхэд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон даруй тусгай зөвшөөрлөө сэргээлгэхээр гаргасан Ч  сургууль, цэцэрлэгийн хүсэлтийг нийслэл, дүүргийн Боловсролын газар, Мэргэжлийн хяналтын байгууллагуудаас хянан үзэж, үйл ажиллагааг сэргээх боломжтой гэж дүгнэсний үндсэн дээр нийслэлийн Засаг дарга 2016 ны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/237 дугаар захирамжаар Ч , сургууль, цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг сэргээсэн байна.

Хэдийгээр Ч  сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хүчингүй байсан боловч энэ хугацаанд хэрэгжээгүй, сургалтын үйл ажиллагаа үргэлжилж байсан нь нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан  “... нийслэлийн Засаг даргаас цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг цуцлахдаа тухайн сургууль, цэцэрлэгт суралцаж байгаа сурагцагчид, ажиллаж байгаа багш нарын асуудлыг шийдвэрлээгүй, тийнхүү шийдвэрлэх боломжит хугацаа олгоогүйгээс  2015 оны шинэ хичээлийн жил эхлэх үетэй давхцуулан цуцалснаас суралцагчдын хичээл сургалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, багш ажилчдын цалин хөлсийг өгөхийн тулд зээл авахад хүрсэн” гэх тайлбар, хэрэгт авагдсан зээлийн баримтууд, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох тухай Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчийн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 31-09-336/86 дугаар актад “тус сургуульд 110, цэцэрлэгт 13 хүүхэд суралцаж байгаа” талаар дурдагдсанаар тус тус нотлогдож байна.

 Ч  сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохдоо тухайн шийдвэрийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж, суралцагчдын шинэ хичээлийн жилд суралцах эрхийг хэрхэн хэрхэн хангах талаар зааж  өгөөгүйгээс тус цэцэрлэг, сургууль 2015 оны хичээлийн шинэ жилд сургалтын үйл ажиллагаагаа үргэлжүүлэн   явуулах бодит шаардлага байсан гэж маргаж байгаа нь үндэслэлтэй бөгөөд Боловсролын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагын санхүүжилтийн эх үүсвэр нь үүсгэн байгуулагчийн хөрөнгө, нэг сурагчид ногдох нормативт зардлын төсвөөс санхүүжүүлэх хэсэг, сургалтын төлбөр, хандив, хөнгөлөлттэй зээл, өөрийн үйл ажиллагааны орлогоос бүрдэнэ.” гэж зааснаар сургалтын үйл ажиллагааны бодит гүйцэтгэлээр сурагчдад ногдох хувьсах зардлыг  нэхэмжлэгчид олгох боломжтой талаар зохих байгууллагууд шийдвэрлэжээ. 

Дээр дурдсан байдлуудаас дүгнэн үзэхэд Ч  сургууль цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг хүчингүй болгосон хугацааны хувьсах зардлыг бодит гүйцэтгэлээр нь тооцож олгох боломжтой талаар зохих албан тушаалтнуудаас шийдвэрлэсний дагуу Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Санхүү, төрийн сангийн хэлтсээс Ч  сургууль цэцэрлэгийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны хувьсах зардлыг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, мөн хугацааны хувьсах зардлыг олгохыг даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Хоёр. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/704, А/703 дугаар захирамжуудын Ч  сургууль, цэцэрлэгт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/704, А/703 дугаар захирамжаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 02-01/1754 тоот албан бичиг, улсын байцаагчийн 2015 оны 31-09-336/157, 28-09-506/367 дугаар дүгнэлтүүдийг үндэслэн Ч  сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.

Нийслэлийн Засаг даргаас  Ч  сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохдоо шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх, тухайн сургууль, цэцэрлэгт суралцаж байгаа суралцагчдыг суралцах эрхийг хэрхэн хангах асуудлыг хянан үзэлгүйгээр Ч  сургууль, цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр буюу шинэ хичээлийн жил эхлэх үед сургалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д ”Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:” “47.1.7.түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй.” гэсэн захиргааны акт илт хууль бус байх шинжийг агуулсан байна.

Гэвч нийслэлийн Засаг даргаас Ч  сургууль цэцэрлэгийн  тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон 2015 оны А/703, А/704 дүгээр захирамжийн Ч  сургууль цэцэрлэгт холбогдох хэсгийг 2016 ны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/237 дугаар  захирамжаар хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно.” гэж заасантай нийцсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2016 ны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/237 дугаар захирамжаар 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/704, А/703 дугаар захирамжуудын Ч  сургууль цэцэрлэгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг сэргээснээр нэхэмжлэгчийн эрх сэргэсэн бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.”Захиргааны актыг цуцлах, хүчингүй болгох, эрх бүхий байгууллагын шийдвэр гарах, эсхүл захиргааны актад заасан хугацаа дуусгавар болох, түүнчлэн бусад байдлаар биелэгдэх хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байна.” гэж зааснаар нэгэнт хүчингүй болсон захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох боломжгүй гэж үзлээ.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/704, А/703 дугаар захирамжуудын Ч  сургууль, цэцэрлэгт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Гурав. Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Боловсролын хяналтын улсын байцаагч Б.Д, Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.Б нарын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 31-09-336/86 дугаар “Сургалтын үйл ажиллагааг зогсоох тухай” актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 31-09-336/86 дугаар “Сургалтын үйл ажиллагааг зогсоох тухай” актаар Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/703, А/704 дүгээр захирамжаар Ч  сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосонтой холбогдуулан хяналт шалгалт хийж, тус цэцэрлэгийн холимог бүлэгт 13 хүүхэд, 1 багш, сургуулийн 1-12 дугаар ангийн 10 бүлэгт 110 суралцагч 13 багштайгаар үйл ажиллагаа явуулж байгаа нь Боловсролын тухай хуулийн 19, 22 дугаар зүйл, Аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзэн 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс сургалтын үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэсэн байна.

Ч  сургууль, цэцэрлэг нь сургалтын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй явуулж байгааг зогсоохоор шийдвэрлэсэн улсын байцаагчийн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 31-09-336/86 дугаар акт  нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/703, А/704 дүгээр захирамжуудыг хүчин төгөлдөр үйлчилж байхад гарсан бөгөөд Захиргааны  ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан захиргааны акт илт хууль бус болох нөхцөл шаардлагыг хангахааргүй, захиргааны акт илт хууль бус байх шинжийг агуулаагүй гэж үзэв.

Иймээс Чингэлтэй дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн Боловсролын хяналтын улсын байцаагч Б.Д, Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.Б нарын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 31-09-336/86 дугаар “Сургалтын үйл ажиллагааг зогсоох тухай” актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагуудыг нэгтгэн дүгнээд Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Санхүү, төрийн сангийн хэлтсээс Ч  сургууль цэцэрлэгийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны хувьсах зардлыг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, мөн хугацааны хувьсах зардлыг олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/704, А/703 дугаар захирамжуудын Ч  сургууль, цэцэрлэгт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Боловсролын хяналтын улсын байцаагч Б.Д, Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.Б нарын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 31-09-336/86 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4, Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч  сургууль, цэцэрлэгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас зарим нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Санхүү, төрийн сангийн хэлтсээс Ч  сургууль цэцэрлэгийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны хувьсах зардлыг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, мөн хугацааны хувьсах зардлыг олгохыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Төрийн сангийн хэлтэст даалгаж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны  хэрэг   шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АДЪЯАСҮРЭН