Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2021/0371

 

 

Ц.Ц нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ш, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, гуравдагч этгээд н.Г, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 288 дугаар шийдвэртэй, Ц.Ц нарын нэхэмжлэлтэй,  нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 288 дугаар шийдвэрээр:

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасныг тус тус баримтлан Ц.Ц, Ц.Д нараас нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаар захирамжийн Н.Т, Д.Г, З.Ү, Д.Г, Б.У, Г.Т нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох, Хан-Уул дүүргийн Засаг дарга болон нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгчид газар олгохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэхийг захирамж гаргахыг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Д, Ц.Ц нар тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон нөхцөл байдлуудыг нэгтгэн үзвэл, нийслэлийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэнд эзэмшүүлэхээр төлөвлөсөн газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх хэмжээг хуулиар нийслэлийн Засаг даргад хадгалагдах хэдий ч маргаан бүхий газар дээр нэгэнт суурьшил үүссэн тохиолдолд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авч бусдын оршин сууж буй газартай, түүнчлэн бусдын эзэмших хүсэлт гаргасан газартай давхцаж байгаа эсэхийг тус тус шалгах үүрэгтэй байх атал хариуцагч нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий актыг гаргахдаа Хан-Уул дүүргийн Засаг даргаас санал аваагүй болох нь шүүхээс шаардсаны дагуу дүүргийн Засаг даргын саналыг авсан эсэх баримтыг ирүүлээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “инженерийн шугам сүлжээтэй газарт газар эзэмших эрх олгох эсэхийг шийдвэрлэх нь нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд хамаарахын зэрэгцээ газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулахдаа холбогдох дүүргийн Засаг даргаас санал ирүүлсэн тул дахин санал авах шаардлагагүй” гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж байгаагаар тогтоогдов...нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй...нийслэлийн Засаг даргад хандаж гаргаж байсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй...” гэж дурджээ.

Нэхэмжлэгч нар Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Станцын 1-*, 1-*, 1-*, 1* тоотод тус тус байрлах газарт 2008 оноос хойш одоог хүртэл амьдарч /хашаалсан/ байна. Уг газрыг эзэмших эрхийн зөвшөөрлийг 2011 оноос хойш Хан-Уул дүүргийн Засаг дарга болон газрын харилцааны албанд тус тус гаргаж байсан.

Бидний хүсэлтийн хариуд амаар олгох боломжгүй гэж хариу өгсөөр дараа нь 2014 оны 06-р сарын 20-ны өдөр “уг газрыг Э э Т э” ХХК-д эзэмшүүлэх хамтран ажиллах гэрээ байгуулсан тул бидэнд олгох боломжгүй” гэж, 2014 оны 05-р сарын 13-ны өдрийн 09/677 тоот[1] албан бичгээр “уг газрыг Барилга, хот төлөвлөлтийн газарт эзэмшүүлсэн байна” гэх хариу тус тус өгсөн.

Гэтэл бидний амьдарч байгаа газрыг бидэнд эзэмших эрх олгох боломжгүй гэсэн хариуг өгсөн атлаа нийслэлийн Засаг даргын 2018 оны 07-ны өдрийн А/1177 тоот захирамжаар Д.Г нарт олгосныг 2019 оны 05 дугаар 19-ны мэдэж тус асуудлаар нийслэлийн Засаг даргад хандсан боловч нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 08 дугаар сарын 06- ны 03-06/3618 албан бичгээр шүүхэд хандах хариуг 2019 оны 09 дүгээр 09-ны өдөр хуулбарлан авч шүүхэд хүргүүлснийг анхан шатны шүүх дүгнээгүй нь хэргийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийгээгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дахь хэсэгт “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж зохицуулсан ба анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй байна.

Өөрөөр хэлбэл,  Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тоот тушаалын 1-р хавсралтад заасны дагуу маргаан бүхий газарт хээрийн болон суурин судалгааг хариуцагч нар хийхийг үүрэг болгосон бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар бусдын эзэмшил газартай давхцал байгаа эсэхийг шалгаж, хэнд эзэмшүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Хариуцагч буюу Хан-Уул дүүргийн Засаг дарга, Газар зохион байгуулалтын алба нь хээрийн судалгаа хийсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, анхан шатны шүүх цуглуулаагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” Гэж хуульчилсан ба нэхэмжлэгч нар шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хандсан. Нэхэмжлэгч нарын зүгээс 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарсан нөхцөл байдлыг дүгнээгүй шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж, нотлох баримтыг үнэлээгүй, хууль ёсны шийдвэр болж чадаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ

ХЯНАВАЛ:

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянаад, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

          Нэхэмжлэгч Ц.Цээс “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаар захирамжийн Г.Т, Д.Г, З.Ү, Д.Г нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох, Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгчид газар олгохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх захирамж гаргахыг хариуцагч нарт даалгах” тухай нэхэмжлэлийг Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.

          Нэхэмжлэгч Ц.Д-ээс “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаар захирамжийн Б.У, Г.Т нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох, Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгчид газар олгохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх захирамж гаргахыг хариуцагч нарт даалгах” тухай нэхэмжлэлийг Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.

          Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаар захирамжаар[2] Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус бүр 600 м.кв газрыг гуравдагч этгээд Д.Г, З.Ү, Б.У, Б.У, Д.Г, Б.У, Г.Т нарт 15 жилийн хугацаагаар амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэн шийдвэрлэжээ.

          Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн баримтаар[3] нэхэмжлэгч Ц.Цийн кадастрын зураг хийлгэж, хүсэлт гаргасан гэж маргаж байгаа 699 м.кв газар нь гуравдагч этгээд Д.Г[4], З.Ү[5], Б.У[6], Д.Г[7] нарын газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газартай давхцалтай, харин нэхэмжлэгч Д.Д-ийн кадастрын зураг хийлгэж, хүсэлт гаргасан гэж маргаж байгаа 656 м.кв газар нь З.Ү-[8], Б.У[9], Д.Г[10] Б.У[11] нарын газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газартай давхцалтай гэдэг нь тогтоогдсон, Г.Тын[12] газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газартай давхцалтай гэдэг нь тогтоогдоогүй байна.

          Нэхэмжлэгч нараас давж заалдах гомдолдоо 2008 оноос хойш одоог хүртэл амьдарч /хашаалсан/, уг газрыг эзэмших эрхийн зөвшөөрлийг 2011 оноос хойш Хан-Уул дүүргийн Засаг дарга болон газрын харилцааны албанд гаргаж байсан, бидний амьдарч байгаа газрыг бидэнд эзэмших эрх олгох боломжгүй гэсэн хариуг өгсөн гэж маргаж байгаа үндэслэл нь  шүүхийн баримт бичгийн үзлэг[13], хариуцагчаас шүүхэд ирүүлсэн ирүүлсэн албан бичгүүдээс[14] тогтоогдохгүй байх бөгөөд мөн нэхэмжлэгч нараас Нийслэлийн Засаг даргад маргаан бүхий акт буюу Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаар захирамж гаргахаас өмнө газар эзэмших хүсэлт гаргаж байсан гэдэг нь мөн тогтоогдсонгүй.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.”, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана.” гэж тус тус зохицуулжээ.

Нэхэмжлэгч нар  нь 2008 оноос хойш /хашаалан/ одоог хүртэл амьдарч байгаа гэх газрыг хуульд заасны дагуу эзэмшихээр хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргад хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд уг газарт газар эзэмших эрх олж авч, гэрчилгээ авсан гэдэг нь тогтоогдохгүй байхад нэхэмжлэгч нар нь тухайн газарт гэр, хашаа барин амьдарч байсныг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасантай нийцээгүй бөгөөд  хууль бусаар газрыг эзэмшиж байсан гэж үзнэ.

Мөн гуравдагч этгээд Д.Г, З.Ү, Б.У, Д.Г, Б.У, Г.Т нар нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу маргаан бүхий газрыг эзэмших эрхийг хуулийн дагуу олж авсан, газар эзэмших эрхийн гэрчилгээтэй бөгөөд тэдний газар эзэмших эрх нь нэхэмжлэгч нараас түрүүлж үүссэн гэж үзэхээр байна.

Иймд Нийслэлийн Засаг даргаас гуравдагч этгээд Д.Г, З.Ү, Б.У, Д.Г, Б.У нарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж заасныг зөрчсөн, үүний улмаас нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нарын “2008 оноос одоог хүртэл /хашаалан/ амьдарч байгаа, бидний хүсэлтэд газар эзэмших эрх олгох боломжгүй гэсэн атлаа гуравдагч этгээдүүдэд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой,  хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлсэн гэж үзэхээр байгаа бөгөөд нэхэмжлэгч нарын гомдолдоо дурдсан “хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргаас хээрийн судалгаа хийгээгүй” гэх нөхцөл байдлыг хариуцагчаас үгүйсгэсэн тайлбар, нотлох баримтыг гаргаж өгөөгүй байхад энэ талаарх баримтыг шүүх цуглуулах үндэслэлгүй юм.

Маргаан бүхий захиргааны актаар гуравдагч этгээд  нарт тус бүрд нь 600 м.кв газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь нэхэмжлэгч нарын хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байгаа газартай, эсхүл эзэмшиж, ашиглахаар түрүүлж хүсэлт гаргасан газартай давхацсан гэдэг нь тогтоогдохгүй байх тул  уг актыг хуульд нийцээгүй бөгөөд энэхүү актын улмаас нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 288 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

          2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                     А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хав 39 дэх тал

[2] Хэргийн 1-р хавтас 31, 55-56 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 192 дахь тал

[4] Хэргийн 2-р хавтас 81 дэх тал

[5] Хэргийн 2-р хавтас 5 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас 92 дахь тал

[7] Хэргийн 1-р хавтас 209 дэх тал

[8] Хэргийн 2-р хавтас 5 дахь тал

[9] Хэргийн 1-р хавтас 233 дахь тал

[10] Хэргийн 1-р хавтас 209 дэх тал

[11] Хэргийн 2-р хавтас 27 дахь тал

[12] Хэргийн 1-р хавтас 75 дахь тал

[13] Хэргийн 2-р хавтас 243 дахь тал

[14] Хэргийн 1-р хавтас 201 дэх тал, 2-р хавтас 134 дэх тал