Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2021/0373

 

 

З.Гын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч З.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 233 дугаар шийдвэртэй, З.Гын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 233 дугаар шийдвэрээр:

Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч З.Гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөх олговор болох 6.403.049.68 /зургаан сая дөрвөн зуун гурван мянга дөчин есөн төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийг хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, 2020 оны 10, 11 дүгээр сарын Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо:

“... Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулахаар заасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан.

Хуулийн дээрх зохицуулалт нь ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох зохицуулалттай бөгөөд анхан шатны шүүх төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэхдээ тэр дундаа ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох эсэхийг шийдвэрлэхдээ зохих хуулийг хэрэглээгүй нь хууль бус гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, ажилд эгүүлэн тогтоогоогүй атлаа цалин хөлсийг олгохоор шийдвэрлэсэн нь буруу юм.

Мөн нэхэмжлэгч нь 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өөр ажилд томилогдон ажиллаж буй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчиж нэхэмжлэгчийн татгалзсан шаардлагад дүгнэлт хийсэн ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан байхад тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж гэж бичсэн нь буруу байна.

Дээрхээс дүгнэвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2021/0233 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч З.Гаас анх “Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/297 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн Ахуйн үйлчилгээ, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тогтоолгон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргажээ[1].

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/297 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн Ахуйн үйлчилгээ, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж,  нэхэмжлэлийн шаардлагаа “ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг буюу 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт 2020 оны 10, 11 дүгээр сарын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” гэж өөрчилсөн[2].

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана.” гэж заасны дагуу нэхэмжлэгч З.Г нь нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагаа шүүхээр шийдвэрлүүлэх хүсэл зоригоо бичгээр илэрхийлсэн байхад анхан шатны шүүх уг татгалзлыг хуульд заасны дагуу батлаагүй, энэ талаар дүгнэлт өгөөгүй байна.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсаныг батлалгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөх олговор болох 6 403 049,68 төгрөгийг хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, 2020 оны 10, 11 дүгээр сарын Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.

2.Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно.”, 102.2-т “Хохирлын хэмжээний талаарх маргааныг захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэнэ.” гэж,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна: хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх”, 106 дугаар зүйлийн 106.3.7-д “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана: захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох;” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч З.Гаас “Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/297 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанаа бичгээр илэрхийлсэн байтал түүний нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхээс дахин тодруулалгүйгээр нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь дээр дурдсан хуулийн заалтуудад нийцээгүй.

Тодруулбал, нэхэмжлэгч нь маргаж буй захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь хариуцагч захиргааны ямар акт, үүргээ биелүүлээгүй хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг авах эрх зөрчигдсөн нь ойлгомжгүй болсон бөгөөд  нэхэмжлэгч захиргааны актыг хууль бус гэж үзэж байгаа нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг гаргуулах нэхэмжлэлийг захиргааны шүүх харьяалан шийдвэрлэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхээс дахин тодруулж хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай.

3.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай ... хуулиар зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд 69.1-д “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.” гэж заасан.

Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтдээ[3]Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт ажилд орсон” тухай дурдсан, мөн  анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад “өөр ажилд орсон тул урьдчилан хэлэлцүүлэг дээр албан тушаалд эгүүлэн томилуулах шаардлагаасаа татгалзсан байгаа”[4] гэж тайлбарлажээ.

Түүнчлэн, нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд “ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан, харин маргаан бүхий актыг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзаагүй” талаар дурдсан болно.

Гэтэл анхан шатны шүүхээс захиргааны акттай холбогдуулан маргаж эсэх, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа, түүнд хэдий хэмжээний олговрыг олгох талаар тодруулаагүй атлаа “2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор олгох”-ыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт  ажилд орсон шийдвэр, цалингийн тодорхойлолт, холбогдох бусад баримтыг гаргуулан авч нэхэмжлэгч хэдий хугацаанд ажилгүй байсан нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа болон нөхөн олговрыг тооцох шаардлагатай. 

Дүгнэхэд, анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулаагүй, хэсэгчлэн татгалзсан нэхэмжлэлийн шаардлагыг батлаагүй, энэ талаар дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэгч хэдий хугацаанд ажилгүй байсан болон нэхэмжлэгчид олговол зохих олговрын хэмжээтэй холбоотой нотлох баримтыг цуглуулаагүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй бөгөөд анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байдлыг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй тул  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 233 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                     А.САРАНГЭРЭЛ

 

 

[1] Хэргийн 43-44 дэх тал

[2] Хэргийн 95 дахь тал

[3] Хэргийн 122 дахь тал

[4] Хэргийн 184 дэх тал