Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2021/0641

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, шүүгч М.Батзориг, шүүгч Н.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З.Г

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: Ч Д даргын 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн Ахуйн үйлчилгээ, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан 3 сарын хугацааны буюу 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулж, Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, иргэдийн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Г шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2009 оноос эхлэн Үйлдвэр үйлчилгээний хэлтэст дадлагажигч ажилтнаар ажиллаж байгаад, 2010 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны иргэний бүртгэлийн ажилтан, зохион байгуулагч зэрэг ажилд томилогдсон. Улмаар 2017 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн Ахуйн үйлчилгээ, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн, 2018 онд ахлах мэргэжилтэн зэрэг албан тушаалд томилогдон ажиллаж байсан.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газарт *******ыг шилжүүлэн томилох аман тохиролцоог тухайн байгууллага хоорондоо хийж, тушаал гаргасан боловч энэ тушаал нь хэрэгжээгүй. Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас гаргасан алдаатай шийдвэрээс болж, миний бие нь гурван сарын хугацаанд ажилгүй байсан. Өөрийн мэдлэг чадвараар өөр ажилд орсон бөгөөд энэ нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газартай холбоогүй. Ажил, албан тушаалд нь эгүүлэн томилсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд нөхөн олговор олгоно гэсэн хуулийн заалтыг хариуцагч хариу тайлбартаа дурдсан байсан. Нэхэмжлэгч ******* миний хувьд гурван сарын хугацаанд ажилгүй байж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлгүй тасарсан, мөн банкны зээл авсан байсан боловч найдваргүй зээлдэгч гэж бүртгэгдсэн зэрэг хохиролтой байна. Эдгээр хохирлууд нь миний ажилдаа гаргасан алдаа дутагдлаас шалтгаалаагүй буюу Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас гаргасан алдаатай шийдвэрээс болсон гэж үзэж байна. Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаас гэрчийн мэдүүлэг авч, хавтаст хэрэгт авагдсан ба уг мэдүүлэгт болсон үйл явдлыг тодорхой дурдсан. Засгийн газар болон Төрийн албаны зөвлөлийн хамтран баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам-ын хэрэгжилтийг хангуулж, албан бичгээр баталгаажуулалгүй, утсаар харилцан тохиролцсон гэсэн үндэслэлээр *******ыг шилжүүлэх тушаал гарсан байдаг. Шилжүүлэх тушаалын дагуу Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газартай холбогдоход чамайг шилжүүлэн авна гэсэн шийдвэр гараагүй гэсэн хариуг өгсөн буюу Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар хуурч мэхлэн тушаал гаргасан гэж үзэж байна.

Маргаан бүхий ******* тоот тушаал гарснаас хойш нэхэмжлэгч миний бие нь Төрийн албаны зөвлөлд хандсан ба Төрийн албаны зөвлөлөөс ажилд эргүүлэн томилох шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу өргөдөл, гомдлыг сарын хугацаанд шийдвэрлэж, хариу мэдэгдэх ёстой байсан боловч надад хариу өгөөгүй тул шүүхэд хандсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т "Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн тогтоох... гэж заасныг дурдаж байна. Миний бие нь тухайн үед гурван сарын хугацаанд ажилгүй байсан бөгөөд ажилд орох эсэх нь тодорхойгүй байсан. Миний бие нь залуу хүн тул цаашдын ажил амьдралаа бодож, өөр ажилд орсон. Өөр ажилд орсон тул өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах шаардлагагүй гэж үзэж, уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Гурван сар ажилгүй байх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлгүй тасарсан нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон. Хариуцагчийн хууль бус шийдвэрээс болж, ийм хохирол үүссэн байхад яагаад өөр тайлбар гаргаж байгааг ойлгохгүй байна. Гэрчийн мэдүүлэг буюу Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Б******* нь анх ажилд шилжүүлэн томилох саналыг тавьж, шилжүүлсэн. Шилжүүлэх тушаалыг хурдан хугацаанд гаргасан ба Б.Б******* нь мэдүүлэгтээ Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын даргаас тухайн чиглэлийг өгсөн гэж тайлбарласан.

Өөрийн мэдлэг чадвараа ашиглаж, өөр ажилд орсон. Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын шийдвэрийг хууль бус гэж үзэж байна. Өөр ажилд дэвшүүлсэн гэсэн тушаал гаргасан тул Нийгмийн даатгалын газраас ажилгүй байсан хугацааны нөхөн олговор зэрэг ямар нэгэн тэтгэмж олгогдохгүй хохирч, гурван сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээ төлөлгүй тасарсан болон баталгаагүй зээлдэгч болсон зэрэг олон сөрөг үр дагаврууд гарсан.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хоёрдугаарт нь 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр буюу ажилгүй болсон үеэс эхлэн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны гурван сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, гуравдугаарт нь тасалдсан буюу 2020 оны 10 болон 11 дүгээр саруудын нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр *******д Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газарт шилжин ажиллах тухай өргөдлийг Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасны дагуу гаргасан.

Хүсэлтийг үндэслэж, үүргийн Засаг даргын Тамгын газрын даргын ******* дугаар тушаалаар Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн Ахуйн үйлчилгээ, хөдөө аж ахуй хариуцсан ахлах мэргэжилтэн *******ыг Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын мэдэлд шилжүүлсэн.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан бол хэлцэл хийсэн гэж үзнэ гэж хуульд заасан бөгөөд ******* хүсэлт зоригийн илэрхийлэл болгож, шилжин ажиллах хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн. Тамгын газраас нэхэмжлэгчийн өөр ажилд шилжүүлсэн ажиллуулах тухай санал тавиагүй бөгөөд нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр шилжиж ажиллах тухай саналаа гаргаж, Тамгын газрын дарга тушаал гаргасан.

Хөдөлмөрийн тухай хуульд ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд хугацаанд нь урьд нь авч байсан дундаж цалинтай тэнцэх нөхөн олговрыг олгоно гэж хуульчилсан байдаг.

Гэтэл нэхэмжлэгч нь ажилдаа эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэгчийн гаргасан ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгох нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Иргэдийн төлөөлөгч: Миний зүгээс шүүх хуралдаанд оролцож буй нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараас дүгнэхэд нэхэмжлэгч талыг төөрөгдөлд оруулахаар шийдвэр гаргаж, ажилгүй 3 сарын хугацааны хохирол амсуулах эрх зүйн байдлыг дордуулах зэрэг хор уршиг учруулсан. Хариуцагч нь хариу тайлбартаа ажилгүй байх үеийн нөхөн олговрыг нэхэмжлэгчид олгох боломжтой байсан боловч өөр ажилд орсон тул олгох боломжгүй нөхцөл байдал үүссэн байгаа талаар дурдаж байна. Нэхэмжлэгч болон хариуцагч талуудын тайлбар, дүгнэлтүүдээс үзвэл хариуцагч нь алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ :

Нэхэмжлэгч ******* нь анх *******д холбогдуулан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн Ахуйн үйлчилгээ, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан 3 сарын хугацааны буюу 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулж, Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан, шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх шатанд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн буюу Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн Ахуйн үйлчилгээ, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан З сарын хугацааны цалин хөлс буюу 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах гэж өөрчлөн тодорхойлжээ.

Нэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.3-т Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана, 66.4-т Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй гэж тус тус заажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/491 дүгээр тушаалаар *******ыг тус газрын Дэд бүтцийн хяналтын хэлтэст Усан хангамж, ариутгах татуургын хяналтын улсын байцаагчаар 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн томилсон байх ба нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн буюу Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн Ахуйн үйлчилгээ, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах шаардлагаасаа татгалзсанаа бичгээр илэрхийлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хоёр. Шүүх үлдэх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч, хариуцагч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт

өгч, дараах үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны 3 сарын цалин хөлс буюу 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч нь ******* нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар маргаж байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...анхан шатнаас дунд шат хүртэл төрийн албаны дэвшин ажиллах мерит зарчмаар дэвшин ажилласан. Гэтэл тангараг өргөсөн төрийн албан хаагч намайг байгууллагуудын удирдлагын хооронд шилжүүлэх талаар харилцан тохиролцоогүй, энэ тухайгаа бичгээр үйлдэж баталгаажуулаагүй байтлаа хуурч ажлаас минь гаргаж, Төрийн албаны тухай хууль болон холбогдох журмыг зөрчсөн... гэж , хариуцагч нь ...Тамгын газраас *******ыг өөр ажилд шилжүүлэн ажиллуулах тухай санал тавиагүй бөгөөд нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр шилжин ажиллах тухай хүсэлтээ гаргасан. Хүсэлтийн дагуу ... Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын мэдэлд шилжүүлсэн. ... гэж тодорхойлон маргажээ.

Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно, 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт Энэ хуулийн 44.1, 44.2-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй гэж тус тус заажээ.

Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам-ын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцон төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. Төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсон тухай баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна гэж журамлан заажээ.

Хууль болон дээрх журмын заалтуудын агуулгаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулахад баримтлах журмыг ялгамжтайгаар тогтоосон байх бөгөөд тухайн байгууллагад нэг албан тушаалд 10 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчийг нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэн ажиллуулах тохиолдолд төрийн байгууллагуудын удирдлагуудын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулахаар, харин албан ажлын зайлшгүй шаардлага байгаа тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчтай өөртэй нь тохиролцсоны үндсэн дээр түүнийг нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэх хуулийн зохицуулалттай байна.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/50 дугаар тушаалаар төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн мэргэжлийн түвшингийн үнэлгээг харгалзан, тус дүүргийн 16 дугаар хорооны Ажлын албаны дарга *******ыг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн Ахуйн үйлчилгээ, хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтнээр томилжээ.

*******аас 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр дүүргийн Засаг даргын Тамгын газарт хандан Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газарт шилжин ажиллах хүсэлтийг бичгээр гаргасан, улмаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаар тушаалаар Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн Ахуйн үйлчилгээ, хөдөө аж ахуй хариуцсан ахлах мэргэжилтэн ажилтай түүнийг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын мэдэлд шилжүүлсэн, нэхэмжлэгч *******аас дээрх шилжүүлэн томилсон тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан, Төрийн албаны зөвлөлөөс *******ын гаргасан гомдлыг хянаад, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 01/1985 дугаар албан бичгээр хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад Төрийн албаны тухай хууль, журмыг зөрчсөн гэж үзэн, 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн Ахуйн үйлчилгээ, хөдөө аж ахуй хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд 2020 оны 11 дүгээр сарын 20-ны дотор буцаан томилохыг үүрэг болгосон, хариуцагч захиргааны байгууллага нь дээрх шийдвэрийг биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй үйл баримт тогтоогдож байна.

Хэдийгээр нэхэмжлэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр шилжүүлэн ажиллах тухай хүсэлтээр бичгээр гаргасан байх боловч дээрх төрийн байгууллагуудын удирдлагууд төрийн жинхэнэ албан хаагч *******тай шилжүүлэн ажиллуулахаар. харилцан тохиролцоогүй, харилцан тохиролцсон тухай баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нэгэнт тогтоогдож байх тул хариуцагч захиргааны байгууллагыг төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэхдээ баримтлах тусгайлсан журмыг зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага, албан тушаалтан нь хуулиар тогтоосон журам, шаардлагыг зөрчиж, төрийн жинхэнэ албан хаагч *******ыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын мэдэлд шилжүүлсэн нь хууль бус болжээ.

Дээрх байдлаас дүгнэвэл хариуцагч нь хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх үед баримтлахаар тусгайлан журамласан зохицуулалтыг дагаж мөрдөөгүй, тодруулбал Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг зөрчиж, үндэслэлгүйгээр нэхэмжлэгч *******ыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн Ахуйн үйлчилгээ, хөдөө аж ахуй хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж / шилжүүлж /, хуулиар тогтоосон төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл баталгаа-г зөрчсөн нь тогтоогдож байх тул маргаан бүхий Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгох нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* нь ... ажилгүй байсан хугацааны 3 сарын цалин хөлс буюу 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж , нэхэмжлэлийн үндэслэлээ ... утсаар харилцан тохиролцсон гэсэн үндэслэлээр ... шилжүүлэх тушаал гарсан, ...Шилжүүлэх тушаалын дагуу Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газартай холбогдоход чамайг шилжүүлэн авна гэсэн шийдвэр байхгүй гэсэн хариуг өгсөн. ... Хариуцагчийн хууль бус шийдвэрээс болж, ийм хохирол үүссэн... гэж, хариуцагч нь ... Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан тул ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгох хууль зүйн үндэслэлгүй ... гэж тодорхойлон маргажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй, 101.2-д иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна, 102 дугаар зүйлийн 102.1-д Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно гэж тус тус зааснаас үзвэл захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд хохирол учирсан тохиолдолд учруулсан хохирлыг захиргааны байгууллагаас гаргуулахаар байна.

Нэхэмжлэгч *******ыг Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан тусгайлсан зохицуулалтыг зөрчиж, үндэслэлгүйгээр түүний өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалаас шилжүүлсэн нь нэгэнт тогтоогдсон, нэхэмжлэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/491 дүгээр тушаалаар ТЗ-6-2 зэрэглэлийн 731527 төгрөгийн үндсэн цалинтай ажилд томилогдсон болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101.2, 102.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулж, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь үндэслэлтэй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101.2-д зааснаар иргэн, хуулийн этгээд нь захиргааны байгууллагын хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулах хуулийн зохицуулалттай байх тул хариуцагчийн ...нэхэмжлэгч нь ажилдаа эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгохоор хуульчилсан ... гэж маргасан нь үндэслэлгүй бөгөөд энэ маргааны тохиолдолд холбогдох хуулийг зөрчсөний улмаас буюу хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгч ажилгүй байсан, нэхэмжлэгчийг өөр албан тушаалд шилжүүлсэн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, хохирлыг барагдуулах нь дээрх хуулийн заалттай нийцнэ гэж үзнэ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан 3 сарын хугацааны буюу 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор, нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* нь Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн Ахуйн үйлчилгээ, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48,.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь татгалзсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН

ШҮҮГЧ М.БАТЗОРИГ

ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН