Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 26

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Ш.Ж ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/08 дугаар тушаалын Ш.Ж т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Сангийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сангийн яамны Хууль эрх зүйн газрын гэрээт ажилтан Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярдулам нар оролцов.                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Ж  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч К.Ж  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/08 тоот тушаалаар Ш.Ж ыг тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-д заасны дагуу Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 923 тоот албан бичгээр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргах хугацаа өнгөрсөн тул шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөсөн хариу өгсөн. 

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга 2017 оны Б/08 тоот тушаалыг гаргахдаа Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар тогтоолыг үндэслэл болгож, яамны зохион байгуулалтын бүтэц шинэчлэгдсэнтэй холбогдуулан төрийн жинхэнэ албан хаагч намайг Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн. 

Улмаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны Б/09 тоот тушаалаар намайг Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн Дээд байгууллагын тогтоол шийдвэрийн хэрэгжилт, сургалт, нийгмийн асуудал, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон.

Төрийн захиргааны удирдлагын газар, түүний даргын албан тушаал нь Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хасагдаагүй, өөрчлөгдөөгүй болно. Одоогоор миний ажиллаж байсан газрын даргын албан тушаалд өөр хүн томилж ажиллуулж байгаа ба надад уг тушаалыг танилцуулж, үндэслэлийн талаар ч мэдэгдэж байгаагүй. 

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д заасны дагуу намайг Сангийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын орон тоо хасагдсан тохиолдолд ажлаас чөлөөлөх хууль зүйн боломжтой байсан. Энэ хууль зүйн боломж, үндэслэл огт бий болоогүй буюу миний төрийн жинхэнэ албан хаагчийн эрхэд халдах хууль зүйн үндэслэл огт байхгүй юм. Төрийн захиргааны удирдлагын газрын даргын орон тоо хасагдаагүй болох нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны Б/09 тоот тушаал, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар тогтоолын Г хэсгийн 7 дахь заалтаар тус тус нотлогдож байна. 

Ийнхүү Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны Б/08 тоот тушаалын надад холбогдох хэсэг нь Төрийн албаны тухай хуулийг илтэд зөрчсөн, илтэд үндэслэлгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн албанаас халагдахгүй байх эрхийг ноцтойгоор зөрчсөн болох нь харагдаж байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан нь захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл огт байхгүй, эсхүл акт ямар ч хуульд үндэслээгүй гарсныг ойлгох ба дээр дурдсанчлан хуульд заагаагүй үндэслэлээр намайг Сангийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн захиргааны актыг илт хууль бус гэж үзэж байна.

Төрийн захиргааны удирдлагын газар алга болсон, чиг үүрэг өөрчлөгдсөн, нэгдэж нийлсэн тухай ажлаас чөлөөлсөн тушаалд огт байхгүй. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаал хасагдаагүй, өөрчлөгдөөгүй болно. Ш.Ж ын ажиллаж байсан албан тушаалд Х.Энхбаатар гэж хүнийг томилсон байдаг.

Ш.Ж ыг Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн дээд байгууллагын тогтоол шийдвэрийн хэрэгжилт, сургалт, нийгмийн асуудал, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон боловч Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн тушаалаар мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж, Сангийн яамны харьяа “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” Улсын төсвийн үйлдвэрийн газарт Ш.Ж ын зөвшөөрөлгүйгээр шилжүүлсэн. Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын Б/08 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн. Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаал огт байхгүй болсон, хасагдсан тохиолдолд Ш.Ж ыг ажлаас чөлөөлөх үндэслэлтэй байсан. Ш.Ж ыг ажлаас чөлөөлсөн захиргааны актад энэ үндэслэл байхгүй. 

Төрийн захиргааны удирдлагын газарт Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 402 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар заасан чиг үүрэг байсан тэр чиг үүрэг хэвээрээ байгаа. Тийм учраас энэ захиргааны акт гарах ямар ч үндэслэл байгаагүй юм. Захиргааны акт өөрөө ямар ч хуульд үндэслээгүй бөгөөд үндэслэл огт байхгүй, Ш.Ж ыг ажлаас чөлөөлөгдсөний дараа ажлын байрны тодорхойлолт, тавигдах шаардлага, чиг үүрэг нь тус тус өөрчлөгдсөн гэх бөгөөд түүнийг огт мэдэгдээгүй. Тиймээс захиргааны акт гарах хууль зүйн үндэслэл анхнаасаа огт байгаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж зааснаас харвал тус захиргааны акт нь  илт хууль бус захиргааны акт юм.

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна” гээд 40.2.3-д “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж байна. Гэтэл захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заагаагүй тодорхой бус тул илт хууль бус захиргааны акт гэж үзэх бас нэг үндэслэл байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар тогтоолоор бүтэц өөрчлөгдөх үндэслэх хэсгийн Г хэсэгт Сангийн яам гэж явж байгаад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Төрийн жинхэнэ албан хаагч дараах нэмэгдэл баталгаагаар хангагдана” гээд 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” төрийн албан хаагчийн нэмэлт баталгаа байдаг. Гэтэл төрийн жинхэнэ албан хаагчийн эрхэд хуульд заагаагүй үндэслэлээр халдсан, төрийн жинхэнэ алба хаах эрхийг нь хязгаарласан шийдвэр гаргасныг илт хууль бус акт гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/08 дугаар тушаалын Ш.Ж т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, Сангийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны Б08 дугаар “Ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэсний дагуу 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн сонсох ажиллагаа явуулсан тэмдэглэлд үндэслэсэн байдаг бөгөөд тухайн тэмдэглэлд Ш.Ж ыг Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн албан тушаалд шилжүүлэн томилохоор санал болгосныг Ш.Ж  хүлээн зөвшөөрөн гарын үсэг зурсан байна. 

Үүний дагуу 2017 оны Б09 дүгээр “Ажил, албан тушаалд томилох тухай” тушаалаар Ш.Ж  нь Төрийн захиргаа удирдлагын газрын мэргэжилтнээр томилогдсон байдаг. Тухайн тушаал нь Засгийн газрын 2016 оны 91 дүгээр тогтоол батлагдсантай холбогдуулан гарсан тул илт хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Мөн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны Б65 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд өөрийнх нь зөвшөөрлөөр, Сангийн яамны Хөдөлмөрийн дотоод журмын 31 дүгээр зүйлд “Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно. Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр хоёр жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно” гэж заасны дагуу Ш.Ж ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж Гааль татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв улсын төсөвт үйлдвэрийн газрын мэдэлд шилжүүлсэн байна. 

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/08 дугаартай тушаалыг илт хууль бус гэж маргаж байгаа. Захиргааны акт илт хууль бус байх үндэслэлүүд байдаг. Б/08 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан шаардлага хангасан тул илт хууль бус акт биш гэж үзэж байна. Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д “Төрийн нарийн бичгийн дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.6.9-д “хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, шилжүүлэн ажиллуулах, төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах;” бүрэн эрх нь хадгалагдаж байдаг. 

Тухайн захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн дагуу эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэж, сонсох ажиллагаа явуулсан байдаг. Сонсох ажиллагаанд Ш.Ж ыг Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн албан тушаалд шилжүүлэн томилохыг санал болгоход Ш.Ж  хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тухай сонсох ажиллагааны тэмдэглэл байдаг. Энэ сонсох ажиллагааны тэмдэглэлд Ш.Ж  гарын үсэг зурж, Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтнээр томилогдон ажиллахдаа 1-3 сард ажилдаа ирээгүй бөгөөд энэ хугацаанд цалин авч байсан. Ажилдаа ирэхгүй байхаар Ш.Ж ыг 2-3 сарын хугацаанд утсаар ярьж ажилдаа ирэхийг сануулсан байдаг. 

Ш.Ж ын эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзэж ажлаас чөлөөлөх арга хэмжээ аваагүй бөгөөд өөртөө нь зөвшилцсөний үндсэн дээр байгууллага хооронд шилжүүлэн ажиллуулахаар болсон. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйл төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, шилжүүлэн ажиллуулах, 22.1-д “албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэснийг үндэслэн “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” Улсын төсөвт Үйлдвэрийн Газрын мэдэлд шилжүүлсэн. 

Ш.Ж  нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/08 дугаар тушаалыг хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд мэргэжилтний цалин авч байсан. Энэ тухай нэхэмжлэгчийн тайлбар дээр бичсэн байгаа. Дараагаар нь тус албан тушаалаас чөлөөлж, Сангийн яамны харьяа “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” Улсын төсөвт Үйлдвэрийн Газрын мэдэлд шилжүүлсэн боловч тус газрын “стратеги төлөвлөлтийн албаны менежер”-ийн тушаалаас чөлөөлөгдсөн байна. Энэ ажлаас чөлөөлөгдсөн үндэслэлээ Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/08 тоот тушаалтай холбож тайлбарладаг. 

Нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/08 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгохоор гаргасан нь Ш.Ж ыг мэргэжилтнээр томилсон, чөлөөлсөн тушаал, байгууллага хооронд шилжүүлэн ажиллуулах, ажлаас чөлөөлөх тухай тушаалтай ямар ч холбоогүй, хамаарахгүй юм. Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/08 тушаалыг тухайн үед хүлээн зөвшөөрөөд ажиллаж байсан ба тухайн байгууллагын удирдлага дээд шатны албан тушаалтны гаргасан шийдвэр нь миний эрх зөрчөөд байна гэж ямар нэг гомдол гаргаагүй байдаг. Үүнээс хойш нэхэмжлэл гарах хугацаа өчнөөн өнгөрсний дараа “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” Улсын Төсөвт Үйлдвэрийн Газрын мэргэжилтнээр ажиллаж байгаад халагдсандаа ажлаас халагдсан үндэслэлээ Б/08 тушаалтай холбож нэхэмжлэл гаргасан нь ямар ч утга агуулгын хувьд уялдаагүй байна. 

Иймд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Б08 дугаар тушаал нь сонсох ажиллагаа явуулж өөрийнх нь зөвшөөрлийг үндэслэн хуулийн хүрээнд гарсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Ш.Ж ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ш.Ж  нь нэхэмжлэлийн шаардлагаа “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/08 дугаар тушаалын Ш.Ж т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Сангийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах” гэж тодорхойлжээ.

Маргаж буй Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/08 дугаар тушаал нь Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэсэн байх бөгөөд Яамны зохион байгуулалтын бүтэц шинэчлэгдсэнтэй холбогдуулан (хавсралтаар) Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ш.Ж , ...нарыг мөн өдрөөр тасалбар болгон албан тушаалаас нь чөлөөлжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шаардлагын үндэслэлээ “Хариуцагч нь Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийг илт зөрчсөн. Төрийн захиргааны удирдлагын газрын даргын орон тоо хасагдаагүй, албан тушаалын чиг үүрэг өөрчлөгдөөгүй, Төрийн албаны тухай хуулийн 23.4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүсээгүй, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан нэмэгдэл баталгаа хангагдах ёстой. Захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т заасан шаардлагыг хангаагүй байх тул дээрх хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус акт болно” гэж тайлбарлан  маргаж байна.

1. Үйл баримтын талаар:

Анх нэхэмжлэгч Ш.Ж  Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/130 дугаар тушаалаар тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/60 дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар томилогдон ажиллаж байжээ. 

Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар баталсантай холбогдуулан Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 91 дүгээр тогтоолоор Сангийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлагдсан байна. 

Ингээд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ш.Ж ыг Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалаас чөлөөлж, мөн өдрийн Б/09 дүгээр  тушаалаар түүнийг Төрийн захиргааны удирдлагын газрын Дээд байгууллагын тогтоол шийдвэрийн хэрэгжилт, сургалт, нийгмийн асуудал, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтнээр 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс томилсон байна. 

Мөн Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Б/65 дугаар  тушаалаар Ш.Ж ыг Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлж, “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газрын мэдэлд шилжүүлсэн бөгөөд “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/58 дугаар  тушаалаар Ш.Ж  Стратеги, төлөвлөлтийн албаны менежерээр томилогдон ажилласан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж заасны дагуу захиргааны байгууллага нь маргаж буй захиргааны актыг гаргахаас өмнө Ш.Ж т мэдэгдэн, сонсох ажиллагаа хийгдсэн байна. 

Тухайлбал, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа нь Засгийн газрын дээрх тогтоол батлагдсантай холбогдуулан ажил, албан тушаал өөрчлөгдөж байгаа Ш.Ж той биечлэн уулзаж, Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтнээр шилжүүлэн томилох болсон тухай мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн “Сонсох ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл”-ээр  (Ш.Ж  гарын үсэг зурсан) тогтоогдож байна. 

Түүнчлэн нэхэмжлэгч Ш.Ж  нь Сангийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/08 дугаар тушаал болон Төрийн захиргааны удирдлагын газрын Дээд байгууллагын тогтоол шийдвэрийн хэрэгжилт, сургалт, нийгмийн асуудал, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/09 дүгээр тушаал, мөн Санхүүгийн хэлтсийн мэргэжилтнээс чөлөөлж, “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газрын мэдэлд шилжүүлсэн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Б/65 дугаар тушаалуудыг эс зөвшөөрч тухай үед нь эрх бүхий этгээдэд гомдол гаргаагүй, улмаар хуульд заасан хугацаанд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй талаар маргаагүй байна.

Харин Ш.Ж  дээрх томилгоонуудыг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр томилсон албан тушаалд ажиллаж, уг албан тушаалын цалин, хөлсийг авсан болох нь Сангийн яамны 2017 оны цалингийн карт , “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газрын 2017 оны цалингийн тооцооны карт  зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Нэгэнт Засгийн газрын 2016 оны 03 дугаар тогтоолоор Сангийн яамны бүтэц, орон тоог өөрчлөн баталсантай холбогдуулан захиргааны байгууллагаас нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдсэн, хариуцагч нь эрх хэмжээнийхээ хүрээнд түүнийг өөр ажил, албан тушаалаар хангаж Төрийн захиргааны удирдлагын газрын Дээд байгууллагын тогтоол шийдвэрийн хэрэгжилт, сургалт, нийгмийн асуудал, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсоноор Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хангасан байна.  

2. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/08 дугаар тушаалын Ш.Ж т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд: 

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” буюу сөрөг нөлөөлөл бүхий актыг гаргах ямар ч үндэслэл хуульд байхгүй, эрх зүйн илт алдаатай тохиолдолд захиргааны илт хууль бус акт гэж тодорхойлдог.

Хэргийн оролцогчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/08 дугаар тушаалд эрх зүйн илэрхий алдаа байхгүй байх тул захиргааны акт илт хууль бус болох нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Учир нь, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “нэхэмжлэгч Ш.Ж ыг Төрийн захиргааны удирдлагын газрын даргаас чөлөөлсөн тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх үндэслэлд хамаарна” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан маргах боловч хуулийн энэхүү заалтад хуулиар зохицуулаагүй, хуульд заагаагүй байхад захиргааны байгууллага, албан тушаалтнаас хүн, хуулийн этгээдийн эрхэд халдаж гаргасан шийдвэрийг хамааруулах болохоос Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэлийг хамааруулан үзэх боломжгүй юм. 

Зүй нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, мөн Төрийн захиргааны удирдлагын газрын даргын орон тоо хасагдаагүй, албан тушаалын чиг үүрэг хэвээр байхад мэргэжилтнээр томилсон нь хууль бус гэж маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны хууль бус актыг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох учиртай. 

Хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны Б/08 дугаар  тушаал нь Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэсэн байх бөгөөд хуулиар тусгайлан эрх олгосон албан тушаалтан өөрийн эрх хэмжээний хүрээнд тухайн актыг гаргасан, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан захиргааны акт илт хууль бус болох тохиолдлууд болон эрх зүйн илт буюу илэрхий алдаа байхгүй байх тул Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоох үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл, хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны Б/08 дугаар тушаалыг илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг Сангийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгчийн гаргасан 2017 оны Б/08 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд захиргааны акт гарах болсон шалтгаан нөхцөл, түүний хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөөгүй болно. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Ж ын гаргасан “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/08 дугаар тушаалын Ш.Ж т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Сангийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Ж ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.ЦЭЦЭГМАА