Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2019/0469/З |
Дугаар | 221/МА2021/0381 |
Огноо | 2021-07-06 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2021/0381
Г.Б, Г.Х нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 290 дүгээр шийдвэртэй, Г.Б, Г.Х нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 290 дүгээр шийдвэрээр:
“Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Зуслангийн зориулалтаар газар эзэмших эрх шинээр олгохыг баталгаажуулах тухай” А/543 дугаар захирамжийн Х.А, З.Х нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Г.Б, Г.Х нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Г.Б, Г.Х нар тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо:
“... Маргаан бүхий Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн газарт Г.Б, Г.Х нар 2007 оны зун 4х5 м хэмжээтэй зуны зуслангийн байшин барьж, модон хашаа хатган гурван айлын хэмжээтэй газрыг зуслангийн зориулалтаар эзэмших болсон. Улмаар 2009, 2012 онуудад тухайн газартаа кадастрын зураг хийлгэн, Газрын тухай хуульд заасан бусад холбогдох баримтуудыг бүрдүүлэн газар эзэмших хүсэлтээ дүүргийн Газрын албанд гаргасан боловч “зуслангийн газрын зөвшөөрөл өгч эхлээгүй байна” гэж хүсэлтүүдийг хүлээж авалгүй буцаасаар байсан. Тухайн үед гаргасан өргөдлийг хүлээн авдаггүй байсан талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогддог. Мөн 2007 оноос одоог хүртэл зуслангийн газраа ашигласаар байгаа ба энэ тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн зуслангийн манаач гэрчилсэн төдийгүй цахилгаан ашиглах гэрээ, өөрсдийн хувийн бичлэг зэргээр тогтоогдоно.
Гэтэл анхан шатны шүүхээс “бодитоор эзэмшил үүссэн нь тогтоогдохгүй байна” гэж үзсэн нь үндэслэлгүй болсон.
Анх Х.А, З.Х нар шүүхэд тайлбар гаргахдаа өөрсдийн эзэмшиж байсан тойруулан хашаа барьсан газар гэж байсан боловч хэргийн дахин хэлэлцэх үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Ж.Баттуяа өөрөө бариулсан, газрыг эзэмшиж байсан гэж мэдүүлсэн, гуравдагч этгээдээс мөн газар чөлөөлүүлэх ямар нэгэн нэхэмжлэл гаргаж байгаагүй зэргээс үзэхэд гуравдагч этгээдүүд нь тухайн газартай ямар ч холбоогүй болох нь нотлогдож байна. Иймд гуравдагч этгээдүүдэд эзэмшүүлэх захирамж гаргасан нь газрыг үр ашигтай ашиглах зарчим зөрчигдсөн бөгөөд нэхэмжлэгч нарын хувьд газрыг бодитойгоор ашиглаж ирсэн.
Дээрх байдлаар тухайн газрыг огт эзэмшиж байгаагүй этгээдэд эрх олгосон нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны А/543 дугаар захирамжид заасан “... дүүргийн нутаг дэвсгэрт зуслангийн зориулалтаар газар эзэмшиж байгаа иргэдийн газар эзэмших эрхийг баталгаажуулах” зорилгод нийцээгүй байхад энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй.
Түүнчлэн, Засаг дарга газар эзэмших өргөдлийг хуулийн дагуу 30 хоногийн хугацаанд бодит байдал дээр 2-3 сарын хугацаанд шийдвэрлэдэг атлаа гуравдагч этгээдүүдийн өргөдлийг 10 дахь хоногт нь шийдвэрлэсэн нь газрын тухай хууль бус ажиллагааг илтгэдэг.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д болон Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын Зургаад газрын эзэмших эрхийн гэрчилгээ олгоход газар дээр нь очиж хээрийн судалгааны ажил хийгдэх бөгөөд бусдын газартай давхцаж буй эсэхийг тодруулж, тэмдэглэл үйлдэхээр зааснаар үзэхэд заасан бодитой эзэмшил байгаа эсэхийг тодруулсны дараа хэн нэгэн эзэмшээгүй амьдраагүй газрыг эзэмшүүлэх боломж үүсэж байгаа гэж ойлгогдохоор байна. Гэтэл дээрх ажиллагааны талаар баримт байхгүй, хийгдээгүйгээс хууль зөрчсөн захирамж гарсан байхад бодит байдлыг үл харгалзан зөвхөн хүсэлт гаргасан эсэхээр дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Түүнчлэн, уг заалтыг зөвхөн үл хөдлөх хөрөнгө байгаа тохиолдолд эзэмшил үүссэн гэж үзэхээр хуулийг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянаад, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г.Б, Г.Х нараас “Х.А, З.Х нарт газар эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/543 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан.
Маргаан бүхий Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/543 дугаар захирамжаар[1] Шарга морьтод байрлах тус бүр 700 м.кв газрыг Х.А, З.Х нарт 15 жилийн хугацаатай, зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн байх ба Х.А, З.Х нартай тус бүр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.
Гуравдагч этгээд З.Х нь 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нас барсан /нас барсны бүртгэлийн лавлагаа[2]/ байх ба түүний төрсөн охин Х.А-д Өвлөх эрхийн 0046 дугаар гэрчилгээ олгогдсон.
Х.А, З.Х нар нь 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр газар эзэмших өргөдөл гаргасан болох нь тэдний гаргасан өргөдөл, Өргөдөл, гомдол бүртгэл-хяналтын картын маягт[3], Сүхбаатар дүүргийн Газрын албанд хийсэн шүүхийн бичиг баримтын үзлэг зэрэг баримтуудаар[4] нотлогдож байна.
Харин нэхэмжлэгч нар “2009, 2012 онуудад тухайн газартаа кадастрын зураг хийлгэн, Газрын тухай хуульд заасан бусад холбогдох баримтуудыг бүрдүүлэн газар эзэмших хүсэлтээ дүүргийн Газрын албанд гаргасан хүсэлтүүдийг хүлээж авалгүй буцаасаар байсан” гэж гомдолдоо маргасан боловч эрх бүхий этгээдэд өргөдөл, хүсэлт гаргасан болон тухайн байгууллагаас хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан нөхцөл байдал нь шүүхээс хийсэн баримт бичгийн үзлэг[5], хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдсонгүй.
Мөн нэхэмжлэгч нар нь газар эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй байх бөгөөд шүүхийн газрын үзлэгээр[6] маргаан бүхий газар нь зарим талаараа жижиг явган хашаагаар хүрээлэгдсэн, байшин барилга баригдаагүй гэдэг нь тогтоогдож, нэхэмжлэгч нараас “зундаа гэр барьж суудаг” гэсэн тайлбарыг өгчээ.
1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.”, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана.” гэж заасан.
Маргааны үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч нар нь хуульд заасны дагуу маргаан бүхий газрыг эзэмших хүсэлт гаргаж байгаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй гэдэг нь тогтоогдсон бөгөөд маргаан бүхий газрыг хашаалан, зундаа гэр барин оршин сууж байснаар нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүссэн гэж үзэхгүй тодруулбал, хуульд заасны дагуу эзэмших хүсэлт болон газар эзэмших гэрчилгээ авалгүйгээр газрыг эзэмшсэн тохиолдолд үүнийг хууль бус эзэмшил гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуульд заасан эрх бүхий этгээдээс газар эзэмшүүлэх шийдвэр гараагүй, гэрчилгээ олгоогүй байхад нэхэмжлэгч Г.Б, Г.Х нар нь гэр, хашаа барин оршин сууж, кадастрын зураг хийлгэн, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах замаар уг газарт эзэмшил үүсгэснийг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэгч нарын “... 2007 оноос одоог хүртэл зуслангийн газраа ашигласаар байгаа ба энэ тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн зуслангийн манаач гэрчилсэн төдийгүй цахилгаан ашиглах гэрээ, өөрсдийн хувийн бичлэг зэргээр тогтоогдоно. Гэтэл анхан шатны шүүхээс “бодитоор эзэмшил үүссэн нь тогтоогдохгүй байна” гэж үзсэн нь үндэслэлгүй болсон...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
2.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:...21.5.3.энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах.”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ: 33.1.1.энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана...” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, эрх бүхий албан тушаалтнаас иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан газар эзэмшүүлэх шийдвэр гарахад тухайн иргэн нь тухайн газрыг эзэмшиж, ашиглаж эхэлсэн байх шаардлагыг хуульд заагаагүй бөгөөд хуульд заасан журмын дагуу шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулах бүрэн эрх тухайн шатны Засаг даргад хамаарна.
Тиймээс “...тухайн газрыг огт эзэмшиж байгаагүй этгээдэд эрх олгосон...” гэх гомдол үндэслэлгүй.
3.Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын Зургаад “газрын эзэмших эрхийн гэрчилгээ олгоход газар дээр нь очиж хээрийн судалгааны ажил хийгдэх бөгөөд бусдын газартай давхцаж буй эсэхийг тодруулж, тэмдэглэл үйлдэхээр” заасан.
Маргаан бүхий газарт суурьшил, бодит эзэмшил үүссэн нөхцөл байдалд хамаарах барилга байшин баригдсан, нэхэмжлэгч нар нь байнга амьдардаг нөхцөл байдал нь хэрэгт авагдсан газрын кадастрын мэдээллийн сангийн 2007, 2017 оны архивын зурган мэдээллүүд болон агаарын зургуудаас[7] тогтоогдоогүй харин зарим талаараа жижиг явган хашаагаар хүрээлэгдсэн, байшин барилга баригдаагүй гэдэг нь шүүхийн газрын үзлэгээр тогтоогдсон.
Иймд гуравдагч этгээд нар газар эзэмших эрх олж авахаас өмнө нэхэмжлэгч нар маргаан бүхий газрыг бодитойгоор эзэмшиж байсан үндэслэл тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчээс түрүүлж хуульд заасны дагуу хүсэлт гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан гуравдагч этгээдүүдийн газар эзэмших эрхийг зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан үндэслэлээр хүчингүй болгох нь хуульд нийцэхгүй.
Мөн Газрын тухай хуульд заасан эрх бүхий этгээдээс газар эзэмшүүлэх шийдвэр гараагүй, гэрчилгээ олгоогүй байхад нэхэмжлэгч Г.Б, Г.Х нар нь гэр, хашаа барин оршин сууж, кадастрын зураг хийлгэн, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах замаар уг газарт үүсгэсэн эзэмшил нь хууль бус байна.
Иймээс нэхэмжлэгч нарын “бодитой эзэмшил байгаа эсэхийг тодруулсны дараа хэн нэгэн эзэмшээгүй амьдраагүй газрыг эзэмшүүлэх боломж үүсэж байгаа гэж ойлгогдохоор байна. Гэтэл дээрх ажиллагааны талаар баримт байхгүй, хийгдээгүйгээс хууль зөрчсөн захирамж гарсан байхад бодит байдлыг үл харгалзан зөвхөн хүсэлт гаргасан эсэхээр дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
Маргаан бүхий захиргааны актаар Х.А, З.Х нарт тус бүрд нь 700 мкв газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь Г.Б, Г.Х нарын хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байгаа газартай, эсхүл эзэмшиж, ашиглахаар хүсэлт гаргаж, эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлэх шатанд байгаа газартай давхацсан гэдэг нь тогтоогдохгүй байх тул уг актыг хуульд нийцээгүй бөгөөд энэхүү актын улмаас нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Б, Г.Х нараас гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 290 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Б, Г.Х нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 5 1 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б, Г.Х нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ