Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 0022

 

 

 

 

 

 

 

                               Ч.Дашболдын нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1570 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ч.Дашболдын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ж.Амаржаргалд холбогдох

“Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үнийн дүн 46.400.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Ч.Дашболдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Ганбат, хариуцагч Ж.Амаржаргал, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Дашболд шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие Ч.Дашболд нь Ж.Амаржаргалд 6 дугаар хорооллын 22 дугаар байрны 38 тоот 55 метр квадрат 2 өрөө орон сууцыг 79,750,000 төгрөгөөр худалдсан болно. 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр миний дансанд 79,750,000 төгрөг шилжин орсон юм. Ж.Амаржаргал нь байр худалдаж авсан мөнгөнөөсөө 34,500,000 төгрөгийг буцаагаад зээлдүүлээч надад өөрийн хэрэгцээнд яаралтай хэрэглэх шаардлага гарсан зээлдүүлээч гэж гуйгаад байхаар 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл зээлийн гэрээ байгуулж 34,500,000 төгрөгийг сард 2,5 хувийн хүүтэйгээр зээлдүүлж харилцан тохиролцоод гарын үсгээ баталгаажуулж нотариатаар баталгаажуулсан болно. Энэ хугацаанд 2,500,000 төгрөг өгсөн байгаа боловч үлдсэн 32,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөхгүй удаж байгаа тул Ж.Амаржаргалаас үндсэн мөнгө 32,000,000 төгрөг, хүү 14,400,000 төгрөг нийт 46,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Амаржаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.Дашболдоос 2015-03-10-ны өдөр 34,500,000 төгрөгийг 18 сарын хугацаатай авсан нь үнэн. Энэ хугацаанд 2,500,000 хөгрөг өгсөн, одоо 32,000,000 төгрөг үлдсэн. Энэ мөнгийг өгөх гэсэн боловч санхүүгийн боломж олдохгүй байсаар өдийг хүрсэн юм. Анх бид нар хоорондоо тохиролцохдоо 18 сар дуусахаас өмнө буюу тохиролцсон хугацаа дуусахаас өмнө хүүгүйгээр мөнгө зээлэхээр, харин хугацаа хэтэрсэн тохиолдолд сар бүр 2,5 хувийн хүү төлөхөөр тохиролцсон билээ. Зээлийн гэрээг нотариат дээр очиж гэрчлүүлсэн нь үнэндээ хүүгүй гэж гэрээ байгуулж байсан гэж санаж байна. Одоо бас сайн санахгүй байна. Тиймээс миний бие нь үндсэн зээлийн үлдэгдэл 32,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа, харин хүү 14,400,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1570 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Амаржаргалаас 34.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Дашболдод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11.900.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ИХШХШ тухай хуулийн 57 дугаарзүйлийн 57.1-д заасныгбаримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 389,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ж.Амаржаргалаас 330,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Дашболдод олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Дашболд давж заалдсан гомдолдоо: Миний бие иргэн Ж.Амаржаргалтай 2015 оны 03 сарын 09-ний өдөр харилцан тохиролцож Амаржаргал нь надаас 6-22-38 тоот 55 мкв 2 өрөө байрыг 79 750 000 төгрөгөөр худалдан авч амьдарлын болоцоондоо тулгуурлан 34 500 000 төгрөгийг 18 сарын хугацаатай 2.5 хувийн хүүтэй эргүүлэн зээлэхээр тохиролцож гэрээ байгуулсан ба үүнийгээ 2015 оны 03 сарын 10-ны нотариатаар батлуулж нотлох баримтын шаардлага хангуулсан. Амаржаргал нь анхнаасаа хүүтэй тохирочихоод одоо хүүгүй тохирсон гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм. Надад байсан буюу хэрэгт авагдсан зээлийн гэрээнд хүүтэй, хүүгүй гэдгийг хоёуланг нь дарсан ба доор нь сард 2.5 хувь гэж гараар тодотгож бичсэн байхад шүүхээс хариуцагч зээлийн гэрээг хүүтэй гэдгийг мэдээгүй хүүгүй байгуулсан гэж ойлгосон гэж тайлбарлаж байгаа нь зээлийн гэрээг хүүгүй байгуулсныг давхар баталж байна гэж үнэлсэн нь анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг “үнэн зөв, эргэлзээгүй” талаас нь үнэлээгүй хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн. Хэргийн оролцогчид хэрэгт авагдсан нотлох баримтын хувьд маргаантай, шүүх нотлох баримтыг бүрдүүлж шалгах боломжтой байхад шалгалгүйгээр дүгнэлт хийсэн нь анхан шатны шүүхээс хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2016/01570 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй боловч хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ч.Дашболд хариуцагч Ж.Амаржаргалаас зээл 32.000.000 төгрөг, зээлийн хүү 14.400.000 төгрөг бүгд 46.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч зээл 32.000.000 төгрөг төлнө, анх мөнгө зээлэх үед сар бүр хүү төлөхөөр тохиролцоогүй тул зээлийн хүү 14.400.000 төгрөг төлөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Ч.Дашболд 34.500.000 төгрөгийг хариуцагчид хүүгүй зээлэхээр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон гэсэн зөв дүгнэлт хийсэн боловч  нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хасч тооцсон 2.500.000 төгрөгийг хариуцагч төлөх ёстой гэж үзэж хариуцагчаас 34.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11.900.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хариуцагч Ж.Амаржаргал худалдан авах байрны үнээс 34.500.000 төгрөгийг хүүгүй зээлсэн тохиолдолд нэхэмжлэгчийн байрыг банкны зээлээр худалдаж авахаар тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэгч Ч.Дашболд 34.500.000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан зохигчдын гаргасан тайлбар, талуудын хооронд хийсэн зээлийн гэрээгээр батлагдаж байна.

Талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн тохиолдолд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 282.4-д зааснаар хүү тогтоосон тохиолдолд зээлийн гэрээг бичгээр байгуулах, уг шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдах, мөнгө буюу эд хөрөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж тооцохоор заасан ба харин зээлийн гэрээг заавал нотариатаар гэрчлүүлэхээр хуульд тусгайлан зохицуулагдаагүй болно.

Гэтэл хэрэгт 2 зээлийн гэрээ авагдсан ба 2015 оны 3 дугаар сарын 10 ны өдөр байгуулж нотариатаар гэрчлүүлсэн зээлийн гэрээнд мөнгийг 18 сарын хугацаатай, сар бүр 2.5 хувийн хүүтэй, 3 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан зээлийн гэрээнд 18 сарын хугацаанд хүүгүй, илүү сар тутам 2.5 хувийн хүү тооцохоор бичигджээ.

Нэхэмжлэгч гэрээний дагуу хүү тооцож авна, хариуцагч зээлийн хүү төлөхөөр тохиролцоогүй тул хүү төлөхгүй гэж тайлбарлаж мэтгэлзжээ.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний агуулгыг талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрсдөө тодорхойлж чадсан гэж үзэхээр байна.

Хариуцагч Ж.Амаржаргалын шүүхэд гаргасан “ бид анхнаасаа хүүгүй мөнгө зээлэхээр тохиролцсон тул байрыг нь худалдан авсан” гэх тайлбар болон 3 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан зээлийн гэрээнд “ илүү сар бүр 2.5 хувийн хүү төлнө” гэж бичигдсэнийг нэхэмжлэгч Ч.Дашболд няцааж чадаагүй тул хариуцагчаас үндсэн зээл 32.000.000 төгрөг, торгууль 3.440.000 төгрөгийг тус тус гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Талуудын хооронд 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагч зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд сар бүр 2.5 хувийн хүү төлөхөөр тохиролцсон байдал болон хариуцагч зээлийн төлбөрийг огт төлөөгүй зэргийг харгалзан үзэж торгууль шүүхийн шийдвэр гарах өдрөөр буюу 3 сар 9 хоногоор тооцож торгууль 3.440.000 төгрөгийг гаргуулсан болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1570 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар хариуцагч Ж.Амаржаргалаас 35.440.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Дашболдод олгосугай гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтанд “...330.450 төгрөг” гэснийг “...335.150 төгрөг” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Ч.Дашболдын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207.550 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД                                               Б.БАТТӨР

                                                                Б.ОЮУНЦЭЦЭГ