Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 01570

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1968 онд төрсөн, эрэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-23-190 тоотод оршин суух, Алаг адуун овгийн Чулууны Дашболдын /регистрийн дугаар ИЛ68071110/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1989 онд төрсөн, эрэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум Согоот багийн 6-22-38 тоотод оршин суух, Хуухч овгийн Жаргалсайхны Амаржаргалд /регистрийн дугаар ФА89092576/ холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 46,400,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Болдбаяр, хариуцагч Ж.Амаржаргал, нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Дашболд шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие Ч.Дашболд нь Ж.Амаржаргалд 6 дугаар хорооллын 22 дугаар байрны 38 тоот 55 метр квадрат 2 өрөө орон сууцыг 79,750,000 төгрөгөөр худалдсан болно. 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр миний дансанд 79,750,000 төгрөг шилжин орсон юм.

Тэгээд Ж.Амаржаргал нь байр худалдаж авсан мөнгөнөөсөө 34,500,000 төгрөгийг буцаагаад зээлдүүлээч надад мөнгөн өөрийн хэрэгцээнд яаралтай хэрэглэх шаардлага гарсан зээлдүүлээч гэж гуйгаад байхаар 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл зээлийн гэрээ байгуулж 34,500,000 төгрөгийг сард 2,5 хувийн хүүтэйгээр зээлдүүлж харилцан тохиролцоод гарын үсгээ баталгаажуулж нотариатаар баталгаажуулсан болно. Энэ хугацаанд 2,500,000 төгрөг өгсөн байгаа боловч үлдсэн 32,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөхгүй удаж байгаа тул Ж.Амаражаргалаас үндсэн мөнгө 32,000,000 төгрөг, хүү 14,400,000 төгрөг нийт 46,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд  гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.дашболдын нэхэмжлэлтэй танилцаад хариуцагч Ж.Амаржаргал миний бие нь дараах хариу тайлбар гаргаж байна.

Миний бие Ч.Дашболдоос 2015-03-10-ны өдөр 34,500,000 төгрөгийг 18 сарын хугацаатай авсан нь үнэн. Энэ хугацаанд 2,500,000 төгрөг өгсөн, одоо 32,000,000 төгрөг үлдсэн. Энэ мөнгийг өгөх гэсэн боловч санхүүгийн боломж олдохгүй байсаар өдийг хүрсэн юм.

Анх бид нар хоорондоо тохироцохдоо 18 сар дуусахаас өмнө буюу тохиролцсон хугацаа  дуусахаас өмнө хүүгүйгээр мөнгө зээлэхээр, харин хугацаа хэтэрсэн тохиолдолд сар бүр 2,5 хувийн хүү төлөхөөр тохиролцсон билээ. Зээлийн гэрээг нотариат дээр очиж гэрчлүүлсэн нь үнэндээ хүүгүй гэж гэрээ байгуулж байсан гэж санаж байна. Одоо бас сайн санахгүй байна. Тиймээс миний бие нь үндсэн зээлийн үлдэгдэл 32,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа, харин хүү 14,400,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ч.Дашболд нь хариуцагч Ж.Амаржаргалаас зээлийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийг гйүцэтгүүлэхээр буюу үндсэн зээлийн үлдэгдэл 32.000.000 төгрөг, түүний 18 сарын хүү 14.400.000 төгрөг нийт 46.400.000 төгрөг гаргуулахар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “......Хариуцагчид өөрийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-р хороололын 22-р байрны 38 тоот 2 өрөө орон сууцыг 79.750.000 төгрөгөөр худалдсан бөгөөд 2016-03-09-ний өдөр миний дансанд 79.750.000 төгрөг шилжиж орж ирсэн. Энэ мөнгөнөөс хариуцагч Ж.Амаржаргал 34.500.000 төгрөг буцааж зээлдүүлээч гэсний дагуу зээлийн гэрээ байгуулж 34.500.000 төгрөгийг 2015-03-10-ны өдрөөс 2016-09-10-ны өдөр хүртэл 18 сарын хугацаатай,сарын 2.5%-ийн хүүтэй зээлдүүлсэн,энэ хугацаанд 2.500.000 төгрөг буцааж өгсөн бусад мөнгийг төлөөгүй тул үндсэн мөнгө 32.000.000 төгрөг,18 сарын хүү 14.400.000 төгрөг,нийт 46.400.000 төгрөг гаргуулахаар шаардаж байна” гэж тайлбарлаж байна.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ  “........Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй, 34.000.000 төгрөгийг хүүтэй зээлнэ гэж тохироогүй тул хүү 14.400.000 төгрөгийг зөвшөөрөхгүй, харин үндсэн зээлийн үлдэгдэл 32.000.000 төгрөгийг төлнө” гэж тайлбарлаж байна.

            Зохигчид Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-р хороололын 22-р байрны 38 тоот 2 өрөө орон сууцыг 79.750.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулж, 2016-03-09-ний өдөр нэхэмжлэгчийн дансанд 79.750.000 төгрөг шилжиж орсон, энэ мөнгөнөөс хариуцагч Ж.Амаржаргал 34.500.000 төгрөгийг 2015-03-10-ны өдрөөс 2016-09-10-ны өдөр хүртэл 18 сарын хугацаатай, зээлж авсан, 2.500.000 төгрөг төлсөн гэдэг дээр маргахгүй байна.

Харин нэхэмжлэгч дээрх 34.500.000 төгрөгийг сарын 2.5 %-ийн хүүтэй зээлдүүлсэн гэж байгаа бол хариуцагч 34.500.000 төгрөгийг хүүгүй зээлсэн гэж өөр өөрөөр тайлбарлаж үүн дээр маргаантай байна.

 Хавтаст хэрэгт 2015-03-09-ний өдөр, 2015-03-10-ны өдөр байгуулсан 2 зээлийн гэрээ авагдсан байна. Нэхэмжлэгч 2015-03-10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгож байгаа бол хариуцагч дээрх гэрээг үгүйсгэж байгаа бөгөөд тухайн үед хүү тохиролцоогүй, харин өмнөх өдөр нь буюу 2015-03-09-ний өдөр гэрээний гол нөхцлийн талаар буюу 34.500.000 төгрөгийг хүүгүй зээлэх талаар тохиролцсон байсан тул дахин гэрээ байгуулах шаардлага байгаагүй, зээлийн гэрээг нотариат дээр очиж гэрчлүүлсэн нь үнэн, хүүгүй гэж гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байна. Зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулах болсон шалтгаан, тухайн үеийн нөхцөл байдал хүсэл зоригийн илэрхийллийг харьцуулж дүгнэвэл нэхэмжлэгч нь анх Орхон аймаг, Баян-Өндөр сумын Согоот багийн 6-р хороололын 22-р байрны 38 тоот 2 өрөө орон сууцыг бусдад худалдах зорилготой байжээ.

            Ингээд хариуцагч Ж.Амаржаргалтай ярилцаад Ж.Амаржаргал түүний орон сууцыг банкны зээлээр худалдан авах, орон сууцны мөнгийг нэхэмжлэгчийн дансанд хийсэний дараа 34.500.000 төгрөгийг эргүүлж зээлж авах, дээрх мөнгийг шилжүүлж өгөөгүй тохиолдолд хариуцагч байрыг, нэхэмжлэгч 79.750.000 төгрөгийг буцааж өгөхөөр харилцан тохиролцжээ.

             Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчийг орон сууц худалдан авахаар хүлээн зөвшөөрч 79,750,000 төгрөгийг тохиролцож мөнгийг шилжүүлсэний хариуд 34.500.000 төгрөг зээлүүлэх нь гэрээ байгуулах үндсэн шалтгаан нөхцөл болсон байна. Түүнээс биш мөнгийг ашигласны хувьд хариу төлбөр буюу хүү төлөх талаар тохиролцоогүй, хүү авахыг гол зорилгоо болгоогүй байна.

             Түүнчлэн “...34.500.000 төгрөгийг хүүгүй зээлэх талаар тохиролцсон байсан тул дахин гэрээ байгуулах шаардлага байгаагүй, зээлийн гэрээг нотариат дээр очиж гэрчлүүлсэн нь үнэн, гэвч хүүгүй гэж гэрээ байгуулсан” гэж тайлбарлаж байгаа нь  үндэстэй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч 2016-03-09-ний өдөр тохиролцож байгуулсан зээлийн гэрээг 2016-03-10-ны өдөр нотариатаар баталгаажуулж байна гэж ойлгон зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байна.  Мөн дээрх зээлийн гэрээнд хүүтэй, хүүгүй гэж бичсэн бичээсийг дээрээс нь зурж дарсан нь хүүгүй гэрээ байгуулсаныг давхар баталж байна.

  Харин 2016-03-09-ний өдрийн гэрээгээр  хариуцагч нэхэмжлэгчээс 34.500.000 төгрөг зээлж авсаны хариуд 2.500.000 төгрөг нэхэмжлэгчид өгсөн байх бөгөөд энэ мөнгийг эргэж төлөх тооцоонд оруулахгүйгээр тохиролцсон байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчид 34.500.000 төгрөгийг 18 сарын дараа буцааж төлөх,18 сараас хугацаа хэтэрвэл 2.5%-ийн хүү төлөхөөр харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна. Энэхүү гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчид 2016-09-10-ны өдөр 34.500.000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч 2016-10-27-ны өдөр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байна. Дээрх хугацаагаар тооцоход ч хариуцагч нь 1 сар 17 хоног хугацаа хэтрүүлсэний хүүг төлөх үндэстэй байна. Гэвч дээрх хугацааны хүүг биш зохигчдын 2.500.000 төгрөгийг эргэж төлөх тооцоонд оруулахгүй байх тохиролцооны дагуу 34.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 389,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 330,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

               Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 115.2.2, 116.118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.1-д заасаныг баримтлан хариуцагч Ж.Амаржаргалаас 34.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Дашболдод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11.900.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 389,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ж.Амаржаргалаас 330,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Дашболдод олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

 

                                               ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                     Б.БЯМБАСҮРЭН