Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/00803

 

“М Х”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/03289 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 351 дүгээр магадлалтай,

“М Х”ХХК-ний нэхэмжлэлтэй

П.Од холбогдох

Гэм хорын хохиролд 6 157 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч П.Оийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мядагбадам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 06 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Жаргалант" түргэн хоолны газрын тосгуурын холигчноос шөнөжингөө ус алдсан болох нь “М Х”ХХК-ийн Андууд ломбардын камерын бичлэгээр нотлогдож байна. Жаргалант" түргэн хоолны газрын тосгуурын холигчноос шөнөжингөө ус алдаж, түргэн хоолны газрын шал тэр чигтээ усанд автан доор нь байрлах Андууд ломбардны тавиур дээр байсан эд зүйл норж, шал усаар дүүрч норсны улмаас тус ломбарданд 6 175 500 төгрөгийн хохирол учирсан, 7ш notebоок норсон, үүнд LG15. асег i5, sопу133 гэх мэт 7 ширхэг нөтбүүк усанд автсаны улмаас мэргэжлийн засварын газар өгч засуулсан. Рапаsоnic8 sony, Samsung 3 LD телевизор усанд автсан, засвар авахгүй эвдэрсэн тул телевизорын өрийг засварын зардалтай нэхэж байгаа, мөн ломбардын барьцаа хөрөнгө болох Рапton-3 дроны эх бие, зай хураагуурын хамт усанд норсон учир ашиглах боломжгүй болсон. Sопу мэргэжлийн камер усанд норсон, үнэлгээний газраар үнэлүүлсэн, түрээсийн байрны зардалд хамгийн бага зардал буюу 346 500 төгрөгийн засвар хийсэн. Энэ зардалд ажилчдын хоол болон бусад зардал орсон. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар хэрэглэгчдэд үйлчлэх төвийн тодорхойлолтонд Жаргалант кафены усыг өөрийнх нь аваарын хаалтаар хааж, эвдэрсэн холигчийг солихыг зөвлөж босоо шугамаар хааж, айл өрхийн усыг залгаж өгсөн гэсэн байдаг. Ус холигч нь эвдэрсэн байхад өөрсдөө үйл ажиллагаа явуулдаг учраас засах үүрэгтэй. Түүнээс болж бусдад хохирол учирсан. Хот суурины усан хангамж, ариутгал, татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15,1.8, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д заасны дагуу Жаргалан кафены эзэн хариуцах үүрэгтэй. Гэрээний 5.3-т заасан ердийн хэрэглээний явцад үүссэн эд зүйлийн элэгдэл хорогдлыг өөрийн зардлаар засварлаж байх нь түрээслүүлэгчийн үүрэг бус түрээслэгч болох П.Оийн үүрэгт хамаарах заалт гэдгийг албан ёсоор залруулж байна, мөн түрээслэгч түрээслүүлэгч хоёрын хооронд хольж бичсэн зүйл гэрээнд байгаа ба орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ биш орон сууц хөлслөх эсхүл түрээсийн гэрээ байгуулж эд хөрөнгиин бүртгэлийн газар бүртгүүлэх байсан. П.О тус гэрээг байгуулснаас хойш түрээсийн гэрээний сарын 1 500 000 төгрөгийг өндөр байна, ашиг орлого муу гэх шалтгаанаар гэрээг 2016 оны дундаас цуцлан сарын түрээсийг 1 000 000 төгрөгөөр тохиролцсон байдаг. Үүнийг нотлох зорилгоор шүүхэд Хаан банкны дансны хуулгыг З баримт гаргаж байна. Бусдад учирсан хохирлыг түрээслэгч П.О бүрэн хариуцаж барагдуулах үүрэгтэй, П.О нь Иргэний хуулийн 298.1.4, 289.1.6, 289.2.2, 289.5, 290.1, 290.7, 290.8-д заасан заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Тиймээс гэм хорын хохиролд 6 175 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.О шүүхэд гаргасан тайлбартаа: Би Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 36-И байрны 4 тоотод Жаргалант түргэн хоолны газрыг түрээслэн ажиллуулдаг. 2017 оны 06 дугаар сарын 16-ны шөнийн 23 цаг 30 минутад түргэн хоолны газраа хаагаад, хаахын өмнө бүх цахилгаанаа салгаад усаа хаагад гарсан. Энэ шөнө ус тасарсан ба ус буцаж ирэхдээ даралттай ирсэний улмаас холигч задарч ус алдсан байсан. Өглөөний 06 цаг 50 минутад дуудлага өгсөн байсан. Подвалиас усыг хаасан байсан. Энэ ус алдалтанд миний буруу байхгүй. Шөнө ажлын бус цагаар гэнэтийн зүйл болсон байсан. Үүнээс болж би ч бас хохирсон. Миний хувьд крантаа онгорхой орхисон зүйл байхгүй. Энэ ломбард чийгтэй газар, подвальд үйл ажиллагаа явуулж байсан. Хүмүүсээс авсан үнэт, цахилгаан барааг вакуумжуулсан орчинд хадгалаагүй, аюулгүй байдлыг хангаагүй, гэнэтийн эрсдлийн даатгалд хамрагдаагүй, гал усын дохиолол хамгаалалт байхгүй, зориулалтын бус газар үйл ажиллагаа явуулдаг. Өөрсдөө эрсдлээс хамгаалсан арга хэмжээ аваагүйн улмаас гэнэтийн осолд өртсөн байна. Мөн түрээслүүлэгч Ц.Цолмон, С.Болдбаатар нар орон сууцны даатгал хийлгээгүй байна. Хариуцагчаа зөв тодорхойлж гаргаж чадаагүй. Хавтаст хэргийн 5-6 хуудсанд түрээслэх, түрээслүүлэх гэрээг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр С.Болдбаатартай хийсэн байдаг.Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч С.Болдбаатарыг хариуцагчаар татах ёстой байсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд хууль бусаар санаатай болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй байхгүй байна. Техникийн комиссын тодорхойлолтонд түргэн хоолны газрыг буруутай гэсэн тодорхойлолт гараагүй байна. Түрээслүүлэгчээс нэхэмжилсэн зүйлээ шаардах эрхтэй байхад намайг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар түргэн хоолны газрын буруугаас болоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн барьцаат зээлийн гэрээнд нэхэмжлэлийн шаардлагад байгаа компьютер бусад зүйлсийг гаргав гэсэн баримтууд байдаг, он сарын хувьд ломбардаас гаргасан өөрөөр хэлбэл хүнд нь хүлээлгээд өгсөн зүйлийг би хариуцах үндэслэл алга байна. Мөн ломбард өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас эрсдэлд орсон байна. Иймд би хариуцах үндэслэл байхгүй. Мөн О.Урантуяа 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/02233 дугаартай шийдвэр гарч Жаргалант түргэн хоолны газраас ус алдсны улмаас нэхэмжлэгч О.Урантуяад 6 650 000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байна гээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байсан. Энэ шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч давж заалдах шатны шүүх буюу нийслэлийн шүүхэд гомдол гаргаагүй. Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мядагбадам шүүх хуралдаанд тайлбартаа: 2017 оны 6 сарын 15-ны орой 23 цаг 30 минутын үед түргэн хоолны газар ажлаа дуусаад гэрэл, бүх зүйлээ шалгаад хаагаад явсан. Өглөөний 6 цаг 50 минутанд ус алдсан, шалтгаан нь эхлээд ус тасраад гэнэт ус ирэхдээ даралттай ус ирснээс болж ус алдсан, 3 өрөө орон сууц гэдэг нь юугаар нотлогдох вэ гэхээр 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ хийсэн байдаг, 2016 оны 01дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 3 өрөө орон сууцыг Цолмон гэдэг хүн 36 сарын хүгацаатай түрээсийн гэрээ хийхдээ түрээсийн төлбөрийг 1 500 000 төгрөг гэж тохирсон. Түрээсийн гэрээний 4-т түрээслэгчийн эрх, үүргийг заасан байдаг. Түрээслэгч тал түрээсийн орон сууцыг зориулалтын дагуу ашиглана, түрээсийн хугацаа дуусмагц орон сууцыг авсан байдлаар хүлээлгэн өгөх, түрээслэгч түрээсийн төлбөрийг барагдуулах, хугацаа хэтэрвэл алданги тооцохоор заасан. Түрээсийн гэрээний 5 дугаар зүйлд түрээслүүлэгчийн эрх, үүргийг тусгасан байна. Орон сууцны цэвэр, бохир усны хоолой, угаалтуур, крант, хаалт, цахилгаан шугам сүлжээ зэргийг зохих хэмжээнд хүлээлгэн өгөх, ердийн хэрэглээний явцад үүссэн эд зүйлсийн элэгдэл хорогдол, эвдрэл гэмтлийг өөрийн зардлаар засварлаж байх, орон сууцны зохистой ашиглалтыг хангуулах, хэрэглээний зардал төлөөгүй тохиолдолд түүнийг шаардах, түрээсийн хугацаанд тухайн орон сууц нь түрээслэгч талын ашиглалтад бүрэн шилжих тул түрээслэгчийн зөвшөөрөлгүйгээр нэвтрэх эрхгүй гэж заасан байхад үүргээ сольсон гэж ярьж байна. Зөвшөөрөл аваагүй, чийгтэй подвалд тавцан тавиад хүний эд хөрөнгийг тавихдаа аюулгүй байдлыг хангаагүй, гал, усны дохиолол байхгүй, даатгалд хамрагдаагүй, зориулалтын бус газар ломбард ажиллуулсан байдаг. Шүүхэд өгсөн баримтууд нь засвартай, хугацаа нь дуусаад гарсан гэх баримтууд байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/03289 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар П.Оээс 6 157 500 зургаан сая нэг зуун тавин долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулахыг хүссэн “М Х”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 351 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/03289 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Оээс 4 001 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М Х”ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч П.Оээс 78 966 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М Х”ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113 000 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч П.О хяналтын гомдолдоо: Магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй. Магадлалын хянах хэсгийн 6 хуудсанд хэрэгт ирүүлсэн 0003601, 0003555 дугаартай барьцааны гэрээний огноо засвартай, 0003442, 0003541 дугаартай барьцааны гэрээнд гаргав гэсэн тэмдэглэл хийгдсэн байгаа боловч гэж зөв дүгнэсэн мөртлөө эдгээр гаргав гэсэн байхгүй байгаа болон он сар засвартай електрон барааны үнийг гаргуулж байгаа нь хоорондоо зөрчилдөж байна. 1. 0004541 барьцаат зээлийн дугаартай Phahtom 3 Advenced нисдэг дрон нь 2017 оны 05 сарын 31 өдрөөс 06 сарын 10 хүртэл гэрээтэй. Гаргав гэсэн бичигтэй. 2017 оны 06 сарын 16 өдрөөс өмнө ломбардаас гаргасан нь нотлогдоно. Phahtom 3 Advenced нисдэг дроныг 1 736 000 төгрөгөөр Оюунгэрээлээс гаргуулж байгаа нь буруу байна. 2. 0003442 барьцаат зээлийн дугаарыг шүүхийн магадлалын хянах хэсэгт бичсэн байна. Энэ барьцаат зээлийн гэрээнд Sony PMW 1 ЕХ 1 видео камер нь 2017 оны 5 сарын 17-нд эхлээд 5 сарын 24-нд дууссан. 5 сарын 31-ний өдрөөс 6 сарын 10-нд хугацаа нь дуусаад гаргав гэсэн бичигтэй байсан. Sony-HDСАМ ЕХ 1 про камер нь 0003442 барьцаат зээлийн дугаарт байхгүй байна. Энэ камерийн 1 800 000 төгрөгийг гаргаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. 3 Sony-HDСАМ ЕХ 1 про камерийг задаргаа хийж оношлосны төлбөр 25 000 төгрөгийг шүүх ханган шийдвэрлэсэн байна. Энэ про камерын барьцаат зээлийн гэрээ байхгүй байна. Sony PMW 1 ЕХ 1 видео камер барьцаат зээлийн гэрээнд байдаг ба гаргасан, Sony-HDСАМ ЕХ 1 про камерын барьцаат зээлийн гэрээ байхгүй. Магадлалын хянах хэсэгт байгаа хэрэгт ирүүлсэн 0003601 барьцааны гэрээнд Ьепоуа Celoron 4 gem 2017 оны 6 сарын 15-наас 6 сарын 15, огноо засвартай, 0003555 барьцааны гэрээнд Tosibai3-2gar4gb-ram 2017 оны 06 сарын 1-нээс 11 дуустал огноо засвартай байна. Samsung UЕ40ЕН5300, SonyKLV40R3500, PanasonicТН40А400Х засварласны хөлс 400.000 төгрөгийг ханган шийдвэрлэжээ. Анхан шатны шүүх хурал 2017 оны 11 сарын 22-ний өдөр хуралдаж “М Х”ломбардыг барьцаат зээлийн гэрээгээ аваад ир гэж шүүх хуралдаан хойшилсон. 2017 оны 12 сарын 06 өдрийн шүүх хурлын өмнө 11 ширхэг барьцаат зээлийн гэрээг шүүхэд өгсөн. Энэ барьцаат зээлийн гэрээнүүдэд Samsung UЕ40ЕН5300, SonyKLV40R3500, PanasonicТН40А400Х маркийн телевизоруудын барьцаат зээлийн гэрээ байхгүй байхад 400 000 төгрөг гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Хавтаст хэргийн 98-103 хуудсанд байгаа 1 ширхэг барьцаат зээлийн гэрээнд, Sony-HDСАМ ЕХ 1 маркийн про камер байхгүй, amsung UЕ40ЕН5300, SonyKLV40R3500, PanasonicТН40А400Х маркийн телевизоруудын барьцаат зээлийн гэрээ байхгүй, 0004541 барьцаат зээлийн дугаартай Phahtom 3 Advenced нисдэг дрон нь 2017 оны 05 сарын 31 өдрөөс 06 сарын 10 хүртэл гэрээтэй, үйл явдал 2017 оны 06 сарын 15-ны өдрөөс өмнө гарсан байтал давж заалдах шатны шүүх магадлал гаргаж байгаа нь үндэслэлгүй байгаа тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. П.О нь 2016 оны 03 сарын 28-ний өдөр БГД 17 хороо, 4 хороолол, 36 а байрны 4 тоот 80 м.кв талбайтай Ү-22050074 улсын бүртгэлийн дугаартай, 10373 дугаарын гэрчилгээтэй орон сууцыг 3 жилийн хугацаатай сарын 1 500 000 төгрөгөөр түрээсийн гэрээ байгуулж түрээслэсэн. Нийтийн зориулалтай орон сууцны үндсэн хийцэд өөрчлөлт оруулах журмын дагуу холбогдох материалыг бүрдүүлж Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар зөвшөөрөл авсан иргэд орон нутгийн төрийн захиргааны байгууллагыг төлөөлж Захирагчийн ажлын албаны инженерийн байгууламжийн хэлтэстэй гэрээ хийдэг. Ц.Цолмон анх 2000 онд гэрээ хийгээд 2007 онд гэрээ хийсэн байдаг. 2007 оны 11 сарын 30 өдрийн гэрээгээр цайны газрын зөвшөөрөл авсан байдаг. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2009 оны 01 сарын 26-ний 11-29/90-175 тоот дүгнэлтээр гуанзны ажлын байр нь МNS 4946:2005 стандартын шаардлагыг хангаж байна гэж үзсэн. Ц.Цолмон нь энэ байрандаа 2015 оны үед дахин өргөтгөл хийгээд подвалд оёдол ажиллаж байсан. Дараа нь ломбард оруулсан байсан. Орон сууцны зориулалтыг өөрчилж гэрээ байгуулахдаа ямар үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх чиглэлээ хэлж зөвшөөрөл авдаг юм байна. Өөрөөр хэлбэл барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулах зөвшөөрөлгүй, зориулалтын бус чийгтэй подвалд ломбард ажиллуулах Захирагчийн ажлын албаны инженерийн байгууламжийн хэлтэстэй гэрээ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт байхгүй байна. Мөн тус ломбард чийгтэй орчинд хүний цахилгаан барааг зориулалтын бус газар эрсдлээс хамгаалж хадгалж чадаагүй буруутай байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Нэхэмжлэгч “М Х”ХХК нь хариуцагч П.Од холбогдуулан гэм хорын хохиролд 6 157 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх хариуцагчаас 4 001 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Давж заалдах шатны шүүх бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан үйл баримтыг хэрэгт цугларсан баримтын хүрээнд үндэслэлтэй дүгнэж, анхан шатны шүүхийн алдааг залруулж чадсан байна.

Гэм хорын хэмжээг багасгах эрх зүйн үндэслэлийн талаарх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэж, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв. Хариуцагчийн гаргасан хяналтын гомдлын зарим хэсгийг хангах боломжтой байна.

2017 оны 06 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 хорооллын 36И байранд үйл ажиллагаа явуулж буй хариуцагч П.Оийн Жаргалант хоолны газрын тосгуурын холигч мултарч, ус алдсаны улмаас “М Х”ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт бусдаас тавьсан эд зүйл болон барьцаалан зээлдүүлэх газрын таазны хөөсөн хавтан, цементэн чигжээс, хананы будаг усанд норж эвдэрч гэмтсэн, холигчийг шинээр сольж ус алдалтыг зогсоосон, нэхэмжлэгч хохирлын үнэлгээг тогтоолгосон, фото зураг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Хариуцагч П.О нь эзэмшиж буй эд хөрөнгийн хэвийн ажиллагаа, бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэгтэй, эд хөрөнгийг арчилж, засах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй буруутай, үүний улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад үндэслэгдсэн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж зааснаар нэхэмжлэгч нь гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй юм.

Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан гэм хорын хэмжээг багасгаж болохыг Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т заасан байна.   Хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэвэл нэхэмжлэгч “М Х”ХХКомпани нь зориулалтын байранд барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэх нь эргэлзээтэй болохоос гадна барьцааны зүйлсийг зохих журмаар хадгалж, аюулгүй байдлыг хангасан гэдгийг баримтаар нотлоогүй байна. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4 дэх хэсэгт зааснаар Барьцаалан зээлдүүлэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлж, барьцааны зүйлийг зохих ёсоор хадгалсан нь тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгч нь ...7 ширхэг зөөврийн компьютер, 3 ширхэг телевизор, 1 ширхэг дрон, 1 ширхэг мэргэжлийн видео камер зэрэг 12 нэр төрлийн эд зүйлийг ямар сав, агуулахад хэрхэн хадгалж байсан, зохих ёсоор хадгалсан байхад гэмтэл учирсан гэдгийг нотлоогүй тул гэм хорын хэмжээг 30 хувиар багасгаж, хариуцагчаас 2 801 000 төгрөгийг гаргуулах боломжтой гэж үзэв. 

Дээрх үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна .

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 351 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...510 дугаар зүйлийн 510.1 гэсний дараа 514 дүгээр зүйлийн 514.1 гэж нэмж, ...4 001 000..гэснийг ...2 801 000...гэж, ...78 966...гэснийг 59 766 ...гэж тус тус өөрчилж, магадлалын  бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78 966 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

       ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА