Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 03289

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч З.Доржнамжин даргалж, шүүгч Г.Ариунаа, Г.Солонго нарын бүрэлдэхүүнтэй тус   шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:...тоотод байрлах,  регистрийн дугаар ..., М.Х ХХКомпанийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:...тоотод оршин суух, регистрийн дугаар ...., П.О-д холбогдох

Гэм хорын хохиролд 6 157 500 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мядагбадам, иргэдийн төлөөлөгч С.Мөнгөнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж нар оролцов.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Х ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:М.Х ХХКомпан нь БГД-ийн 17 дугаар хороо, 36-И байрны 4 тоот хаягт байрлах зоорийн давхрын 15м2 өрөөг түрээслэн “Андууд” нэртэй барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагааг зохих зөвшөөрөп, стандарт, хуупь журмын дагуу эрхэлдэг, 2017 оны 6 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 23 цагаас хойш дээд давхарт байрлах П.Оийн ажиллуулдаг “Жаргалант” түргэн хоолны газрын тосгуурын холигч /крант/ мултарч ус алдсаны улмаас түргэн хоолны газрын шал усаар дүүрч “М.Х ХХК-ийн “Андууд” барьцаалан зээлдүүлэх газрын таазыг нэвтрэн орж таазны хөөсөнцөр хавтанг нураан тавиур дээр хураалгаастай барьцаалан зээллүүлэх газарт байсан үйлчлүүлэгчдийн үнэ цэнэтэй эд хөрөнгийг норгож гэмтээсэн.Жаргалант түргэн хоолны газрын шал усаар дүүрч хаалгаар нь ус урсаж, гамшигийн хэмжээнд хүрсэн байсныг өглөө эрт гудамжаар явж байсан хүмүүс харж БГД-ийн 17 дугаар хорооны ОСНААК-т өглөөний 6:47 минутад дуудлага өгснөөр ОСНААК-оос яаралтай слесарь явуулж тэр хавийн халуун хүйтэн усыг нийтээр нь хааж зогсоосон байдаг.Энэ бүх байдлаас болж “Мост Хай” ХХК-ийн “Андууд” барьцаалан зээлдүүлэх газарт багагүй хэмжээний хохирол учраад байна.Үүнд:

LG i5, Acer i5, Toshiba i3, Mac Pro, Sony 133, Lenovo  зэрэг зэрэг 7 ширхэг зөөврийн комьпютер усанд норсноос болж зарим эд анги эвдэрснийг засуулсан ба огт ажиллагаагүй болсон Асег i5 маркийн 1 ширхэг комьпютерийг сэлбэгт өгсөн, комьпютерийн засварт нийт 460 000 төгрөг, засвар аваагүй ажиллагаагүй болсон комьпютерийн үнэ 200.000 төгрөг, /Acer i5/. Samsung, Sony, Рапаsоnic маркийн 3 ширхэг Led smart телевизор мөн усанд норсноос болж эвдэрч гэмтсэн ба үүний 2 нь буюу Samsung, Sony маркийн TV засвар авсан ч Sоnу маркийн ТV эргээд ажиллагаагүй болсон Рапаsоniс маркийн ТV-д сэлбэг байхгүйн улмаас буцаагдсан.Бүх телевизорын засварт нийтдээ 440 000 төгрөг, засвар аваагүй 2 ширхэг телевизорын зах зээлийн  дундаж ханш Рапаsоnic маркийн телевизийн үнэ 350 000 төгрөг, Samsung маркийн телевизийн үнэ 800 000 төгрөг, Phantom-3 удирдлага, их бие, зай хураагуур, цэнэглэгчийн хамт усанд норсны улмаас ашиглах боломжгүй болсон ба зах зээлийн дундаж ханш 1 736 000 төгрөг, Sony-XDCAMEX маркийн видео камер усанд норсны улмаас зэврэлт үүсэж ажиллагаагүй болсон ба зах зээлийн дундаж ханш 1 800 000 төгрөг, засвар оношлогооны зардал 25 000 төгрөг, түрээсийн байрны засварын зардал 346 500 төгрөг болсон.П.Оийн буруутай үйл ажиллагаанаас болж манайд хохирол учирсан болохыг харсан боловч хохирлыг барагдуулахгүй байгаа тул П.Оээс 6 157 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:2017 оны 6 сарын 15-наас 16-нд шилжих шөнө “Жаргалант" түргэн хоолны газрын тосгуурын холигчноос шөнөжингөө ус алдсан болох нь “М.Х” ХХК-ийн Андууд ломбардын камерын бичлэгээр нотлогдож байна.“Жаргалант" түргэн хоолны газрын тосгуурын холигчноос шөнөжингөө ус алдаж, түргэн хоолны газрын шал тэр чигтээ усанд автан доор нь байрлах Андууд ломбардны тавиур дээр байсан эд зүйл норж, шал усаар дүүрч норсны улмаас тус ломбарданд 6.175.500 төгрөгийн хохирол учирсан, 7ш notebоок норсон, үүнд LG15. асег i5, sопу133 гэх мэт 7 ширхэг нөтбүүк усанд автсаны улмаас мэргэжлийн засварын газар өгч засуулсан.Рапаsоnic8 sony, Samsung 3 LD телевизор усанд автсан, засвар авахгүй эвдэрсэн тул телевизорын өрийг засварын зардалтай нэхэж байгаа, мөн лобардын барьцаа хөрөнгө болох Рапton-3 дроны эх бие, зай хураагуурын хамт усанд норсон учир ашиглах боломжгүй болсон.Sопу мэргэжлийн камер усанд норсон, үнэлгээний газраар үнэлүүлсэн, түрээсийн байрны зардалд хамгийн бага зардал буюу 346 500 төгрөгийн засвар хийсэн.Энэ зардалд ажилчдын хоол болон бусад зардал орсон.Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар хэрэглэгчдэд үйлчлэх төвийн тодорхойлолтонд Жаргалант кафены усыг өөрийнх нь аваарын хаалтаар хааж, эвдэрсэн холигчийг солихыг зөвлөж босоо шугамаар хааж, айл өрхийн усыг залгаж өгсөн гэсэн байдаг.Ус холигч нь эвдэрсэн байхад өөрсдөө үйл ажиллагаа явуулдаг учраас засах үүрэгтэй. Түүнээс болж бусдад хохирол учирсан.Хот суурины усан хангамж, ариутгал, татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15,1.8,  Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1,8-д заасны дагуу “Жаргалан” кафены эзэн хариуцах үүрэгтэй. Гэрээний 5.3-т заасан ердийн хэрэглээний явцад үүссэн эд зүйлийн элэгдэл хорогдлыг өөрийн зардлаар засварлаж байх нь түрээслүүлэгчийн үүрэг бус түрээслэгч болох П.Оийн үүрэгт хамаарах заалт гэдгийг албан ёсоор залруулж байна, мөн түрээслэгч түрээслүүлэгч хоёрын хооронд хольж бичсэн зүйл гэрээнд байгаа ба орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ биш орон сууц хөлслөх эсхүл түрээсийн гэрээ байгуулж эд хөрөнгиин бүртгэлийн газар бүртгүүлэх байсан.П.О тус гэрээг байгуулснаас хойш түрээсийн гэрээний сарын 1,500,00 төгрөгийг өндөр байна, ашиг орлого муу гэх шалтгаанаар гэрээг 2016 оны дундаас цуцлан сарын түрээсийг 1,000,000 төгрөгөөр тохиролцсон байдаг.Үүнийг нотлох зорилгоор шүүхэд хаан банкны дансны хуулгыг З баримт гаргаж байна.Бусдад учирсан хохирлыг түрээслэгч П.О бүрэн хариуцаж барагдуулах үүрэгтэй, П.О нь Иргэний хуулийн 298.1.4, 289.1.6, 289.2.2, 289.5, 290.1, 290.7, 290.8-д заасан заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.Тиймээс гэм хорын хохиролд 6.175.500 төгрөгийг шаардаж байна гэв.

Хариуцагч П.О шүүхэд гаргасан тайлбартаа:Би Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 36-И байрны 4 тоотод Жаргалант түргэн хоолны газрыг түрээслэн ажиллуулж амьдрал ахуйгаа авч явдаг хүүтэйгээ хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй.Ц.Цолмон гэдэг хүний нэр дээр энэ байр болон подваль байдаг ба бидэнд түрээслэдэг, 2017 оны 6 сарын 16-ны шөнийн 23 цаг 30 минутад түргэн хоолны газраа хаагаад, хаахын өмнө бүх цахилгаанаа салгаад усаа хаагад гарсан.Энэ шөнө ус тасарсан ба ус буцаж ирэхдээ даралттай ирсэний улмаас холигч задарч ус алдсан байсан.Өглөөний 06 цаг 50 минутад дуудлага өгсөн байсан.Подвалиас усыг хаасан байсан.Энэ ус алдалтанд миний буруу байхгүй.Шөнө ажлын бус цагаар гэнэтийн зүйл болсон байсан.Үүнээс болж би ч бас хохирсон.Миний хувьд крантаа онгорхой орхисон зүйл байхгүй.Энэ ломбард чийгтэй газар, подвальд үйл ажиллагаа явуулж байсан. Хүмүүсээс авсан үнэт, цахилгаан барааг вакуумжуулсан орчинд хадгалаагүй, аюулгүй байдлыг хангаагүй, гэнэтийн эрсдлийн даатгалд хамраагдаагүй, гал усын дохиолол хамгаалалт байхгүй, зориулалтын бус газар үйл ажиллагаа явуулдаг.Өөрсдөө эрсдлээс хамгаалсан арга хэмжээ аваагүйн улмаас гэнэтийн осолд өртсөн байна.Мөн түрээслүүлэгч Ц.Цолмон, С.Болдбаатар нар орон сууцны даатгал хийлгээгүй байна. Хариуцагчаа зөв тодорхойлж гаргаж чадаагүй.Хавтаст хэргийн 5-6 хуудсанд түрээслэх, түрээслүүлэх гэрээг 2016.07.08-ны өдөр С.Болдбаатартай хийсэн байдаг.Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч С.Болдбаатарыг хариуцагчаар татах ёстой байсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд хууль бусаар санаатай болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй байхгүй байна.Техникийн комиссын тодорхойлолтонд түргэн хоолны газрыг буруутай гэсэн тодорхойлолт гараагүй байна.Түрээслүүлэгчээс нэхэмжилсэн зүйлээ шаардах эрхтэй байхад намайг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй.Иймд Иргэний хуулийн 497.2-т зааснаар түргэн хоолны газрын буруугаас болоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, хэргийн нотлох баримтуудаас харахад 2017 оны 01-04 сарын барьцаат зээлийн гэрээнүүд байдаг.Мөн барьцаат зээлийн гэрээнд нэхэмжлэлийн шаардлагад байгаа комьютер бусад зүйлсийг гаргав гэсэн баримтууд байдаг, он сарын хувьд ломбардаас гаргасан өөрөөр хэлбэл хүнд нь хүлээлгээд өгсөн зүйлийг би хариуцах үндэслэл алга байна.Мөн ломбард өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас эрсдэлд орсон байна.Иймд би хариуцах үндэслэл байхгүй.Мөн О.Урантуяа 2017 оны 6 сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 102 /ШШ2017/02233 дугаартай шийдвэр гарч Жаргалант түргэн хоолны газраас ус алдсны улмаас нэхэмжлэгч О.Урантуяад 6.650.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байна гээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байсан.Энэ шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч давж заалдах шатны шүүх буюу нийслэлийн шүүхэд гомдол гаргаагүй байна.Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мядагбадам шүүх хуралдаанд тайлбарлахдаа:2017 оны 6 сарын 15-ны орой 23 цаг 30 минутын үед түргэн хоолны газар ажлаа дуусаад гэрэл, бүх зүйлээ шалгаад хаагаад явсан. Өглөөний 6 цаг 50 миутанд ус алдсан, шалтгаан нь эхлээд ус тасараад гэнэт ус ирэхдээ даралттай ус ирснээс болж ус алдсан, 3 өрөө орон сууц гэдэг нь юугаар нотлогдох вэ гэхээр 2016 оны 3 сарын 28-ны өдөр орон сууц  түрээлэх, түрээлүүлэх  гэрээ хийсэн байдаг, 2016 оны 1 сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл 3 өрөө орон сууцыг Цолмон гэдэг хүн 36 сарын хүгацаатай түрээсийн гэрээ хийхдээ түрээсийн төлбөрийг 1 500 000 төгрөг гэж тохирсон.Түрээсийн гэрээний 4-т түрээлэгчийн эрх, үүргийг заасан байдаг.Түрээслэгч тал түрээсийн орон сууцыг зориулалтын дагуу ашиглана, түрээсийн хугацаа дуусмагц орон сууцыг авсан байдлаар хүлээлгэн өгөх, түрээслэгч түрээсийн төлбөрийг барагдуулах, хугацаа хэтэрвэл алданги тооцохоор заасан.Түрээсий гэрээний 5 дугаар зүйлд түрээслүүлэгчийн эрх, үүргийг тусгасан байна.Орон сууцны цэвэр, бохир усны хоолой, угаалтуур, крант, хаалт, цахилгаан шугам сүлжээ зэргийг зохих хэмжээнд хүлээлгэн өгөх, ердийн хэрэглээний явцад үүссэн эд зүйлсийн элэгдэл хорогдол, эвдрэл гэмтлийг  өөрийн зардлаар засварлаж байх, орон сууцны зохистой ашиглалтыг хангуулах, хэрэглээний зардал төлөөгүй тохиолдолд түүнийг шаардах, түрээсийн хугацаанд тухайн орон сууц нь түрээлэгч талын ашиглалтад бүрэн шилжих тул түрээслэгчийн зөвшөөрөлгүйгээр нэвтрэх эрхгүй гэж заасан байхад үүргээ сольсон гэж ярьж байна. Зөвшөөрөл аваагүй, чийгтэй подвалд тавцан тавиад хүний эд хөрөнгийг тавихдаа аюулгүй байдлыг хангаагүй, гал, усны дохиолол байхгүй, даатгалд хамрагдаагүй, зориулалтын бус газар ломбард ажлуулсан байдаг.Шүүхэд өгсөн баримтууд нь засвартай, хугацаа нь дуусаад гарсан гэх баримтууд байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Х ХХКомпани хариуцагч П.Од холбогдуулан гэм хорын хохирол болон бусад зардлын 6 157 500 төгрөг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч байгууллагын дээд давхарт үйл ажиллагаа явуулдаг Жаргалан түргэн хоолны газар 2017 оны 6 сарын 15-наас өдрөөс 16-нд шилжих шөнө ус алдаж тухайн барьцаалан зээлдүүлэх газарт бусдаас барьцаанд тавьсан 7 ширхэг зөөврийн комьпютер, 3 ширхэг зурагт, 1 ширхэг дрон, 1 ширхэг мэргэжлийн видео камер зэрэг 12 нэр төрлийн эд зүйлс усанд норсны улмаас эвдэрч гэмтсэн, түрээсийн байранд засвар хийсэн тул 6 157 500 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч байгууллагаас 11 ширхэг барьцаат зээлийн гэрээг ирүүлсэн байх боловч 0003601, 0003555 дугаартай барьцааны гэрээнүүдийн огноо засвартай, 0003442, 0003541 дугаар барьцааны гэрээнд гаргав гэсэн тэмдэглэл хийгдсэн байх бөгөөд 9 ширхэг барьцаат зээлийн гэрээний хугацаа нь 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө дууссан байна.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь эдгээр барьцаат зээлийн гэрээнүүдийг сунгагдсан байгаа гэж тайлбарлаж байх боловч сунгагдсан гэх хэсэгт тухайн эд хөрөнгийг барьцаанд тавьсан хүний гарын үсэг зурагдаагүй байхад энэхүү гэрээнүүдийг сунгагдсан байна гэж үзэх боломжгүй байна.

Нөгөө талаар дээрх 12 нэр төрлийн эд хөрөнгийг бусдаас зээлийн барьцаанд тавьсан хөрөнгө гэж нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч тайлбарлаж байгаа атлаа  М.Х ХХКомпанид хохирол учирсан гэж шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.

Мөн эдгээр 12 нэр төрлийн эд хөрөнгийг нэхэмжлэгч байгууллагад зээлийн барьцаанд барьцаалсан гэх нэр бүхий этгээдүүдээс нэхэмжлэгч М.Х ХХКомпанид итгэмжлэл олгосон, тэдний өмнөөс шүүхэд шаардлага гаргах эрх олгосон баримтгүй байна.

Мөн түрээсийн байранд засвар хийсэн гэж 346 500 төгрөг шаардаж байгаа боловч энэхүү шаардлагаа нотолж 2017 оны 8 дугаар сарын 20, 22-ны өдрийн 2 ширхэг зарлагын баримтыг хэрэгт ирүүлсэн байх бөгөөд энэхүү баримтад бичигдсэн 12 нэр төрлийн материалыг Д.Цэрэндоржоос хэн худалдаж авсан нь тодорхойгүй, улмаар эдгээр барилгын материалаар М.Х ХХКомпани барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг байрандаа хэдийд, ямар засвар хийсэн болох нь тодорхой бус байна.

Иймд М.Х ХХКомпанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэстэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар П.Оээс 6 157 500 /зургаан сая нэг зуун тавин долоон мянга таван зуун/ төгрөг гаргуулахыг хүссэн М.Х ХХКомпанийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113 600 /нэг зуун арван гурван мянга зургаан зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        З.ДОРЖНАМЖИН

 

                ШҮҮГЧИД                                                   Г.АРИУНАА

 

                                                                                    Г.СОЛОНГО