Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 00313

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

    Нэхэмжлэгч: 1982 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, өмнө нь Хангай модны захад худалдаа хийдэг байсан, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо Орчлон хорооллын 46-119 тоотод оршин суух

 

Онхоодой овгийн Давгийн Лхагвасүх /РД:ВЭ82030305, утас:88110542/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 1975 онд төрсөн, 36 настай, эмэгтэй, Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Билиг хотхон 1-04 тоотод оршин суух,

 

Боржигон овогт Лутаагийн Авидноров /РД:МИ75091207, утас:85626654/-д холбогдох 

 

            7000000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Лхагвасүх, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Баянжаргал нар оролцов.

 

Тодорхойлох  нь:

 

            Нэхэмжлэгч Д.Лхагвасүх шүүхэд  гаргасан тайлбар нэхэмжлэлдээ: … Л.Авидноров 2012 оноос эхлэн манайхтай банз палк зөөж эхэлсэн. 2012 оны 08 дугаар сард хашаа байшин авах гэсэн юм гээд манайд ирж 14.000.000 төгрөг зээлсэн. Тухайн үед хашаа байшингийнхаа бичиг баримтаа аваад явж байсан. Тэгээд тухайн ондоо багтаан 14.000.000 төгрөгтөө 5 см-н банз зөөж өгнө гээд аман гэрээ хийн тохирсон. Л.Авидноров 2012 оны 11 дүгээр сард 5.000.000 төгрөг дансаар хийсэн. 2013 оны 04 дүгээр сар хавьцаа 5см-н банз ачаа өгсөн. Түүнээс хойш таг чиг болсон. 2014 оны 01 дүгээр сард би нөхөртэйгээ Мандал суманд ирж Л.Авидноровтой уулзсан. Тэгээд өгнө гэж байсан ч түүнээс хойш утас нь ч болохгүй. Байнга утсаа солино. 2015 оны 07 дугаар сарын 10-нд би дахин нөхөртэйгээ ирж Л.Авидноровтой уулзсан. Тэгээд 7.000.000 төгрөг өгөхөөр болоод гарын үсэг зураад холбогдох 2 хүний утас өгсөн. Тэр нь бас болохгүй. 2015 оны 08 дугаар сард бүх өрөө өгч дуусгана гэж гарын үсэг зурсан. Тэгээд утсаа авахгүй, нөгөө 2 хүн нь бас утсаа авдаггүй. Дараа нь 2015 оны 09 дүгээр сард би өөрийн төрсөн дүү Пүрэвчулуунтай ирж Л.Авидноровтой уулзахад 2 метртэй гуулин өгнө гээд буцаасан. Тэгээд л таг болсон. 2016 оны 02 дугаар сард би өөрийн төрсөн дүү Ганпүрэвтэй ирж уулзахад Л.Авидноров хэлэхдээ би Өөдөс гэдэг нэртэй байж байгаад нэрээ сольсон. Надад нэг газар байгаа. Нэр солих асуудлаа цэгцэлчихээд тэр газрыг өгье гэсэн. Би зөвшөөрөөд буцсан. Хоног хугацаа тохироод салсан ч эргээд надтай ярьдаггүй. Би залгасан ч утас нь болохгүй байхаар нь би дахин дүү Ганпүрэвтэй ирж Л.Авидноровтой уулзсан. Тэгэхэд тэр газар нь өөрийнх нь дүү Зүйдэс гэдэг хүний нэр дээр байсан. Тэр нь энэ газар чинь миний нэр дээр байгаа. Өөдөст өгөх боломжгүй. Би авлагатай гээд өгөөгүй. 2016 оны 05 дугаар сард ирж нотариатаар өр барагдуулна гэж баталгаажуулан гэрээ хийсэн. 07 дугаар сард амралтын мөнгөө аваад миний өрийг барагдуулна гэж байсан. Одоо бол би цэвэр 7.000.000 төгрөгөө нэхэж байна гэжээ.

Хариуцагч Л.Авидноров шүүхэд гаргасан хариу тайлбартаа: .... Тус сумын иргэн Л.Авидноров би 2012 оны 08 дугаар сард иргэн     В.Дамдинсүрэн болон эхнэр Д.Лхагвасүх нартай тохиролцон 14000000 /арван дөрвөн сая / төгрөгийг зээлж авсан бөгөөд эргүүлж төлөхдөө банз, палк ,зүсвэр модон материал өгөхөөр тохиролцож авч байсан. Мөнгө зээлж авахаас 1 жил гаруйн өмнөөс эхлэн Хангай зах дээр аваачсан ачаагаа ихэвчлэн Дамдинсүрэнд худалддаг байсан улмаар ачаа авдаг , нийлүүлдэг танилууд болсон байсан.Тухайн сараас эхлэн ярьж тохирсон ёсоороо ачаагаа зөөж оруулж эхэлсэн. 2012-11 -20- ны өдөр хамт ажилладаг багшаараа цалингийн зээл авахуулан /өөрөө зээл авах боломжгүй байсан / 5000000 төгрөгийг В. Дамдинсүрэнгийн ХААН банк дахь 5005481818 тоот дансанд шилжүүлэн өрнөөсөө хасуулсан. Түүнээс хойш би ачаагаа зөөж ,иргэн Дамдинсүрэнтэй тооцоо нийлж явсаар хамгийн сүүлд хийсэн тооцоогоор 3 банзны ачааны өглөгтэй , авлагатай байгаа нь үнэн.2 хүүхдээ өрх толгойлж тэжээж яваа надад энэ 3 ачааг нь өгчих юмсан гэж бодсон боловч үнэхээр боломж болохгүй өдий хүрсэн юм.2016 оны хавар Дамдинсүрэнгийн эхнэр Лхагвасүх дүүгийн хамт ирж уулзаад 3 ачаагаа хэзээ өгөх вэ гэж асууж, хурдан авмаар байна гэж шаардаж ирээд би түүний хариуд нь 3 ачааг нь амралтын мөнгөө аваад 7,8 сард цувуулаад өгөхөөр гэрээ хийж нотариатаар батлуулсан.Мөнгө зээлж, зээлүүлэх үедээ ачаагаар нь тооцож л ярьж байсан болохоор 3 ачааны өглөгтэй гэдгээ хүлээн зөвшөөрч тухайн үеийн ханшаар үнийг нь тооцоолж бичмээр байсан боловч тэдний хүсэлт шаардлагын дагуу энэ нотолгоог бичиж өгсөн.Иргэн Лхагвасүхийн нэхэмжпэлтэй танилцаад дараах тайлбарыг өгч байна. Тооцоогоо дуусгаж чадалгүй өдий хүрсэн нь үнэхээр боломж бололцоо байхгүйтэй холбоотой байсан гэдгийг ойлгохыг хүсэж байна. Энэ хүний нэхэмжлэлд дурдсан мөнгийг өгөх боломж үнэхээр алга байна. Миний амьдралын үнэхээр боломжгүй байдлыг зөвөөр ойлгооч гэж хүсэх байна. Би өнөө маргаашгүй төрж амаржих гэж байгаа, хэсэг хугацааны туршид байнгын орлогогүй болж байгаа. Би энэ хүнд өгөх төлбөрт тэднийг зөвшөөрвөл, 5214000 төгрөгийн үнэлгээтэй гэр бүлийн хэрэгцээний 2607м.кв газар өгөхийг хүсэж байна. Надад ойрын 1 жилийн хугацаанд өөрөөр төлбөр барагдуулах чадвар алга байгааг тооцож үзээч гэж хүсэх байна. Хэрэв энэ саналыг зөвшөөрөхгүй бол 3 ачааны мөнгийг тухайн үеийн ханшаар тооцож хүүхдээ орхиж гарч орж ажил хийж болох хугацааг тооцоход 6, 7 сараас төлж барагдуулах боломж байна. Биеийн эрүүл мэнд хүнд байгаа, төрсний дараа элэгний нарийн шинжилгээ эмчилгээ хийлгах шаардлагатай гэсэн эмчийн заалттай байгаа зэргийг минь харгалзан үзээд байгаа боломж хугацааг үндэслэн төлбөрийн асуудлаа шийдээч гэж хүсэж байна.Тухайн үеийн бодит ханшийг харах гэж, тэр үед хэрэглэж тооцоо хөтөлж байсан дэвтрээ харж бичлээ. Тухайн үед 1 ачаа 1472000₮ / 9,2 м.куб х 160000₮ = 1472000₮ / байсан. 3 ачааны нийт мөнгөн дүн 1472000₮ х 3 =4416000₮ болж байгаа юм.Надад мөнгө , санхүүгийн чадвар байгаад өгөхгүй байгаа асуудал огт байгаагүй, өнгөрсөн болоод одоо үеийн хүмүүсийн амьдрал , ажил төрөл , эрхэлсэн худалдаа, тооцоолсон боломж энэ бүх зүйл хямралд орж миний санаж бодож , тооцоолж явсан зүйл талаар өнгөрсөн. Тухайн мөнгө зээлж байсан үеийн байдлаар мод зөөх ажил маань үргэлжилж байсан бол аль алиндаа төвөг учруулахгүй төлбөр барагдсан байх байсан гэж боддог юм.Боломжгүй байдлаасаа болж санаа зовж , та бүгдийн хүссэнээр ойр холбоотой байж чадаагүйд уучлал хүсэж байна.Ямарч байсан тухайн үедээ итгэж санхүүгийн тусламж үзүүлсэнд талархаж явдаг. Түүний хариуд нь өгөх ёстой төлбөрөө барагдуулж чадахгүй удааж байгаадаа харамсдаг. Гэхдээ хэдий барагдуулах бодол байлаа ч ганцхан надаас л шалтгаалдаг энэ өрх гэрийн амьдралыг толгойлж яваа надад боломж гарсангүй өдий хүрсэн. Миний энэ аргагүй байдлыг бодолцон, үзээч гэж нэхэмжлэгч талаас хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.Лхагвасүх шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: .... Нэхэмжлэгч Д.Лхагвасүх би тус сумын иргэн Л.Авидноровын өгсөн хариу тайлбартай танилцлаа.Би мөнгөө авахын тулд 2015 оны 7 дугаар сараас хойш таван удаа очсон.Очих болгонд иймэрхүү юм ярьдаг байсан./дараа өгье 6,7сард өгье гэх мэт/ Энэ удаа хойшлуулах ямарч боломжгүй.Анх мөнгө авахдаа хашаа байшин авна гээд авсан харин 2015 оны 7 дугаар сарын 10-нд очиход /энэ хугацаанд ерөөсөө утсаа аваагүй утсаа олон удаа сольсон арга буюу очсон/ хашаа байшингаа зараад байранд орсон байсан. Ингэж биднийг мэхэлж залилсан байсан.Одоо надад мөнгөний хэрэгтэй байна./банкны зээлийн эргэн төлөлттэй/ Модны хэрэгцээ байхгүй /тухай үед борлуулалттай байсан одоо борлуулалт байхгүй/ Тухай үед модыг авч ирээд өгсөн бол 1 ачааг 2346000 болох байсач./9.2м.куб х 255000 төг=2346000төгрөг/ З ачаа нийт 2346000төг х 3 =7,038,ООО төгрөг.Мөн газрын хэрэгцээ байхгүй. Тэгээд ч өнгөрсөн хавар газрын үзье авья гэхэд дүүгийнхэн нэр дээр байдаг маргаантай юм байна лээ.Энэ нь хойшлуулж хугацаа авах гэсэн арга саам хийх гэсэн залилах хэлбэр гэж үзэж байна.Би тухайн үед бэлэн мөнгө өгсөн /14,000,000/ үүнээс 5,000,000 төгрөг авсан 1ачаа авсан нь үнэн Одоо үлдэгдэл мөнгөө бэлнээр /7,000.000төг/ авмаар байна.Үүнийг хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Үндэслэх нь:

 

Хариуцагч Л.Авидноров нэхэмжлэгчээс 14.000 000 төгрөг зээлсэн нь үнэн, гэхдээ зээлсэн мөнгөнөөс 5.000.000 төгрөгийг дансаар, 1 ачаа банз нэмж өгсөн, одоо нэхэмжлэлийн шаардлага 7.000.000 төгрөг нэхэмжилсэн ба 7.000.000 төгрөг өгөх боломжгүй, би үлдэх 3 ачаа банзны мөнгө 4.416.000 төгрөгийг төлнө, одоогоор өгч чадахгүй тул хугацааг нь хойшлуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Лхагвасүх нь хариуцагч Д.Авидноровоос 14.000.000 төгрөгийг зээлж тохиролцсон ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тэдний 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Д.Лхагвасүхэд, хариуцагч Л.Авидноровоос гаргасан бичгээр гаргасан баталгаа болон тэдний шүүхэд гаргасан тайлбаруудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараас үзвэл хариуцагч Л.Авидноров нь  нэхэмжлэгч Д.Лхагавсүхээс  2012 оны 08 дугаар сард 14.000.000 төгрөг зээлж, зээлийн төлбөрт 5 см зузаантай банз зөөж өгөхөөр тохиролцсон,  уг мөнгийг хариуцагчид бэлнээр хүлээлгэн өгсөн бөгөөд энэ талаар нэхэмжлэгч, хариуцагч нар маргаагүй болно.

 

Мөн шүүх хуралдаанд хариуцагч Л.Авидноров хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх нь тодорхойгүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийг байлцуулахгүйгээр тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцогддог ба зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг. Иймд нэхэмжлэгч Лхагвасүх нь, хариуцагч Авидноровт   мөнгө шилжүүлсэнээр зээлийн гэрээ байгуулагдсан байх ба нэхэмжлэгч хариуцагчаас  зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг  шаардах эрх нээлттэй байна.

 

Шүүх хэргийн үйл явдал, хэрэгт авагдсан баримтуудыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үнэлвэл:

 

Иймд нэхэмжлэгч Д.Лхагвасүх, хариуцагч Л.Авидноров нарын хооронд 2012 оны 8 дугаар сард хийсэн аман гэрээ, түүний үргэлжлэл болох 2016 оны  5 дугаар сарын 18-нд нэхэмжлэгч Д.Лхагвасүх, хариуцагч Л.Авидноров нарын хооронд байгуулсан нэмэлт тохиролцоо зэргээр зохигчдын хооронд  зээлийн харилцаа үүссэн байна.Уг зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хариуцагч  Л.Авиднорвоос гаргуулах нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өгсөн тайлбар, мэдүүлэг, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар,  бичгийн бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Д.Лхагвасүх, Л.Авидноров нь 2016 оны 05 дугаар сарын 18-нд  тооцоо нийлж 3 ачаа 1 тэвш 9.2 мкуб тооцож 27.6 мкуб 5 см зузаантай цэвэр банз өгөхөөр тохиролцож, уг ачааг 2016 оны 07, 08 дугаар сард ачаагаа өгөөгүй тохиолдолд  6.072.000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн гэж үзэн төлөхөөр тохиролцсон байна.Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын бичгээр үйлдсэн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн тохиролцоог үндэслэн хариуцагчаас 7.000.000 төгрөг  нэхэмжилснийг зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлага 7.000.000 төгрөгнөөс 6.072.000 төгрөгийг хариуцагч Д.Авидноровоос гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 928.000 төгрөгийг хэрэсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Нэхэмжлэгч Д.Лхагвасүх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

 

 

ТОГТООХ нь:

 

1. Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч Л.Авидноровоос 6.072.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Лхагвасүхэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 928.000 төгрөгийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Лхагвасүх нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

                                                           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Д.РЕНЧЕНХОРОЛ