Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч

Ерөнхий шүүгч                   Б.Батзориг

Шүүгчид                              С.Энхжаргал

                                                                             Г.Давааренчин

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Урангоо нар оролцож,

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 313 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдах гомдлоор Д.Лхагвасүхийн нэхэмжлэлтэй Л.Авидноровт холбогдох “7000.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Д.Лхагвасүх шүүхэд  гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:

… Л.Авидноров 2012 оноос эхлэн манайхтай банз палк зөөж эхэлсэн. 2012 оны 08 дугаар сард хашаа байшин авах гэсэн юм гээд манайд ирж 14.000.000 төгрөг зээлсэн. Тухайн үед хашаа байшингийнхаа бичиг баримтаа аваад явж байсан. Тэгээд тухайн ондоо багтаан 14.000.000 төгрөгтөө 5 см-н банз зөөж өгнө гээд аман гэрээ хийн тохирсон. Л.Авидноров 2012 оны 11 дүгээр сард 5.000.000 төгрөг дансаар хийсэн. 2013 оны 04 дүгээр сар хавьцаа 5см-н банз ачаа өгсөн. Түүнээс хойш таг чиг болсон. 2014 оны 01 дүгээр сард би нөхөртэйгээ Мандал суманд ирж Л.Авидноровтой уулзсан. Тэгээд өгнө гэж байсан ч түүнээс хойш утас нь ч болохгүй. Байнга утсаа солино. 2015 оны 07 дугаар сарын 10-нд би дахин нөхөртэйгээ ирж Л.Авидноровтой уулзсан. Тэгээд 7.000.000 төгрөг өгөхөөр болоод гарын үсэг зураад холбогдох 2 хүний утас өгсөн. Тэр нь бас болохгүй. 2015 оны 08 дугаар сард бүх өрөө өгч дуусгана гэж гарын үсэг зурсан. Тэгээд утсаа авахгүй, нөгөө 2 хүн нь бас утсаа авдаггүй. Дараа нь 2015 оны 09 дүгээр сард би өөрийн төрсөн дүү Пүрэвчулуунтай ирж Л.Авидноровтой уулзахад 2 метртэй гуулин өгнө гээд буцаасан. Тэгээд л таг болсон. 2016 оны 02 дугаар сард би өөрийн төрсөн дүү Ганпүрэвтэй ирж уулзахад Л.Авидноров хэлэхдээ би Өөдөс гэдэг нэртэй байж байгаад нэрээ сольсон. Надад нэг газар байгаа. Нэр солих асуудлаа цэгцэлчихээд тэр газрыг өгье гэсэн. Би зөвшөөрөөд буцсан. Хоног хугацаа тохироод салсан ч эргээд надтай ярьдаггүй. Би залгасан ч утас нь болохгүй байхаар нь би дахин дүү Ганпүрэвтэй ирж Л.Авидноровтой уулзсан. Тэгэхэд тэр газар нь өөрийнх нь дүү Зүйдэс гэдэг хүний нэр дээр байсан. Тэр нь энэ газар чинь миний нэр дээр байгаа. Өөдөст өгөх боломжгүй. Би авлагатай гээд өгөөгүй. 2016 оны 05 дугаар сард ирж нотариатаар өр барагдуулна гэж баталгаажуулан гэрээ хийсэн. 07 дугаар сард амралтын мөнгөө аваад миний өрийг барагдуулна гэж байсан. Одоо бол би цэвэр 7.000.000 төгрөгөө нэхэж байна гэжээ.

Хариуцагч Л.Авидноров анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус сумын иргэн Л.Авидноров би 2012 оны 08 дугаар сард иргэн В.Дамдинсүрэн болон эхнэр Д.Лхагвасүх нартай тохиролцон 14000000 /арван дөрвөн сая/ төгрөгийг зээлж авсан бөгөөд эргүүлж төлөхдөө банз, палк, зүсвэр модон материал өгөхөөр тохиролцож авч байсан. Мөнгө зээлж авахаас 1 жил гаруйн өмнөөс эхлэн Хангай зах дээр аваачсан ачаагаа ихэвчлэн Дамдинсүрэнд худалддаг байсан. Улмаар ачаа авдаг, нийлүүлдэг танилууд болсон байсан. Тухайн сараас эхлэн ярьж тохирсон ёсоороо ачаагаа зөөж оруулж эхэлсэн. 2012-11-20-ны өдөр хамт ажилладаг багшаараа цалингийн зээл авахуулан /өөрөө зээл авах боломжгүй байсан/ 5000.000 төгрөгийг  В.Дамдинсүрэнгийн ХААН банк дахь 5005481818 тоот дансанд шилжүүлэн өрнөөсөө хасуулсан. Түүнээс хойш би ачаагаа зөөж, иргэн Дамдинсүрэнтэй тооцоо нийлж явсаар хамгийн сүүлд хийсэн тооцоогоор 3 банзны ачааны өглөгтэй, авлагатай байгаа нь үнэн. 2 хүүхдээ өрх толгойлж тэжээж яваа надад энэ 3 ачааг нь өгчих юмсан гэж бодсон боловч үнэхээр боломж болохгүй өдий хүрсэн юм.

2016 оны хавар Дамдинсүрэнгийн эхнэр Лхагвасүх дүүгийн хамт ирж уулзаад 3 ачаагаа хэзээ өгөх вэ гэж асууж, хурдан авмаар байна гэж шаардаж ирээд би түүний хариуд нь 3 ачааг нь амралтын мөнгөө аваад 7,8 сард цувуулаад өгөхөөр гэрээ хийж нотариатаар батлуулсан. Мөнгө зээлж, зээлүүлэх үедээ ачаагаар нь тооцож л ярьж байсан болохоор 3 ачааны өглөгтэй гэдгээ хүлээн зөвшөөрч тухайн үеийн ханшаар үнийг нь тооцоолж бичмээр байсан боловч тэдний хүсэлт шаардлагын дагуу энэ нотолгоог бичиж өгсөн. Иргэн Лхагвасүхийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг өгч байна.

Тооцоогоо дуусгаж чадалгүй өдий хүрсэн нь үнэхээр боломж бололцоо байхгүйтэй холбоотой байсан гэдгийг ойлгохыг хүсэж байна. Энэ хүний нэхэмжлэлд дурдсан мөнгийг өгөх боломж үнэхээр алга байна. Миний амьдралын үнэхээр боломжгүй байдлыг зөвөөр ойлгооч гэж хүсэх байна. Би өнөө маргаашгүй төрж амаржих гэж байгаа, хэсэг хугацааны туршид байнгын орлогогүй болж байгаа. Би энэ хүнд өгөх төлбөрт тэднийг зөвшөөрвөл, 5214000 төгрөгийн үнэлгээтэй гэр бүлийн хэрэгцээний 2607м.кв газар өгөхийг хүсэж байна. Надад ойрын 1 жилийн хугацаанд өөрөөр төлбөр барагдуулах чадвар алга байгааг тооцож үзээч гэж хүсэх байна. Хэрэв энэ саналыг зөвшөөрөхгүй бол 3 ачааны мөнгийг тухайн үеийн ханшаар тооцож хүүхдээ орхиж гарч орж ажил хийж болох хугацааг тооцоход 6, 7 сараас төлж барагдуулах боломж байна.

 Биеийн эрүүл мэнд хүнд байгаа, төрсний дараа элэгний нарийн шинжилгээ эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн эмчийн заалттай байгаа зэргийг минь харгалзан үзээд байгаа боломж хугацааг үндэслэн төлбөрийн асуудлаа шийдээч гэж хүсэж байна. Тухайн үеийн бодит ханшийг харах гэж, тэр үед хэрэглэж тооцоо хөтөлж байсан дэвтрээ харж бичлээ. Тухайн үед 1 ачаа 1472000₮ / 9,2 м.куб х 160000₮ = 1472000₮/ байсан. 3 ачааны нийт мөнгөн дүн 1472000₮х3=4416000₮ болж байгаа юм. Надад мөнгө, санхүүгийн чадвар байгаад өгөхгүй байгаа асуудал огт байгаагүй, өнгөрсөн болоод одоо үеийн хүмүүсийн амьдрал, ажил төрөл, эрхэлсэн худалдаа, тооцоолсон боломж энэ бүх зүйл хямралд орж миний санаж бодож, тооцоолж явсан зүйл талаар өнгөрсөн. Тухайн мөнгө зээлж байсан үеийн байдлаар мод зөөх ажил маань үргэлжилж байсан бол аль алиндаа төвөг учруулахгүй төлбөр барагдсан байх байсан гэж боддог юм. Боломжгүй байдлаасаа болж санаа зовж, та бүгдийн хүссэнээр ойр холбоотой байж чадаагүйд уучлал хүсэж байна. Ямар ч байсан тухайн үедээ итгэж санхүүгийн тусламж үзүүлсэнд талархаж явдаг. Түүний хариуд нь өгөх ёстой төлбөрөө барагдуулж чадахгүй удааж байгаадаа харамсдаг. Гэхдээ хэдий барагдуулах бодол байлаа ч ганцхан надаас л шалтгаалдаг энэ өрх гэрийн амьдралыг толгойлж яваа надад боломж гарсангүй өдий хүрсэн. Миний энэ аргагүй байдлыг бодолцон, үзээч гэж нэхэмжлэгч талаас хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.Лхагвасүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

…Нэхэмжлэгч Д.Лхагвасүх би тус сумын иргэн Л.Авидноровын өгсөн хариу тайлбартай танилцлаа. Би мөнгөө авахын тулд 2015 оны 7 дугаар сараас хойш таван удаа очсон. Очих болгонд иймэрхүү юм ярьдаг байсан. /дараа өгье, 6,7 сард өгье гэх мэт/ Энэ удаа хойшлуулах ямарч боломжгүй. Анх мөнгө авахдаа хашаа байшин авна гээд авсан, харин 2015 оны 7 дугаар сарын 10-нд очиход /энэ хугацаанд ерөөсөө утсаа аваагүй утсаа олон удаа сольсон арга буюу очсон/ хашаа байшингаа зараад байранд орсон байсан. Ингэж биднийг мэхэлж залилсан байсан. Одоо надад мөнгөний хэрэгтэй байна. /банкны зээлийн эргэн төлөлттэй/ Модны хэрэгцээ байхгүй. /тухай үед борлуулалттай байсан одоо борлуулалт байхгүй/ Тухай үед модыг авч ирээд өгсөн бол 1 ачааг 2346000 болох байсан. /9.2м.кубх255000төг=2346000төгрөг/ З ачаа нийт 2346000төг х 3 =7,038,ООО төгрөг.Мөн газрын хэрэгцээ байхгүй. Тэгээд ч өнгөрсөн хавар газрыг үзье авья гэхэд дүүгийнхэн нэр дээр байдаг маргаантай юм байна лээ. Энэ нь хойшлуулж хугацаа авах гэсэн арга саам хийх гэсэн залилах хэлбэр гэж үзэж байна. Би тухайн үед бэлэн мөнгө өгсөн /14,000,000/ үүнээс 5,000,000 төгрөг авсан 1ачаа авсан нь үнэн. Одоо үлдэгдэл 7000.000 төгрөгөө бэлнээр авмаар байна. Үүнийг хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 313 дугаартай шийдвэрээр:

         -Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Авидноровоос 6.072.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Лхагвасүхэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 928.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Лхагвасүх нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

        …Шүүх хуралдаан 2016.11.29-ний 10.00 цагт болсон бөгөөд энэ хугацаанд хариуцагч намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй гэж үзэж, шүүх хуралдааныг зөвхөн нэхэмжлэгч талыг байлцуулж хуралдсан. Угтаа бол би       2016.11.28-ны өдөр Мандал сумын нэгдсэн эмнэлэгт кесар хагалгаагаар төрж, босож явж чадахгүй, биеийн болоод эрүүл мэндийн байдал хүндэвтэр байлаа. Намайг төрсөн гэж сонсоод манай найз шүүгчийн туслахад утсаар мэдэгдсэн. Иймээс энэ хуралдаан  зөвхөн нэг талыг барьсан буюу  нэхэмжлэгчийн эрхийг хангаад,  хариуцагч миний Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх зөрчигдсөн гэж үзэж байна.

            …Хэрэв би анхан шатны шүүх хуралдаанд оролцсон бол өөрийн зүгээс шалтгаалах учир шалтгаанаа хэлж, шүүхийн зүгээс ч гэсэн бидний 2 талын аль алийг харсан шийдвэр гаргах байсан гэж үзэж байна. Би нэхэмжлэгчийн шаардсан 6072.000  төгрөгийг биш, анх тохиролцож байсны дагуу 3 ачааг, эсвэл 3 ачааны мөнгөн дүнг тухайн үеийн ханшаар тооцон 4.416.000 төгрөг өгөх бодолтой  байгааг харгалзан үзэж шийдэж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна гэжээ.

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч Д.Лхагвасүх нь хариуцагч Л.Авидноровт холбогдуулан 7.000.000/зээл/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба шүүх 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Иргэний хуулийн

281 дүгээр зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн байна.

         Хариуцагчийн “...хүндэтгэн үзэх шалтгаантай байхад оролцуулалгүй шийдвэрлэсэнд гомдолтой, 4416000 төгрөг төлөх бодолтой...” гэх үндэслэлээр бичсэн давж заалдах гомдлын дагуу хэргийн материалыг судлан  үзэхэд: Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул  шийдвэрийг мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр сум дундын  шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

         Учир нь: Хэргийн материалаас үзэхэд анхан шатны шүүх  2016 оны 11 сарын 18-ны өдөр хариуцагч талд хэргийн материал танилцуулан тухайн өдрөө 2016 оны 11 сарын 22-ны өдрийн  шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна.  Гэтэл хариуцагч Л.Авидноров нь өвчний улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухай хүсэлтээ ирүүлж энэ дагуу  2016 оны 11 сарын 29-ний өдрийг хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг  хойшлуулжээ.

         Дараагийн шүүх хуралдаанд хариуцагчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйгээс нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн гэх боловч түүнд шүүх хуралдааны товыг хэзээ, хэрхэн мэдэгдсэн нь тодорхойгүйгээс гадна хариуцагч нь шүүх хуралдаан болохын урьд өдөр буюу 2016 оны 11 сарын 28-ны өдөр хүүхэд төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийг  шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  ирээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

         Иймд анхан шатны шүүх нь  хариуцагч Л.Авидноровын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан  шүүх хуралдаанд оролцох эрхийг  зөрчсөн,  мөн  хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг  дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Дээр дурьдсан хэргийн зохигчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож буй тул шийдвэрийн үндэслэл болон давж заалдах гомдлын бусад үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагагүй дурьдах нь зүйтэй. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 11 сарын 29-ны өдрийн 313 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ                        Б.БАТЗОРИГ

                                                         ШҮҮГЧИД                            С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                       Г.ДАВААРЕНЧИН