Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 00311

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүгч Б.Хэрлэн, шүүгч Ж.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Улиастайн гудамж 66 тоотод оршин суух, Оорцог овогт Санжидын Өвгөнхүү /Утас:88369433/-аас гаргасан

          Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сум 7 дугаар баг, Нарангийн гудамж 75 тоотод оршин суух Оорцог овогт Цэндийн Туулгазар /РД:МК77082111, Утас:99499576/-д холбогдох  нүүрэн тус газар нь цохиж зодсоны улмаас учирсан гэм хорын хохирол 230,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Өвгөнхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цогзолмаа, хариуцагч Ц.Туулгазар, иргэдийн төлөөлөгч С.Туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Өвгөнхүүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Санжид овогтой Өвгөнхүү миний бие нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Туулгазарт зодуулан хамрын нуруу, дээд доод уруул, мөн 4 шүдээ гэмтээсэн эдгээрийг эмчлүүлэн хийлгэхэд 230,000 төгрөгний зардал гарсан тул энэ мөнгийг гаргуулан өгнө үү...  2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Бямбажав гэх айлд сур харваад дуусч байсан. Тэр үед би Туулгазартай дайралдаад сурын холбооны тамга тэмдгээс болж муудан Туулгазар намайг цохин, дээрээс дэвсэн, миний шүд, хавирга гэмтсэн.Үүнээс болж би төрөлхийн эд эрхтэнээсээ салсан. Би хэдийгээр төрөлхийн эд эрхтэнээсээ салсан ч гайгүй чанартай зүйл хийлгүүлье гэж бодсон. Тухайн үед 2 дугаар сургуулийн ой болоод би гаднах үзэмжиндээ анхаараад Азын нахиад хямдхан шүд яаралтай хийлгүүлсэн. Тэр шүд маань 3 сар болоод сая хадлан дээр гагнаас нь хугараад ашиглах боломжгүй болсон. Тэгээд би Улаанбаатар хот руу явж шүдээ хийлгүүлсэн баримт, ирж буцсан зардал, өмгөөлөгчийн хөлсийн хамт нэхэмжилж байгаа. Тухайн үед би 10 гаруй хоног эмнэлэгт хэвтсэн төлбөрөө бол нэхээгүй. Чиний  цохилтын улмаас тухайн үед би 4 шүдээ кармалаад явсан. Маргааш нь би босож чадаагүй. Нөгөөдөр нь байх дахин 2 шүд унасан гэв..Одоо бол 1.511.650 төгрөг нэхэмжилж байгаа гэв.

 

Хариуцагч Ц.Туулгазар шүүхэд гаргасан тайлбартаа: … Би бол С.Өвгөнхүүгийн өмнөх шүүх хуралдаанд гаргасан 230.000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Сүүлд шүд хийлгүүлээд 1.200.000 төгрөг ч гэнэ үү, бас өмгөөлөгчийн хөлс нэхэж байна. Би үүнийг зөвшөөрөхгүй. Энэ хүн надаас мөнгө нэхэж байгаа юм бол би ч гэсэн авлагаа нэхмээр байна. Хэрэг хуучирч, хэрээ цайрдаггүй л юм бол. Тохироод ярьвал эвлэрч болох юм. Энэ хүний юм үнэтэй, миний юм үнэгүй байдаг юмуу. Хуулийн байгууллагын хүмүүсээ. Би 1.200.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би бол 6 шүдний мөнгө төгрөг өгөхгүй. Би шүүх эмнэлэгийн актанд дурьдсан өөрийн гэмтээсэн 2 шүдээ л төлнө. Тэр нь бол хэд байдаг юм. 230.000 төгрөг юмуу, 1.500.000 юмуу мэдэхгүй гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ   нь:

Нэхэмжлэгч С.Өвгөнхүү нь хариуцагч Ц.Туулгазард холбогдуулан 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 20 цагийн орчим иргэн С.Өвгөнхүүг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Хайлаастын гудамжинд зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсаны улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1.511.650 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар нэхэмжлэгч С.Өвгөнхүү нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй байна.

Уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэстэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 20 цагийн орчим иргэн С.Өвгөнхүүг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг Хайлаастын гудамжинд зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь Шүүх шинжилгээний хэсгийн шинжээчийн 157 тоот дүгнэлт, Сэлэнгэ аймгийн Мандал сум дах сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоол, зохигч талуудын тайлбар, бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

С.Өвгөнхүүг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан талаар  талаар зохигчид маргаагүй бөгөөд харин Ц.Туулгазарын буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн биед гэмтэл учирсан тул гэмтлийг арилгахад гарсан зардал, хохирлыг хариуцахгүй, анх нэхэмжилсэн 2 хиймэл шүд хийлгэсэн гэх 230000 төгрөгийг төлж барагдуулах, сүүлд 6 шүдэнд хийлгэсэн гэх хиймэл шүдний мөнгө, бусад зардал 1.511.650 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй  гэх үндэслэлээр хариуцагч тал маргажээ.

Хариуцагчийн татгалзалыг үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 20 цагийн орчим иргэн С.Өвгөнхүүг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг Хайлаастын гудамжинд зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул хариуцагчийн татгалзал үгүйсгэгдэж байна.

Нэхэмжлэгч С.Өвгөнхүү нь 1.511.650 төгрөгийн зарлагын баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн нь нотлох баримтын шаардлага хангаж байх тул хариуцагчаас 1.511.650 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон Тогтоох нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Цэндийн Туулгазараас бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1.511.650 /нэг сая таван зуун арван нэгэн мянга зургаан зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Санжидын  Өвгөнхүүд  олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч С.Өвгөнхүү нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.4-д зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

4. . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Д.РЕНЧЕНХОРОЛ

                                 ШҮҮГЧИД                                   Б.ХЭРЛЭН    

                                                                                     Ж.ЭРДЭНЭБАТ