Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 01 өдөр

Дугаар 3

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч

Ерөнхий шүүгч                   Б.Батзориг

Шүүгчид                              С.Энхжаргал

                                                                             Г.Давааренчин

                        Оролцогчид

            Хариуцагчийн өмгөөлөгч  Ш.Цэдэн

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Урангоо нар оролцож,

Сэлэнгэ аймаг, Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүгч Б.Хэрлэн, шүүгч Ж.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 311 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор С.Өвгөнхүүгийн нэхэмжлэлтэй Ц.Туулгазарт холбогдох “Нүүрэн тус газар нь цохиж зодсоны улмаас учирсан гэм хорын хохирол 230.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч С.Өвгөнхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Санжид овогтой Өвгөнхүү миний бие нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Туулгазарт зодуулан хамрын нуруу, дээд доод уруул, мөн 4 шүдээ гэмтээсэн. Эдгээрийг эмчлүүлэн хийлгэхэд 230,000 төгрөгний зардал гарсан тул энэ мөнгийг гаргуулан өгнө үү. 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Бямбажав гэх айлд сур харваад дуусч байсан. Тэр үед би Туулгазартай дайралдаад сурын холбооны тамга тэмдгээс болж муудан Туулгазар намайг цохин, дээрээс дэвсэн, миний шүд, хавирга гэмтсэн.Үүнээс болж би төрөлхийн эд эрхтнээсээ салсан. Би хэдийгээр төрөлхийн эд эрхтнээсээ салсан ч гайгүй чанартай зүйл хийлгүүлье гэж бодсон. Тухайн үед 2 дугаар сургуулийн ой болоод би гаднах үзэмжиндээ анхаараад Азын нахиад хямдхан шүд яаралтай хийлгүүлсэн. Тэр шүд маань 3 сар болоод сая хадлан дээр гагнаас нь хугараад ашиглах боломжгүй болсон. Тэгээд би Улаанбаатар хот руу явж шүдээ хийлгүүлсэн баримт, ирж буцсан зардал, өмгөөлөгчийн хөлсийн хамт нэхэмжилж байгаа. Тухайн үед би 10 гаруй хоног эмнэлэгт хэвтсэн төлбөрөө бол нэхээгүй. Цохилтын улмаас тухайн үед би 4 шүдээ кармалаад явсан. Маргааш нь би босож чадаагүй. Нөгөөдөр нь байх дахин 2 шүд унасан. Одоо бол 1.511.650 төгрөг нэхэмжилж байгаа гэв.

Хариуцагч Ц.Туулгазар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

…Би С.Өвгөнхүүгийн өмнөх шүүх хуралдаанд гаргасан 230.000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Сүүлд шүд хийлгүүлээд 1.200.000 төгрөг ч гэнэ үү, бас өмгөөлөгчийн хөлс нэхэж байна. Би үүнийг зөвшөөрөхгүй. Энэ хүн надаас мөнгө нэхэж байгаа юм бол би ч гэсэн авлагаа нэхмээр байна. Хэрэг хуучирч, хэрээ цайрдаггүй л юм бол. Тохироод ярьвал эвлэрч болох юм. Энэ хүний юм үнэтэй, миний юм үнэгүй байдаг юмуу. Хуулийн байгууллагын хүмүүсээ. Би 1.200.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би бол 6 шүдний мөнгө төгрөг өгөхгүй. Би шүүх эмнэлэгийн актанд дурьдсан өөрийн гэмтээсэн 2 шүдээ л төлнө. Тэр нь бол хэд байдаг юм. 230.000 төгрөг юмуу, 1.500.000 юмуу мэдэхгүй гэв.

Анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 311 дугаартай шийдвэрээр:

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Цэндийн Туулгазараас бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1.511.650 /нэг сая таван зуун арван нэгэн мянга зургаан зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Санжидын  Өвгөнхүүд  олгохоор,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч С.Өвгөнхүү нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

        …Шүүх нэхэмжлэгчийн үгэнд итгэж, миний гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаад байгаад гомдолтой байна. Иймд С.Өвгөнхүүгийн нэхэмжлэлээс түрүү хийлгээд үгүй болгосон гэх шүдний 230.000 төгрөг, сүүлд хийлгэсэн гэх 6 шүдний үнээс илүү 3 шүдний үнэ 600.000 төгрөг, бүгд 830.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

         Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Цэдэн давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         …С.Өвгөнхүүгийн шүднүүд унасан, хөдөлсөн болохоор тэр шүдээ хийлгээд хохирлоо нэхэмжлэх нь зүйн хэрэг. Гэхдээ С.Өвгөнхүү 3 шүдний үнэ илүү нэхэмжиллээ. Өөрийн буруугаас түрүү хийлгэсэн шүдээ үгүй болгоод түүнийгээ нэхэмжиллээ. Эдгээрийг төлөхгүй  гэж хариуцагч гомдол гаргаж байгаа нь үндэслэлтэй гэж үзэж дэмжиж байна.

        Эрүүгийн хэрэгт нь авагдсан шинжээчийн дүгнэлтээр 3 ширхэг шүд гэмтжээ гэдэг нь ойлгомжтой байдаг. Ийм учраас С.Өвгөнхүүгийн нэхэмжилсэн мөнгөнөөс 830.000 төгрөгийг хасуулах саналтай байна гэв.

Үндэслэх нь:

Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн  байх тул  шийдвэрийг мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр сум дундын  шүүхэд буцаахаар шийдвэрлэх  нь  зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.Өвгөнхүү нь хариуцагч Ц.Туулгазард холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 230.000 төгрөг  гаргуулах  тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед  нэхэмжлэгч С.Өвгөнхүү нь нэхэмжлэлийн шаардлагаа 1.511.650 төгрөг болгон  нэмэгдүүлсэн бөгөөд шүүх нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч, улмаар тухайн өдрөө  нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг  хангаж шийдвэрлэжээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед  нэхэмжлэлийнхээ шаардлагын хэмжээг ихэсгэх эрхийг эдэлдэг бөгөөд шүүх нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч  хариуцагчид гардуулах, түүнээс хариу тайлбар авах  зэрэг ажиллагааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу гүйцэтгэх үүрэгтэй.

Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-д заасан нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах ажиллагааг огт хийгээгүйгээс гадна мөн хуулийн  25, 26 дугаар зүйлд заасан эрхийг  нь ноцтой зөрчсөн байна.

Дээрх үндэслэл нь  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчин улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан  мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 311 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг  дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан тул хэргийн шийдвэрлэлт болон  хариуцагчийн давж заалдах гомдолд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй болно. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 311 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24.480 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.  

 

                                    ДАРГАЛАГЧ              Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                  С.ЭНХЖАРГАЛ

                                                                      Г.ДАВААРЕНЧИН