Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2021/0357

 

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2021/0357

Улаанбаатар хот

 

 

 

 

 

                                                      “Т.Б” ХХК-ийн гомдолтой

                                                  захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Д, хариуцагч Н.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 149 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор “Т.Б” ХХК-ийн гомдолтой, Монголбанкны Хяналт шалгалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн хянан шалгагч, улсын байцаагч Н.З-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 149 дүгээр шийдвэрээр: “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 5 дугаар зүйлийн 5.2.3, 5.2.4, Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Т.Б” ХХК-ийн “Монголбанкны Хяналт шалгалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн хянан шалгагч, улсын байцаагч Н.З-гийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 0050217 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх заалтыг үндэслэн “Т.Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Төв банк /Монголбанк/-ны Хянан шалгагч, улсын байцаагч Н.З-д холбогдох захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 149 дүгээр шийдвэр гаргасныг нэхэмжлэгчийн зүгээс бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т заасны дагуу Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч Н.З-гийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 0050217 дугаартай шийтгэлийн хуудсанд “Т.Б” ХХК нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5.2.3, 5.2.4 дэх заалтуудыг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй гэсэн шалтгаанаар 50.000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан. Уг эцсийн өмчлөгчийг тодорхойгүй гэх зөрчил нь зөвхөн 3 байгууллагын хувьд яригдаж байгаа, уг 3 байгууллага нь нэг толгой компанитай юм.

2. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр баталсан удирдамжийн дагуу “Т.Б” ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд газар дээрх хэсэгчилсэн шалгалтыг хийсэн. Уг шалгалтын хүрээнд банкны харилцагчийн эцсийн өмчлөгчийг тогтоох үйл ажиллагаатай холбогдуулан нийт 54 хуулийн этгээдийг түүвэрлэн авч шалгасан ба 2 хуулийн этгээдээс бусад буюу 52 харилцагчийн хувьд эцсийн өмчлөгчийг тогтоох үйл ажиллагаа бүрэн хийгдсэн гэж дүгнэсэн нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Т.Б” ХХК-д хийсэн газар дээрх шалгалтын акт материал”-аас харагдана. Уг 52 харилцагчийн дотор дээр дурдсан 3 харилцагчийн 2 нь багтсан бөгөөд зөрчилд хамаарах 3 харилцагчаас 2-ынх нь хувьд эцсийн өмчлөгчийг тогтоох үйл ажиллагаа бүрэн хийгдсэн гэж Монголбанкны 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Н/3 дугаар албан бичгээр ирүүлсэн 2018 оны шалгалтын хариуд заасан байна.

Гэтэл Монголбанкны 2020 оны газар дээрх хяналт шалгалтаар өмнөх шалгалтын хариуг үгүйсгэж, харилцагчийн эцсийн өмчлөгчийг тодорхойлоогүй гэсэн нь ойлгомжгүй, цаашлаад эрх бүхий байгууллагын нэгдсэн байр суурь илэрхийлэхгүй байна.

Мөн “Т.Б” ХХК-ийн зүгээс тухайн байгууллагуудтай холбогдож, эцсийн өмчлөгчийг тодорхойлох асуудлыг бөгөөд эцсийн өмчлөгчийг тодорхойлох бичиг баримтыг хадгалж, хариуцаж буй этгээд нь гадаад улсад байгаа, Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас Монгол Улсад ирэх хугацаа хойшлогдсон, улмаар холбогдох арга хэмжээ авах асуудал удаашралтай байгааг бидэнд тавьсан.

3. Гэтэл Монголбанкны 2020 оны газар дээрх хяналт шалгалтаар өмнөх шалгалтын хариуг үгүйсгэж, харилцагчийн эцсийн өмчлөгчийг тодорхойлоогүй гэсэн нь ойлгомжгүй, цаашлаад эрх бүхий байгууллагын нэгдсэн байр суурь илэрхийлэхгүй байна.

4. Мөн “Т.Б” ХХК-ийн зүгээс тухайн байгууллагуудтай холбогдож, эцсийн өмчлөгчийг тодорхойлох асуудлыг бөгөөд эцсийн өмчлөгчийг тодорхойлох бичиг баримтыг хадгалж, хариуцаж буй этгээд нь гадаад улсад байгаа, Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас Монгол Улсад ирэх хугацаа хойшлогдсон, улмаар холбогдох арга хэмжээ авах асуудал удаашралтай байгааг бидэнд мэдэгдэж байсан. Гэтэл эрх бүхий албан тушаалтнаас уг нөхцөл байдлыг харгалзан үзсэнгүй.

5. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх “... Өөрөөр хэлбэл “А.Х” ХХК-ийн эцсийн өмчлөгчийг тогтоох, харилцагчийг таньж мэдэх зөвлөмж олгохдоо түүний охин компаниуд болох “А.Э.Р” ХХК, “У.Х” ХХК-иудыг дурдаагүй нь “Т.Б” ХХК-ийг “А.Э.Р" ХХК, “У.Х” ХХК-иудын хувьд харилцагчийг таньж мэдэх ажиллагаа явуулах хуулиар тогтоосон үүргээс чөлөөлөөгүй бөгөөд тус банк нь “А.Х” ХХК-ийн эцсийн өмчлөгчийг тогтоох ажиллагаа явуулж, холбогдох мэдээллийг харилцагчаас өгөөгүй үндэслэлээр дансыг нь хааж шийдвэрлэсэн ч түүний охин компаниуд болох “А.Э.Р” ХХК, “С.Х” ХХК, “У.Х” ХХК-иудын хувьд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасан эцсийн өмчлөгчийг тогтоохын тулд 5 дугаар зүйлийн 5.2.3, 5.2.4-т заасан харилцагчийг таньж мэдэх ажиллагаа явуулаагүй, үйлчилгээ үзүүлсэн байх тул Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 2-т зааснаар шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна...” гэж дүгнэсэн.

6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь хэргийн бодит нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнээгүй байна.

7. Дээрх бүгдээс үзвэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 149 дүгээр шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь заалт “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг тус тус хангахгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Гомдол гаргагчаас Монголбанкны Хяналт шалгалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн хянан шалгагч, улсын байцаагч Н.З-гийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 0050217 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэж гомдлын шаардлагаа тодорхойлсон. 

Шийтгэлийн хуудсаар “ “Т.Б” ХХК нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3, 5.2.4-т заасан үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 2-т “Эцсийн өмчлөгчийг тогтоох талаар хуульд заасан зохицуулалтыг зөрчсөн бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу 50,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулжээ.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6.а-д зааснаар “эцсийн өмчлөгч” гэж харилцагч нь хуулийн этгээд бол тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, эсхүл тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, эсхүл хуулийн этгээдийг болон уг хуулийн этгээдээс хийх аливаа хэлцэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухайн хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг ойлгохоор заасан.  

Мөн 5 дугаар зүйлд зааснаар банк нь харилцагчийг таньж мэдэхийн тулд эцсийн өмчлөгчийн нэрийн өмнөөс данс нээж, гүйлгээ хийж байгаа эсэхийг мэдэх, ойлгох зорилгоор тухайн бизнесийн харилцааны зорилго, гүйлгээний утга, эцсийн хүлээн авагчийн тухай мэдээллийг тодруулах, харилцагч нь хуулийн этгээд бол түүний эцсийн өмчлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрийг тодорхойлж, эцсийн өмчлөгчийн талаар болон харилцагчийн өмчлөл, хяналт, зохион байгуулалтын бүтцийг таньж мэдэхтэй холбоотой боломжит бүх арга хэмжээг авах зэрэг бусад байдлаар харилцагчийг албан ёсны эх сурвалж, баримт бичиг, мэдээ, мэдээллийн эх үүсвэр ашиглан таньж мэдэх үүрэгтэй байхаар хуульчилжээ.

Маргааны үйл баримт, гомдол гаргагчийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/2-51 дүгээр албан бичгээс үзвэл Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр баталсан удирдамжийн дагуу хийсэн шалгалтын үр дүнд “А.Х” ХХК-ийн эцсийн өмчлөгч тодорхой бус гэж үзээд 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор эцсийн өмчлөгчийг тогтоон хариу ирүүлэхээр үүрэг даалгавар өгсний дагуу холбогдох мэдээллийг ирүүлэхийг тус компаниас хүссэн, үүний хариуд “А.Х” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 26/12 дугаар албан бичгээр “... харилцах данс нээлгэхдээ банкны шаардлагын дагуу баримт бичгийн бүрдлийг хангаж, холбогдох баримтуудыг өгсөн тул уг мэдээллээр эцсийн өмчлөгчийг тогтоох боломжтой” гээд нэмэлт баримт хүргүүлэхээс татгалзсанаар банкан дахь харилцах дансыг хаасан байна.

Улмаар Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр баталсан удирдамжийн дагуу 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хамаарах үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар “А.Э.Р” ХХК, “С.Х” ХХК, “У.Х” ХХК-иудын эцсийн өмчлөгчийг тогтоогоогүй байна гэж үзжээ. 

Дээр дурдсан компаниудын дүрэм, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, талуудын тайлбараас үзвэл “А.Х” ХХК нь тус компаниудын хувьцаа эзэмшигч байх бөгөөд харин “А.Х” ХХК-ийн толгой компани нь Люксембургийн Вант Улсын “M.R.C.S” гэх хуулийн этгээд байна.

Гомдол гаргагчаас 2018 оны хяналт шалгалтаар үүрэг өгсний дагуу зөвхөн “А.Х” ХХК-ийн эцсийн өмчлөгчийг тогтоохоор холбогдох ажиллагааг хийсэн бөгөөд “А.Э.Р” ХХК, “С.Х” ХХК, “У.Х” ХХК-иудын эцсийн өмчлөгчийг тогтоох ажиллагаа явуулаагүй болохоо мэдүүлсэн, хэрэгт ийнхүү ажиллагаа явуулсан талаарх баримт авагдаагүй тул хариуцагчаас энэ үндэслэлээр шийтгэл оногдуулсныг буруутгах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх гомдол гаргагч нь Монголбанкнаас өгсөн үүргийг биелүүлж “А.Х” ХХК-ийн эцсийн өмчлөгч иргэн хэн болохыг шалгаж тогтоогоогүй атлаа түүний охин компаниудад үйлчилгээ үзүүлж байсан нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3, 5.2.4-т заасныг тус тус зөрчсөн зэрэг хэргийн үйл баримт, нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, холбогдох хууль тогтоомжийг зөв тайлбарлан хэрэглэж гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 149 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

           ШҮҮГЧ                                                                         Э.ЛХАГВАСҮРЭН

           ШҮҮГЧ                                                                        Н.ДОЛГОРСҮРЭН