Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 273

 

Б.Уранжаргалд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

хохирогчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар,

нарийн бичгийн дарга Б.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 49А дугаар шийтгэх тогтоол,

Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 55 дугаар магадлалтай, Б.Уранжаргалд холбогдох эрүүгийн 201610000007 дугаартай хэргийг хохирогчийн өмгөөлөгч Ч.Болдбаатарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Дамба овогт Баатарын Уранжаргал нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Уранжаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уранжаргалд прокурорын газраас Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч Б.Уранжаргал нь 31 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хохирогч Ц.Мөнхчулууны 10 ширхэг компьютер томографикийн зураг, 3 ширхэг рентген зураг, 1 ширхэг сиди, 4 ширхэг гэрэл зураг, 2 ширхэг эмчлүүлэгчийн картыг буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уранжаргалаас 1.269.699 төгрөг гаргуулж хохирогч Ц.Мөнхчулуунд олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 15.505.507 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “шүүгдэгч Б.Уранжаргалд холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.1.1-д зааснаар Б.Уранжаргалыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Ч.Болдбаатарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, хохирогчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү. Буруу гарсан шинжээчийн дүгнэлтийг зөвтгөх шаардлагатай. Мөн шинжээч эмчийг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгуулах хүсэлтэй байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх “... анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул хохирогчийн өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Б.Уранжаргал нь согтуурсан үедээ 2015 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ц.Мөнхчулууныг зодож “зүүн нүдний ухархайн дотор хана хугарал, цээжний зүүн 9 дүгээр хавирганы хугарал, тархи доргилт, толгой, нүүрний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудаар нотлогдсон гэж хэргийн үйл баримтыг тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Хэрэг бүртгэлтийн шатанд хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчихөд хүргэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрч Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул шүүх Б.Уранжаргалд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв ойлгож хэрэглэсэн байна.

Өмгөөлөгч Ч.Болдбаатар нь хохирогчтой хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж өмгөөлөгчийн зардал гэж авсан 500.000 төгрөгийг хэрхэн зарцуулсан нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй атлаа уг зардлаас хэтэрсэн зардал гэж шүүгдэгчээс шатахуун, зочид буудал болон улсын авто зам ашигласны төлбөрийг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд өмгөөлөгчид төлсөн хөлс нь байцаан шийтгэх ажиллагааны зардалд тооцогдохгүй болно.

Тусгай мэдлэг бүхий этгээд буюу мэргэшсэн шинжээч эмч нарын дангаар болон бүрэлдэхүүнтэй гаргасан 3 удаагийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийн зэрэгт эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хохирогчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 49А дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 55 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Ч.Болдбаатарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

        ДАРГАЛАГЧ,

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                   Т.УРАНЦЭЦЭГ

        ШҮҮГЧ                                                                             Б.ЦОГТ