Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 534

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Г даргалж, шүүгч Б.Б, М.М нарын бүрэлдэхүүнтэй,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т,

            улсын яллагч Р.Э,

            иргэдийн төлөөлөгч Г.Ү,

            хохирогч  Б.Н,

шүүгдэгч Ш.С, түүний өмгөөлөгч А.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар :    

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Ш-гийн С-д холбогдох 1808045251324 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, эмэгтэй, 41 настай, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 8-16 насны хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 2-26 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд шийтгэлгүй, С овогт Ш-гийн С, РД:..............  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:  

Шүүгдэгч Ш.С нь 2018 оны 09 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо,Толгойтын 2-26 тоотод хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хамтран амьдрагч Б.Н ын  нуруун тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Тус хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:       

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-6/

- эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх- 94/,  

- хохирогч Б.Н ын мөрдөн байцаалтад өгсөн:..Ш.С бид хоёр 10 гаран жил хамт амьдарч байгаа дундаасаа нэг хүүхэдтэй. Албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй...2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр найз С-гийн шинэ байшингийн найранд найз О түүний эхнэр Т нарын хамт очоод орой 22 цагийн орчим найрнаас гарч ирээд найз О, Т нартай хамт гэрт ирсэн юм. Гэрт ирэхдээ замаараа дэлгүүр ороод 2,5 литрийн нийслэл гэсэн шар айраг аваад орсон.  Ингээд намайг гэрт ороход эхнэр С хүүхдүүдийн хамт амарч байсан. Би гэрт байсан Тайга нэртэй архийг задлаад ганцаараа уусан. Тэгээд тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Тасарчихсан байсан. Нэг мэдсэн чинь эмнэлэгт хэвтэж байсан. Миний хажууд хадам дүү Туяа, мөн цагдаа нар ирчихсэн байсан. Юу болсон бэ гэж асуухад С эгч таныг хутгалчихсан байна гэж хэлсэн. Ингээд би цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад 10 дугаар сарын 24-ний өдөр эмнэлгээс гарсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Эмчилгээний зардалд хичнээн төгрөгний зардал гарсныг эмч л мэдэж байгаа байх эмнэлгээс ямар нэгэн баримт аваагүй. ..С-ийг өмнө нь зодож байгаагүй. Архи уусан  үедээ хэл амаар доромжилж байсан...тэр үед С өөрөө надад хэлэхдээ чи миний нүүрлүү шүлсээ нулимсан гэж хэлсэн. Би яаснаа сайн мэдэхгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-11-12, 181/

- гэрч Ж.О-ын мөрдөн байцаалтад өгсөн:...Би 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр манай найз Сэрд шинэ байранд орсон гээд Н бид хоёр шинэ байрны найранд очсон, тэндээсээ гараад Н-ын гэрлүү би эхнэр Т-ийн хамт очсон. Очихдоо замаараа дэлгүүр орж 2 том савалгаатай шар айраг аваад орсон. Ингээд Н болон түүний эхнэр С, манай эхнэр бид 4 хөзөр тоглосон. Ингээд нэг савлагаатай шар айргаа уугаад дуусч байхад манай эхнэр ор засуулаад унтаад өгсөн. Дараа нь би унтахаар хэвтээд унтаад өгсөн. Тэгтэл шөнө дунд С, Н 2 хоорондоо хэрэлдээд тэр чимээгээр нь би сэрчихсэн юм. Тэгтэл С зайл гээд хөөсөн Н  хүүхдээ аваад явна гэсэн чинь өгөхгүй гээд байсан. Тэгж байснаа Н  гэрээс гараад явсан, араас нь С гарсан. Тэгтэл удалгүй Н гэрт эргэж орж ирээд үүдэнд газар үхлээ гээд уначихсан. Тэгээд би босоод иртэл нуруу нь нил цус болчихсон байсан. Би сандраад цусыг нь тогтоогоод байж байтал С гартаа хутга барьчихсан гэрт ороод ирэхээр нь хутгыг нь булааж аваад шидчихсэн. Тэгтэл удалгүй тусламж ирээд Н-рыг аваад явсан... Миний ажигласнаар бол С архи уучихаараа ааш гаргаад байдаг юм...гэх мэдүүлэг /хх-40-41/,

- гэрч О.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн:..2019 оны 09 дүгээр сарын 29-ны  өдөр нөхөр  О-ын найз бид гурав шинэ байранд орсон гээд манай нөхөр О түүний найз Н бид гурав С-ийн найранд орчихоод тэдний гэрээс 00 цагийн үед гараад харих гэтэл Н манайд очиж хоноё гэхээр нь тэгье гээд Н-ын гэрт очсон...Би шар айрагнаас бараг уугаагүй, С-р ор засуулаад шууд унтаад өгсөн. Шөнө дунд нэг сэрсэн чинь бөөн шуугиан болчихсон яасан юм бол гэтэл Н-ын нуруу нь цус болчихсон манай нөхөр О алчуураар дараад цусыг нь тогтоож байсан, би унтаж байгаад сэрсэн болохоор юу болоод байгааг нь сайн ойлгоогүй...гэх мэдүүлэг /хх-43-44/

-гэрч У.А-ийн:.. Миний охин С нь урд нь хүнтэй сууж байгаад салаад 3 хүүхэдтэй байхдаа Н гэдэг залуутай танилцаад хамтран амьдарч байгаа хамтран амьдраад 10 жил орчим болж байгаа. Н-ай хамтын амьдралаа холбосоноос хойш надтай цуг амьдардаггүй өөрөө янз бүрийн зүйл ярихгүй учраас гэр бүлийн дотоод амьдралын талаар мэдэхгүй байсан. Тэгтэл 2018 оны хавар хашаанд цуг амьдарч эхэлсэнээс хойш би анзаараад байхад Б.Н их л архи уудаг, агсам согтуу тавина дайрч доромжилно, одоо ч гэсэн С-ийг янхан банзал минь л гэж харьцаж байгаа харагддаг. Архи уусан үедээ хүн биш элдэв үгээр хэлдэг, архи уугаагүй эрүүл саруул үедээ манай хүргэн бол алт шиг хүн ийм л байна. 2018 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр яг ямар асуудал үүсээд юу болсныг би мэдэхгүй байна шөнө дунд /хэдэн цагийг мэдэхгүй байна / түргэн тусламжийн машин, цагдаа сэргийлэх ирсэн. Юу болсныг С-с асуухад орой На  соггуу найз нартайгаа ирээд гэрт архи уугаад намайг зодсон л гэж надад хэлсэн ер нь бол намайг бие хаа муутай болохоор надад айхтар нарийн ширийн юм ярьдаггүй... С нь бамбай булчирхайтай огцом ууртай болчихсон одоо ч бүр их л уртай болсон байна лээ. Дээр ньтархи толгойндоо хагалгаа хийлгэж байсан бие хаа муутай л хүн...гэх мэдүүлэг /хх-147-149/, 

- гэрч Ш.С-гийн мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 05 цагийн үед гэртээ унтаж байсан чинь эгч С надруу залгаад Нгэртээ 2 найзтайгаа ирээд архи уугаад би Н-ыг хутгалчихлаа цэргийн төв эмнэлэг дээр хүрээд ир гэхээр нь би очиж туслаад, бид 2 Н-ыг сахиж асарсан...Мөн Н архи дарс их хэрэглэдэг эгчийг маань арай л олон удаа доромжилж  байгаа би энэ байдлаас болоод 2-3 удаа Н-тай хэрэлдэж байсан...гэх мэдүүлэг /хх-45-46/,

- насанд хүрээгүй гэрч Н.У-ын:..Би тэр өдөр ажил ихтэй ядарч байсан учраас хоол идчихээд шууд унтаад өгсөн. Надтай цуг Мунттаж байсан. Ингээд унтаж байтал хүн орилолдох чимээ гарахаар нь сэрээд харсан чинь Н гэрийн үүдэнд доошоо харчихсан нуруун нь цус болчихсон дотор хэвтэж байсан. Хажууд нь нэг эрэгтэй найз сууж байсан. Сэгч гэр дотор сууж байсан. Би унтаж байсан болохоор цаг хараагүй, яг ямар үйл явдал болсныг хараагүй...гэх мэдүүлэг /хх-167-168/

- гэрч С.Д-ийн:..Би 1998 онд төрсөн 21 настай. Ээж маань намайг 4 дүгээр ангид байхад Н гэх хүнтэй суусан. Хойд эцэг Н нь архи уугаагүй үедээ яах ч үгүй архи уусан үедээ  ээжрүү маань байнга агсарч байдаг. Миний бодлоор архи уучихсан үедээ ухаанаа алдчихдаг юм шиг байна лээ. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр С  хойд аав Н-ыг хутгалахад би хажууд нь байгаагүй...гэх мэдүүлэг /хх-150-152/

- гэрч Ш.Б-гийн:..С  2011 онд Н  гэх залуутай танилцаад хамтран амьдрах болсон тэгтэл Н  нь ажил хийхгүй С-ийн цалингаар амьдраад байхаар нь би Ныг ажилд авсан. Ингээд энэ 2 хүний талаар би ерөнхийдөө мэддэг болсон...Н  С- 2-той уулзахад архи уугаад Н-ыг хутгалчихсан гэсэн...гэх мэдүүлэг  /хх-153-155/,

- насанд хүрээгүй гэрч С.Э-ийн:..2018 оны 11 дгээр сарын 30-ны өдөр би гэртээ байгаагүй. Алтангэрэл эмээгийнд хоносон. Манай хойд аав Н ажил хийдэг ажлын 5 хоногт огт архи уудаггүй, харин амралтын өдөр архи уугаад байдаг. Ээжийг маань зоддог байсан. Гэхдээ хэзээ яаж зодсон гэдгийг санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-156-157/

- гэрч Э.С-гийн:..С-тэй хамт ажиллаж байх хугацаанд С нөхөртөө зодуулсан гээд гар хөл нь хөхөрчихсөн нэг удаа ирсэн гэхдээ яг хэдэн онд гэдгийг нь мэдэхгүй байна...Н архи уусан үедээ л хэцүү ааш авиртай гэж С  эгч ярьж байсан болохоос биш би нүдээрээ харж байгаагүй. Харин Н ах архи уугаагүй үедээ их сайн хүн...гэх мэдүүлэг /хх-159-160/

- гэрч Ш.С-ийн:...С нь миний төрсөн дүү...манай дүүгийн нөхөр согтуудаа агсан тавиад ганц хоёр цохиод нүүр ам нь хөхөрсөн байдалтай байдаг байсан... гэх мэдүүлэг /хх-162-163/,

- гэрч Б.А-гийн:..яг зодолдож нүдэлдэж байхыг нь би нүдээрээ хараагүй юм байна. Гэхдээ ажил дээр 2-3 удаа нүд нь хөхөрчихсөн ирж байсан... С  эгч хөдөлмөрч ажилч хичээнгүй зантай...гэх мэдүүлэг /хх-165-166/,

            - шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 11927 дугаартай шинжээчийн:...Б.Н ын биед цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цус хуралдалт /1300мл/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-21/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10381 дугаартай:... цагаан өнгийн подволк /цамц/ дээр цус илэрсэн. Уг цус нь В/III/ бүлгийн харъяалалтай байна...гэх дүгнэлт /хх-30/

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10378 дугаартай:... Хар өнгийн иштэй хутга дээр цус илэрсэн. Уг цус нь В/III/ бүлгийн харъяалалтай байна...гэх дүгнэлт /хх-33/

-шүүх сэтгэц эмгэг судлалын №456 дугаартай дүгнэлт: С  нь ямар нэгэн сэтгэцийн өвчингүй болно...  /хх-144-145/

- хохирогч Б.Н ын цусны бүлэг тогтоосон талаарх баримт /хх- 61/

- шүүгдэгч Ш.С ийн мөрдөн байцаалтад өгсөн:.. 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өглөө Н ажилдаа явсан өдөр нь найзынхаа байрны найранд очсоныг би мэдээгүй. 2018 оны 09 дүгээр сарын 29-ний орой хүүхдүүдтэйгээ гэртээ байж байхад Нөхөр Н найз О , түүний эхнэр Т нартай орж ирсэн. Гаднаас орж ирэхдээ согтуу байсан ба 2,5 литрийн хэмжээтэй 2 шар айрагтай хүүхдүүдэд чихэр боовтой ирсэн. Ингээд О  болон түүний эхнэр Т  хоёртой нөхөр бид хоёр шар айраг уусан юм. Шар айраг ууж дуусаагүй байхад О  Т  хоёр унтахаар болоод би ор засаад унтуулчихсан. Н  бид хоёр уугаад үлдсэн. Тэгтэл Н  намайг элдвээр хараагаад нүүрлүү шүлсээ нулимаад, 2-3 удаа алгадсан. Ингээд Н бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгтэл Н  хүүхдээ аваад явна гээд унтаж байсан хүүхэд болон дүүгээ сэрээгээд муухай орилоод байхаар нь би чи хаачих гээд байгаа юм гээд хэлж байсан тэгээд тэрнээс хойш юу болсныг ерөөсөө санахгүй байгаа. Нэг мэдсэн чинь Н, О, Т бид 4 түргэн тусламжийн суугаад явж байсан. Тэгтэл би Нын зүүн далны доод хэсэгт хутгалсан байсан. Би зүгээр байхад нь хутгалаагүй хэрэг болдог өдөр намайг дээрэлхэж, нүүрлүү алгадаагүй, шүлсээ цацаагүй, хэл амаар доромжлоогүй бол ийм зүйл болохгүй байсан...Н нь сууснаас хойш байнга хардаж архи уусан үедээ байнга сэтгэл зүйн дарамтанд байлгаж байсан. Тэрнээс болж би өөрийнхөө үйлдлийг удирдаж чадахгүй Н-ыг хутгалсан байна...Би хамтран амьдрагч Нын биед хүнд гэмтэл үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна... /хх-37-38, хх-66, хх-68/...Би тогтоолтой танилцлаа. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /хх-103, хх-184/ зэрэг болно.   

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох  талаар:

Шүүгдэгч Ш.С нь 2018 оны 09 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо,Толгойтын 2-26 тоот хашаанд байх гэртээ хамтран амьдрагч Б.Нын нуруун тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

- хэрэг учрал болсон гэх  Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо,Толгойтын 2-26 тоот хашаанд байх 5 ханатай гэрийн орны хэсэгт цус мэт зүйлээр бохирлогдсон хутга байсныг бэхжүүлж...хурааж авсан тухай хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-6/,  

- хохирогч Б.Н-ын:...2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр найзынхаа байшингийн найранд найз О түүний эхнэр Т нарын хамт очоод орой 22 цагийн орчим найз О, Т нартай хамт гэртээ ирсэн...2,5 литрийн нийслэл гэсэн шар айраг аваад орсон...эхнэр С хүүхдүүдийн хамт амарч байсан. Би гэрт байсан Тайга нэртэй архийг задлаад ганцаараа уусан, тэрнээс хойш юу болсныг санахгүй байна...Нэг мэдсэн чинь эмнэлэгт хэвтэж байсан...С хутгалчихсан байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-11-12, 181/,  

            - шинжээчийн дүгнэлт :..Үзлэг : Цээжний зүүн далны дор босоо 2.5 см өргөн, гүн хутгалагдсан шархтай. Б.Нын биед цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цус хуралдалт /1300мл/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна /хх-21/,

- гэрч Ж.Оын мөрдөн байцаалтад өгсөн:..Би 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Н бид хоёр шинэ байрны найранд очсон, тэндээсээ гараад Нын гэрт би эхнэр Тийн хамт очсон....2 том савалгаатай шар айраг аваад орсон...1 савлагаатай шар айргаа уугаад дуусч байхад манай эхнэр ор засуулаад унтаад өгсөн. Дараа нь би унтахаар хэвтээд унтаад өгсөн...Шөнө дунд С, Н 2 хэрэлдээд тэр чимээгээр нь би сэрчихсэн...С зайл гээд хөөсөн Н хүүхдээ авч явна гэхэд өгөхгүй гээд байсан...Н гэрээс гарч явсан, араас нь С гарсан...Н гэрт эргэж орж ирээд үүдэнд газар үхлээ гээд уначихсан...би босоод иртэл нуруу нь нил цус болчихсон байсан...С гартаа хутга барьчихсан гэрт ороод ирэхээр нь хутгыг нь булааж аваад шидчихсэн...Миний ажигласнаар С архи уучихаараа ааш гаргаад байдаг юм...гэх мэдүүлэг /хх-40-41/, 

 - гэрч О.Тийн мөрдөн байцаалтад өгсөн:..Шөнө дунд нэг сэрсэн чинь бөөн шуугиан болчихсон...Нын нуруу нь цус болчихсон манай нөхөр О алчуураар дараад цусыг нь тогтоож байсан, би унтаж байгаад сэрсэн болохоор юу болоод байгааг нь сайн ойлгоогүй...гэх мэдүүлэг /хх-43-44/,

- гэрч Ш.С-гийнмөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 05 цагийн үед гэртээ унтаж байсан чинь эгч С над руу залгаад би Ныг хутгалчихлаа цэргийн төв эмнэлэг дээр хүрээд ир гэхээр нь би очсон...гэх мэдүүлэг /хх-45-46/,

- насанд хүрээгүй гэрч Н.У-ын:..шөнө унтаж байтал хүн орилолдох чимээ гарахаар нь сэрээд харсан чинь Н гэрийн үүдэнд доошоо харчихсан нуруун нь цус болчихсон дотор хэвтэж байсан. Хажууд нь нэг эрэгтэй найз нь бас С эгч гэр дотор сууж байсан...гэх мэдүүлэг /хх-167-168/

- гэрч Ш.Б-ийн:...Н, С 2-той уулзахад архи уугаад Ныг хутгалчихсан гэсэн...гэх мэдүүлэг  /хх-153-155/,

- гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн тухай шүүгдэгч Ш.Сийн мөрдөн байцаалт /хх-37-38, 66, 68/ болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдснийг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж буюу шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, идэвхтэй үйлдэл ба хор уршгийн хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон гэж үзэх ба шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.       

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т “зэвсэг ба тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл”-ийг “цэг” хэрэглэж буюу ялгаа заагтайгаар хуульчилсан. Тодруулбал, хутга бол хүйтэй зэвсэг мөн, харин бүтэц, иж бүрдлийн хувьд тухайн “зэвсэг”-ийн шинжийг бодитой хангаагүй, зөвхөн харагдах байдлын хувьд тухайн зэвсэгтэй төсөөтэйгөөр засч тохируулсан буюу хэлбэрийн төдий дуурайлган хийсэн тухайн тохиолдолд зэвсэг биш “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл”-д хамаарах тул “хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж” гэж биш харин хутга буюу зэвсэг хэрэглэж гэж бичих нь зөв болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Ш.Сийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар :

Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй байх ба хохирогч нь архи согтууруулах ундааны зүйлс бага бус хэмжээгээр хэрэглэсний улмаас шүүгдэгчид агсамнах улмаар шөнийн цагаар бага насны хүүхдээ авч явах зэрэг зүй бус үйлдэл гаргасан нь шүүгдэгчийг хууль зөрчсөн зан үйлд өдөөн түлхсэн байх тул тус гэмт хэрэг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдэгдсэн гэж үзэв. 

Шүүгдэгч талаас хохирогчийн эмнэлэгт хэвтсэн болон эм тарианы зардлыг нөхөн төлсөн талаар хохирогч, шүүгдэгч нар мэдүүлсэн, мөн хохирогч нь гомдолгүй,  нэхэмжлэх зүйлгүй болохоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна.   

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өсвөр насны хүүхдүүдтэй зэрэг хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт цугларсан байна.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй хэмжээгээр хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.   

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй байх ба эд мөрийн баримтаар 1 ширхэг хутга хураагдаж ирснийг зохих журмын дагуу устгах нь зүйтэй. 

Шүүгдэгчийн өсвөр насны хүүхдүүд болох С., С.Э, С. /х-55-58/ нарт Гэр бүлийн тухай хуулийн дагуу хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилуулах, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг харьяалагдах сум, дүүргийн Засаг даргад хандан шийдвэрлүүлэхийг тус өсвөр насны хүүхдүүдийн төрсөн эгч С.Д-д даалгах нь зүйтэй байна.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь   заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Ш.С-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т   заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Ш.С-ийг 3 жил 5 сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.С-өд оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 1 ширхэг  хутгыг зохих журмын дагуу устгасугай.      

5. Уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.     

6. Шүүгдэгчийн өсвөр насны хүүхдүүд болох С.Э, С.Эа, С. нарт Гэр бүлийн тухай хуулийн дагуу хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилуулах, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг харьяалагдах сум, дүүргийн Засаг даргад хандан шийдвэрлүүлэхийг тус өсвөр насны хүүхдүүдийн төрсөн эгч С.Д-д даалгасугай.      

7. Шүүгдэгч Ш.С-ийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 05 дугаар сарын 16-ны  өдрөөс эхлэн тоолсугай.          

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.      

            9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.   

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Ш.Сөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.ГАНБААТАР