Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 755

 

188/2019/0039/Э

 

 

 

 

 

2019          7             25                                            2019/ДШМ/755

                                                            

           Ш.С холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч М.Алдар, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Р.Энх-Оюун,

хохирогч Б.Наранбаатар,

шүүгдэгч Ш.С , түүний өмгөөлөгч М.Отгонцэцэг,  

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулж,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Батаа, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 534 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.С ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1808045251324 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

С овгийн Ш-ийн С, .......тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:............/;

 

Ш.С нь 2018 оны 9 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 2-26 тоотод хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хамтран амьдрагч Б.Наранбаатарын нуруун тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Ш.С ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш.С ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Ш.С ийг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.С оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 1 ширхэг хутгыг зохих журмын дагуу устгахаар, уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн өсвөр насны хүүхдүүд болох С.Эрхзаяа, С.Элбэгзаяа, С.Мөнхбаатар нарт Гэр бүлийн тухай хуулийн дагуу хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилуулах, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг харьяалагдах сум, дүүргийн Засаг даргад хандан шийдвэрлүүлэхийг тус өсвөр насны хүүхдүүдийн төрсөн эгч С.Дөлгөөнзаяад даалгаж, шүүгдэгч Ш.С ийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолж, уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.С авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Ш.С давж заалдах гомдол болон тус шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие бага болон өсвөр насны 4 хүүхэдтэй бөгөөд өрх толгойлсон эмэгтэй. Гэмт хэрэг үйлдэх өдөр би хамтран амьдрагч Б.Наранбаатартай үл ойлголцон өөрийн бачимдсан сэтгэлээс болж тухайн үед болж буй үйл явцад бодитоор дүгнэлт өгч чадаагүй нь миний туйлын буруу байсан. Өөрийн төрүүлсэн үр хүүхдүүддээ буруу үлгэр дуурайлал үзүүлж байгаадаа маш ихээр гэмшин, харамсаж байна. Гэмт хэрэг үйлдэн хоригдож байх хугацаанд эх үрийн хагацал гэж ямар хүнд хэцүү зүйл болохыг цаг, минут тутамд мэдэрч, гашуун нулимс урсган суухдаа ямар том алдаа гарган, хэрэгтэн болсноо ухаарлаа. Өөрийн буруутай үйлдлээс болж хамтран амьдрагч Б.Наранбаатарын эрүүл мэндэд болон сэтгэл санааны хохирол учруулсандаа маш их гэмшиж харамсаж байгаа тул үнэн сэтгэлээсээ уучлалт хүсч байна.

Би хоригдож байх хугацаандаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъя цагдан хорих хаалттай 0461 дүгээр ангийн эмнэлэгт 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр яаралтай хэвтэн эмчлүүлсэн. Миний цусны даралт байнга хэлбэлзэж, зүрхний хэм алдагдахын зэрэгцээ /авто ослын бэртэл, гэмтэл/ толгой тархины өвчин сэдэрч захын мэдрэлийн саажилт гэсэн оношоор хэвтэн эмчлүүлж байгаад улмаар хорих 409 дүгээр ангид шилжин ирж, эмчийн хяналтанд эмийн эмчилгээтэй байгаа. Иймд миний эрүүл мэндийн байдал, ар гэр, ахуй амьдралыг минь харгалзан үзэж биечлэн эдлэх хорих ялыг хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Б.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял манай гэр бүлд маш хүндээр байна. Манай бага хоёр хүүхэд ээжийгээ нэхээд хэцүү байна. Тухайн үйл явдал миний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож, хэл амаар доромжилж байсан буруутай үйлдлээс болсон. Иймд Ш.С оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ш.С ийн өмгөөлөгч М.Отгонцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ш.С ийн гаргасан давж заалдах гомдлыг бүрэн дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх нөхцөл байдлыг хангаагүй. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ял оногдуулсан. Гэтэл шүүгдэгч Ш.С нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа хохирогчийн дарамт шахалтанд орсны улмаас өөрт нь хүч хэрэглэсэн буюу цохиж зодсон, алгадсан, ойр дотны хүнд нь буюу хүүг нь авч явахаар заналхийлсэн, нүүр рүү нь нулимах, янхан банзал зэргээр гутаан, доромжилсон, эрхшээл дарамтанд оруулсан хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас гэнэтийн цочиролд орж гэмтэл учруулсныг харгалзан үзээгүй.

Хохирогч нь Ш.С хэрхэн ханддаг байсан талаар мөн гэрчүүд мэдүүлсэн. Шүүгдэгч болон гэрчүүд мэдүүлсээр байтал Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэх түүнчлэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдаг, шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зохицуулалтыг хэрэглэх байтал хэрэглээгүй.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч, дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана. Шинжээч хэргийн нөхцөл байдлыг сайтар нягтлахгүйгээр цочирч давчдаагүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Энэ нөхцөл байдлыг шүүх бүрэлдэхүүн тогтооно. Гэмт хэргийн бүрэлдэхүүний хувьд хутгалах хүнд гэмтэл учруулах шууд санаа байгаагүй.

Хохирогчийн буруутай зүй бус үйлдлээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнийг огт шалгаж тогтоогоогүй. Харин ч эсрэгээр нь гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртөж байсан Ш.С ийг хүчирхийлэгч мэтээр шалгаж байсан нь хэт нэг талыг барьж байсныг нотолдог. Энэ нөхцөл байдлыг тодруулаагүй нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Мөн Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т хэсэгт “дүгнэлтэд онцтой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэж заасныг зөрчсөн. Ш.С ийн эрүүл мэндийн хувьд бие муутай байнгын эмчилгээ асаргаа шаардлагатай нь түүнийг 461 дүгээр анги болон 409 дүгээр ангид 2 сар гаруй хугацаанд 2 удаа хэвтэн эмчлүүлсэн төдийгүй байнгын эмчийн хяналтанд байгаа дахин эмчилгээ шаардлагатай байгаа.

Иймд нэгэнт хорих ялыг биечлэн эдлэх боломжгүй тул зүйл ангийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлж, хорих ялын доод хэмжээ болох 6 сар болгож өгнө үү...” гэв.

 

Прокурор Р.Энх-Оюун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ш.С ийн гэмт хэрэг үйлдсэн байдал нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хангалттай тогтоогдсон. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Отгонцэцэг “цочрон давчидсан” гэж тайлбарлаж байна. Үүнийг анхан шатны шүүх хэлэлцэж, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцааж, хангалттай шалгасан. Мөн шүүгдэгчийн гэм буруу дээр маргаж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч болон тухайн үед өмгөөлөгчөөр ажиллаж байсан өмгөөлөгч гэм буруу дээр маргаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн үндэслэл бүхий гарсан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3 дахь заалтад зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Ш.С нь 2018 оны 9 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 2-26 тоотод хамтран амьдрагч Б.Наранбаатарын нуруун тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

 

хохирогч Б.Наранбаатарын “...2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 22 цагийн үед найз Отгонбат, Түмэндэмбэрэл нартай хамт гэртээ ирсэн... 2,5 литрийн “Нийслэл” гэсэн шар айраг аваад орсон... эхнэр С хүүхдүүдийн хамт амарч байсан. Би гэрт байсан “Тайга” нэртэй архийг задлаад ганцаараа уусан, түүнээс хойш юу болсныг санахгүй байна... Нэг мэдсэн чинь эмнэлэгт хэвтэж байсан... С хутгалчихсан байна гэж хэлсэн...” гэх /хх 11-12, 181/,

гэрч Ж.Отгонбатын “...Шөнө дунд С, Наранбаатар 2 хэрэлдээд тэр чимээгээр нь би сэрсэн... С “зайл” гээд хөөсөн, Наранбаатар “хүүхдээ авч явна” гэхэд “өгөхгүй” гэж байсан... Наранбаатар гэрээс гарч явсан, араас нь С гарсан. Тэгтэл удалгүй Наранбаатар гэрт эргэж орж ирээд үүдэнд газар “үхлээ” гээд уначихсан... би босоод иртэл нуруу нь цус болчихсон байсан. Би сандраад цусыг нь тогтоогоод байж байсан С гартаа хутга барьчихсан гэрт ороод ирэхээр нь хутгыг нь булааж аваад шидчихсэн... Миний ажигласнаар С архи уучихлаараа ааш гаргаад байдаг юм...” гэх /хх 40-41/,

гэрч О.Түмэндэмбэрэлийн “...Шөнө дунд нэг сэрсэн чинь бөөн шуугиан болчихсон... Наранбаатарын нуруу нь цус болчихсон манай нөхөр Отгонбат алчуураар дараад цусыг нь тогтоож байсан, би унтаж байгаад сэрсэн болохоор юу болоод байгааг нь сайн ойлгоогүй...” гэх /хх 43-44/,

гэрч Ш.Сансартуяагийн “...2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 05 цагийн үед гэртээ унтаж байсан чинь эгч С над руу залгаад “би Наранбаатарыг хутгалчихлаа цэргийн төв эмнэлэг дээр хүрээд ир” гэхээр нь би очсон...” гэх /хх 45-46/,

насанд хүрээгүй гэрч Н.Ууганбаярын “...Шөнө унтаж байтал хүн орилолдох чимээ гарахаар нь сэрээд харсан чинь Наранбаатар гэрийн үүдэнд доошоо харчихсан нуруун нь цус болчихсон хэвтэж байсан. Хажууд нь нэг эрэгтэй найз нь бас С эгч гэр дотор сууж байсан...” гэх /хх 167-168/ гэх мэдүүлгүүд,

             

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 11927 дугаартай “...Цээжний зүүн далны дор босоо 2.5 см өргөн, гүн хутгалагдсан шархтай. ...Б.Наранбаатарын биед цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цус хуралдалт /1300 мл/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 21/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Ш.С ийн  хутгаар Б.Наранбаатарын нуруун тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн...” гэсэн гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул тус гэмт хэргээр зүйлчилж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Ш.С болон түүний ойр дотны хэн нэгэнд Б.Наранбаатар хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, Ш.С ийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хууль бус, зүй бус үйлдэл хийгээгүй болох нь тухайн хэрэг болох цаг хугацаанд, хэрэг болсон газарт байсан гэрч Ж.Отгонбатын “...Шөнө дунд С, Наранбаатар 2 хэрэлдээд тэр чимээгээр нь би сэрсэн. Тэгтэл С “зайл” гээд хөөсөн, Наранбаатар “хүүхдээ авч явна” гэхэд “өгөхгүй” гэж байсан. Тэгж байснаа Наранбаатар гэрээс гараад явсан, араас нь С гарсан.Тэгтэл удалгүй Наранбаатар гэрт эргэж орж ирээд үүдэнд газар “үхлээ” гээд уначихсан...” /хх 40-41/ гэх мэдүүлэг болон түүнийг гэрээсээ гараад цаашаа харсан байдалтай явж байхад араас нь хутгалсан болохыг нотолж буй Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 11927 дугаартай “...цээжний зүүн далны дор босоо 2,5 см босоо гүн хутгалагдсан шархтай...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 21/, гэрч  Ж.Отгонбатын “...араас нь С гарсан. ....нуруу нь цус болсон байсан...” /хх 40/, гэрч О.Түмэндэмбэрэлийн “...нуруу нь цус болчихсон манай нөхөр Отгонбат алчуураар дараад цусыг нь тогтоож байсан...” /хх 43/ гэх мэдүүлгүүдээр нотлогдож байх тул Ш.С ийг сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Ш.С нь “...миний эрүүл мэндийн байдал, ар гэр, ахуй амьдралыг минь харгалзан үзэж биечлэн эдлэх хорих ялыг хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Хохирогч Б.Наранбаатарын гомдолгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй гэсэн болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тус гэмт хэргийн гэр бүлийн хүрээнд  үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ш.С Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх...” заалтыг хэрэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд оногдуулах “...таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэсэн хорих ялын хэмжээг багасган 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан байх ба үүнээс өөрөөр шүүгдэгч Ш.С оногдуулах ялыг хөнгөрүүлэх, өөрчлөх зохицуулалт Эрүүгийн хуульд байхгүй.  

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 534 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.С ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

 

            ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ