Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 273

 

Н.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2016/01131 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Н.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Эх санж” ХХК-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 3 810 000 төгрөг гаргуулах тухай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Отгончимэг,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Саранчимэг,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ундрахбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Оюунбилэгийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:

Миний бие 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 23 цагийн үед Батлан хамгаалахын их сургуулийн баруун талын замд өөрийн эзэмшлийн 31-68 УНВ улсын дугаартай Т.Приус маркийн автомашиныг жолоодон явж байхад "Эх санж" ХХК-ийн эзэмшлийн Субару импреза маркийн 16-07 УНН улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Билгүүн нь замын хөдөлгөөны дүрэм зөрчиж, миний автомашинд 3 110 000 төгрөгийн хохирол учруулсан. Энэ ослын улмаас ажилдаа явж чадаагүй учраас сарын цалин 700 000 төгрөг, нийт 3 810 000 төгрөгийг "Эх санж" ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч "Эх санж" ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт:

Манай компани Н.Оюунбилэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. "Эх санж" ХХК бол барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг байгууллага бөгөөд уг тээврийн хэрэгсэл болох Субару импреза маркийн 16-07 УНН улсын дугаартай автомашиныг Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 1 дүгээр хотхон 2 дугаар байрны 27 тоотод оршин суух Т.Батдорж нь манай байгууллагад унаж явах нөхцөлтэйгөөр барьцаалан зээл авсан. Уг тээврийн хэрэгслийг жолоодож яваад осол гаргасан Б.Билгүүн нь манай байгууллагын ажилтан, зээлдэгч аль нь ч биш. Нөгөө талаар зээлдэгч Д.Батдорж нь уг тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал болон бусад хууль бус зүйлийг биечлэн хариуцахаар гэрээнд тусгагдсан бөгөөд энэ нь зээлийн болон фидуцийн гэрээгээр нотлогдоно. Субару импреза маркийн 16-07 УНН улсын дугаартай автомашины эзэмшил манай байгууллагын нэр дээр байгаа нь уг тээврийн хэрэгслийг дахин барьцаалах болон шилжилт хөдөлгөөнд нь хязгаарлалт тавьж байгаа аргачлал юм.

Энэ осол болсон талаар мэдсэний дараа зээлдэгч Д.Батдоржтой холбогдох гэж оролдсон боловч хаяг дээрээ байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. Манай байгууллагын зүгээс эрж хайсан боловч олдохгүй байгаа. Фидуцийн гэрээний 3.2-т заасны дагуу Н.Оюунбилэгийн хохирлыг манай байгууллага биш зээлдэгч Т.Батдорж өөрөө бүрэн хариуцах ёстой учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож гөгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар хариуцагч "Эх санж" ХХК-иас 3 005 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Оюунбилэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 805 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75 910 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч "Эх санж" ХХК-иас 63 080 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Оюунбилэгт олгож, хариуцагч "Эх санж" ХХК нь өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ундрахбаатарын давж заалдах гомдолд:  

Анхан шатны шүүхийн шийдвэрийг манай байгууллага хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь шийдвэр гарснаас хойш нэхэмжлэгч талтай тохиролцох гэж удаа дараа хүсэлт тавьсан боловч тэдний зүгээс уулзаагүй. Мөн манай байгууллага нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг компани бөгөөд 2015.08.14-ний өдөр Т.Батдорж нь 16-07 УНН улсын дугаартай Субару импреза маркийн автомашиныг унаж явах нөхцөлтэйгөөр зээл авсан. Гэвч түүний хүү болох Б.Билгүүн нь уг тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гарган, бусдад хохирол учруулсан гэх ба уг хохирлыг манай компаниас нэхэмжилсэн ба манай компани нь уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь зээлдэгч бусдад учруулсан хохирлыг өөрийн биеэр хариуцна гэж зээлийн болон фидуцийн гэрээнд заасан ба уг гэрээгээр нотлогдоно. Мөн зээлдэгч Т.Батдорж нь зээлээ одоо хүртэл төлөөгүй, тээврийн хэрэгсэл нь олдохгүй, өөрөө хаяг дээрээ оршин суудаггүй, хаяг нь тодорхой бус байгаа болно. Иймд хэргийг дахин хянаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт хуулийн шаардлага хангасан нотлох баримт авагдсан байх боловч нотлох баримт болон зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцүүлэн дүгнэж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Оюунбилэг хариуцагч “Эх санж” ХХК-иас авто ослын улмаас учирсан хохиролд 3 810 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр иргэн Б.Билгүүн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Батлан хамгаалах их сургуулийн баруун талын замд Субару импреза маркийн 16-07 дугаартай автомашиныг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 7.6, 2.1, 1 дүгээр хавсралтын 25 дахь заалтыг зөрчиж, тоёота приус маркийн 31-68 УНВ дугаартай автомашиныг мөргөж нэхэмжлэгч Н.Оюунбилэгийн автомашинд 3 110 000 төгрөгийн хохирол учруулсан, Б.Билгүүний унаж явсан автомашин нь хариуцагч “Эх санж” ХХК-ийн нэр дээр иргэн Т.Батдоржтой байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээний үндсэн дээр бүртгэгдсэн нь хэрэгт авагдсан техникийн тодорхойлолт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр хийсэн тэмдэглэл, зээлийн болон фидуцийн гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдсон, шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Ослын улмаас автомашины эд ангиуд эвдэрч, 3 005 000 төгрөгийн хохирол учирсан талаар "Мега марз" ХХК-ийн үнэлгээний тайлан гаргасан, зохигчид осол гарсан үйл баримт болоод ослын улмаас учирсан хохирлын үнийн хувьд маргаагүй байна.

 

Нэхэмжлэгчид учирсан хохирлыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл эзэмшигч нь гэм буруутай эсэхээс үл хамааран түүний эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан, эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй  бөгөөд талууд уг хохирлыг хариуцан төлөх этгээдийн хувьд маргасан байна.    

 

Шүүх тухайн автомашиныг эзэмшигчийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ фидуцийн гэрээний үндсэн дээр түр шилжүүлэн бүртгүүлсэн этгээд болох “Эх санж" ХХК-ийг нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцна гэж үзсэн нь буруу байна.

 

Хэргийн 37-42 дугаар талд авагдсан баримтаар иргэн Т.Батдорж 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр “Эх санж” ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 1 800 000 төгрөг 180 хоногийн 30 хоногт 6 хувийн хүүтэй зээлдэн авч, энэ гэрээний үүрэг биелэгдэх хүртэл үүргийн биелэлтийг хангах зорилгоор автомашины эзэмших эрхийн гэрчилгээг зээлдүүлэгчид шилжүүлэн өгсөн байх ба гэрээний хугацаанд буюу автомашин зээлдэгчийн эзэмшил, ашиглалтад байх үед түүний насанд хүрээгүй хүүхэд болох Б.Билгүүн жолоодож явахдаа осол гаргасан үйл баримт тогтоогдсон байна.  

 

Өөрөөр хэлбэл фидуцийн гэрээний үндсэн дээр автомашины эзэмших эрх зээлдүүлэгчид түр шилжсэнийг хөрөнгө бодитоор шинэ өмчлөгчид шилжсэн гэж үзэхгүй. Автомашин бодитоор зээлдэгчийн эзэмшил, ашиглалтад байгаа тул үүнээс үүссэн хохирлыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч хариуцахгүй. Зөвхөн зээлийн гэрээний дагуу буцаан өгөх буюу шилжүүлэхээр улсын бүртгэлд бүртгүүлсэн нь өмчлөх эзэмших эрхийг үүсгэх хуулийн заалтад хамааралгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч “Эх санж” ХХК-д Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар эзэмшил үүсээгүй байна.

 

           Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д заасан үндэслэл хариуцагч “Эх санж” ХХК-ийн хувьд тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

            Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2016/01131 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Н.Оюунбилэгийн хариуцагч “Эх санж” ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 3 810 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч "Эх санж" ХХК-ийн төлсөн 63 030 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.ЭНХТӨР

 

                                                   ШҮҮГЧИД                         А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                               А.МӨНХЗУЛ