Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2021/0392

 

 

Сд ЗдТг-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У, түүний өмгөөлөгч Д.Болормаа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 338 дугаар шийдвэртэй, Сд ЗдТг-ыг нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 338 дугаар шийдвэрээр:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны / 11 дүгээр зүйлийн 11.5.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 13.5 дугаар зүйлийн 13.5.1, 13.5.3, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 15 дугаар зүйлийн 15.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Сд ЗдТг-ыг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал /18060/ ХД-62 дугаар байрны 1 давхрын 165,45 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “М” ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлийн Ү-2201022629 дугаарт бүртгэсэн бүртгэл болон 000090969 тоот өмчлөх эрхийг гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо:

“...Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд барилга байгууламжийг бүртгэхдээ газар эзэмших гэрчилгээг хуульд заасан үндэслэл болгон бүртгэдэг. Гэхдээ эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд олон өмчлөгчтэй орон сууцны барилгыг бүртгэхдээ тухайн барилгыг өмчлөх эрхтэйг нотолсон баримтуудыг тухайн бүртгэлтэй хувийн хэрэгт биш орон сууц өмчлөгчдийн нэрсийн жагсаалттай хавсарган нотлох баримт болон хадгалагддаг байгаа. Жагсаалтад тухайн барилгын талаарх холбогдох зөвшөөрөл,өмчлөгч мөн эсэхийг гэрчлэх нотлох баримтууд бүгд хадгалагдан үлддэг болно.

Дээр дурдагдсан өмчлөх эрхийг нотлох баримтуудыг хавсаргасан жагсаалтуудыг Засгийн газрын 2004 оны 48 дугаар тогтоолын хавсралтаар баталсан журмын 8 , 9-т зааснаар,мөн Газрын харилцаа ,геодези зураг зүйн газрын дэд дарга бөгөөд эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын ерөнхий бүртгэгчийн 2004 оны №50 тоот тушаалаар баталсан бүртгэл хөтлөх журмыг үндэслэн үүсгэн бүртгэлийг хөтөлдөг байсан. Иймээс тухайн журмын дагуу бүртгэл хийгдсэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй байна.

Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.8-д " Холбооны нэрийн өмнөөс орон сууцны байшингийн дэвсгэр болон орчны газрыг ашиглах тухай хүсэлтийг Газрын тухай хуулийн 44/1 дүгээр зүйлд заасны дагуу зохих шатны Засаг даргад гаргах, газар ашиглах гэрээ байгуулах" гэж зааснаар орон сууцны барилгын дэвсгэр газар нь СӨХ-ийн ашиглалтад байхаар хуульчилсан байна. Иймээс Дүүргийн Засаг дарга болон Сонгинохайрхан дүүргийн газрын алба нь сууц өмчлөгчдийн холбооны ашиглалтад газрын ашиглах эрхийг шилжүүлээгүй эс үйлдэхүй нь орон сууц өмчлөгчдийн эрхийг ноцтой зөрчсөн байгаа нь Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албыг хариуцагчаар татах үндэслэл байсан атал хариуцагчаар татаагүй байна.

Иймээс анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна" гэж заасны дагуу нотлох баримт цуглуулах үүргээ бүрэн дүүрэн гүйцэтгээгүй байна.

Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцаан өгөхийг хүсэж байна.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо:

“..Шүүхээс “... “М” ХХК-аас өмчлөгчөөр бүртгүүлэхийг хүсэж мэдүүлэг гаргасан боловч уг мэдүүлэгт хавсаргаж ирүүлсэн баримтуудаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь хангалттай тогтоогдоогүй байхад уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлийн Ү-2201022629 дугаарт бүртгэж “М” ХХК-д өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нъ хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

“М” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ханын материал (18060), ХД 62 дугаар байрны 1 давхрын үйлчилгээний зориулалттай 165,45 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч бөгөөд эрхийн улсын бүртгэлийн Ү-2201022629 дугаарт бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000090969 дугаартай гэрчилгээг авсан. Тухайн барилгыг 100 хувь өөрийн хөрөнгөөр барьж 2009 онд ашиглалтад оруулсан бөгөөд тухайн үеийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын хүсэлтээр тус дүүргийн 6 дугаар хороог түр байрлуулж, өөрийн гэсэн байртай болох хүртэлх хугацаанд нь үнэ төлбөргүй эзэмшүүлж, ашиглуулахыг зөвшөөрч байсан.

2010 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль (2003 оны)-ийн 13 дугаар зүйлийн 13.5-д зааснаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг нотлох баримтууд болох компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, өмчлөгчөөр бүртгүүлэхийг хүссэн хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Барилга хот байгуулалтын яамнаас олгосон тусгай зөвшөөрөл, барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай улсын комиссын акт, тухайн барилга байрлаж байгаа газрын эзэмших эрхийн гэрчилгээ, газрын кадастрын зураг, газрын гэрээ, бусдын газар дээр барилга, байгууламж барих эрхийн гэрээ гэх мэт шаардлагатай бүхий л баримтуудыг бүрдүүлэн өмчлөгчөөр бүртгүүлэх тухай мэдүүлгийг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд С.Батчулуун гаргасан бөгөөд гарын үсэг болон он сарын хувьд ямар ч зөрүүгүй болно.

2009 онд тухайн барилгыг ашиглалтад оруулснаас хойш Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо нь үнэ төлбөргүйгээр манай компанийн хөрөнгийг ашигласаар ирсэн бөгөөд Сд ЗдТг-ыг нэхэмжлэлтэй “М” ХХК-д холбогдох “2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн СХД2008\01 дугаартай Ирээдүйд хорооны конторын байр хүлээн авах тухай гэрээний үүргийг хангуулах, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны конторын байрыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын нэр дээр шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4056 дугаар шийдвэрээр  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Мөн хуулийн хүчин төгөлдөр болсон Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 03245 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05- ны өдрийн 322 дугаар магадлалаар нэхэмжлэгч “М” ХХК-ийн гаргасан “Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал \18060\, ХД-62 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах улсын бүртгэлийн Ү-2201022629 дугаартай, 165,45 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх ...” шаардлага бүхий нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн болно.

Шүүхээс мэдүүлэгт хуулийн этгээдийн төлөөлөгчөөр Гөрөөчин овгийн Сүрэнжавын Батчулуун гэж тэмдэглэсэн боловч мэдүүлэг гаргагчийн гарын үсэг нь түүний нэрнээс зөрүүтэй” дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Тодруулбал, “М” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд С.Батчулуун мөн болох нь мэдүүлэгт хавсаргаж өгсөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс тодорхой харагдах бөгөөд “М” ХХК-ийн 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичиг болон мэдүүлэгт зурагдсан гарын үсгүүд ижил байгаагаас харахад С.Батчулуун өөрөө гарын үсэг зурсан гэдэг нь тогтоогдож байна. Мөн мэдүүлэгт зурсан гарын үсэг нь зөрүүтэй, “М” ХХК-ийн захирал С.Батчулууны гарын үсэг биш гэдгийг тогтоосон баримт, шинжээчийн дүгнэлт хэрэгт байхгүй байхад шүүх өөрийн үзэмжээр шууд үнэлэлт дүгнэлт өгсөн нь учир дутагдалтай байна.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүй (нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар хувь болон үг үсэг нь уншигдаж судлагдах боломжгүй) “Ирээдүйд конторын байр хүлээн авах гэрээ”-ний талаар дүгнэж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн.

Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан үндэслэлээр “М” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн улсын бүртгэлийн Ү-2201022629 дугаарт бүртгэсэн бүртгэл болон 000090969 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” гэж тодруулсан.

Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль (2002 оны)-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан үндэслэлээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл болон гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргах болохгүй” гэж заасныг зөрчиж байна.

Мөн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “М” ХХК нь 100 хувь өөрийн хөрөнгөөр барьж, холбогдох төрийн байгууллагуудаас авсан зөвшөөрлийн дагуу ашиглалтад оруулсан байхад тухайн барилгад хөрөнгө оруулаагүй, хамааралгүй этгээд болох Сд ЗдТг-ыг эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй.

Тодруулбал, Захиргааны хэргийн шүүхийн зорилго нь захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийн улмаас иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах, сэргээхэд оршдог бөгөөд “М” ХХК-ийн нэр дээрх бүртгэлийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэх боломжгүй буюу нэхэмжлэгчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй.

“М” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал \18060\ ХД-62 дугаар байрны хууль ёсны өмчлөгч бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийж, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шийдвэрийн үндэслэл болгож, хэт нэг талыг барьж хуулийн этгээдийн эд хөрөнгө өмчлөх эрхэд хууль бусаар халдсан шийдвэр гаргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг ноцтойгоор зөрчиж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 128\ШШ2021\0338 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ

ХЯНАВАЛ:

Хариуцагч болон гуравдагч этгээд “М” ХХК-иас давж заалдах гомдол гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал /18060/ ХД-62 дугаар байрны 1 давхрын үл хөдлөх эд хөрөнгийг “М” ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлийн Ү-2201022629 дугаарт бүртгэсэн бүртгэл болон 000090969 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг[1] Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргажээ. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай (2003 оны) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох барилга байгууламж, ...зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг ...улсын бүртгэлд бүртгэнэ.”, 3.2-т “Энэ хуулийн 3.1-д зааснаас гадна үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой эд хөрөнгийн дараахь эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ: бусдын газар дээр барилга байгууламж барих эрх” гэжээ.

Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д “Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана: тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг”,  14 дүгээр зүйлийн 14.1.1-д “Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас  татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан холбогдох материалыг буцааж өгнө: мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй”, 14.1.8-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн хэлцэлтэй агуулгаараа илт зөрөөтэй”, 15 дугаар зүйлийн 15.4-т “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтад энэ хуулийн 14.1-д заасан үндэслэл илэрвэл улсын бүртгэгч нь бүртгэхээс татгалзаж, мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг татгалзсан үндэслэлийн тайлбарын хамтаар мэдүүлэг гаргагчид буцаана.”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг тэрээр шинээр бий болсныг нотлох баримт бичгийг үндэслэн бүртгэнэ” гэж тус тус зохицуулжээ.

1.Нэхэмжлэгч “М” ХХК-иас “Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг анх удаа бүртгүүлж” баталгаажуулах бүртгэлийг буюу Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай (2003 оны) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д барилга байгууламжийг анх удаа өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг[2] гаргасан.

Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн доорхи газар нь мэдүүлэг гаргагч “М” ХХК-ийн эзэмшилд бус өөр этгээд буюу Сд ЗдТг-ыг эзэмшилд байгаа гэдэг нь мэдүүлэгтэй хамт хавсаргасан газар эзэмших эрхийн гэрчилгээгээр[3] тодорхой байх тул мэдүүлэг гаргагч нь “барилга байгууламжийг анхны удаа өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх” мэдүүлэг бус харин Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай (2003 оны) хуулийн 3.2-т заасны дагуу бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэх гаргахаар байсан.

Үүнийг улсын бүртгэгчээс зөвтгөөгүй, үүнтэй холбоотой гэрээ, хэлцэл байгаа эсэхийг нэхэмжлэгчээс тодруулж шаардаагүй, цаашлаад уг мэдүүлгийг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай (2003 оны) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.8-д  “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн хэлцэлтэй агуулгаараа илт зөрөөтэй” гэж заасан үндэслэлээр тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 заасны дагуу бүртгэхээс татгалзахаар байжээ.

Хэрэгт авагдсан “Бусдын газар дээр барилга, байгууламж барих эрхийн гэрээ”[4], Дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2005 оны ажлын төлөвлөгөө[5] зэрэг баримтаас үзэхэд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь тухайн газар дээр анхны удаа баригдаж буй үл хөдлөх эд хөрөнгө биш бөгөөд өмнө нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо байрлаж байсан барилга байсан гэдэг нь тогтоогдож байх тул улсын бүртгэгчээс өмнө байсан үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийг судлан тухайн барилгын өмчлөгч этгээдийг тогтоох, улмаар шинээр гаргаж байгаа мэдүүлэгт заасан өмчлөгч нь ямар гэрээ, хэлцлийн үндсэн дээр өөрчлөгдсөн талаарх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байжээ.

Гэвч энэхүү нөхцөл байдлыг улсын бүртгэгчээс тодруулаагүй нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай (2003 оны)14 дүгээр зүйлийн 14.1.1-д “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй” тохиолдолд мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 заасны дагуу бүртгэхээс татгалзах үүргээ улсын бүртгэгчээс мөн биелүүлээгүй байна.

Үүнээс гадна, шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгө гэж мэдүүлэгт заасан тохиолдолд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай (2003 оны) хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д  заасны дагуу шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шинээр бий болсныг нотлох баримт бичигт хамаарах гэрээ, бусад баримт бичгийг нэхэмжлэгч компаниас гаргуулах хуульд заасан шаардлагыг улсын бүртгэгч биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Үүний учир анхан шатны шүүхийн “... “М” ХХК нь Сд ЗдТг-ыг Газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ болон бусад баримтыг гаргаж өгсөн, ...газар эзэмшигч нь өөр этгээд байхад тус компанийг өмчлөгчөөр бүртгэсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай (2003 оны) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасныг зөрчсөн байна...мэдүүлэг гаргагч “М” ХХК нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримтгүй, тухайн газрыг “М” ХХК-д өмчлүүлсэн тухай эрх бүхий байгууллагын шийдвэр ...гэрчилгээ байхгүй, уг газар нь Сд ЗдТг-ыг эзэмшилд байгаа нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон атал тухайн газар дээр барилга барьж түүний өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлт гаргасан нь зөрчилтэй, нотлох баримт бүрэн бус гэж үзэхээр байна. Энэ тохиолдолд хариуцагч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3-д зааснаар мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үүрэгтэй байсан.” гэсэн дүгнэлт үндэслэлтэй.

Мөн анхан шатны шүүхийн “...компанийг төлөөлж С.Б мэдүүлэг гаргасан гэж тэмдэглэсэн атлаа мэдүүлэг гаргасан хэсэгт өөр этгээд гарын үсэг зурсан, тухайн гарын үсэг зурсан этгээдэд олгосон итгэмжлэл байхгүйгээс уг мэдүүлгийг хэн гаргасан нь ...тодорхойгүй байхад эдгээр баримтуудыг үндэслэн ...үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “М” ХХК-ийг бүртгэсэн нь илт хууль бус, энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11.5.3-д заасан мэдүүлгийг хүлээн авахаас  татгалзах үндэслэлд хамаарч байна.” гэх дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

3.Түүнчлэн нэхэмжлэгчээс “маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барилга баригдсаны дараа Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны конторын зориулалтаар Сонгинохайран дүүргийн Засаг даргын Тамгын газрын өмчлөлд шилжүүлэн өгөхөөр тохиролцсон “Ирээдүйд хорооны конторын байр хүлээн авах тухай 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн СХД2008/01 дугаартай”  гэрээг байгуулсан” гэж, гуравдагч этгээд “М” ХХК-иас “ийм гэрээ байгуулаагүй, барилгыг 100 хувь өөрийн хөрөнгөөр барьж 2009 онд ашиглалтад оруулсан, тухайн үеийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын хүсэлтээр тус дүүргийн 6 дугаар хороог түр байрлуулж, өөрийн гэсэн байртай болох хүртэлх хугацаанд нь үнэ төлбөргүй эзэмшүүлж, ашиглуулахыг зөвшөөрч байсан.” гэж тус тус маргадаг.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4056 дугаар шийдвэрээр[6] Сд ЗдТг-ыг нэхэмжлэлтэй “М” ХХК-д холбогдох “2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн СХД2008/01 дугаартай Ирээдүйд хорооны конторын байр хүлээн авах тухай гэрээний үүргийг хангуулах, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны конторын байрыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын нэр дээр шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 322 дугаар магадлалаар[7] нэхэмжлэгч “М” ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргад холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал /18060/, ХД-62 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах улсын бүртгэлийн Ү-2201022629 дугаартай, 165,45 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,  Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын   хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, хохиролд 41.362.500 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Эдгээр шүүхийн шийдвэрээр “Ирээдүйд хорооны конторын байр хүлээн авах тухай 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн СХД2008/01 дугаартай”  гэрээ байгуулагдсан эсэх, ийм гэрээ байгуулахаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн эсэх үйл баримтыг тогтоогоогүй, мөн гуравдагч этгээд “М” ХХК-ийг маргаан бүхий 165.45 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг тогтоогоогүй бөгөөд нэхэмжлэгчээс өмчлөгчөөр тогтоолгохоор иргэний шүүхээр маргаж байгаа гэж тайлбарладаг.

Иймд анхан шатны шүүхийн ““М” ХХК-ийг өмчлөгчөөр тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр өнөөдрийг хүртэл гараагүй байх бөгөөд... “М” ХХК-ийг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлтэй маргаж байгаа нөхцөлд Захиргааны хэргийн шүүх “М” ХХК-ийг өмчлөгч гэж шууд дүгнэх боломжгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй, харин  гуравдагч этгээд “М” ХХК-иас “шүүхийн шийдвэрүүдийг дурдаад, хамааралгүй этгээд болох Сд ЗдТг-ыг эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар өмчлөгчөөр бүртгүүлэх боломжгүй буюу нэхэмжлэгчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй” гэж маргаж буй давж заалдах гомдол үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.

 Дүгнэхэд, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай (2002 оны) хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9-д “...дараахь тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана: “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэж заасан.

Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн доорхи газар нь мэдүүлэг гаргагч “М” ХХК-ийн эзэмшилд бус өөр этгээдийн эзэмшилд байгаа нь тодорхой байхад бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийн улсын бүртгэлд бус  барилга байгууламжийг анх удаа өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэсэн, мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн хэлцэлтэй агуулгаараа зөрөөтэй байж болзошгүй нөхцөл байдлыг шалгаагүй, мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй зэрэг үндэслэл илэрвэл улсын бүртгэгч нь мэдүүлэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах хуулийн заалтуудыг зөрчсөн хариуцагч байгууллагын улсын бүртгэл нь илт хууль бус бүртгэл гэж үзэхээр байна.

Энэхүү илт хууль бус улсын бүртгэлийн улмаас нэхэмжлэгч Сд ЗдТг-ыг конторын барилгыг өөрийн эзэмшил, ашиглалт, өмчлөлд шилжүүлэн авахаар шаардах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцсэн учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хангахгүй орхин шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 338 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                     А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 73-76 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 11 дэх тал

[3] Хэргийн 1-р хавтас 49 дэх тал

[4] Хэргийн 1-р хавтас 174-175 дахь

[5] Хэргийн 2-р хавтас 95 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас 170-171 дэх тал

[7] Хэргийн 2-р хавтас 65-68 дахь тал