Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 212

 

Д.Дорждуламын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Н.Батзориг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/05737 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Д.Дорждуламын нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Дариймаад холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 45 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

Хариуцагчийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Өнөрзаяа,

хариуцагч Н.Дариймаа,

хариуцагчийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Дорждуламын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:

Би 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Н.Дариймаад өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202040391 дугаартай, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 12/5 дугаар байрны 10 тоот 3 өрөө орон сууцыг 10, 11 тоот 24 м.кв талбай бүхий авто зогсоолын хамт 150 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Ингээд хариуцагч Н.Дариймаа нь байрны нийт үнээс 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 100 000 000 төгрөг бэлнээр өгч, үлдэгдэл 50 000 000 төгрөгийг мөн сарын 18-ны өдөр өгөхөөр тохиролцон гэрээндээ зааж, байрныхаа түлхүүрийг хүлээлгэж өгсөн.

Гэтэл мөнгөө өгөхгүй байсаар 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр надад 20 000 000 төгрөг өгч, үлдэх 30 000 000 төгрөгийг хүү н.Мөнхбатад өгсөн гэсэн өгөөгүй байсан. Тухайн үед хүү маань байхгүй байж байгаад ирэхээр нь асуухад мөнгө аваагүй байсан.

Иймээс Н.Дариймаагаас үлдэгдэл төлбөр болох 30 000 000 төгрөгийг алданги 15 000 000 төгрөгийн хамт нийт 45 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Дариймаагийн шүүхэд гаргасан хариу тайлбарт:

Шуурхай зар сонинд 10 дугаар хороололд 3 өрөө байр маш хямд зарна, 2 машины гарааш үнэгүй дагалдуулж өгнө гэсэн байсан. Уг зарын дагуу би хүргэн Н.Гантулга, охин Ц.Сэлэнгэ, хүү Ц.Идэр нарын хамт очиж үзсэн. Бид байрыг үзэхээр очиход Д.Дорждуламын хүү н.Мөнхбат гэдэг залуу ганцаараа байсан ба байрыг миний байр гэж танилцуулсан. Бид байрыг үзээд 120 000 000 төгрөгөөр авахад бэлэн байна гээд явсан. Хэд хоногийн дараа н.Мөнхбаттай ярихад маргааш өглөө хүрээд ир гэсэн, тэгээд хүүхдүүдийн хамт очиж н.Мөнхбаттай ярьж тохиролцоод байрыг 121 500 000 төгрөгөөр авахаар болсон. Ингээд 2015 оны 12 дугаар сарын 04-ний өглөө мөнгөө бариад байраа авахаар очиход н.Мөнхбат байрыг ээжийн нэр дээр байдаг, банкинд барьцаанд байгаа, Капитрон банкинд зээлийг төлөөд байраа авахад болно гэсэн тул банк руу очсон.

Биднээр 57 592 000 төгрөгийг төлүүлж, байр бол ямар ч асуудалгүй нотариатаар орж гэрээ байгуулаад байрны гэрчилгээг шилжүүлээд өгнө гэсэн тул бид мөнгийг банкинд төлсөн. н.Мөнхбатын ээж, охинтойгоо биднийг дагуулаад Баянгол дүүргийн дэргэдэх нотариат руу очсон. Тэр үед н.Мөнхбат байхгүй байсан бөгөөд манай хүргэн Н.Гантулга түүн рүү ярилаа гэсэн. Өөрөө ирэх боломжгүй, ээждээ 150 000 000 төгрөгөөр зарж байгаа гээд хэлчихсэн, 121 500 000 төгрөгөөр зарж байгаа гэж битгий хэлээрэй, би өөрөө 30 000 000 төгрөгийг зохицуулаад өгчихнө гэж байна гэсэн яриа болсон. Тэгээд хүргэн хүү та гэрээнд гарын үсэг зурчих, н.Мөнхбат нь олон байртай, бизнес хийдэг залуу юм байна, худлаа ярихгүй байх, утсаар гуйгаад байна гээд надаар гэрээнд гарын үсэг зуруулсан.

Ингээд Д.Дорждулам нь татвараа бага төлөхийн тулд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт өгөх гэрээгээ 30 000 000 төгрөгөөр байгуулсан. Охин нь та нар хүлээгээд сууж бай, би үл хөдлөхийн гэрчилгээг гаргуулаад ирье гээд гараад явсан. Удалгүй орж ирээд үл хөдлөх хөрөнгийн газар хаачихлаа, та маргааш гэрээгээ өгөөд байрны гэрчилгээгээ авчих, үлдэгдэл мөнгөө өгчих гэсэн.

Манай хүүхдүүд байрны гэрчилгээ гараагүй байхад бүх мөнгийг нь өгөх боломжгүй гээд урьдчилаад 100 000 000 төгрөгийг нь өгье гээд банкинд өгсөн мөнгөн дээр нэмж 42 408 000 төгрөгийг өгч, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бичиг баримтыг өгөөд явсан. Гэтэл бүртгэлийн газраас маргааш нь над руу утасдаж, “уг байрыг Баянгол дүүргийн прокурорын газраас захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн байна, гэрчилгээ таны нэр дээр гарах боломжгүй” гэсэн учир н.Мөнхбаттай ярих гэхэд утсаа авдаггүй, ээжтэй нь ярихаар санаа зоволтгүй болно гэдэг байсан. Тэгж байтал н.Мөнхбат залилангийн хэргээр шоронд орсон гэсэн. 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байраа чөлөөлүүлчихлээ гээд гэрчилгээг Д.Дорждулам гаргаж өгөөд мөнгөө нэхэхээр нь хүү н.Мөнхбатыгаа уулзуулаарай гээд явсан болно. Үлдэгдэл 20 000 000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн. Иймд Д.Дорждуламд 30 000 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Дариймаагийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад:

Би Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороололд байрлах 12 ба байрны 10 тоот 3 өрөө орон сууцыг 121 500 000 төгрөгөөр худалдан авч, уг байрны өмчлөгч болсон. Энэ байрыг анх зарын дагуу үзэхэд Д.Дорждуламын хүү н.Мөнхбат нь бидэнд байрыг үзүүлж, 121 500 000 төгрөгөөр зарна гэж тохиролцоод Капитрон банкны барьцаанаас зээлийг чөлөөлүүлж авсан бөгөөд нотариат дээр гэрээ хийхээр очсоны дараа хүргэн хүү Н.Гантулга "н.Мөнхбат гэрээний үнийн дүнг 150 000 000 төгрөг гээд бичээд өгөөрэй, би өөрөө хариуцах юмаа гэж байна, та нар 121 500 000 төлөөд байраа аваарай гэсэн" гээд гэрээнд гарын үсгээ зурсан. Ингээд уг мөнгийг төлсний дагуу миний нэр дээр гэрчилгээг шилжүүлэн гаргаж өгсөн. Иймд 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2 дахь заалтаар үл хөдлөх хөрөнгийн үнийг 150 000 000 гэж тодорхойлсныг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Дорждуламын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбарт: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэрээний гол нөхцөл хүчингүй бол гэрээ бүхэлдээ хүчингүй болдог гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Н.Дариймаагаас 45 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Дорждуламд олгож,

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар хариуцагч Н.Дариймаагийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 542 900 төгрөг, хариуцагчаас төлсөн 908 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Дариймаагаас 542 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Дорждуламд буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Н.Дариймаагийн давж заалдах гомдолд:  

Маргааны гол зүйлийн тухайд: Талууд Орон сууц худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл болох үнийн талаар маргадаг. Уг Орон сууц худалдах, худалдан авах гэрээний 2.2-т "Төлбөр төлөх нөхцөл: Урьдчилгаа 100 000 000 төгрөгийг 2015 оны 12 сарын 04-ний өдөр бэлэн төлсөн. Үлдэгдэл 50 000 000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай 2015 оны 12 дугаар сарын 18-ны дотор төлж дуусгана. Миний хүү Ц.Мөнхбат үлдэгдэл төлбөр 50 000 000 төгрөгийг хүлээн авч, гэрээний үүргийг дуусгавар болгох болно" гэж заасан ч бодит байдал, болсон процессийн хувьд: 2015 оны 12 сарын 04-ний өдөр Шийдвэр гүйцэтгэлээр хураагдах гэж байсан битүүмжлэгдсэн байрыг нь Капитрон банкинд 57 592 000 төгрөг төлж зээлийг нь хааж өгсөн, 42 408 000 төгрөгийг бэлнээр Д.Дорждуламын охинд өгсөн, 1 500 000 төгрөгийг хүү н.Мөнхбатад бэлнээр өгсөн, тухайн өдөр нийт 101 500 000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөрөө нэхэмжлэгч Д.Дорждуламтай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэр дээр шилжүүлэх үед төлөхөөр тохиролцсоны дагуу 2015.03.23-нд гэрчилгээг нэр дээрээ шилжүүлсэн тул 20 000 000 төгрөгийг 2015 оны 4 сарын 01-ний өдөр Д.Дорждуламд хүлээлгэн өгч үүргийн харилцаа бүрэн дуусгавар болсон.

Гэрчийн мэдүүлгээс 150 сая төгрөгийн талаарх тайлбар, мэдүүлгийг үнэлсэн хэрнээ 121 500 000 төгрөгөөр байрны үнийг тохирсон талаар үнэлээгүй. Ц.Мөнхбат нь Н.Дариймаад итгэл үнэмшил төрүүлсэн, гэнэн цайлган зангаар хайхрамжгүй хандсаны улмаас хүмүүст залилуулаад байгааг анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Мөн тухайн үеийн орон сууцны зах зээлийн үнэ хэд байсан талаар шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан гэж үзэж байна. Учир нь байрны үнийг 121 500 000 төгрөгөөр авч байна гэж ойлгосон, тийм үнээр авах хүсэл зоригтой байсан үүнийгээ нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Мөнхбатад илэрхийлсэн, байрны үнийг хэлэлцэн тохирсон хугацаандаа төлсөн, үүрэг дуусгавар болсон ба гэрээнд үлдэгдэл мөнгийг Ц.Мөнхбат нь хүлээн авч, гэрээний үүргийг дуусгавар болгож болно гэсэн заалт оруулсан учраас 121 500 000 төгрөгийг төлснөөр миний үүрэг дуусгавар болсныг шүүх анхаарч үзсэнгүйд гомдолтой байна.

Д.Дорждулам түүний хүү Ц.Мөнхбат нар нь анхнаасаа хэлэлцэн тохирсон үнийг мэдэж байсан атлаа итгэл эвдэн хууран мэхлэх замаар хуурамч гэрээнд гарын үсэг зуруулж их хэмжээний өр төлбөр нэхэмжилж байгаа нь Д.Дорждуламын шүүх хуралдааны явцад хэлж байсан үг, өгүүлбэр, хандлага, харьцаа зэргээс харагддаг. Хүү Ц.Мөнхбат нь залилангийн хэргээр шоронд хоригдож байгаагаас үзвэл тухайн хүний хувийн байдлыг тодорхойлж байна. Үүнээс үүдэн хариуцагчийн эрх зүйн мэдлэггүй байдлаас өөрийнх нь эрх зөрчигдөж байж болзошгүй байхад хэргийг бүх талаас нь бүрэн бодитой судлаагүйгээр хэрэгт цугларсан хуулийн хүчин төгөлдөр бус гэрээний дагуу нэхэмжлэгчийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Хууль хэрэглээний тухайд: Нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгийн татвар бага төлөх зорилгоор орон сууцны үнийн дүнг багасгаж 30 000 000 төгрөгийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ хуурамчаар байгуулан үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн тул Иргэний хуулийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байна. Талуудын хооронд 150 000 000 төгрөгийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ч улсын бүртгэлд бүртгэгдээгүй, мөн талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлээгүй, хариуцагч хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн, Иргэний хуулийн 110.1-д үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэх хэлбэрийн шаардлага тавигдсан мөн хуулийн 56.1.8-д зааснаар хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлд 30 000 000 төгрөгийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ бүрттэгдсэн, 150 000 000 төгрөгийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй тул хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Тиймээс Иргэний хуулийн 56.5 дахь зохицуулалт нь маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бөгөөд шүүхээс уг хуулийн заалтыг хэрэглээгүй байна.

Нотлох баримтыг үнэлсэн тухайд: Нэхэмжлэгч Д.Дорждуламын шүүх хуралдааны явцад хэлж байсан үг, өгүүлбэр эргэлзээ төрүүлхүйц байхад шүүх үүнийг анхаараагүй, үнэн зөв мэдүүлэх үүргээ биелүүлсэн эсэхэд эргэлзээ төрөхөөр байгааг шүүх анхаарч үзэлгүй хэт нэг талыг барьж маргааны агуулгыг анхааралгүй хэлбэрийн шаардлагыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагч миний Үндсэн хуулиар олгогдсон шударга шүүхээр шүүлгэх эрх маань зөрчигдөж байна.

Иймд дээрх үндэслэлээр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 05737 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 ХЯНАВАЛ:

           

   Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Дорждулам нь худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 30 000 000 төгрөг, алдангид 15 000 000 төгрөг, нийт 45 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Н.Дариймаа эс зөвшөөрч, худалдах, худалдан авах гэрээний 2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг сөрөг нэхэмжлэлээр  шаарджээ. 

 

Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв байх нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас гэрээний үүргийн биелэлт, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс үүсэх хариуцлагыг шаардах эрхтэй.

 

             Нэхэмжлэгч Д.Дорждулам 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол 12/5 дугаар байрны 10 тоот, 113 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг, 10, 11 тоот 24 м.кв талбай бүхий авто зогсоолын хамт 150 000 000 төгрөгөөр хариуцагч Н.Дариймаад худалдахаар тохиролцсон, орон сууцыг хариуцагчийн өмчлөлд  2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн, орон сууцны үнээс 30 000 000 төгрөг төлөгдөөгүй байгаа үйл баримтууд тогтоогдсон, хэргийн 4, 11 дүгээр талд уг үйл баримтыг нотолсон Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг баримтууд авагджээ.

 

 Зохигчдын тайлбар болоод хэргийн баримтаас үзэхэд маргааны зүйлийн үнийн талаар 30 000 000 төгрөг, 121 500 000, 150 000 000 төгрөг гэсэн 3 өөр дүн яригддаг боловч зохигчид үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татварыг бага хэмжээгээр төлөх зорилгоор орон сууцыг 30 000 000 төгрөгөөр худалдах гэрээ байгуулсан байх ба талууд энэ тухайд маргаагүй, 121 500 000 төгрөгийн хувьд хариуцагч тайлбараа баримтаар нотлоогүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж гэрээний зүйлийн бодит үнэ 150 000 000 төгрөг гэж үзсэн нь хуульд нийцсэн байна.

 

Талуудын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан гэрээний агуулга болоод  тайлбараар зохигчид 113 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 10, 11 тоот 24 м.кв талбайтай авто зогсоолын хамт 150 000 000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байх ба гэрээний зүйл болох орон сууц, автозогсоолыг хариуцагч 121 500 000 төгрөгөөр худалдаж авахаар орон сууцны өмчлөгч буюу нэхэмжлэгчтэй тохиролцсон гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Хариуцагч өөрийн татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй, хэрэгт авагдсан  Ц.Идэрийн “ах гарч ирээд н.Мөнхбат руу утсаар ярьж, чи байраа 121 500 000 төгрөгөөр зарна гэсэн биз дээ. Гэтэл танай ээж 150 000 000 төгрөг гээд байх юм гэж ярьсан” гэх, гэрч Ц.Сэлэнгийн “... н.Мөнхбат нь би ээждээ байраа 150 000 000 төгрөгөөр зарж байгаа гэж хэлсэн, та 2 гэрээ хийчих, болохгүй бол 28 500 000 төгрөгийг намайг авсан гэж хэлээд гэрээндээ тусгаад өгчих гэж хэлсэн” гэх, гэрч Н.Гантулгын “... би байрыг чинь 121 500 000 төгрөгөөр авъя гэхэд н.Мөнхбат зөвшөөрсөн” гэх мэдүүлгүүд нь хариуцагчийг орон сууцны үнийн талаар өмчлөгч биш этгээдтэй ярилцаж байсныг нотлохоос биш үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчтэй 121 500 000 төгрөгөөр орон сууцыг худалдахаар тохиролцсон гэж үзэхээргүй байна.

 

 Гэрээний 2.2 дэх хэсэгт “.., “миний хүү Ц.Мөнхбат үлдэгдэл төлбөр 50 000 000 төгрөгийг хүлээн авч, гэрээний үүргийг дуусгавар болгож болно .., гэж заасан, уг хэлцлийн  утга санаа ойлгомжтой байх ба үүнийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар тайлбарлавал, нэхэмжлэгч нь гэрээний төлбөрийн үлдэгдэлийг хүлээн авах эрхийг хүүдээ олгосон агуулгатай байна. Гэрээний дээрх заалтаас орон сууцны үнийг 121 500 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй хариуцагч гэрээний үнийн үлдэгдлийг төлөх үүрэгтэй болно.   

 

             Талуудын байгуулсан гэрээний 2.2-т төлбөр төлөх хугацааг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс тогтоож, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд Иргэний хуульд зааснаар хоногт тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон байх ба шүүх алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн               232.4-т нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцсоныг буруутгах боломжгүй.

              

             Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч нь худалдан авсан эд хөрөнгийн үлдэгдэл төлбөрөө төлөх үүрэгтэй гэж анхан шатны шүүх үзэж үндсэн нэхэмжлэлийг хангасан нь зөв болжээ.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх “ хариуцагчийг ноцтой төөрөгдсөний улмаас гэрээг байгуулсан гэх үндэслэл тогтоогдсонгүй” гэж хэрэгсэхгүй болгосон нь буруу биш, энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт нхуульд нийцсэн байна.  

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/05737 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Дариймаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 542 900 төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээсүгэй.

         

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                    ШҮҮГЧИД                         Н.БАТЗОРИГ

 

                                                                                               А.МӨНХЗУЛ