Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2016/05737

 

2016 оны 11 сарын 15 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05737

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 12/5 дугаар байрны 10 тоотод оршин суух, Боржигон овогт Доржийн Дорждулам /РД-УЕ58031906/-ын,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 12/5 дугаар байрны 10 тоотод оршин суух, Алаг адуу овогт Нүрзэдийн Дариймаа /РД-ХЙ60112064/-д холбогдуулан гаргасан

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл,

Хариуцагчийн, үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний 2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, мөн сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Дорждулам, түүний өмгөөлөгч С.Өнөрзаяа /шүүхэд төлөөлөх эрх-1832/, хариуцагч Н.Дариймаа, түүний өмгөөлөгч Д.Цэндсүрэн /шүүхэд төлөөлөх эрх-084/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Дорждулам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Н.Дариймаад өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202040391 дугаартай, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 12/5 дугаар байрны 10 тоот 3 өрөө орон сууцыг 10, 11 тоот 24 м.кв талбай бүхий автозогсоолын хамт 150,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцон, үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулсан.

Ингээд надад хариуцагч Н.Дариймаа нь байрны нийт үнээс 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 100,000,000 төгрөг бэлнээр өгч, үлдэгдэл 50,000,000 төгрөгийг мөн сарын 18-ны өдөр өгөхөөр тохиролцон гэрээндээ зааж, байрныхаа түлхүүрийг хүлээлгэж өгсөн.

Гэтэл мөнгөө өгөхгүй байсаар 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр надад 20 сая төгрөг өгч, үлдэх 30,000,000 төгрөгийг хүү н.Мөнхбатад өгсөн гэсэн өгөөгүй байсан. Тухайн үед хүү маань байхгүй байж байгаад ирэхээр нь асуухад мөнгө аваагүй байсан.

Иймээс Н.Дариймаагаас үлдэгдэл төлбөр болох 30,000,000 төгрөгийг алданги 15,000,000 төгрөгийн хамт нийт 45,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Н.Дариймаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манайх байр авахаар сонины зар сонирхож байтал Шуурхай зар сонинд 10 дугаар хороололд 3 өрөө байр маш хямд зарна, 2 машины гарааш үнэгүй дагалдуулж өгнө гэсэн байсан. Уг зарын дагуу хүргэн Н.Гантулга, охин Ц.Сэлэнгэ, хүү Ц.Идэр нарын хамт очиж үзсэн. Бидний байрыг үзэхээр очиход Д.Дорждуламын хүү н.Мөнхбат гэдэг залуу ганцаараа байсан ба байрыг миний байр гэж танилцуулсан. Бид байрыг үзээд 120,000,000 төгрөгөөр авахад бэлэн байна гээд явсан. Хэд хоногийн дараа н.Мөнхбаттай ярихад маргааш өглөө хүрээд ир гэсэн, тэгээд хүүхдүүдийн хамт очиж н.Мөнхбаттай ярьж тохиролцоод байрыг 121,500,000 төгрөгөөр авахаар болсон.

Ингээд 2015 оны 12 дугаар сарын 04-ний өглөө мөнгөө бариад байраа авахаар очиход н.Мөнхбат байрыг ээжийн нэр дээр байдаг, банкинд барьцаанд байгаа, Капитрон банкинд зээлийг төлөөд байраа авахад болно гэсэн тул банк руу очиход Д.Дорждулам охинтойгоо сууж байсан, бидэнтэй юм яриагүй.

Биднээр 57,592,000 төгрөгийг төлүүлж, байр бол ямар ч асуудалгүй нотариатаар орж гэрээ байгуулаад байрны гэрчилгээг шилжүүлээд өгнө гэсэн тул бид мөнгийг банкинд төлсөн. н.Мөнхбатын ээж, охинтойгоо биднийг дагуулаад Баянгол дүүргийн дэргэдэх нотариат руу очсон. Тэр үед н.Мөнхбат байхгүй байсан бөгөөд манай хүргэн Н.Гантулга түүн рүү ярилаа гэсэн. Өөрөө ирэх боломжгүй, ээждээ 150,000,000 төгрөгөөр зарж байгаа гээд хэлчихсэн, 121,500,000 төгрөгөөр зарж байгаа гэж битгий хэлээрэй, би өөрөө 30 сая төгрөгийг зохицуулаад өгчихнө гэж байна гэсэн яриа болсон. Тэгээд хүргэн хүү та гэрээнд гарын үсэг зурчих, н.Мөнхбат нь олон байртай, бизнес хийдэг залуу юм байна, худлаа ярихгүй байх, утсаар гуйгаад байна гээд надаар гэрээнд гарын үсэг зуруулсан.

Ингээд Д.Дорждулам нь татвараа бага төлөхийн тулд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт өгөх гэрээгээ 30,000,000 төгрөгөөр байгуулсан.

Тэгээд охин нь та нар хүлээгээд сууж бай, би үл хөдлөхийн гэрчилгээг гаргуулаад ирье гээд гараад явсан. Удалгүй орж ирээд үл хөдлөх хөрөнгийн газар хаачихлаа, та маргааш гэрээгээ өгөөд байрны гэрчилгээгээ авчих, үлдэгдэл мөнгөө өгчих гэсэн.

Манай хүүхдүүд байрны гэрчилгээ гараагүй байхад бүгд мөнгийг нь өгөх боломжгүй гээд урьдчилаад 100,000,000 төгрөгийг нь өгье гээд банкинд өгсөн мөнгөн дээр нэмж 42,408,000 төгрөгийг өгсөн. Ингэд маргааш нь би үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бичиг баримтыг өгөөд явсан.

Гэтэл бүртгэлийн газраас маргааш нь над руу утасдаж, уг байрыг Баянгол дүүргийн прокурорын газраас захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн байна, гэрчилгээ таны нэр дээр гарах боломжгүй юм байна гэсэн учир н.Мөнхбаттай ярих гэхэд утсаа авдаггүй, ээжтэй нь ярихаар санаа зоволтгүй болно гэдэг байсан. Тэгж байтал н.Мөнхбат залилангийн хэргээр шоронд орсон дуулдсан. 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байраа чөлөөлүүлчихлээ гээд гэрчилгээг Д.Дорждулам гаргаж өгөөд мөнгөө нэхэхээр нь хүү н.Мөнхбатыгаа уулзуулаарай гээд явсан болно. Үлдэгдэл 20,000,000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн.

Иймд Д.Дорждуламд 30 сая төгрөгийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Н.Дариймаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Би Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороололд байрлах 12 ба байрны 10 тоот 3 өрөө орон сууцыг 121,500,000 төгрөгөөр худалдан авч, уг байрны өмчлөгч болсон юм.

Уг байрыг анх зарын дагуу үзэхэд Д.Дорждуламын хүү н.Мөнхбат нь бидэнд байрыг үзүүлж, 121,500,000 төгрөгөөр зарна гэж тохиролцоод Капитрон банкны барьцаанаас зээлийг чөлөөлүүлж авсан бөгөөд нотариат дээр гэрээ хийхээр очсоны дараа хүргэн хүү Н.Гантулга н.Мөнхбат гэрээний үнийн дүнг 150,000,000 төгрөг гээд бичээд өгөөрэй, би өөрөө хариуцах юмаа гэж байна, та нар 121,500,000 төлөөд байраа аваарай гэсэн гэхээр нь гэрээнд гарын үсгээ зурсан. Ингээд уг мөнгийг төлсний дагуу миний нэр дээр гэрчилгээг шилжүүлэн гаргаж өгсөн.

Иймд 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний 2 дахь заалтаар үл хөдлөх хөрөнгийн үнийг 150,000,000 гэж тодорхойлсныг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Н.Дариймаагийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэрээний гол нөхцөл хүчингүй бол гэрээ бүхэлдээ хүчингүй болдог гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Дорждулам нь Н.Дариймаагаас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 30,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн алдангид 15,000,000, нийт 45 сая төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл,

Хариуцагч тал Н.Дариймаад холбогдуулан, худалдах-худалдан авах гэрээний 2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

1.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч Н.Дариймаа нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 45 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...Шуурхай зар сонинд хэвлэгдсэн зарын дагуу хариуцагч нь хүү Ц.Идэр, Ц.Сэлэнгэ, хүргэн Н.Гантулга нарын хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын 12/5 байрны 10 тоот, 113 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцыг, автозогсоолын зориулалттай 24 м.кв талбайтай зогсоолыг очиж сонирхон, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Д.Дорждуламын хүү болох н.Мөнхбаттай 121,500,000 төгрөгөөр авахаар ярьж тохиролцсон, ... н.Мөнхбат нь гэрээгээ 150,000,000 төгрөгөөр хийчих, би хариуцана гэсэн, ... би төлбөрөө төлж дуусгасан учир өмчлөх эрх миний нэр дээр шилжсэн ... гэж мэтгэлцдэг. /39-40 дугаар хуудас/

Шүүх худалдах-худалдан авах гэрээний үүргийн харилцаа Д.Дорждулам, Н.Дариймаа нарын хооронд үүссэн гэж үзлээ.

Учир нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзэхээр, мөн зүйлийн 43.3-т нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж заажээ.

Хариуцагч нь өөрийн худалдаж авсан орон сууцыг анх 121,500,000 төгрөгөөр худалдан авахаар нэхэмжлэгчийн хүү н.Мөнхбаттай тохиролцсон, байрны өмчлөгчийг н.Мөнхбат гэж ойлгосон гэх боловч талуудыг гэрээ байгуулах үеэр тухайн орон сууцны өмчлөгч Д.Дорждулам болохыг, мөн нэхэмжлэгч тал орон сууцыг 150,000,000 төгрөгөөр худалдаж байгаа гэдэг саналаа илэрхийлсэн болох нь хариуцагч, гэрч Ц.Идэр, Ц.Сэлэнгэ, Н.Гантулга нарын ... Д.Дорждулам эгч танайх байраа 150 сая төгрөгөөр авч байгаа биз дээ гэж асуусан, ... танай ээж байраа 150 сая төгрөг гэж байна. ... энэ байр чинь чиний нэр дээр биш, ээжийн чинь нэр дээр байдаг юм байна ..., ... н.Мөнхбат би ээждээ 150 сая төгрөгөөр зарж байгаа гэж хэлсэн байсан ... гэх тайлбар, мэдүүлгээр нотлогдож байна. /хх-42-44 дүгээр хуудас/

Хариуцагч Н.Дариймаа нь дээрх үйл баримтыг мэдсэн атлаа Д.Дорждуламд тухайн орон сууцыг 121,500,000 төгрөгөөр авах хүсэл зорилгоо илэрхийлээгүй байхаас гадна, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороололд байрлах 12/5 дугаар байрны 10 тоот, 113 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг, 10, 11 тоот 24 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалтай үл хөдлөх хөрөнгийг 150,000,000 төгрөгөөр худалдан авахаар нэхэмжлэгчтэй үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулан, нотариатаар гэрчлүүлж улмаар 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-22050403

91 дугаарт бүртгэгдэж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болжээ. /хх-4, 11 дүгээр тал/

Дээрхээс дүгнэхэд Н.Дариймаа нь нэхэмжлэгч Д.Дорждуламын хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлж, гэрээнд гарын үсэг зурсан байх тул хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ.

Мөн нэхэмжлэгч, хариуцагч нарыг худалдах-худалдан авах гэрээний гол нөхцөл болох орон сууцны үнийг 150 сая төгрөгөөр худалдахаар тохиролцсон гэх үндэслэл дээрх үйл баримтаар тогтоогддог тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч нь худалдан авсан эд хөрөнгийн үлдэгдэл төлбөрөө төлөх үүргээ биелүүлэх ёстой байна.

Маргалдагч талууд гэрээндээ төлбөр төлөх хугацааг зааж, үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд Иргэний хуульд зааснаар төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор гэрээний 2.2-т тохиролцсон байх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзийг алданги гэж заасан тул нэхэмжлэгчийн алданги шаардаж буйг, түүнчлэн үүргээ гүйцэтгээгүй хугацааг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсанаас хойш буюу 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш тооцон, алдангийн хэмжээг хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцсоныг буруутгах боломжгүй байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Н.Дариймаагаас 45,000,000 /дөчин таван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Дорждуламд олгож шийдвэрлэв.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч Н.Дариймаа нь үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний 2 дахь заалтыг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган, үндэслэлээ нэхэмжлэгчийн хүү н.Мөнхбат ээжийнхээ өмнөөс хариуцагчтай ярьж, уг гэрээ хэлцлийг хийхэд хүргэсэн ... гэж тайлбарладаг. /хх-40 дүгээр хуудасны ар тал/

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон зохигч, гэрчүүдийн тайлбар, мэдүүлгээс үзэхэд хариуцагчийг ноцтой төөрөгдсөний улмаас дээрх гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6-д төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн этгээд төөрөгдсөн болохоо мэдмэгц нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж заажээ.

Хариуцагч Н.Дариймаа нь тухайн орон сууцыг 121,500,000 төгрөгөөр авахаар тохиролцсон гэж ойлгож байсан гэдэг боловч нэхэмжлэгч Д.Дорждуламыг 150 сая төгрөгөөр худалдах саналыг сонсоод түүнд хүүтэй нь хэрхэн тохиролцсон талаараа мэдэгдээгүй байх тул дээрх хуульд заасан үүргээ үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. /хх-40-41, 43 дугаар хуудас/

Түүнчлэн талууд 150 сая төгрөгийн үнийн дүн бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулан агуулгыг өөрсдөө тодорхойлж, гэрээнд гарын үсгээ зурснаар гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Иймд мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 542,900 төгрөг, хариуцагчаас төлсөн 908,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 542,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Н.Дариймаагаас 45,000,000 /дөчин таван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Дорждуламд олгосугай.

2.Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар хариуцагч Н.Дариймаагийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 542,900 төгрөг, хариуцагчаас төлсөн 908,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Дариймаагаас 542,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Дорждуламд буцаан олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д зааснаар хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД