Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2018/00728

 

Ж.Б, Ж.Гнарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2017/03090 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 163 дугаар магадлалтай,

Ж.Б, Ж.Гнарын нэхэмжлэлтэй

НШГАхолбогдох

2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол 44 д байр, 7 тоотод байрлах 37.9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдсан албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ж.Гийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Гийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунзаяа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Б, Ж.Гнар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Анх 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 181/11132017/09842 дугаар захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн дагуу шүүхийн харьяалал зөрчсөн тул уг хөрөнгө байрлаж буй газар болох Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргах ёстой гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Нэхэмжлэгч Ж.ГБаянгол дүүрэг 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол 44д байрны 7 тоотод оршин суудаг бөгөөд Ж.Б нь миний гарын үсгийг хуурамчаар үйлдэн, миний өмчлөлийн байрыг 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр А.Өлзийжаргалтай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд тавьж, барьцааны гэрээ байгуулсан. Ингээд Ж.Гшүүхэд хандан нэхэмжлэл гаргаснаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 847 дугаар шийдвэрээр Баянзүрх дүүргийн 184 дугаартай нотариатч В.Батхүүгийн Ж.Гоос Ж.Бд улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай орон сууцыг барьцаанд тавих, зохих гэрээ байгуулж, түүнд гарын үсэг зурах, уг хөрөнгөөр гэрээний үүргийн биелэлтийг хангуулах, барьцаалбарт гарын үсэг зурах бүрэн эрхийг олгосон 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн итгэмжлэлийг гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцож, улмаар Ж.Б, А.Өлзийжаргал нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн дагуу Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2015/03740 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1007 дугаар магадлалуудаар дээрх барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн. Дээрх шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр байгаа. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 4375 дугаар захирамжаар Ж.Баас 73357 100 төгрөг гаргуулж, А.Өлзийжаргалд олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд уг ажиллагаагаар миний өмчлөлийн Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол 44 д байрны 7 тоотод байрлах 37.9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнаас төлбөр гаргуулахаар 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр албадан дуудлага худалдаанд оруулж, худалдан борлуулсныг би 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө олж мэдлээ. Миний өмчлөлийн байрыг албадан дуудлага худалдаанд оруулахдаа Иргэний хуулийн 175, 177 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн дагуу худалдсан. Ингэхдээ албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол шийдвэрийг өмчлөгч Ж.Гт мэдэгдээгүй, дуудлага худалдаанд оролцох боломжоор хангаагүй, үнийн санал авалгүйгээр өмчлөгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны зүгээс өмчлөгчид дуудлага худалдаа зарласан тухай мэдэгдэл, тогтоолыг хүргүүлээгүй бөгөөд шуудангийн хаягаар явуулсан боловч хүлээн аваагүй, буцаж ирсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, дээрх мэдэгдэл, тогтоолыг Ж.Гт мэдэгдээгүйгээс үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт заасан дуудлага худалдаанд оролцох өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн, дээрх эрхээ эдлэх боломжийг хааж, хязгаарласан, дуудлага худалдааны үнийн санал өгөх эрхийг эдлүүлээгүй үйл ажиллагаа болсон. Нөгөөтэйгүүр хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон барьцааны гэрээнд үндэслэн барьцааны зүйлийг шүүхийн шийдвэрийн үндсэн дээр албадан дуудлага худалдаагаар худалдах ажиллагааг зохицуулсан Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн дагуу албадан дуудлага худалдаа явуулсан нь хууль бус бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийг төдийгүй мөн уг хөрөнгийн өмчлөгч болох хүү Г.Тэнгисийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч П.Хадбаатарын 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 6/31 тоот тогтоолын дагуу 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 44 д байрны 7 тоотод байрлах 37.9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг В.Бат-Эрдэнэд худалдсан үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунзаяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 4375 дугаар захирамжаар Ж.Баас 13 335 100 төгрөгийг гаргуулж, А.Өлзийжаргалд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ж.Бын өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 44 д байрны 7 тоот байрлах 37.9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 171/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 171/02 дугаартай тогтоолоор хураан авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлүүдэд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий Мөнх-Оргил Трейд ХХК-ийг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгоход уг орон сууц нь 58 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 3/13093 дугаартай мэдэгдлээр мэдэгдэж, хувийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 58 000 000 төгрөгийн 70 хувь буюу 40 600 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй тул худалдан борлогдоогүй. Үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдааны талаар 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 3/14275 дугаартай мэдэгдлээр мэдэгдэж хувийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.4дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 58 000 000 төгрөгийн 50 хувь буюу 29 000 000 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 43 000 000 төгрөгөөр худалдан борлогдсон. Үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдааны талаар 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 3/16740 дугаартай мэдэгдлээр мэдэгдэж хувийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Үл хөдлөх хөрөнгийг 43 000 000 төгрөгөөр худалдан борлогдсон 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 3/16742 дугаартай мэдэгдлээр мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул Ж.Гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Р.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ж.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Р.Бат-Эрдэнэ нь 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас зарласан дуудлага худалдаанд оролцож 43 000 000 төгрөгөөр Баянгол дүүргийн 17 хороо, 4 хорооллын 44д байрны 7 тоот, 37.9 м.кв орон сууцыг худалдан авсан ба 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр тус албатай худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэвч НШГАнь түүний худалдан авсан байрыг чөлөөлж өгөлгүй өнөөдрийг хүрч байна. Р.Бат-Эрдэнэ нь дуудлага худалдаанд хуулийн дагуу оролцож байрыг авсан бөгөөд ямар нэг хуулийг зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2017/03090 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг баримтлан НШГАхолбогдох, Баянгол дүүрэг 17 дугаар хороо 4 дүгээр хороолол 44д /D/ байрны 7 тоотод байрлах 37.9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг бусдад худалдсан үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай Ж.Г, Ж.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 163 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2017/03090 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, нэхэмжлэгч Ж.Бын давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.Гхяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасны баримтлан нэхэмжлэгчийн “Баянгол дүүрэг 17 дугаар хороо 4 дүгээр хороолол 44D байрны 7 тоотод байрлах 37.9 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг бусдад худалдсан үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж хэвээр үлдээсэн байна. Шүүхүүд хариуцагч НШГАүл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тухай болон дуудлага худалдаа зарлагдсан талаар мэдэгдлийг төлбөр төлөгч Ж.Б болон иргэн Ж.Гнарт хуульд заасан журмын дагуу хүргүүлсэн нь нотлогдсон гэж дүгнэсэн хууль бус бөгөөд дээрх дуудлага худалдааны анхны үнийг тогтоосон, анхны дуудлага худалдаа зарласан, хоёр дахь дуудлага худалдаа зарласан мэдэгдлүүдийг шууданд хийсэн гэх боловч дээрх шуудангууд нь бүгд дугтуйтайгаа буцаж очсон байгааг шүүх анхаарч үзэхгүйгээр хүргүүлж байсан гэж дүгнэсэн нь хууль бус гэж үзэж байна. Ялангуяа хоёр дахь дуудлага худалдаа явагдахыг мэдэгдсэн 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 3/16740 тоот мэдэгдэл нь 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэх албанд буцаж очсон нь хавтаст хэрэг авагдсан шуудангийн баримтаар нотлогддог бөгөөд хоёр дахь дуудлага худалдаа нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр явагдсан байдаг. Эндээс үзэхэд дуудлага худалдаа болохоос 9 хоногийн өмнө мэдэгдэх хуудас Ж.Г, Ж.Б нарт очоогүйг хариуцагч мэдсэн хэрнээ утсаар ярих болон өөр бусад байдлаар мэдэгдэх бүрэн боломжтой байхад мэдэгдээгүй нь өмчлөгчийн эрхийг зөрчсөн үйл ажиллагаа болсон юм. Өмнө шийдвэр гүйцэтгэлийн өөр бусад ажиллагаа явагдахад шийдвэр гүйцэтгэгч Ариунзаяа нь байнга утсаар дууддаг, миний утсыг мэдэж байсан, утсаар байнга харилцаж байсан хэрнээ дуудлага худалдаа явуулах болохоор мэдэгдээгүйд гомдолтой байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйл болон Иргэний хуулийн 175 дугаар зүйлүүдийг буруу тайлбарлаж хэрэглэсэнээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагуудыг хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс үл хөдлөх хөрөнгийг анх барьцаалсан итгэмжлэл болон барьцааны гэрээ шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон нь зөвхөн барьцааны зүйлийг шүүхийн шийдвэрийн үндсэн дээр албадан худалдах ажиллагааг зохицуулсан Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн дагуу худалдсан нь хууль бус гэж маргасан байхад ерөөсөө шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах ёсгүй байсан гэж маргасан мэтээр ойлгож Иргэний хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэн Ж.Гминий өмчийн үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахдаа хуулиар хамгаалагдсан өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчиж, Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байхад энэ талаар бодитой дүгнэлт хийгээгүйгээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч Ж.Гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжтой гэж хяналтын шатны шүүх үзэв.

1. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж чадаагүй байна.

НШГАхолбогдох нэхэмжлэгч Ж.Б, нэхэмжлэгч Ж.Гнарын нэхэмжлэлтэй хэргийг шүүх нэгтгэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. 

Ж.Гнэхэмжлэлдээ “...шүүхийн шийдвэрээр барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн байхад дуудлага худалдааг явуулсан, ...гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахдаа хүү Тэнгис бид хоёрын эрхийг зөрчсөн, ...албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг надад мэдэгдээгүй, ...дуудлага худалдаанд оролцох боломжоор хангаагүй, ...үнийн санал өгөх эрхийг хязгаарласан, ...орон сууцыг Бат-Эрдэнэ гэж хүнд худалдсныг зөвшөөрөхгүй, дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн нь 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр явагдсан анхны, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр явагдсан хоёр дах албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгох агуулгатай байна. Нэхэмжлэгч Ж.Б “...орон сууцны өмчлөгч нарын эрх ашгийг ноцтой зөрчиж албадан дуудлага худалдааг явуулж байрыг зах зээлийн ханшаас хэт доогуур буюу 43 000 000 төгрөгөөр худалдсан нь Иргэний хуулийн 175.3 дах хэсгийг зөрчсөн тул албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү...” гэж, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр явагдсан хоёр дах албадан дуудлага худалдааг хүчингүй болгох шаардлага гаргасан байна.

Иймд шүүх анхны болон хоёр дах албадан дуудлага худалдааг хүчингүй болгох нэхэмжлэлийг шийдвэрлэхээр байсан ба хариуцагч нь энэ талаар тайлбар гаргаж, холбогдох баримтыг шүүхэд өгсөн байна.

Нэхэмжлэгч Ж.Бын нэхэмжлэлийн шаардлага нь Ж.Гийн нэг шаардлагатай адил тул шүүх анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох нэхэмжлэлийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68, 115 дугаар зүйлийн 115.2-т нийцнэ.

2. Шүүх нэхэмжлэлийн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.3, 108 дугаар зүйлийн 108.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.7-д заасан зохицуулалтыг хэрэглээгүй, албадан дуудлага худалдаа явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчсөн болохыг анхаараагүй нь буруу болжээ.

Хэрэгт байгаа баримтын хэмжээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар дүгнэлт өгөх боломжтой гэж үзэв.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 4375 дугаар шүүгчийн захирамжаар Ж.Б нь 73 080 000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр А.Өлзийжаргалд төлж барагдуулахаар харилцан тохирсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Улмаар төлбөр төлөгч нь захирамжийг биелүүлээгүй тул төлбөр авагчийн хүсэлтээр 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 15559 шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Ж.Г, Ж.Б, Г.Тэнгис нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 44д байрны 7 тоот орон сууцыг 138 тоот тогтоолоор битүүмжилж, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 171/02 тоот тогтоолоор хураажээ. /хх-31, 32, 34,35/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 3/10938 дугаар албан бичгээр орон сууцны үнийн саналыг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн дотор ирүүлэх тухай мэдэгдлийг төлбөр төлөгч, өмчлөгч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2, 77.3, 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу хүргүүлсэн болох нь Монголын цахилгаан холбоо ТӨХК-ийн мөнгө хураах тасалбар гэх баримтаар тогтоогджээ. /хх-37/

Төлбөр төлөгч Ж.Б нь тогтоосон хугацаанд үнийн саналаа ирүүлээгүй, харин өмчлөгч Ж.Гүнийн саналаа өгсөн/хх-36/, хариуцагч нь шинжээч томилж, шинжээчийн үнэлгээг үндэслэн анхны албадан дуудлага худалдааны доод үнийн хэмжээ, анхны дуудлага худалдааг товлосон тухай мэдэгдлийг нэхэмжлэгч нарт хүргүүлсэн байна. /хх-36, 47-49/ Иймд өмчлөгч нарт шинжээчийн үнэлгээ, анхны албадан дуудлага худалдааг мэдэгдээгүй гэх нэхэмжлэгч нарын гомдол үндэслэлгүй байна.

Харин шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч Ж.Бын өрийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн түүний ногдох хэсгээс гаргуулах ажиллагааг явуулахдаа бусад хамтран өмчлөгч нарт мэдэгдэх, тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг нь хангах, өмчлөгч Ж.Гнь Ж.Бын ногдох хэсэг 19 000 000 төгрөгийг төлөх санал гаргасныг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байхад дуудлага худалдааг явуулсан нь хууль зөрчсөн гэж үзнэ. Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.3-т “Гэр бүлийн гишүүд өөрөөр тохиролцоогүй бол тэдгээр нь хувийн үйл ажиллагаатай холбогдсон үүргээ өөрийн хуваарьт эд хөрөнгөөрөө хариуцна”, 108 дугаар зүйлийн 108.4-т “Дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгээр тэдгээрийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болно.” гэж тус тус заасан бөгөөд гэр бүлийн аль нэг гишүүний ногдох хэсгээр үүргийг хангуулах тохиолдолд бусад өмчлөгч нарыг эрхийг хангах ёстой байна.

Иймд нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :      

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр  сарын 12-ны өдрийн 163 дугаар магадлал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2017/03090 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, 177.3-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 44д байрны 7 тоот орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулсан 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр анхны дуудлага худалдаа, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгосугай гэж өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                       ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА