Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 3090

 

 

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/03090

Улаанбаатар хот

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ж.Б

 

Нэхэмжлэгч: Ж.Г

 

Хариуцагч: НШШГАхолбогдох,

 

2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол 44 д /D/ байр, 7 тоотод байрлах 37.9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдсан үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Гийн өмгөөлөгч Б.Г, нэхэмжлэгч Ж.Бын өмгөөлөгч Б.Манлайжав, гуравдагч этгээдийн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч миний бие энэхүү нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд тус шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 181/11132017/09842 дугаар захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу шүүхийн харъяалал зөрчсөн тул уг хөрөнгө байрлаж байгаа Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргах ёстой гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэгч Ж.Г миний бие Баянгол дүүрэг 17 дугаар хороо 4 хороолол 44д байрны 7 тоотод оршин суудаг бөгөөд миний эхнэр Ж.Б нь миний гарын үсгийг хуурамчаар үйлдэн миний өмчлөлийг байрыг 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12-р хороо Булгийн 16-702 тоотод оршин суугч А.Өлзийжаргал гэгчтэй байгуулсан зээлийн гэрээний барьцаанд тавьж, барьцааны гэрээ байгуулсан байсан. Миний бие шүүхэд хандан нэхэмжлэл гаргаснаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 847 дугаар шийдвэрээр Баянзүрх дүүргийн 184 дугаартай нотариатч В.Батхүүгийн Ж.Гоос Ж.Бд улсын бүртгэлийн Ү-2205047053 дугаартай орон сууцыг барьцаанд тавих, зохих гэрээ байгуулж түүнд гарын үсэг зурах, уг хөрөнгөөр гэрээний үүргийн биелэлтийг хангуулах, барьцаалбарт гарын үсэг зурах бүрэн эрхийг олгосон 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Итгэмжлэл” -ийг гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцсон. Улмаар миний бие Ж.Б, А.Өлзийжаргал нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд миний нэхэмжлэлийн дагуу Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн102/ШШ2015/03740 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1007 дугаар магадлалуудаар дээрх барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тогтоосон. Дээрх шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр байгаа болно. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 4375 дугаар захирамжаар Ж.Баас 73,357,100 төгрөг гаргуулж, А.Өлзийжаргалд олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд уг ажиллагаагаар миний өмчлөлийн Баянгол дүүрэг 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол 44д байрны 7 тоотод байрлах 37.9 м2 талбайтай 2 өрөө орон сууцнаас төлбөр гаргуулахаар 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр албадан дуудлага худалдаанд оруулж, худалдан борлуулсныг миний бие 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө олж мэдлээ. Миний өмчлөлийн байрыг албадан дуудлага худалдаанд оруулахдаа Иргэний хуулийн 175, 177 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлүүдийн дагуу худалджээ. Ингэхдээ албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол шийдвэрийг өмчлөгч Ж.Г надад огт мэдэгдээгүй, дуудлага худалдаанд оролцох боломжоор хангаагүй, үнийн санал авалгүйгээр өмчлөгч миний хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны зүгээс өмчлөгч надад дуудлага худалдаа зарласан тухай мэдэгдэл, тогтоолыг огт хүргүүлээгүй бөгөөд шуудангийн хаягаар явуулсан боловч хүлээн аваагүй, буцаж ирсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, дээрх мэдэгдэл, тогтоолыг надад мэдэгдээгүйгээс миний бие үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3-т заасан дуудлага худалдаанд оролцох өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн, дээрх эрхээ эдлэх боломжийг хааж, хязгаарласан, дуудлага худалдааны үнийн санал өгөх эрхийг эдлүүлээгүй үйл ажиллагаа болсон гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон барьцааны гэрээнд үндэслэн барьцааны зүйлийг шүүхийн шийдвэрийн үндсэн дээр албадан худалдан ажиллагааг зохицуулсан Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн дагуу албандан дуудлага худалдаа явуулсан хууль бус бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч миний эрхийг төдийгүй мөн уг хөрөнгийн өмчлөгч миний хүү Г.Тэнгисийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч П.Хын 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 6/31 тоот тогтоолын дагуу 2017 оны  6 дугаар сарын 21-ний өдрийн Баянгол дүүрэг 17 дугаар хороо 4 дүгээр хороолол 44д байрны 7 тоотод байрлах 37.9 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг В.Бат-Эрдэнэ гэдэг хүнд худалдсан үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, миний эрхийг хамгаалж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нөхөр Ж.Г, хүү Г.Тэнгис нарын хамтаар Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороололын 44 Д байрны 7 тоот 37.9 м кв 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч. Надад мөнгөний шаардлага гарсны улмаас нөхөр Ж.Гт хэлж зөвшөөрөлавалгүйгээр 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2 өрөө орон сууцаа А.Өлзийжаргалд зээлийн гэрээний барьцаанд тавьж мөнгө зээлсэн. Нөхөр Ж.Г дээрх барьцааны зээлийн гэрээг хүчин хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхээс 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 102/шш2015/03740 тоот шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1007 тоот магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. А.Өлзийжаргал шүүхэд нэхэмжлэл гаргаж ДүүргийнИргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 4375 дугаартай захирамж гарч уг захирамжаар Ж.Б надаас 73,357,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Өлзийжаргалд олгохоор шийдвэрлэсэн.  А.Өлзийжаргалд олгохоор шийдвэрлэсэн захирамжийн хүрээнд Баянгол дүүрэг 17 дугаар хороо 4 дүгээр хороолол 44д байрны 7 тоотод байрлах 37.9 м2 талбайтай 2 өрөө орон сууцны хууль ёсны хоёр өмчлөгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж албадан дуудлага худалдааг явуулж байрыг зах зээлийн ханшаас хэт доогуур буюу 43,000,000 төгрөгөөр худалдсан. Энэ нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь заалтыг зөрчсөн тул албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.  

 

Нэхэмжлэгч Ж.Гийн өмгөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 6/41 тоот шийдвэрийн дагуу 2017 оны 6 дугаар 21-ний өдөр Баянгол дүүргийн,16 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 41д байрны 7 тоотод байрлах 37,9 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг Б.Бат-Эрдэнэд албадан дуудлага худалдаагаар худалдсан байдаг бөгөөд энэхүү дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Тэнгис, Баяржаргал, Ганзориг гэдэг 3 хүний өмчлөлд байсан тус үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу төлбөр авагч Өлзийжаргалын төлбөрт албадан дуудлага худалдаанд оруулсан байдаг. Уг албадан дуудлага худалдааны мэдэгдлийг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйл болон Иргэний хуулийн 175, 177 дугаар зүйлийн дагуу өмчлөгч болон эзэмшигчид дуудлага худалдааны анхны саналыг мэдэгдээгүй, дуудлага худалдаанд оролцуулах эрхийг нь хязгаарлаж мэдэгдэлгүйгээр албадан дуудлага худалдааг явуулсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн, албадан дуудлага худалдаа явуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Өлзийжаргал, Баяржаргал гэдэг 2 хүний хоорондох эвлэрэлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид үндэслэж явуулсан албадан дуудлага худалдаа юм. Уг шүүгчийн захирамжаар Баяржаргал нь Өлзийжаргалын 72,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, орон сууц барьцаалж зээлийн гэрээг байгуулсан байсан боловч Баяржаргал нь өмчлөгч Ганзоригийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж барьцааны гэрээ байгуулсан байсныг Ганзориг сүүлд нь мэдэж дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад Ганзоригийн захиран зарцуулах эрхээ Баяржаргалд шилжүүлсэн итгэмжлэлийг хүчингүйд тооцсон шүүхийн шийдвэр гарсан байдаг ба Өлзийжаргал, Баяржаргал нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх болон Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 1007 тоот магадлалаар тус барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан дуудлага худалдааг явуулахдаа Иргэний хуулийн 175, 177 дугаар зүйлүүдэд заасны дагуу өмчлөгчийн эрхийг хязгаарлах замаар албадан дуудлага худалдаа явуулсан нь хууль бус юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.  

 

Нэхэмжлэгч Ж.Бын өмгөөлөгч Б.Мшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Бын хувьд Ж.Гтой гэр бүл байсан боловч шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. Тухайн үедЖ.Б нь Сонгинохайрхан дүүрэгт, өөр хаяг дээр байсан. Шийдвэр гүйцэтгэх газраас тухайн үед Ж.Гийн хаягаар мэдэгдэх хуудас явуулсан байсан. Ж.Быг дуудлага худалдаанд оролцох боломжоор хангаж өгөөгүй. Иргэний үнэмлэхийн хаяг нь байсан боловч уг хаягаар нь мэдэгдээгүй. 3 хүний өмчлөлийн орон сууцыг 1 хүний өмч мэтээр дуудлага худалдаан оруулсан. Байрны өмчлөгч болох нөгөө 2 хүний өмчлөх эрхийг нь хязгаарласан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүхэд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 4375 дугаар захирамжаар Ж.Баас 13,335,100 төгрөгийг гаргуулж А.Өлзийжаргалд олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ж.Бын өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 44д байрны 7 тоот байрлах 37.9 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 171/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 171/02 дугаартай тогтоолоор хураан авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлүүдэд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий “Мөнх-Оргил Трейд” ХХК-ийг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгоход уг орон сууц нь 58,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 3/13093 дугаартай мэдэгдлээр мэдэгдэж, хувийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 58,000,000 төгрөгийн 70 хувь буюу 40,600,000  төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй тул худалдан борлогдоогүй. Үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдааны талаар 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 3/14275 дугаартай мэдэгдлээр мэдэгдэж хувийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 58,000,000 төгрөгийн 50 хувь буюу 29,000,000 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 43,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон. Үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдааны талаар 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 3/16740 дугаартай мэдэгдлээр мэдэгдэж хувийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Үл хөдлөх хөрөнгийг 43,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 3/16742 дугаартай мэдэгдлээр мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул Ж.Гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Х шүүхэд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 4375 дугаар захирамжийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 3 жилийн өмнө хийгдэж эхэлсэн, одоог хүртэл энэхүү ажиллагаа дуусаагүй, шүүхийн шатандаа явж байна. Нэхэмжлэгч тал үндсэндээ манай байгууллагыг үл хөдлөх эд хөрөнгийг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахдаа өмчлөгчид мэдэгдээгүй, үнийн санал аваагүй, хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй, мөн албадан дуудлага худалдаанд оруулсан үл хөдлөх эд хөрөнгийг анх барьцаалсан итгэмжлэл болон барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус болсныг анхаарч үзээгүй гэсэн 2 үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Бид итгэмжлэл хуульд нийцээгүй болон үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан хэлцлийг хүчингүйд тооцсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа эсэх тал дээр маргахгүй, үүнийг мэдэж байгаа. Яагаад дундын өмчийн эд хөрөнгийг нь дуудлага худалдаанд оруулсан гэхээр нэхэмжлэгчийн эхнэр н.Баяржаргал төлбөрөө төлөөгүй учраас хуульд заасны дагуу дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө дээр нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн. Бидний зүгээс н.Ганзоригт мэдэгдэж байсан. Үүний дагуу Ганзориг гуай 2016 оны 10 дугаар сарын 18-нд хүсэлт гаргасан байдаг ба уг хүсэлтдээ Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 44 байрны 7 тоотын орон сууцны хамтран өмчлөгч Баяржаргалд ногдох хэсэг болох 3/1-ийг 20,000,000 төгрөгөөр худалдан авах саналтай байна гэсэн. Энэ дагуу Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу үнийн санал авах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Өлзийжаргал энэ хүсэлтийг хүлээн зөвшөөрөөгүй учраас Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу шинжээч томилуулсан. Шинжээчээс уг орон сууцыг 58,000,000 төгрөгөөр үнэлсэн. Ингээд дуудлага худалдаа зохион байгуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу шуудан холбоо ашиглаж дуудлага худалдааны товыг хүргүүлсэн. 2015 оны 6 дугаар сард болсон дуудлага худалдаагаар уг орон сууц нь 43,000,000 төгрөгөөр худалдан борлуулагдсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Р.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Б нь 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас зарласан дуудлага худалдаанд оролцож 43,000,000 төгрөгөөр Баянгол дүүргийн 17 хороо, 4 хорооллын 44д байрны 7 тоот, 37.9 м2 орон сууцыг худалдан авсан ба 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр тус албатай худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэвч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь түүний худалдан авсан байрыг чөлөөлж өгөлгүй өдийг хүрч байна. Р.Б нь дуудлага худалдаанд хуулийн дагуу оролцож байрыг авсан бөгөөд ямар нэг хуулийг зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Г 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр, харин нэхэмжлэгч Ж.Б нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж Баянгол дүүрэг 17 дугаар хороо 4 дүгээр хороолол 44д /D/ байрны 7 тоотод байрлах 37.9 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг бусдад худалдсан үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах агуулга бүхий шаардлагыг гаргаж шүүхэд ханджээ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШЗ2017/14676 дугаар захирамжаар Ж.Бын нэхэмжлэлтэй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт заасныг үндэслэж нэгтгэсэн.

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 4375 дугаар захирамжаар Ж.Баас 73,080,000 төгрөгийг гаргуулж А.Өлзийжаргалд олгож шийдвэрлэсэн ба уг захирамжийг үндэслэж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах гүйцэтгэгчийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 934 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.

 

Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ж.Б болон Ж.Г, Г.Тэнгис нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 44д /D/ байрны 7 тоот37.9 м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 138 дугаартай “эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол”-оор төлбөр төлөгч Ж.Быг байлцуулан битүүмжилж, улмаар 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 171/02 дугаартай тогтоолоор Ж.Г нарыг байлцуулан хураан авсан байна.

                                     

Хуульд, дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтоохоор заасан.

 

Төлбөр авагч, төлбөр төлөгч нар анхны дуудлага худалдааны санал болгох үнийг харилцан тогтоогоогүй тул үүрэг гүйцэтгүүлэгч талын хүсэлтийг үндэслэж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2 дахь хэсгүүдэд заасны дагуу  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 44д /D/ байрны 7 тоот 37.9 м2 талбайтай, 2 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 117 дугаар тогтоолоор шинжээч томилуулж тогтоолгожээ.

 

Улмаар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба “Мөнх-Оргил Трейд” ХХК-ийн тогтоосон үнэлгээ буюу 58,000,000 төгрөгийн 70 хувь болох 40,600,000 төгрөгөөр анхны дуудлага худалдааны санал болгох үнийг зарласан байна. Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 58,000,000 төгрөгийн 50 хувиар хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулж, 43,000,000 төгрөгөөр худалдан борлуулжээ. 

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тухай болон дуудлага худалдаа зарлагдсан талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч Ж.Б болон иргэн Ж.Г нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу хүргүүлж байжээ.

 

Төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдол гаргах эрхтэй болохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасан.  

 

Төлбөр төлөгч Ж.Б болон иргэн Ж.Г нар нь үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь дуудлага худалдаа явагдахаас өмнө хийгдсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргасан болох нь баримтаар тогтоогдоогүй ба товлосон өдрөө хоёр дахь дуудлага худалдааг явуулсан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ажиллагаа нь дээр дурдсан байдлаар хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгч талын “...хариуцагч байгууллага үл хөдлөх эд хөрөнгийг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахдаа өмчлөгчид мэдэгдээгүй, үнийн санал аваагүй, хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй. 

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын нэг үндэслэлээ “...албадан дуудлага худалдаанд оруулсан үл хөдлөх эд хөрөнгийг анх барьцаалсан итгэмжлэл болон барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус болсныг анхаарч үзээгүй” гэж тайлбарласан.

 

Хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Зургадугаар бүлэгт заасан төлбөр төлөгч-иргэнээс төлбөр гаргуулах дараалал, зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан ажиллагааг хийсний эцэст үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй тул Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 44д /D/байрны 7 тоот 37.9 м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг анх бусдад барьцаалах эрх олгосон итгэмжлэл болон барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус байх нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахгүй байх үндэслэл болохгүй.  

 

Иймд Баянгол дүүрэг 17 дугаар хороо 4 дүгээр хороолол 44д байрны 7 тоотод байрлах 37.9 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг бусдад худалдсан үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай Ж.Г, Ж.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон боловч маргаан бүхий шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан тул маргааныг шийдвэрлэхэд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг хэрэглэсэн. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, Баянгол дүүрэг 17 дугаар хороо 4 дүгээр хороолол 44д /D/ байрны 7 тоотод байрлах 37.9 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг бусдад худалдсан үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай Ж.Г, Ж.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасны дагуу нэхэмжлэгч нараастэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

     

 

    

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                    Н.ХАНГАЛ