| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2015/00363/И |
| Дугаар | 703 |
| Огноо | 2016-12-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 703
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн, шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 6 дугаар баг Орхон 3 дугаар хэсэг 016 тоотод оршин суух, 49 настай, эмэгтэй, группт байдаг Боржигон овогт Гаадайн Отгоны /МЬ-67110601/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 6 дугаар баг Орхон 3 дугаар хэсэг 016 тоотод оршин суух, 55 настай, эмэгтэй, одоо “Төрийн банк” Сэлэнгэ салбарын харъяа Вокзал тооцооны төвд үйлчлэгч ажилтай Боржигон овогт Гаадайн Эрдэнэцэцэгт /ФА-61112508/ холбогдох
“Байшингийн өмчлөгчөөр тогтоолгож, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай”
Г.Эрдэнэцэцэгийн сөрөг нэхэмжлэлтэй Г.Отгонд холбогдох “Газар болон байшингийн хууль ёсны өмчлөгч тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч буюу хариуцагч Г.Отгон, түүний өмгөөлөгч Г.Амартүвшин, хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч Г.Эрдэнэцэцэг, түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Отгон нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие нь 1996 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд шилжин ирж н.Батаа гэдэг айлын хашаанд амьдарч эхэлсэн юм. Тухайн үед н.Хасбазар гэдэг хүний байшинд амьдарч байгаад 1998 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ээж маань нас барахад өөрийн төрсөн дүү нар болох Г.Мөнхбаатар, Г.Төгсжаргал, Г.Баатар нараар туслуулж тус сумын 6 дугаар баг 3 дугаар хэсэгт байрлах газарт байшин барьсан. Байшингаа барьж дуусгаад өөрийн 2 охин, дүү Г.Мөнхбаатар түүний хүү М.Ганхуяг нарын хамт 1998 оноос эхлэн амьдарч эхэлсэн. 2003 онд миний бие Улаанбаатар хот руу ажил хийхээр явж байшингаа түр эзгүй орхин явсан. Энэ хооронд эгч Г.Эрдэнэцэцэг Дархан-уул аймгаас шилжин ирэхэд дүү Г.Төгсжаргал АНУ руу явахынхаа өмнө эгчид “Та нар орох оронгүй бол энэ байшинд түр амьдарч бай” гэж хэлсэн юм.
Миний бие нь 2011 онд хүнд өвчин тусаж хүндэрсний улмаас буцаад Сэлэнгэдээ ирэхэд эгч Г.Эрдэнэцэцэг дээрх байшинд амьдарч байсан тул...хашаандаа түр гэр барьж амьдарсан...Гэтэл миний эгч Г.Эрдэнэцэцэг нь намайг өвчтэй байсан хойгуур хөөцөлдөж тус байшинг 2013 онд өөрийн нэр дээр болгож гэрчилгээг гаргуулж авсан байсан...Иймд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн 3 дугаар хэсэг 016 тоотод байх V-1317004852 улсын бүртгэлийн дугаартай 24м2 талбайтай байшингийн өмчлөгчөөр Г.Отгон намайг тогтоож, хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.
Сөрөг нэхэмжлэгч Г.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Г.Отгоны нэхэмжлэлтэй Г.Эрдэнэцэцэг надад холбоотой гаргасан өмчлөл тогтоолгох маргаантай холбогдуулан хариуцагч Г.Эрдэнэцэцэг миний бие дараах сөрөг нэхэмжлэлийг бичиж байна. 2004 оны 0032019 дугаартай 214 тоот шийдвэртэй газар эзэмших эрхийн гэрчилгээг 40 жилийн хугацаатай эзэмшиж байна. Хууль тогтоомжинд заасны дагуу газрыг эзэмшиж байгаа тул миний эзэмшлийн газар, сууц болон хашаанаас иргэн Г.Отгоныг гаргах газар, хашаагаа чөлөөлүүлэх шаардлагыг гаргаж байна. Үл хөдлөх хөрөнгө болох хашаа, байшин Ү-1317004852 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000146026 тоот дугаартай эд хөрөнгийн гэрчилгээ нь Улсын бүртгэлийн хэлтэст Г.Эрдэнэцэцэг болон миний хүү Д.Баярхүү хоёр хууль ёсоор өмчлөгч байдаг. Иймд энэ үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Г.Эрдэнэцэцэг, Д.Баярхүү нар мөн болохыг тогтоож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлага:
1рт:Эзэмших газрын хууль ёсны эзэмшигч нь Г.Эрдэнэцэцэг, Д.Баярхүү нар мөн болохыг тогтоолгох,
2рт:Улсын бүртгэлийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Г.Эрдэнэцэцэг, Д.Баярхүү нар мөн болохыг тогтоолгох,
3рт:Иргэн Г.Отгоныг Г.Эрдэнэцэцэг миний эзэмшлийн хашаанаас нүүлгэн гаргаж, газрыг чөлөөлүүлэх гэсэн тус тус нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Баярхүү нь шүүхэд гаргасан хүсэлтдээ “...миний бие Улаанбаатар хотод ажилтай байх тул шүүх хуралд оролцох боломжгүй боллоо ...нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэхэд татгалзах зүйлгүй..” гэжээ.
Зохигчид нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
Нэг талаас нэхэмжлэгч Г.Отгон, нөгөө талаас хариуцагч Г.Эрдэнэцэцэг нар доорх байдлаар эвлэрэн хэлэлцэв.
1.Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 3 дугаар хэсэг 016 тоотод байрлах 544м2 газрын тал хувийг буюу 272м2 газрын эзэмших эрхийг Гаадай овогтой Отгонд шилжүүлж эзэмшүүлэхээр
2.Нэхэмжлэгч Г.Отгон нь байшингийн өмчлөгч тогтоолгох, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзахаар
3.Сөрөг нэхэмжлэгч Г.Эрдэнэцэцэг нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзахаар тус тус эвлэрэн хэлэлцлээ.
Эвлэрлийн гэрээ байгуулсан:
Нэхэмжлэгч Г.Отгон
Хариуцагч Г.Эрдэнэцэцэг гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Г.Отгоны нэхэмжлэлтэй Г.Эрдэнэцэцэгт холбогдох “Байшингийн өмчлөгчөөр тогтоолгож, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай”, Г.Эрдэнэцэцэгийн сөрөг нэхэмжлэлтэй Г.Отгонд холбогдох “Газар болон байшингийн хууль ёсны өмчлөгч тогтоолгох тухай” иргэний хэргийн зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж дараах эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Үүнд:
Зохигчид нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 3 дугаар хэсэг 016 тоотод байрлах 544м2 газрын тал хувийг буюу 272м2 газрын эзэмших эрхийг Гаадай овогтой Отгонд шилжүүлж эзэмшүүлэхээр,
Нэхэмжлэгч Г.Отгон нь байшингийн өмчлөгч тогтоолгох, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзахаар,
Сөрөг нэхэмжлэгч Г.Эрдэнэцэцэг нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзахаар болж талууд эвлэрэн хэлэлцсэн байна.
Мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д. Баярхүү нь нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэхэд татгалзах зүйлгүй гэснийг гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй гэж үзэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Баярхүү шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.Баярхүү миний бие нь Улаанбаатар хотод ажилтай байх тул шүүх хуралд оролцох боломжгүй боллоо гэсний дагуу ИХШХШТХ-ийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.
Нэхэмжлэгчийг шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 883 дугаартай захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгнөөс чөлөөлж, сөрөг нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар Г.Отгоны нэхэмжлэлтэй Г.Эрдэнэцэцэгт холбогдох “Байшингийн өмчлөгчөөр тогтоолгож, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай”, Г.Эрдэнэцэцэгийн сөрөг нэхэмжлэлтэй Г.Отгонд холбогдох “Газар болон байшингийн хууль ёсны өмчлөгч тогтоолгож, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай” хэргийн зохигчдын эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгчийг 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 883 дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар сөрөг нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.СОЁЛМАА